Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/570

 

 

 

 

 

      2022          5             26                                         2022/ДШМ/570                                 

 

 

Д.Шэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Буянхишиг,

            шүүгдэгч Д.Шийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Шэд холбогдох эрүүгийн  2209000190072 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овгийн Д.Ш, 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эмээ, өвөө, ах дүү нарын хамт ..............

Шүүгдэгч Д.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галлериа” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “Говь Кашмир” дэлгүүрээс куртик хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.098.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шэд 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны 12 тоотод оршин суух гэр, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Говь ХК-ийн хуулийн зөвлөх З.Хосбаяр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны  өдрийн 16 цаг 47 минутад Сүхбаатар дүүргийн 8 хороонд байрлах Говь ХК -ийн Улаанбаатар дэлгүүрт улаан өнгийн цамц, хар нүдний шилтэй гадуураа куртик өмсөөгүй үл таних эрэгтэй орж ирээд, дэлгүүрт зарагдаж байсан 1.098.000 төгрөгийн үнэ бүхий ноолууран куртикийг авч гарахдаа төлбөр төлөлгүй хувцасны өрөөнд ороод шууд гарч явсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагджээ. Үүнээс үзэхэд уг үйлдлийг үйлдсэн нь нууц бус нууцаар хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй байна. Д.Ш нь 80 настай өвөө Н.Дашжамц, эмээ И.Должинжав нарын хамт дээрх хаягт хамт оршин сууж хэвтэрт байдаг эмээ өвөө хоёрыгоо асран хамгаалж амьдардаг болно. Д.Ш нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ойлгож хохирлыг бүрэн төлж барагдуулсан, Их дээд сургуульд сурч боловсрох зорилго эрхэмлэн шалгалт өгч байгаа учир сурч боловсрох эрхийг нь хүндэтгэн үзэж дахин гэмт үүрэг үйлдэхгүй байх талаар ухаарч ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялын хугацааг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галлерэй” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “Говь Кашмер” дэлгүүрт худалдаалагдаж байсан куртикийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.098.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Прокуророос 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Д.Шэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт хэрэг шилжиж ирсний дараа Д.Ш нь үйлдсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокуророос хэргийг хянаж үзээд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзсэн. Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчтай тохиролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргахад яллагдагч Д.Шээс хүлээн зөвшөөрч тогтоолд гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш нь мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлүүд буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж шүүхээс шүүгдэгч Д.Шэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.  ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галлериа” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “Говь Кашмир” дэлгүүрээс куртик хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.098.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч З.Х Миний бие “Говь” ХХК-ийн хуулийн зөвлөх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 47 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Говь” ХХК-ийн Улаанбаатар Галлериа дэлгүүрт шоотой улаан цамц, хар нүдний шилтэй, гадуураа куртик өмсөөгүй үл таних эрэгтэй хүн орж ирээд дэлгүүрт зарагдаж байсан “S” хэмжээтэй 1.098.000 төгрөгийн үнэлгээ бүхий ноолууран куртикийг авч гарсан бөгөөд гарахдаа ямар нэгэн төлбөр төлөлгүй авсан. Куртикээ хувцас солих өрөөнд ороод шууд гарч явсан хэрэг гарсан. ..” /хх 12-13/,

                   гэрч А.Б“...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ажилладаг Говь кашмирийн Галлериа салбарт ажиллаж байсан бөөөд би 2 давхарт оёмолын тасагт хүнд үйлчилж бараа тайлбарлаж өгч байхад 20-25 орчим настай, улаан хартай шоотой сорочкан цамцтай хар нүдний шил зүүсэн 170-175 см орчим өндөртэй эрэгтэй орж ирсэн юм. ...Тэгээд хэсэг хугацааны дараа би 2 давхрын шатны харсан куртикны өлгүүр лүү харахад өлгөсөн байсан “Говь” брэндийн өвлийн шинэ загварын 4 ширхэг куртикнээс нэг хөх өнгийн куртик дутуу байсан. Тэгээд би касс дээр очоод хүн куртик авсан эсэхийг шалгахад аваагүй байсан юм. Хамгаалагчид хэлж камерыг шүүхэд 16 цаг 47 минутын үед миний мэндэлсэн залуу куртикыг өмсөөд 1 давхрын ертөнцийн зүгээр хойд талын хаалгаар гараад явсан байсан. ...Тэр залуу ганцаараа орж ирсэн, орж ирэхдээ гадуураа ямар нэг зүйл өмсөөгүй дан шоотой улаан хүрэн өнгийн сорочкан цамцтай байсан. ...Эд зүйл хулгайлж авсан хүнд гомдолтой байна. Дэлгүүрийн хохирлыг барагдуулж эд зүйл авсан хүнд хуулийн хариуцлага тооцож өгнө үү. ...” /хх 19/

                   гэрч У.М“...Тэгээд 16 цагийн үед Чинзориг талбайн хойд талд түр зогсож байгаач би хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд Туушин зочид буудлын урд буусан. Тэгээд би хаашаа явах гэж байгаа юм гэхэд дэлгүүр орно гэж хэлсэн. ...Анх надтай уулзахад үстэй юм шиг куртиктэй малгайтай хар гуталтай байсан. Тэгээд Галлерэйгээс гарч ирэхдээ өөр нэг хар өнгийн куртик өмссөн байсан. Куртикны талаар юм яриагүй. .../хх 20/

Шүүгдэгч Д.Шийн яллагдагчаар өгсөн: “...миний бие өөрийн гэм бурууг хүлээж байгаа. ..." /хх 45-46/ гэх мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг /хх 28-29/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 50-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Д.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Шийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялын хугацааг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шэд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарын оногдуулсан ялын хугацааг багасгах талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Харин шүүгдэгчид 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын талаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 35 дугаартай прокурорын тогтоол гаргасан. /хх 65/

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Шүүхээс энэ тохиролцсон хүрээнд нь шийдвэрлэсэн бөгөөд шүүх шийдвэрлэхдээ  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорр, 68 дугаар байрны 12 тоотод оршин суух гэр, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд  гэрээсээ гарахыг хориглож шийдвэрлэсэн нь хэтэрхий хязгаарлагдмал байх тул түүнийг зөвтгөн  шийтгэх тогтоолд “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс  гарч явахыг хориглох” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэх гэсэн нэмэлт заалтыг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 991 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлд үргэлжилсэн үйлдлээр буюу “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэж прокурорын яллах дүгнэлтэнд заагдаагүй заалтыг үндэслэлгүйгээр журамлан “яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн” хариуцлагагүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шэд 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны 12 тоотод оршин суух гэр, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шэд 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс  ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчих, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай. ...” гэж өөрчилж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ    

                               ШҮҮГЧ                                                       Д.МӨНХӨӨ

                   ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ