Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 314

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

ОӨУБЕГ-т холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                   Х.Батсүрэн

                                                   Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ш.Төмөрсүх, М.Мөнхсоёл, С.Даваасүрэн нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0212 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0321 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид, Гуравдагч этгээд Ш.Төмөрсүхийн өмгөөлөгч Б.Нармандах, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0212 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан Д.Г-ийн ОӨУБЕГ-т холбогдуулан гаргасан Ш.Төмөрсүх, М.Мөнхсоёл, С.Даваасүрэн нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0321 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0321 дүгээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүх “..Хамтарсан мэдүүлгийг заавал нэхэмжлэгч Д.Г- бус харин түүнээс эрх олгогдсон итгэмжлэлийн хүрээнд гуравдагч этгээд нар гаргах боломжийг нэхэмжлэгчийн зүгээс олгосон байх тул барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэхгүй...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

5. Энэхүү дүгнэлт нь өрөөсгөл бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэснийг нь илэрхийлнэ. Нэхэмжлэгч барьцааны гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй. Мөн улсын бүртгэлийн байгууллага барьцааг улсын бүртгэлд бүртгэхдээ улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг баримтлан, бүртгэх хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулах ёстой.

6. Хамтарсан мэдүүлгээр барьцааг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуульд заасан шаардлагыг баримтлаагүйг зөвтгөхдөө талууд зээлийн болон барьцааны гэрээнүүдэд хамтран гарын үсэг зурсан, зээлэх барьцаалах хүсэл зориг нэг байсан, бүртгүүлэх нь талуудын эрх ашигт нийцэж байсан байна гэсэн дүгнэлтүүд хийсэн. Уг нь гэрээн дээр аль нэг нь гарын үсэг зурсан, зээлэх барьцаалах хүсэл зориг байхгүй байсан гэсэн үндэслэлээр бүртгэлийг хууль бус гэж маргаагүй, гагцхүү улсын бүртгэлийн байгууллагад хамтарсан мэдүүлэг гаргаагүй байна гэж маргасан.

7. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

9. Нэхэмжлэгч Д.Г-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414 дүгээр байрны 174 тоот 58.6 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалах тухай иргэн С.Даваасүрэн, М.Мөнхсоёл, Ш.Төмөрсүх нарын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээг бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйл дэх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийн талаарх зохицуулалтын шаардлагад нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

10. Хэрэгт Д.Г-ээс иргэн С.Даваасүрэнд 2015 оны 06 дугаар сарын 29, М.Мөнхсоёлд мөн оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус олгосон “өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах” тухай итгэмжлэл, уг итгэмжлэлийг үндэслэн иргэн С.Даваасүрэн, М.Мөнхсоёл нар орон сууцыг барьцаалж, иргэн Ш.Төмөрсүхээс 50 сая төгрөгийг зээлсэн гэрээ, орон сууц барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр С.Даваасүрэнгээс гаргасан мэдүүлэг зэрэг нотлох баримт авагдсан, эдгээр үйл баримтуудын тухайд нэхэмжлэгч маргаагүй.

11. Дээрх нотлох баримтуудаас үзвэл, орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгчийн зүгээс иргэн С.Даваасүрэн, М.Мөнхсоёл нарт итгэмжлэлийн үндсэн дээр олгосноор үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах гэрээг хуульд заасан шаардлагад нийцүүлэн нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг нь гэрээний талууд болох С.Даваасүрэн, М.Мөнхсоёл, Ш.Төмөрсүх нарт хамааралтай юм. 

12. Иймээс нэхэмжлэгч нь “...С.Даваасүрэн нь өмчлөгчийн өмнөөс мэдүүлэг гаргах эрхгүй...” хэмээн маргаж, “...зөвхөн барьцааны гэрээ байгуулах эрх олгож итгэмжлэл өгсөн, ...улсын бүртгэлийн байгууллагад төлөөлөх итгэмжлэл олгоогүй,... ” хэмээн гомдол гаргасан нь үндэслэлгүй.

13. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан “...барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр...” гэх зохицуулалт нь Д.Г-т хамаарахгүй, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Д.Г-ээс дахин тусгайлан итгэмжлэл шаардагдахгүй гэж үзнэ.  

14. Дээр дурдсанаар бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул “...хамтарсан мэдүүлэг гаргаагүй..., энэ талаарх холбогдох хуулийг буруу тайлбарласан...” гэх гомдолд дурдсан дагуу түүний нэхэмжлэлийг хангах боломжгүй.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааны үйл баримтад хамаарах Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан  хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0212 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0321 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ