Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/03092

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух Н******* овогт Б*******ийн М******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоотод оршин суух Б******* овогт С*******гийн М*** /рд:*******/-д холбогдох,

6,452,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн төлөөлөгч З.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг сарын 50,000 төгрөгөөр айлын хашаа түрээсэлж амьдарч байгаа бөгөөд 2021 онд Сонгинохайрхан дүүргийн Тахилтад хоосон хашаа авахаар төлөвлөж том охин У.А***гийн “Төрийн банк”-н дахь хадгаламжаас 2021 оны 06-р сарын 16-ны өдөр 2,578,000 төгрөг, бага охин У.Нгийн “Төрийн банк”-н дахь хадгаламжаас 2021 оны 06-р сарын 16-ны өдөр 2,278,000 төгрөг, нийт 4,856,000 төгрөг авсан байдаг.

Уг мөнгийг өөрийн нэр дээрх Хаан банкин дахь тоот харилцах дансанд 2021 оны 06-р сарын 16-ны өдөр хийсэн.

Хариуцагч иргэн С.М****тай 2001 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. С.М*** нь С*******гэ аймаг, Алтанбулаг боомт дахь чөлөөт бүсээс спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааны зүйл оруулж ирье, боломжийн ашиг хийх боломжтой юм байна найздаа мөнгө зээлээч гээд зээлж авсан.

Ингээд С*******гэ аймаг, Алтанбулаг боомт дахь чөлөөт бүсээс спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааны зүйл худалдан авч Улаанбаатар хот дахь бөөний төв болон дэлгүүрүүдэд жижиглэн болон бөөний үнээр худалдан борлуулдаг байсан.

2021 оны 06 сараас 11 сар хүртэл хугацаанд Чөлөөт бүсээс спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааны зүйл худалдан авахдаа Ш.Ө гэх хүний болон хамаатныхаа эгч болох Д.Ч гэх хүний данс уруу тус тус шилжүүлж авдаг байсан.

Дээрх хугацаанд нэхэмжлэгч миний зүгээс гарсан буюу /зээлсэн/ шилжүүлсэн мөнгө 6,382,000 төгрөг болж байгаа. Үүнд:

1.            2021 оны 06-р сарын 17-ны өдөр Ш.Ө гэх хүний Хаан банкин дахь тоот данс уруу 1,312,000 төгрөг шилжүүлүүлсэн

2.            2021 оны 06-р сарын 21-ны өдөр Ш.Ө гэх хүний Хаан банкин дахь тоот данс уруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн

3.            2021 оны 06-р сарын 22-ны өдөр Ш.Ө гэх хүний Хаан банкин дахь тоот данс уруу 1,3000,000 төгрөг шилжүүлүүлсэн

4.            2021 оны 07-р сарын 01 -ны өдөр Д.Ч гэх хүний Хаан банкин дахь тоот данс уруу 770,000 төгрөг шилжүүлсэн

5.            2021 оны 11-р сарын 24-ны өдөр хариуцагч С.М****ын Хаан банкин дахь тоот данс уруу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт 6,382,000 төгрөг шилжүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.1.1 “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж тус тус заасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”-д заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас удаа дараа зээлсэн мөнгөө төлөхийг шаардаж байгаа боловч хариуцагч нь нэг нэг саяар, бага багаар төлнө гэсээр тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа болно.

Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно.

Мөн миний бие нь хариуцагч С.М****ад холбогдуулан 2023 оны 06-р сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д нөхцөл буюу “хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2023 оны 08-р сарын 01-ны өдрийн 184/Ш32023/13019 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Ингээд тус шүүхэд ИХШХШтХуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн С.М**** /РД: *******/-ийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж шүүхээс 2023 оны 12-р сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/04762 дугаартай шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах, түний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Тус Цагдаагийн газрын 2024 оны 03-р сарын 26-ны өдрийн 30з4-3/1663 тоот албан бичгээр хариуцагч С.М****ын оршин суух хаягийг олж тогтоон нэхэмжлэгч надад мэдэгдсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд нэхэмжлэгч Б.М*******аас хариуцагч С.М****ад зээлээхээр шилжүүлсэн 6,382,000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 6,452,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

1а. Нэхэмжлэгч нь 2014 оноос айлын хашаа түрээсэлж амьдарч байна. Улмаар охидуудын данснаас мөнгө авч өөрийн дансанд хийсэн. Нийт 4,856,000 төгрөг өөрийн дансанд байршуулсан. Улмаар хариуцагчийн хүсэлтээр бараа авахад зориулж мөнгийг нэрлэн заасан данс уруу шилжүүлсэн. Энэ нь ОХУ-с бараа оруулж ирэхэд зориулсан. Нийт 5 удаагийн гүйлгээгээр 6,382,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлснээс хойш хашаа байшин авах гэж байна мөнгөө авъя гэхэд төлнө гэдэг байсан. Гэтэл төлөхгүй байсаар талууд таарамжгүй байдал үүссэн. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй холбогдохоо больсон. Улмаар хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч ирж аваагүй тул эрэн сурвалжлуулсан. Иймд зээлсэн 6,382,000 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нийт 6,452,200 төгрөг гаргуулна. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч нь ингэж үзэхгүй байна. Хариуцагч нь өөрөө худалдаа хийдэг бөгөөд нэхэмжлэгчээс мөнгө зээлээд бараагаа худалдаж аваад байгаа юм. Даалгаврын гэрээний хувьд Э гэдэг хүн нь заавал нэхэмжлэгчээр дамжуулах шаардлагагүй юм. Одоо үед интернэт гүйлгээгээр шилжүүлэх бүрэн боломжтой байсан юм. Иймд дамжуулсан зүйл байхгүй гэв.

2.             Хариуцагч С.М**** нь шүүхэд, түүний төлөөлөгч З.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М*******тай хүүхэд байхаасаа найз нөхдийн холбоотой байсан. Ийм нэхэмжлэл гаргасанд нь харамсаж байна.

Би наймаа худалдаа эрхлэх, цайны газар ажиллуулах зэргээр амьдралаа авч явдаг өрх толгойлсон хүн. М******* өөрөө хэцүү амьдралтай , би тус болъё л гэж бодож явдаг байсан.

2021 онд би наймаа хийдэг байсан, М*******аас мөнгө зээлэх хэмжээний чадалгүй байгаагүй, хэрвээ авсан бол нэг, хоёр удаагийн эргэлтийн мөнгө аваад удаалгүй буцааж өгсөн байх ёстой. Миний дансны хуулганаас харагдана. Мөн бэлнээр үзэм, жимс аваачиж, зарж орлого олж, амьдрал ахуйгаа дээшлүүл гээд 500,000 төгрөгийн бараа найз Н********тай хамт очоод өгч байсан.

2023 оны зун хөл гар өвдөөд гэхэд нь шинжилгээний б******* мөнгө өгч, идэж уух зүйлээр эргэж байсан.

Намайг цайны газар ажиллуулж байхад ажлын газрын хүмүүсээ дагуулж ууж, идээд явдаг байсан. Наадмаар дагуулж явж хуушуур хийн цалинжуулдаг. С*******гэ рүү хүртэл дагуулж явж, зардал, хоол ундыг нь төлөөд явж байсан ч  бий. Одоо санаж байгаа зүйлүүд ийм байна. Нэхэмжлэлийг уншаад энэ бүгдийг бичихээс өөр аргагүйд хүрлээ.

Нэхэмжлэлд дурдсан Ш.Ө гэдэг хүн С*******гэд байдаг, М******* танихгүй учраас Ш.Ө руу 2021 оны 06 сарын 17, 21, 22-ны өдөр шилжүүлсэн нийт 4,612,000 төгрөгийг миний өмнөөс шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгөнөөс эргүүлэн төлсөн дансны хуулга бий.

Харин Д.Ч эгч /ээжийн дүү/ болон миний данс руу хийсэн 770,000, 1,000,000 төгрөгүүдийг Барс зах дээр ажилладаг Э эгчээс миний авах авлагыг бэлнээр аваад буцаагаад шилжүүлж байсан юм. М*******ын ажил Барс захтай ойрхон байсан учраас очоод аваад өгөөч гэж би гуйж байсан. Э эгч одоо ч ажиллаж байгаа, одоо ч бэлнээр тооцоо хийдэг хэвээрээ байгаа. Иймд 1,770,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Түүнчлэн М******* манайд усанд орох зэргээр зөндөө ирж байсан, миний охины сургуулийг хүртэл мэддэг хэрнээ эрэн сурвалжлуулсан байдаг. Над уруу цагдаагаас утасдахад нь би энэ тухай мэдэж, хаягаа өгсөн. Намайг хаана байдгийг мэддэг хэрнээ эрэн сурвалжлуулсан тул 70,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

М*******ын данс руу шилжүүлсэн мөнгөний тооцоо:

2021.06.12-нд 200,000 төгрөг,

2021.06.21-нд 139,000 төгрөг,

2021.06.24-нд 235,000 төгрөг,

2021.09.24-нд 50,000 төгрөг,

2021.09.30-нд 200,000 төгрөг,

2021.10.14-нд 15,000 төгрөг,

2021.10.26-нд 1,000,000 төгрөг,

2021.11.24-нд 20,000 төгрөг,

2021.12.31-нд 40,000 төгрөг,

2022.03.10-нд 30,000 төгрөг,

2022.03.24-нд 330,000 төгрөг,

2022.04.13-нд 20,000 төгрөг,

2022.04.20-нд 30,000 төгрөг, нийт 2,309,000 төгрөгийг эргэн төлсөн. Үүн дээр бэлнээр өгсөн мөнгө зөндөө байгаа . Мөн б******* бараагаар виски, алим, жимс, хатаасан жимс, үзэм өгсөн.

Энэ бүгдийг М******* өөрөө тооцож үзээд нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримтын 23 дугаар хуудсан дахь 2022.06.19-ний өдрийн 17:46 минутад бичсэн “Найзынхаа мөнгийг ядаж 500к өгөөд дуусга л даа найз минь” гэсэн чат зурвасаар нотолж болохоор байна.

Иймд одоо М*******д 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

2а. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нар найз нөхдийн холбоотой. Хариуцагч нь наймаа хийж нэхэмжлэгчид тусалдаг байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281-г үндэслээд байна. Хэрэгт байгаа баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 8-д заасан эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй. Энэ нь худалдах худалдан авах гэрээний харилцааг илүү агуулсан харилцаа байна. Нэхэмжлэгч нь 3 удаагийн гүйлгээгээр Ө уруу шилжүүлсэн мөнгийг зөвшөөрдөг. Үүнээс хариуцагч нь нэхэмжлэгчид 2,309,000 төгрөг төлснийг зөвшөөрдөг юм. Нэхэмжлэгч нь 5 удаагийн гүйлгээ дурддаг. Өын дансаар шилжүүлсэн нийт 4,612,000 авснаа зөвшөөрнө. Түүний хариуд мөнгө өгөөд үлдэгдэл дүнд бараа бүтээгдэхүүн аваачиж өгсөн юм. Иймд нэхэмжлэгч мөнгө төлөөд хариуцагч бараа болон мөнгө өгөөд байгаа юм. Шүүхээс үзлэг хийсэн боловч баримтыг хэрэгт авах боломжгүй болсон байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Талууд 2021-2024 оны харилцаанд ямар нэг дүгнэлт тооцоо хийгээгүй байдаг. Нэхэмжлэлд дурдсан 4, 5 дугаар гүйлгээ байдаг. Хариуцагч нь ОХУ-с бараа оруулж ирж жижиглэн худалдаа хийдэг. Энэ нь Чгийн хүсэлтээр нэхэмжлэгч нь Барс захын Э гэдэг хүнээс 1,770,000 төгрөг аваад ч уруу 770,000, 1 саяыг хариуцагч уруу шилжүүлсэн байдаг. Энэ нь даалгаврын шинжтэй харилцаа байсан. Энэ нь зээлийн харилцаа биш юм. Иймд нэхэмжлэлээс 500,000 төгрөгийг хангахад татгалзахгүй. 1,770,000 төгрөгийг бэлнээр аваад хэсэг хугацааны дараа шилжүүлээд байгаа нь нотлогддог. Энэ нь Ч уруу шилжүүлснээс хойш тодорхой хугацааны дараа хариуцагч уруу шилжүүлдэг. Хэрэв авлагатай байсан бол мөнгө нэмж шилжүүлэхгүй юм. Яагаад Ч уруу шилжүүлсэн мөнгийг яагаад нэхээд байна вэ. Гүйлгээний утга дээр хүний дугаар бичсэнээр зээл олгосон гэж үзэхгүй. Өаар дамжуулж 4,612,000 төгрөг аваад 2,309,000 төгрөг дансаар өгөөд үлдэхэд нь ойролцоогоор 3 саяын бараа өгсөн юм. Гэхдээ талууд тооцоо нийлээгүй тул одоо 500,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байгаа юм. Дансаар өгсөн гүйлгээ нь хуулгаар нотлогдоно. 1 сая угаасаа хариуцагчийн мөнгө байсан юм гэв.

3.             Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30з4-3/1663 дугаар албан тоот /1хх4/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04762 дугаар шийдвэр /1хх5-6/, Төрийн банк дахь У.А*** болон У.Нгийн дансны хуулга /1хх7, 8/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /1хх202-250, 2хх1-20/

3б. Хариуцагчаас: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /1хх48-180/

3в. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийсэн /хх29-33/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,393,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,059,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.             Нэхэмжлэгч Б.М******* нь зээлийн гэрээний үүрэгт 6,382,000 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 70,200 төгрөг, нийт 6,452,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.             Хариуцагч С.М**** нь нэхэмжлэгчийг ОХУ-с бараа захиалж авчруулдаг байсан бөгөөд өгсөн мөнгийг бараа болон мөнгөөр буцаан төлсөн, үлдэх 500,000 төгрөгийг  төлнө гэж маргасан.

4.             Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагчийг ОХУ-с бараа худалдан авч улмаар Монгол улсад худалдан борлуулах зориулалтаар зээлийн гэрээний үүрэг гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар дагуу ОХУ-с бараа худалдаж аваад хэн аль нь бараагаа худалдан борлуулж ашиг олох харилцаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс олгосон мөнгөн хөрөнгөд захиалсан барааг ОХУ-с худалдан авч нэхэмжлэгчид олгодог байсан гэх тайлбараа хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй. Гэвч тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө хариуцагчид шилжүүлж, улмаар хүлээн авч байсан үйл баримтын талаар маргаагүй.

Иймд нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

5.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

6.             Нэхэмжлэлд дурдсан Ш.Өын дансаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 4,632,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан үйл баримтыг зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид Ш.Өаар дамжуулан 4,632,000 төгрөг олгосон гэж үзнэ.

7.             Харин н.Чгийн дансанд шилжүүлсэн гэх 770,000 төгрөгийг хариуцагч аваагүй гэж маргасан. Нэхэмжлэгч нь энэхүү мөнгөн хөрөнгийг хариуцагчийн хүсэлтээр н.Чгийн дансанд шилжүүлсэн гэх тайлбараа нотлоогүй. Иймд уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон гэж үзэх үндэслэлгүй.

8.             Хаан банканд нэхэмжлэгч нь тоот, хариуцагч нь тоот данс эзэмшдэг болох нь холбогдох хуулгаар тогтоогдож байна. /1хх202-250, 2хх1-20, 1хх48-106/

Улмаар зохигчид харилцан шилжүүлсэн мөнгөн гүйлгээг шүүхэд ирүүлсэн дансны хуулганд тодруулсан байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагчид олгосон болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна. /2хх1/

9.             Дээрх үндэслэлийг нэгтгэн тооцвол нэхэмжлэлд дурсан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 5,632,000 төгрөг олгожээ.

Улмаар хариуцагчийн дансны хуулганаас шүүж үзэхэд хариуцагч нь нийт 2,309,000 /139,000+235,000+50,000+200,000+15,000+1,000,000+20,000+200,000+ 40,000+30,000+330,000+20,000+30,000/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн байна. /1хх48, 51, 52, 55, 58, 65, 67, 74, 106, 114, 132, 135/

10.          Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг б******* мөнгөний автомат машин /АТМ/-с бэлнээр гаргуулан буцаан авсан гэж маргасан. /1хх249/

Гэвч хариуцагч нь уг мөнгийг буцаан авсан гэх тайлбараа нотлоогүй тул буцаан авсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагчид б******* мөнгө шаардлагатай байгаа тохиолдолд заавал нэхэмжлэгчийн дансаар дамжуулж гаргуулах шаардлагагүй юм.

11.          Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар бараа нийлүүлж байсан гэх тайлбараа нотлоогүй, улмаар нийт 5,632,000 төгрөг авч 2,309,000 буцаан өгсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул зөрүү болох 3,323,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

12.          Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбогдуулан хариуцагчийг эрэн сурвалжлуулж 70,200 төгрөг төлсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04762 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул энэ шаардлагыг хангах үндэслэлтэй.

13.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.М***аас 3,393,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,059,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69,241.20 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 14.80 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД