| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/143 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/143
`
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн 1736000900074 дугаартай, 1*******/2017/0144/Э/ индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ******* багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, Модчин овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *******-******* ГАА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 41-55 УНМ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж иргэн М.*******, Б. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Пүрэвбаатар, Алтантуяа, Наранжаргал бид дөрөв Манхан сумын гүүрэн дээрээс машин тосож байгаад шөнө 00 цагийн үед УАЗ-469 машин ирэхээр нь суугаад Ховд аймаг руу явсан. Тухайн үед би машин дотор унтаж явсан нэг мэдсэн чинь манай машин урд байсан нэг машиныг мөргөөд дээшээ хараад унасан байсан.Намайг машины хойт талын бардакийг ураад хүмүүс гаргаж авсан. Тухайн үед харанхуй байсан учраас яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Миний хөл их өвдөж байсан, удалгүй цагдаа, эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад явсан.Уг машинд нийт 6 хүн сууж явсан гэжээ. / хх- 19-р хуудас/
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би хүргэн Д.*******ын хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Баян-Өлгий аймаг руу орой 18 цагийн орчим гараад явж байгаад Ховд аймгийн Манхан сумын гүүрний хажууд гуанзанд хоол идсэн. Тэгээд явах гэтэл 4 хүүхэд манай машинд дайгдаад явъя гээд суусан.Би тухайн үед машин дотор унтаад явж байтал нэг юм мөргөх шиг болоод манай машин дээшээ хараад унасан. Тэгээд Д.******* эхэлж машинаас гараад дараа нь хүүхдүүдийг машинаас гаргаад намайг сүүлд нь машинаас гаргасан.Тухайн үед миний хөл хугараад хойшоо харсан байсан.Би юу болов гээд харсан чинь зогсож байсан Портер машины араас мөргөсөн байх шиг байсан. Д.******* замд явж байсан машиныг зогсоож эмч, цагдаа дуудуулаад удалгүй эмнэлгийн машин ирж гэмтсэн хүмүүсийг аваад явсан. Би маргааш нь Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан гэжээ./хх-21-22-р хуудас/
Гэрч Н.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн үед Ховд аймгийн Мөст сумаас бог мал зарахаар 41-55 УНМ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж аваад Ховд аймаг руу явж байтал Буянт сумын нутаг дэвсгэр Ямаатын улааны бэл гэх газар 41-55 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойт дугуйны гол нь хугараад дугуй нь мултарч унаад замын хажуу талд зогссон. Тэгээд машинаа янзлах гэтэл болохгүй болохоор нь аймгийн төвөөс сэлбэг авхуулахаар болоод сэлбэг авчрах машинаа хүлээгээд бид хэд унтаж байтал шөнө 01 цагийн үед машин тас хийж дуугараад урагшаа хөдлөөд зогсохоор нь машинаас буугаад хартал нэг машин дээшээ хараад унасан байсан. Бид нар очоод машин дотроос жолоочийг нь түрүүлж гаргаад дараа нь бусад хүмүүсийг нь гаргаад эмнэлэг, цагдаа дуудсан.Тухайн үед ослын зогсолтын тэмдгээ машиныхаа урд тавиад хойно нь чулуу босгож тавьсан гэжээ./ хх-25-р хуудас/
Гэрч С.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Машиныхаа сэлбэгийг аймаг руу захичихаад бид нар хүлээгээд Пүрэвдорж машинд Н.Даваадорж бид хоёр гадаа унтаж байсан чинь шөнө 01 цагийн үед тас гэх дуу гарахаар босоод харсан чинь миний машины араас УАЗ-469 машин ирж мөргөөд дээшээ хараад унасан.Бид гурав машинд явсан хүмүүсийг татаж гаргаад эмнэлэг цагдаа дуудсан. Тухайн машинд 2 том хүн, 4 хүүхэд явж байсан гэжээ./хх -26-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ө.Наранжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Манхан сумын хар үзүүр дээрээс *******-******* ГАА улсын дугаартай машиныг зогсоогоод Ховд аймаг руу дайгдаад явсан. Машин дотор унтаад явж байтал нэг мэдэхэд машин дээшээ хараад унасан байсан. Надад бэртэж гэмтсэн зүйл байхгүй, гомдол саналгүй гэжээ. /хх 27-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч С.Бямбацэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Наранжаргал, *******, Алтантуяа бид дөрөв *******-******* ГАА улсын дугаартай УАЗ-469 машинд Манхан сумын гүүрний тэндээс суугаад Ховд аймаг руу явсан. Машин дотор унтаад явж байтал нэг мэдэхэд бидний сууж явсан машин нэг машинтай мөргөлдөөд унаад дээшээ харсан байсан. Миний гар эрүүнээс цус гарсан байсан. Удалгүй цагдаа, эмнэлгийн машин ирж бид нарыг авч явсан гэжээ. /хх 29-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4,7-10-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-16-р хуудас/
Автомашины эвдрэл үнэлсэн тухай тайлан /хх-35,39-р хуудас/
2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Жолооч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. С.Нямсүрэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.2. Жолооч Д.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д: “Жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна.3.Жолооч Д.******* нь цаг агаарын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Замын цагдаагийн зохицуулагч, ахмад Б.Ганбаатар гэжээ. /хх 52-р хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Ө.Пүрэвбаатарын биед гэмтэл учирсан байна. 2. Ө.Пүрэвбаатарын биед гэмтлийн гаралтай тархи доргилт, баруун хацар хэсэгт 2.5х0.4 см, 1.7х0.4см, 1.2х0.1 см зулгаралтын сорвинууд, баруун доод эрүүний хэсэгт 3.5х2 см цус хуралт, зүүн хацар шанаа хэсгээр бага зэргийн хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.3. Ө.Пүрэвбаатарын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.4. Ө.Пүрэвбаатарын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Дүгнэлт гаргасан.Шинжээч эмч Д.Тогтох гэжээ./ хх-65-р хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.М.*******ын биед гэмтэл учирсан байна.
2.М.*******ын биед баруун дунд чөмөгний яс дээд 1/3 хэсгээр хөндлөн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
3.М.*******ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
4.М.*******ын биед үүссэн дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш / удаа/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.М.*******ын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Дүгнэлт гаргасан.Шинжээч эмч Д.Тогтох гэжээ./хх-69-р хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Б.ийн биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун нүдний зовхины цус хуралт,духны шарх, цээж баруун өвдөгний үений зулгаралт, шилбэний цус хуралт, баруун 1-4-р хурууны зөөлөн эдийн үхжилт, өөрчлөлт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Дүгнэлт гаргасан.Ахлах зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин гэжээ. / хх-75-76-р хуудас/
Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хадам аав ийн хамт *******-87 ГАА улсын дугаартай УАЗ-469 маркийн машинтай орой 17 цаг өнгөрч байхад Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас гараад Баян-Өлгий аймаг руу явж байсан. Манхан сумын гүүрний хажууд гуанзанд хоол идээд хөдлөх гэтэл 4 хүүхэд Ховд аймаг руу аваад яваач гэхээр нь суулгаад явсан. Дөрөлж өгсөөд явж байтал урдаас ирж байсан машины гэрлийн гялбаанд ороод, гараад иртэл гэнэт урд нэг Портер машин гараад ирэхээр нь машиныхаа рулийг зүүн гар талдаа дартал гарч чадалгүй тухайн Портер машины зүүн хойт буланг мөргөж миний машин дээшээ хараад унасан. Тэгээд би эхэлж машинаасаа гараад машиндаа явсан хүмүүсийг Портер машины хүмүүстэй хамжиж гаргаад замаар явж байсан машиныг зогсоож эмч, цагдаад хэлүүлээд, удалгүй эмч болон цагдаагийн хүмүүс ирж гэмтсэн хүмүүсийг аваад явсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *******-******* ГАА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 41-55 УНМ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж иргэн М.*******, Б. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Б., насанд хүрээгүй хохирогч М.******* нарын мэдүүлэг, гэрч Н.Даваадорж, С.Нямсүрэн нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдож байна.
Ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал, шүүгдэгч прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байдлыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 30-99 ГАА улсын дугаартай Истема маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/44 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.8,10, 37.1, 37.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Модчин овогт *******ын *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Модчин овогт *******ын *******ыг 450 / дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыгшүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 30-99 ГАА улсын дугаартай Истема маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/44 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
5.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС