Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2023/06142/И |
Дугаар | 183/ШШ2024/01364 |
Огноо | 2024-03-26 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/01364
2024 оны 03 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/01364 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 27 дугаар хороо, 41-5 тоот хаягт оршин суух, Сартуул овогт, Мн Б /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, яармаг 8 дугаар гудамж, 229 тоот хаягт оршин суух, Боржигон овогтГын О/РД:00000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, яармаг 8 дугаар гудамж, 229 тоот хаягт оршин суух, Их Монгол овогтЧын Д /РД:00000/ нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 27 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагч нарын Р.Бадмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Facebook дээр Camry эзэмшигчдийн клуб гэх группийн Darambazar гэсэн хаянаас Camry маркийн суудлын авто машин зарна гэсэн зарын дагуу хариуцагч Ч.Дтай холбогдож, ямар нэгэн сэв, урьд нь аваар осолд орж байгаагүй биз дээ, хийх юм байхгүй юу гэхэд ямар нэгэн будаг замаск байхгүй, аваар осолд орж байгаагүй, хийх юм юу ч байхгүй гэж хэлэхээр нь бид тохиролцож, машиныг 27 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Машин хариуцагч Г.Оын нэр дээр байсан бөгөөд Ч.Дт олгосон итгэмжлэлийн дагуу түүнтэй амаар гэрээ байгуулсан. 27 000 000 төгрөгийг Ч.Дын дансанд шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр City car wash гэх угаалгын газарт машинаа угаалгаж, дриллэн өнгөлгөөнд ороход угаалгын газрын ажилтан аваар осолд орсон машин байна. Урд салхины шил сольсон, дээвэр урд хэсгээр замасктай, урд гупер будаг, замасктай, жолоочийн эсрэг талын толь хазаалтай, дотор салон урд хэсгээрээ хяхтнасан дуутай байсан. Гэтэл би ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй, аваар осолд орж байгаагүй машин худалдан авахыг хүссэн. Тэгээд ч анхнаасаа ганц хүссэн зүйл буюу аваар осолд орж байгаагүй биз дээ гэхэд тиймээ гэж хэлсэн Ч.Дын үгэнд итгэж худалдан авсан. Машины зах зээлийн үнэ ийм эвдрэлтэй, аваарт орсон машины үнэ 27 000 000 төгрөг байхгүй. Иймд машиныг буцааж, гэрээний дагуу төлсөн 27 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч Ч.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1615 УАХ улсын дугаартай, Toyota Camry маркийн авто машинаа 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр М.Бод зарсан нь үнэн. Би тэр машиныг Да хүрээ захаас Японоос оруулж ирж байгаа ченжүүдийн гар дээрээс авсан. Цоо шинэ машин биш байсан. 90 000 гүйлттэй машин байсан. Би өөрөө жилийн хугацаанд унаад, 110 000 гүйлттэйгээр М.Б гэдэг хүнд зарсан. Авахаасаа өмнө үзэж үзэж хараад авсан. Би машиныг унаж байх хугацаандаа аваар осолд орж байгаагүй. Би нэхэмжлэгчийг хуурч мэхэлж зарсан зүйлгүй. Тэгээд надтай яагаад 7 хоногийн дараа холбогдсон. Одоо болтол машиныг өөрөө унаад яваад байгаа учраас ямар ч буцаах боломж байхгүй гэж бодож байна. Тэгээд энэ хүн маань өөрөө 2 өдрийн турш хүрч ирж үзээд авсан. Би энэ хүнийг худалдаж ав гэж тулган шаардаагүй... гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар учраас гэхээр насанд хүрсэн хүн энэ машиныг авахдаа өөрөө биеэрээ ирж, үзэж харж авсан. Энэ машиныг би авч болох юм байна гэдэг үндсэн дээр нэхэмжлэгч авсан байгаа. Энэ машин Монголд орж ирэхдээ цоо шинэ машин орж ирээгүй. 10 жил явсан дээрээс нь Ч.Д 2 жил шахуу унасан. Энд ямар нэгэн байдлаар жижиг сажиг эвдрэл ч байдаг юм уу, хонхойсон зүйл байсныг үгүйсгэхгүй. Хариуцагч ганцаараа өөрийнхөө гараар эдэлсэн энэ хугацаанд ямар нэгэн эвдрэл байгаагүй, унасан онхолдсон юм байгаагүй. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр Мөнх даатгал гэдэг компанийн тодорхойлолтоор ямар нэгэн байдлаар онхолдсон машин биш, онхолдоогүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Тэгэхээр Ч.Дт ямар нэгэн эвдэрсэн, барьсан юм нуусан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу 27 000 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт болон дансны хуулга, 2023.10.23-ны өдрийн итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, Номин даатгал ХХК-ийн тодорхойлолт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч нараас иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Мөнх даатгал ХХК-ийн тодорхойлолт, даатгалын буцаалтын өргөдөл, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, Даатгалын гэрээ цуцлах, хураамж буцаах маягт эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ч.Даас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1615 УАХ улсын дугаартай, Toyota Camry маркийн авто машиныг худалдан авсан. Тухайн авто машиныг ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй, аваар осолд орж байгаагүй гэх хариуцагчийн үгэнд итгэж худалдан авсан боловч урд нь аваарт орсон машин байх тул машиныг нь буцаан өгч, 27 000 000 төгрөгөө гаргуулна... гэж тайлбарлав.
3. Хариуцагч Ч.Д нь ...Toyota Camry маркийн авто машиныг 90 000 гүйлттэй, 2012 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2022 онд орж ирсэн байхад нь Да хүрээ захаас худалдан авсан. Би тухайн машиныг унаж, ашиглаж байх хугацаандаа ямар нэгэн аваар осолд орж байгаагүй. 110 000 гүйлттэй байхад нь нэхэмжлэгч М.Бод худалдсан. Нэхэмжлэгч машиныг худалдан авахдаа үзэж хараад сонгож авсан. Би хуурч мэхэлж зараагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
4. Гэрээний зүйл болох 1615 УАХ улсын дугаартай, Toyota Camry маркийн тээврийн хэрэгсэл нь 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр импортолсон, 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Г.Оын эзэмшилд бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5. Г.Оаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Ч.Дт итгэмжлэлээр олгожээ.
6. Хариуцагч Ч.Д нь дээрх итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч Ч.Бтой 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1615 УАХ улсын дугаартай, Toyota Camry маркийн тээврийн хэрэгслийг 27 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
7. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Г.Онарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр байна.
8. Худалдах, худалдан гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
9. Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 27 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Дын эзэмшлийн дансанд гэрээ байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн болох нь төлбөрийн баримт болон дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
10. Эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдол илрүүлсэн худалдан авагч нь гэрээг цуцлах талаар шаардлага гаргах эрхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт зохицуулсан.
10.1. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан.
10.2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг тайланд ...машинд биет үзлэг хийхэд орой будагдсан ул мөртэй, оройн будаг нь энэ тэндээ үсэрхийлж товойж хатсан, зүүн хойд крыло дотор талын төмрийг гагнаж зассан, жолооч талын айрбаг задарсныг хайчилсан, урд 2 багана будаг хийгдсэн, урд салхины шил солигдсон, зүүн хойд крыло, хаалга замасканы ул мөртэй байв... гэжээ.
10.3. Гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсад импортоор орж ирсэн, хуучин тээврийн хэрэгслийн тухайд будаг замасканы ул мөр байхыг үгүйсгэх боломжгүйн дээр тухай тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
10.4. Түүнчлэн, хариуцагч Г.Онь 1615 УАХ улсын дугаартай, Toyota Camry маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж байх хугацаандаа даатгалаас даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалан жолоочийн хариуцлагын даатгалаар нөхөн төлбөр аваагүй талаарх Мөнх даатгал ХХК-ийн тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийн ...хариуцагч аваар осолд ороогүй гэж худал мэдээлэл өгсөн... гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ бодит байдлыг нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
10.5. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дахь машинд биет үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдал нь нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хүлээн авах үед мэдэх боломжтой доголдол гэж үзэх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.2, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бын хариуцагч Г.О, Ч.Дт нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 27 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ