| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2103003720018 |
| Дугаар | 2022/ДШМ/596 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/596
2022 6 8 2022/ДШМ/596
П.Бөд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чинзориг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэцогт,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/695 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э гаргасан давж заалдах гомдлоор П.Бөд холбогдох эрүүгийн 2103003720018 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн П.Б, 1990 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Төв аймгийн Өндөр Ширээт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын мужааны ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................
Шүүгдэгч П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 50 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 1.64 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд “Есөн шижир” ХХК-ийн эзэмшлийн “Honda Insight” загварын, 53-51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч “Энержитех Прогресс” ХХК-ийн блокон хашаатай залгаа төмөр хаалгыг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Дамь нас хохирч, “Энержитех Прогресс” ХХК-ийн эзэмшлийн төмөр хаалгыг эвдэн 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бөөс “хохирогч Т.Дбусдад зодуулсан, бие нь муу явж байсан” талаар мэдүүлсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2513 дугаартай “талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь яс, нүүрний ясны хугарал, их тархины духны дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальс доорх цус харвалт, духны хэсгийн хуйхны дотор гадаргууны цус хуралт, баруун 6 дугаар хавирганы хугарал, зүүн доод зовхины шарх, зүүн хөмсөгний дээр, хамар, дээд доод уруул, оочны зулгаралт, хоёр зовхи, уруул, хоншоор, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинж, амь насанд аюултай хүнд гэмтэл байна. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгалын замын цус бет орж нас барсан байна” /1хх 103-107/ гэсэн дүгнэлт, шинжээч Б.Ганзоригийн “талийгаачийн цогцост учирсан гэмтэл байгаа газар болгонд бүх хэсгүүдэд хүч үйлчилсэн буюу цохих, шахах, үрэх механизмаар үүсгэгдэж байгаа болохоор мохоо зүйлийн олон удаагийн гэж байгаа юм” /1хх 99/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд, хохирогч Т.Дүхлийн шалтгаан нь тухайн ослын улмаас үүссэн гэмтэл буюу үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөл болсон гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно.” 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;” гэж заасныг хангахгүй.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 339 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “шүүгдэгч П.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” /1хх 194/ гэсэн дүгнэлтийг тодорхойгүй гэж мэтгэлцсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.
Хэргийн нөхцөл байдлаас “Honda insight” загварын, 53-51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.Б “баруун тийш машин гэнэт дайвалзаад бөгсөө шидээд байх шиг болохоор нь би автомашиныхаа тоормосыг гишгээд тухайн үед сандраад жолооны хүрдээ зүүн гар тийш дартал эсрэг урсгал руу машин хөндлөн болоод тэр чигтээ явсаар замын хажуугийн бетонон ханыг машиныхаа баруун талын хэсгээр мөргөөд зогссон” /1хх 206/ гэж яллагдагчаар мэдүүлж байсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтэд “баруун хойд гэж хаягласан дугуй нь хагарсан гэмтэлтэй байна. Баруун хойд гэж хаягласан дугуйн хагарсан гэмтэл нь мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн байна” /1хх 147/ гэсэн зэргийг харьцуулан үзэхэд, тухайн үед автомашины дугуй хагарсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд харин уг нөхцөл байдалд жолооч зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан эсэх, боломжтой бол зогсоох арга хэмжээ аваагүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байна.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүд /мөрдөгчийн магадлагаа/ нь шүүгдэгч П.Бийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөд эргэлзээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасантай нийцэхгүй байна...” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2513 дугаартай дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй...” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шинжээч Б.Ганзоригт эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх дүгнэлтийн үндэслэлийг шинжээчээр тайлбарлуулж, мэдүүлэг авсан байна. Амь хохирогчийн биед учирсан гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтэл болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэв шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзвэл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж заасан. Хэргийн хувьд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт үндэслэн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлыг тогтоох ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болно. Нөгөөтэйгүүр зам тээврийн ослын хэрэгт мөрдөгч нь магадлагаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалтуудад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаанд хамаарах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлуулж байгаа явдал биш юм. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шинжээч С.Дарханбаатар, мөрдөгч Б.Балжинням нарыг оролцуулсан ба тэд гаргасан дүгнэлт, магадлагааныхаа талаар тус тус дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Ослын улмаас хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийн холбогдогч П.Б болон түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нар өөрсдийн арьсыг хамгаалж гэм буруугүй мэт харагдаж, шүүхээс хөнгөн ял авахын тулд хэргийн хохирогч миний төрсөн дүү Т.Даваацэрэнг осол болоход бараг амьгүй байсан мэтээр худал мэдүүлэг өгсөн байна. Хэргийн талаар холбогдогч болон түүний ах дүү нар талийгаачийн ажил явдлын үеэр нэг удаа үзэгдэхдээ миний дүү талийгаач Т.Даваацэрэнг хэрэг гардаг тэр орой Зүүнхараагаас Урьхан хүртэл /осолдсон “Honda Insight” загварын/ автомашиныг жолоодон явсан гэж өгүүлж байсан. Автомашин жолоодоод зүв зүгээр явж байсан хүн хэнд, хэдийд зодуулаад бие нь муудчихав. Хэрэв зодуулсан бол П.Б л зодсон байх. Зүүнхараагаас Улаанбаатар луу гардагынхаа урд өдөр нь П.Б согтуугаар автомашин жолоодож яваад Зүүнхараагийн цагдаа нарт журамлагдаад бараг зугтаж хот руу явсан байж болохоор байдал байгаа. П.Бийг бригад ахлаж явсан хүн гэж ойлгодог. Хэрвээ хүнд зодуулсан бол яагаад орон нутгийн эмнэлэгт хандаагүй юм бол, яагаад гэр бүлд нь мэдэгдээгүй юм бол, бригад ахлаж яваа хүн яагаад ажилчдынхаа эрүүл мэнд, амь насанд анхаардаггүй юм. Үнэхээр зодоон болсон эсэхийг хамт байсан хоёр хүнээс нь тодруулж болох биш үү. Холбогдогч болон түүний өмгөөлөгч “үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн хандлагаар шүүхийг хууран мэхэлж байгаад би үнэхээр гомдолтой байна. Би анхнаасаа “санаатай миний дүүгийн амь насыг хохироосон биш дээ” хэмээн бодож, элдэв гомдол гэлгүй хэргийг шийдүүлчихье гэсэн маань алдаа байжээ. Бас тэд автомашины ослыг техникийн гэмтэл болгох гэж оролдсон байна. Бараг өөрийн ухаангүй шахам согтуу атлаа автомашин жолоодож, улмаар осол гаргаж миний дүүгийн амь насыг хохироосон П.Бөд үнэхээр гомдолтой байна. П.Бөөс талийгаач дүүгийн оршуулгын зардлыг нэн даруй гаргуулж авахын сацуу, өөрийн гэм бурууг огтхон ч ухамсарлаж ойлгоогүй түүнд холбогдох зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээг оногдуулах саналтай байгаагаа ийнхүү илэрхийлж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Тээврийн прокурорын газраас П.Бийг “2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 50 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 1.64 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд “Есөн шижир” ХХК-ийн эзэмшлийн “Honda Insight” загварын, 53-51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч “Энержитех Прогресс” ХХК-ийн блокон хашаатай залгаа төмөр хаалгыг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Дамь нас хохирч, “Энержитех Прогресс” ХХК-ийн эзэмшлийн төмөр хаалгыг эвдэн 385.000 төгрөгийн хохирол учруулсан” гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Өөрөөр хэлбэл, П.Бөд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, П.Бөд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч П.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, “...амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг нэхэмжилж, шүүгдэгчид тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээг оногдуулж өгөхийг...” хүссэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/695 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Бөд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.
3. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч П.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ