Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 484

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, Засгийн газрын XI байранд байрлах тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: ““Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ***тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, ***тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ДХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э, иргэдийн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Д” ХХК нь 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших, ашигт малтмалын хайгуулын 9912Х тоот тусгай зөвшөөрлийг авсан ба 2014 оны 2 сард ашигт малтмалын нөөцийг тогтоолгон улсын нөөцөд бүртгүүлсэн.

Тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл өгөх гэж оролдсон нэлээдгүй удаагийн хүсэлтийн хариуд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс ***дугаарт манай өргөдлийг хүлээн авсан.

Хуульд, мөн өргөдөлд хүлээн авсан ***дугаарт заасан 30 хоногт хариуг өгөлгүй 2015 оны 06 дугаар сарын 29-нд *** шийдвэрийн мэдэгдлийг хүргүүлсэн.

Уг мэдэгдэлд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 тоотоороо танай “NM-025541” тоот дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянавал, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг хангаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул танай компанийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан” шийдвэр гаргасан. 

Хуулийн хугацааг зөрчин байж уг шийдвэрийг гаргасан үйлдэл, ***тоот өргөдөл хүлээн авсан баримт, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр лиценз гэсэн мэдээллийг Ашигт малтмалын газрын албан бичиг, мэдээллийн сүлжээ, архив зэрэг нь баталж байгаа.

Мөн “Д” ХХК-иас 2013, 2014 онд 9 дэх жилийн төлбөр гэж 2 удаа шилжүүлсэн төлбөр нь шинэ хуулийн дагуу 10 дахь жилийн төлбөр гэж харагдаж 9912Х лиценз нь төлбөр төлөгдсөн хүчин төгөлдөр гэдгийг баталсан баримтууд юм.

Иймд дээрх шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, ашигт малтмалын газрын даргад 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасны хариуд өргөдөл, гомдолд хариу өгөх хуулийн хугацааг хэтрүүлэн 8 дугаар сарын 28-ны өдрийн *** тоотоор “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэсэн хариуг 2015 оны 09 дүгээр сарын 04-нд хүлээн авсан тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна...

Төрийн байгууллагын хууль зөрчсөн буруутай үйлдэл, түүнчлэн төрийн шинэчлэгдсэн батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогүй байдлаас үүдэн бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, олон сая төгрөгийн зардал гарган нөөцийг тогтоосон талбайдаа ашиглалт явуулж чадахгүйд хүрч байна” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Морин толгой нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Д” ХХК-д ашигт малтмалын газрын 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ***дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байна.

Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байсан.

“Д” ХХК-иас дээрх талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн ***дугаартай өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан байсан.

Уг өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Учир нь “Д” ХХК-ийн ***дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “..манай компанид 9912Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэл хуулийн дагуу ирээгүй..” гэсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ***дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, харин уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хуульд заасан хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан байдаг бол мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгийг заасан байдаг.

Энэхүү хуулийн заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө хуульд заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдэл болгосны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргах үүрэгтэй.

Гэвч “Д” ХХК дээрх хуулийн заалтуудаар тодорхойлсон нөхцөлийг хангаагүй байсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар шийдвэрийг гаргасан нь үндэслэлтэй болно.

Өөрөөр хэлбэл “Д” ХХК нь ***дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө холбогдох баримтуудын хамт Ашигт малтмалын газарт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2014 оны 06 дугаар сарын 19-нд дахин 9 дэх жилийн төлбөр гэж мөнгө шилжүүлсэн. Энэ нь 2014 оны 07 дугаар сарын 01-нд гарсан хуулийн дагуу 10 дахь жилийн төлбөр болсон гэж ойлгогдоно” гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Учир нь “Д” ХХК-иас ***дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл огт гаргаагүй байж “Уг тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр гэж ойлгогдоно” гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар юм.

Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргах тохиолдолд төлбөр төлсөн байх нь хуульд заасан 4 шаардлагын зөвхөн 1 нь л болно.

Түүнчлэн уг компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргаагүй болно...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ж.Амгалантуяа дүгнэлтдээ: “Хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудлаас болж уг компани хохирч байна. Компанийг хохирсон талаас нь авч үзэх хэрэгтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ***тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, ***тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ДХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг хангаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул гэсэн үндэслэлээр “Д” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь тодорхой шалтгаануудын улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаж чадаагүй болох нь болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах сонирхолтой, хүсэл зоригтой байсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг эрмэлзэж тодорхой оролдлогуудыг хийсэн  болох нь дараах үйл баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

• 2013 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дугаар ***тоот Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулсан

• Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Нөөц бүртгэх тухай Н-36 дугаар тушаалаар керамзитын шаврын нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан.

• Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр “Н” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба “Н” ХХК Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хугацаандаа гаргаж өгөөгүй удаасны улмаас ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ хугацаандаа гаргаж чадаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

• Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах сонирхолтой, хүсэл зоригтой байгаагаа нотлохын тулд 9 дэх жилийн төлбөр гэж дахин давхардуулан төлбөрөө төлсөн болох нь Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгээр  нотлогдож байна.  

• Д” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд хайгуул хийж, нөөц тогтоолгон 77.928.600,0 төгрөгийн зардал гаргасан болох нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ***тоот албан бичгээр  нотлогдож байна.

• Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан үүргээ биелүүлсэн буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан болох нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ***тоот албан бичгээр  нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр” 48 дугаар зүйлийн 48.4-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дугаар ***дүгнэлтээр Морин толгой нэртэй ***тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах керамзитын шаврын нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрөхөөр шийдвэрлэж, “Д” ХХК-д уг дүгнэлтийн 9-д заасныг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна. 

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дугаар ***тоот дүгнэлтэд үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Нөөц бүртгэх тухай Н-36 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Морин толгой нэртэй ***тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах керамзитын шаврын нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан байна.

Дээрх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулсан, Ашигт малтмалын газрын даргын нөөц бүртгэх тухай шийдвэр гарсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг дахин, давхардуулан төлсөн гэх мэт үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь “цаашид уг талбайгаа ашиглах буюу уг хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэл зоригтой, сонирхолтой  байсан болох нь тодорхой нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл дээрх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулсан, Ашигт малтмалын газрын даргын нөөц бүртгэх тухай шийдвэр гарсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг дахин, давхардуулан төлсөн зэрэг үйл баримтуудаар нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө ямар нэгэн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэл зоригоо илэрхийлсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар тодорхой бодитой үйлдэл хийсэн буюу оролдлого хийсэн болох нь нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа манайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаны улмаас “олон сая төгрөгийн зардал гаргаж нөөцийг тогтоолгосон талбайдаа ашиглалт явуулж чадахгүйд хүрч, хохирч байна” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульчилсан байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...эрх чөлөө... нь төрийн албаны үндсэн зарчим мөн” болохыг хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө ямар нэгэн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэл зоригоо илэрхийлсэн, тусгай зөвшөөрөл авах эрмэлзэлтэй байсан, зөвшөөрөл авах талаар тодорхой, бодитой оролдлогууд хийсэн болох нь нотлогдож байх ба ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, 48 дугаар зүйлийн 48.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд хангаж буюу “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ***тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, ***тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “Д” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.БАТСҮРЭН

    ШҮҮГЧ                               О.ОЮУНГЭРЭЛ