Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0150/з |
Дугаар | 221/МА2017/0696 |
Огноо | 2017-09-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2017/0696
2017 оны 09 сарын 27 өдөр Дугаар 221/МА2017/0696 Улаанбаатар хот
“Г м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос “Г м” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д заасныг баримтлан “Г м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “сонгон шалгаруулалтын комиссоос “Г г” ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын … дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Г м” ХХК нь өргөдөл гаргасан талбайн цэг солбицлын зургийг Ашигт малтмалын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу гарган ирүүлээгүй ... нь Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан маягтуудаар тогтоогдож байна” гэжээ.
Гэтэл шүүгч шүүх хуралдааныг завсарлуулан хэрэг хянан шийдвэрлэхэд хамгийн чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох талбайн цэг солбицлын зургийн загварыг маягтыг баталсан Ашигт малтмалын газрын даргын тушаалыг ирүүлэхээр шийдвэрлэж хуралдааны түр завсарлуулсан. Шүүх хуралдаан дахин үргэлжлэхэд хариуцагчаас Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тушаалыг хавсралтын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг тушаал болон тушаалын хавсралтад талбайн цэг солбицлын зургийг загвар, маягтыг баталсан зүйл огт байхгүй байсан бөгөөд гагцхүү сонгон шалгаруулалтад оролцох этгээдийн өгөх өргөдлийн маягтыг баталсан тушаал байсан.
Иймд анхан шатны шүүх нь хэрэгт хамааралгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн байна.
Нэгэнт талбайн цэг солбицлын зургийн маягтыг баталсан Ашигт малтмалын газрын даргын тушаал байхгүй байх тус сонгон шалгаруулалтын комиссоос “Г м” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дуугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр Захиргааны илт хууль бус акт болох нь тогтоогдож байна.
2. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгоход хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт “өргөдөл, түүнд хавсаргах баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу сонгон шалгаруулах комисс нь “Г м” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэр, татгалзсан үндэслэлээ бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан ба энэ үүргээ огт хэрэгжүүлээгүй.
4. Сонгон шалгаруулалтын комиссоос “Г г” ХХК-ийг шалгарсанд тооцож ашигт малтмалын хайгуулын … дүгээр тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагууд нь эхний буюу нь “Г м” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзах нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл “Г м” ХХК нь энэхүү сонгон шалгаруулалттай ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй буюу огт хамааралгүй этгээд биш юм. Дээрх “Г г” ХХК-ийг шалгарсанд тооцож ашигт малтмалын хайгуулын … дүгээр тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр нь “Г м” ХХК-н эрх ашгийг зөрчсөн шийдвэр юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн а/40 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум болон Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг нийтэд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зарласан байна.
Уг тушаалын дагуу зарлагдсан Увс аймгийн Малчин сумын нутагт 188.09 га бүхий “Улаан толгой” нэртэй талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч “Г м” ХХК нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг бүрдүүлэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комисст хүргүүлжээ.
Дээрх сонгон шалгаруулалтыг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээж, “... саналыг 09 цаг 47 минутад компанийн гүйцэтгэх захирал Ж.М-т саналын битүүмжлэлийг шалгуулан задалсан. “Г м” ХХК-ийн ирүүлсэн саналын материалд хавсаргасан талбайн зураг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 7.2.4-д заасны дагуу саналыг хүчингүйд тооцож буцаан ...” гэсэн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комиссын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг гаргаж, сонгон шалгаруулалтын саналыг “Г м” ХХК-д буцаан хүлээлгэн өгч, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтаас хассан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заасан үндэслэлээр Увс аймгийн Малчин сумын нутагт 188.09 га бүхий “Улаан толгой” нэртэй талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад “Г м” ХХК-ийг оролцуулахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар “Г м” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Увс аймгийн Малчин сумын нутагт 188.09 га бүхий “Улаан толгой” нэртэй талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад “Г м” ХХК, “Г г” ХХК, “Ү р” ХХК гэсэн хуулийн этгээдүүд оролцсон бөгөөд “Г г” ХХК болон “Ү р” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцохдоо бүрдүүлбэл зохих баримтдаа Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтсээс гаргасан өргөдлийн зургийн маягтын дагуу гаргасан кадастрын зургийг хавсарган хүргүүлсэн.
Гэтэл нэхэмжлэгч “Г м” ХХК нь сонгон шалгаруулалтын саналдаа талбайн зургийн уртраг, өргөрөг, градус, минут, секунд ижил боловч Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтсээс гаргасан өргөдлийн зургийг биш өөрсдийн хийсэн талбайн зургийг сонгон шалгаруулалтын материалдаа хавсаргаж хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогджээ.
Тодруулбал, “Г м” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын зураг дээр тэмдэглэж буй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс гаргасан өргөдлийн зургийн маягтын дагуу талбайн зургийг гаргаж солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлон сонгон шалгаруулалтын материалдаа хавсаргаж өгөх байжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана” гэж, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн а/40 дүгээр тушаалаар зарлагдсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн 7-д сонгон шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийн бүрдүүлбэрт “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...нэг загварын газрын зураг дээр солбицлуудыг тодорхойлох” гэсэн заалт нь захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн талбайн давхцлыг шалгах, байршил солбицлын талаар маргаан үүсгэхгүй байх, хүсэлтийг шуурхай хянах, хялбарчлах зэрэг зорилгоор нэг загварын газрын зураг дээр талбайн солбицол тодорхойлохоор заасан гэж ойлгохоор байна
Иймд нэхэмжлэгчийн “солбицол градус зөрөхгүй тул уг шаардлагыг хангасан” гэх тайлбар үндэслэлгүй. Бусад оролцогч нар хуулийн шаардлагыг хангаж ирүүлсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчид энэ шаардлагыг хангаж ирүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
Мөн Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4.5 дахь заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг” гэж сонгон шалгаруулалтын саналд тавигдах шаардлагыг тодорхойлсон, мөн журмын 7.2.4-д “сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 5.4-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд саналыг хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө” гэж зааснаас үзэхэд сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаагүй саналыг хүчингүйд тооцож буцаах эрх нь Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комисст олгогдсон байна.
Нэгэнт дээрх хууль болон журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комисс нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг шаардлага хангаагүй гэж буцаах эрхтэй байхад түүний гаргасан шийдвэр нь илт хууль бус болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан нөхцөлд хамааралгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь хуулиар захиргаанд олгогдоогүй, эсхүл олгосон боловч тэрхүү эрхийг хэтрүүлэн хэрэгжүүлэхийг хэлэх бөгөөд эрх зүйн үндэслэл байгаа тохиолдолд захиргааны байгууллага захиргааны актыг гаргах эрхтэй. Нэгэнт захиргаа нь зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шаардлага хангаагүй нэхэмжлэгчийн саналыг буцаасан байх тул түүнийг илт хууль бус гэж үзэхгүй юм.
Дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комисс нь “Увс аймгийн Малчин сумын нутагт 188.09 га бүхий “Улаан толгой” нэртэй талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцогч “Г м” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг хүчингүйд тооцож, буцаах хуульд заасан үндэслэл байсан учраас уг хуулийн этгээдийн ирүүлсэн саналыг буцаасан шийдвэрийг гаргажээ.
Тиймээс “Г м” ХХК-ийг сонгон шалгаруулалтын саналыг буцааж, сонгон шалгаруулалтаас хассан шийдвэрийг гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комиссын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт биш болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон бөгөөд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын үндэслэл, хүрээнд захиргааны актад дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Иймээс “Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос “Г м” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай “Г м” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Үүнээс гадна анхан шатны шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг үндэслэн “сонгон шалгаруулалтын комиссоос “Г г” ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын … дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгах” тухай “Г м” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу юм.
Харин “сонгон шалгаруулалтын комиссоос “Г г” ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын … дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Учир нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “оролцогч нь сонгон шалгаруулалтын комиссыг энэхүү журамд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах ...” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комиссын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар дүгнэлт гарснаас хойш 5 хоногийн дотор нэхэмжлэгч “Г м” ХХК нь сонгон шалгаруулалтын талаарх гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргах байжээ.
Гэтэл “Г м” ХХК-ийг сонгон шалгаруулалтаас хассан тухай хариуцагчийн шийдвэрийг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Ж.М нь 2016 оны 09 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн атлаа дээрх журамд заасан хугацаанд гомдол гаргаагүй, мөн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаар өөрийн албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан байна.
Тиймээс “Г м” ХХК нь “сонгон шалгаруулалтын комиссоос “Г г” ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын … дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааг хэтрүүлэн гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.
Харин нэхэмжлэгчийн “сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зөв гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгчийн “комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалж хийх захиргааны байгууллагын дараагийн үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл одоогийн байдлаар гарсан хууль бус захиргааны акт /эс үйлдэхүй/ байхгүй тул сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгах асуудлыг шүүхээс шийдвэрлэх боломжгүй.
Тиймээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарласан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын “...54.1.5” гэснийг “...54.1.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР