Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0214

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, М.Ж*******ы нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ж******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “М******* овогтой Ж******* миний бие Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нуурын зүүн урд эрэгт Чулуутын голын ам гэх газарт 1991 оноос хойш 30 гаруй жил уламжлалт мал аж ахуйгаа маллан зусаж, хаваржиж, намаржиж, хадлан өвсөө бэлтгэдэг байсан. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 дүгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар “*******" ХХК-д дээрх газар дээр ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байсныг 2018 онд олж мэдэн түүнээс хойш холбогдох мэргэжлийн байгууллага, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Захиргааны хэргийн шүүхэд тус тус өргөдөл гаргаж байсан.

Миний гаргаж байсан өргөдөл гомдол, хүсэлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/44 дүгээр тушаалаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 дүгээр тушаалын “******* ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66. 1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул нэхэмжлэлийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ж*******аас  Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдуулан ... “Байгаль орчин ногоон хөгжил жуулчлалын яамны /тухайн үеийн нэршлээр/ сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/144 дүгээр тушаалын "*******” ХХК-д Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын “Чулуутын ам” нэртэй газарт 4.5 га газрыг ашиглуулахаар зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч М.Ж******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Ж*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

            Иймд нэхэмжлэгч М.Ж******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан М.Ж*******ы нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин ногоон хөгжил жуулчлалын яамны /тухайн үеийн нэршлээр/ сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/144 дүгээр тушаалын "*******” ХХК-д Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын “Чулуутын ам” нэртэй газарт 4.5 га газрыг ашиглуулахаар зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ