| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/05376/И |
| Дугаар | 183/ШШ2024/01385 |
| Огноо | 2024-03-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2024/01385
2024 оны 3 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2024/01385 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, шүүгч Б.Мөнхцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Сонсголонгийн гудамж Товчооны зам 16/1, 1тоот хаягт байрлах С.Б ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн дугаар хороо дугаар байр оот хаягт оршин суух Боржигон овогт Цы С /РД:00000/-д холбогдох
Гэм хорын хохиролд 5,423,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул,
Хариуцагч Ц.С,
Ажиглагчаар Н.Билгүүн
Нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б ХХК нь хариуцагч Ц.Сд холбогдуулан гэм хорын хохиролд 5,423,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Ц.С нь манай компанид 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэлтэст жолооч ажлын байранд ажиллаж байсан болно. Хариуцагч Ц.С нь манай компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23:00 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, Хос Бэрс худалдааны төвийн хойд уулзвар дээр Н.Галмандахын тоёота приус-30 маркийн 31-09 УАК улсын дугаартай автомашиныг зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед нь араас нь мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан болно. Хариуцагч Ц.С нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байдаг. Эд хөрөнгөд хохирол учирсан гэх иргэн Н.Галмандах нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандаж, манай компанийг хариуцагчаар татан оролцуулсан болно. Ийнхүү Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 183/ШШ2023/02768 шийдвэрт дурдсанаар манай компанийн ажилтан байсан Ц.Сийн бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу С.Б ХХК нь нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 5,423,000 төгрөгийг нөхөн төлөх нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу манай компани нь хариуцагчийн бусдад учруулсан хохирлыг арилган төлөх үүрэг хүлээсэн байх тул өөрт учирсан хохирлоо хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шаардаж байна. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 5,423,000 төгрөгийг Иргэний хуулийн 498.5-т заасны дагуу нэхэмжилж байх тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ц.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц овогтой С /РД: 00000/ миний бие нь 2022 оны 8 дугаар сард жолооч авна гэсэн үнэгүй.мн сайтад тавигдсан зарын дагуу С.Б ХХК-ны хүний нөөцийн мэргэжилтэн Батчимэг гэх эмэгтэйтэй утсаар холбогдож тухайн ажлын байранд мэргэшсэн жолоочийн үнэмлэх шаардагдах эсэх, цалингийн хэмжээг лавлахад цалин өндөр 1 сард 2,000,000 төгрөгөөс дээш цалинтай, мэргэшсэн жолоочийн үнэмлэх шаардагдахгүй, хүнд даацын ачааны автомашин барьж байсан туршлагатай бол болзол хангана, өөрийн биеэр ирж уулзаарай гэсэн мэдээлэл өгсний үндсэн дээр сонсголонд байрлах С.Б ХХК-ны байранд очиж уулзсан. Уулзахад ажилд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг танилцуулж, нийтийн тээврийн жолоочоор ажиллахад мэргэшсэн жолоочийн үнэмлэх шаардлагатай боловч таныг ажиллаж байх хугацаанд сургалтад хамруулж, 150,000 төгрөг таны цалингаас суутгаад мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй болгож өгнө. Мөн ажилд гарахад даатгал заавал шаардлагатай тул та өөрийн зардлаар даатгал хийлгэх ёстой. Мэргэшсэн жолоочийн даатгал хийлгэчих, мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ гартал яваад байж болно. Тантай цуг засварын цехэд дадлага хийж байгаа, манайд ажилд орохоор хүсэлт гаргасан хүн тийм даатгалд хамрагдсан байна. Тэр хүнтэй адилхан даатгал хийлгэхэд болно гэснээр Бодь даатгалын мэргэшсэн жолоочийн даатгалд хамрагдсан. Ингээд 2 хоног засварын цехэд, 1 хоног Ч:38 чиглэлд дадлагын жолоочоор цалингүй ажиллах нөхцөлийг зөвшөөрч нийт 3 хоног ажиллаж, хүний нөөцийн зүгээс бичиг баримт хангагдсан, дадлагад бүрэн хамрагдсан гэж үзэн 2022.08.27-ны өдрөөс С.Б ХХК-ны эзэмшлийн Hyundai-Aero /5-155/ 41-47 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авч хуваарилагдсан чиглэлийн дагуу нийтийн тээврийн зорчигч тээвэрлэх үйлчилгээнд ажиллаж эхэлсэн. Ингээд тус байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу 2022.10.20-ны өдөр Ч:61 чиглэлд 05:30 цагаас 22:40 /буусан цагийг нарийн санахгүй байна/ цагийн орчим ДЦС З-ын эцсийн зогсоолд ажлаас буух цагийг смарт төхөөрөмжид уншуулж тээврийн хэрэгслийг сонсголонд байрлах С.Б ХХК-ны өөрийн гражид зогсоолд байрлуулахаар явж байх замдаа ДЦС 4-ийн урд Хос бэрс худалдааны төвийн уулзварт 31-09 УАК улсын дугаартай Toyota prius загварын автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд холбогдсон. Дуудлагаар ирсэн Баянгол дүүргийн тээврийн цагдаагийн алба хаагчид миний зүгээс prius автомашин баруун гар тал руу дохио өгөөд зогссон намайг тойрон гарах үйлдэл рүү шилжих үед зүүн гар тийш эргэх үйлдэл хийсний улмаас осол гарсан гэх тайлбарыг өгөхөд хэмжилтээр таны буруу байна, тайлбар чинь үнэн гэж байгаа бол автобусны бичлэгээ гаргаад ир шалгая гэхэд тус автобусны камер ажилладаггүй камер байсан. Цагдаагийн албан хаагч та нотлох баримт байхгүй бол даатгалаа дууд гэхэд нь диспетчертэй холбогдож даатгалын тухай лавлахад таны унаж байгаа автобус даатгалгүй байх, юу ч гэсэн та холбогдоод үз гэж даатгалын компанийн дугаарыг өгч залгахад даатгалын компани утсандаа хариу өгөөгүй. Ослын хэмжилтийн дараа 41-47 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Б ХХК-ны гражид унаж очиход ХАБЭА ажилтан Алтангэрэл, шалгах механик нарт зам тээврийн осолд холбогдсон нөхцөлийн талаар танилцуулж тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч Баянгол дүүргийн тээврийн цагдаагийн хэлтэс рүү явсан. Улмаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд С.Б ХХК нь 41-47 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг дур мэдэн засварлаж ажилд гаргасан бөгөөд тээврийн цагдаагийн албаны дотоод сүлжээнд зарлагдаж журамлагдан нарийвчилсан нөхцөл байдлын шалгалт явуулах боломжгүй болгож эд мөрийн баримтыг устгасан, хурдан буруугаа хүлээж автобус яаралтай цагдаагийн газраас авчирч ажилд гарга, оношилгоонд оруулмаар байна гэх дарамт шахалтаас үүдэн аргагүй эрхэнд ослыг өөрийн буруугаас болсон гэж хүлээн зөвшөөрч торгуулийн арга хэмжээ авагдсан. Миний бие нь гэм хорын хохирлыг даатгалаар шийдүүлэхээр судлахад С.Б ХХК-ны эзэмшлийн 41-47 УАА тээврийн хэрэгсэл нь жолоочийн албан журмын даатгалгүй, Бодь даатгалтай холбогдож мэргэшсэн жолоочийн даатгалтай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй /эрхгүй/ этгээд даатгалын тохиолдол авч болох талаар лавлахад мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй /эрхгүй/ бол боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн байгууллагад ажиллаж байх нийт хугацаанд засварын цаг ихтэй гэх шалтгаанаар сарын ажилласан цагийн тооцоот цалинг бүтэн авч үзээгүй бөгөөд сүүлийн сар буюу 12 дугаар сард нийт 25-с 26 хоног ажилласан байх ба 2022 оны 12 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг урьдчилгаа, 2023 оны 01 дүгээр сарын 10-нд 110,000 төгрөг, нийт 410,000 төгрөгийн цалин авч. цаашид өөрийн хувийн амьдралын санхүүгийн хэмнэл алдагдсан, /хувь хүн болон ББСБ-аас авсан зээл, түрээсийн байрны төлбөр гэх мэт/ урт цагаар, дэс дараалан 4-өөс 5 хоног ажилд гарах хуваарьт тавьж ажиллахыг шаарддаг зэрэг шалтгаанаас үүдэн цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй хүсэлтээ санхүүгийн алба болон хэсгийн дарга нарт утсаар мэдэгдсэн. Иймд дараах үндэслэлээр С.Б ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б ХХК нь 28 жил нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Хариуцагч Ц.С тус компанид жолоочоор ажиллаж бусдын эзэмшлийн тоёота приус-30 маркийн авто тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирол учруулсан байдаг. Тус хохирлыг хохирогч н.Галмандах иргэн С.Б ХХК болон Ц.Сд холбогдуулан нэхэмжлэл гаргаж Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 183/ШШ2023/02768 шийдвэрт дурдсанаар манай компанийн ажилтан байсан Ц.Сийн бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу С.Б ХХК нь нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 5,423,000 төгрөгийг нөхөн төлөх нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Ийм учраас ажил олгогчийн зүгээс тухайн ажилтнаас буцаан шаардах эрх нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу олгосон байдаг. Шаардах эрхийнхээ хүрээнд н.Галмандахад олгосон 5,423,000 төгрөгийг Ц.Сээс буцаан нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй. Шаардлага нь өөрөө гэм хорын хохирол 5,423,000 төгрөг шаардаж байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 498.5-т заасны бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлсөн зардлыг буцаан шаардаж Ц.Сээс гаргуулахаар шүүхээс хүсэж байна. гэжээ.
Хариуцагч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс Монгол улсын жолоочийн хариуцлагын албан журмын даатгал дээр тээврийн хэрэгсэл эзэмшигч нь заавал даатгуулсан байна гэсэн зүйл заалт байдаг. Мөн замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн заалт байдаг. Нийтийн тээврийн жолооч нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байна гэсэн Монгол улсын стандарт mns дээр эс үйлдсэн гэж заасан. Миний зүгээс та ингээд даатгуулчих гэсэн өндөр цалин амласан ажил орохын тулд би өөрийнхөө хувийн зүгээс жолоочийн хариуцлагын тухай даатгал хийлгэсэн чинь тэр нь мэргэшсэн жолоочийн даатгал заавал хийлгэх ёстой гэсэн байдаг. Гэтэл нөгөө даатгал нь анх намайг ажилд авахдаа таныг ажиллаж байх хугацаанд сургаж өгнө гээд боловсон хүч нь ажилд авсан тэгээд түүнд итгээд хэдэн сар өнгөрөөд осолд ороод бүх асуудал шийдэгдсэний дараа эрх сэргэсэн шүү очиж шалгалтдаа суугаарай гэсэн хэлтсийн дарга н.Оргилбаяр хэлсэн байдаг. Би өнөөдрийн байдлаар энэ байгууллага Монгол улсад заасан хуулийн заалт стандартыг хэвшүүлж ажиллаж байсан бол энд байхгүй би үнэгүй.мн гэдэг зараар өндөр цалинтай ажилд орсон. Гэтэл үүнийг болгочихно асуудалгүй гэж ашиг сонирхлын зөрчлөөр намайг хууран мэхэлж ажиллуулсан учраас гомдолтой байна. Жолоочийн албан журмын хариуцлагын даатгал хийсэн байсан бол энэ компанитай маргалдаад энд суух шаардлага байхгүй 5,000,000 төгрөгийн хохирлыг даатгалаас гаргаад өгнө. Энэ компани мэдсэн байтал яагаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Бид нар өглөө үүрээр 5 цаг очиж цагаа бүртгүүлээд хуруугаа уншуулаад бид нар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх шалгадаг өөр зүйл байхгүй. Даатгалтай эсэхийг мэдэхгүй би өөрийнхөө хувь мөнгөөр даатгуулчихсан болохоор болсон гэж ойлгосон. Тэгэхээр энэ компани 100 хувь хариуцах ёстой асуудал гэж үзэж байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, С.Б ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/009 дугаар тушаалын хуулбар, С.Б ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/338 дугаар тушаалын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02768 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, С.Б ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, С.Б ХХК-ийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, хавсралтын хуулбар, Номин даатгал ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 4-2/529 дугаар мэдэгдлийн хуулбар, С.Б ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/274 дугаар албан бичгийн хуулбар, С.Б ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01/295 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 6/3325 дугаар албан бичгийн хуулбар
Хариуцагчаас хариу тайлбар, стандарт хэмжил зүйн газрын нийтийн тээвэр ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлагын хуулбар, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгасан баримт зэргийг ирүүлжээ.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 41-47 УАА тээврийн хэрэгсэл нь жолоочийн албан журмын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгалтай байсан эсэх, Бодь даатгалын мэргэшсэн жолоочийн даатгалын хуулбар, 41-47 УАА тээврийн хэрэгслийн засварын цехэд засуулахаар орсон шалтгааны бүртгэл хийгдсэн засвар, солигдсон сэлбэгийн бүртгэлийг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б ХХК нь хариуцагч Ц.Сд холбогдуулан гэм хорын хохиролд 5,423,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ц.С нь манай компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр осол гаргаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан. Тухайн эд хөрөнгөд хохирол учирсан гэх иргэн Н.Галмандах шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 183/ШШ2023/02768 шийдвэрт Ц.Сийн бусдын эд хөрөнгөд учруулсан 5,423,000 төгрөгийн хохирлыг С.Б ХХК-иас гаргуулж шийдвэрлэснийг биелүүлсэн. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 5,423,000 төгрөгийг Иргэний хуулийн 498.5-т заасны дагуу нэхэмжилж байна. гэв.
3.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг няцаасан. Үүнд: Том оврын автобус жолоодох мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, жолоочийн хариуцлагын даатгалыг компани хийгээгүй байж намайг шугамд гаргасан. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүйн улмаас даатгалын компаниас нөхөн төлбөр авч чадаагүй. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг шалгаж дуусаагүй байхад засвар хийж эд мөрийн баримтыг устгасан, нэхэмжлэгчийн яаруулсан, дарамт шахалтаас үүдэн аргагүй эрхэнд ослыг өөрийн буруугаас болсон гэж хүлээн зөвшөөрч торгуулийн арга хэмжээ авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Ц.С нь 2022 оны 10 сарын 19-ний өдрийн шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн зам дээр С.Б ХХК-ийн эзэмшлийн Хьюнтай Аэро сити кагварын 4174 УАА улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Тоёота приус 30 маркын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
5.Хариуцагч Ц.С нь зам тээврийн осол гаргасан, нэхэмжлэгч нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй Ц.Сийг шугаманд гаргасан, тухайн 4174 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь жолоочийн даатгалд хамрагдаагүй байсан талаар талууд маргаагүй. Харин хариуцагч 5,423,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж эс зөвшөөрч талууд маргасан.
6.Дээрх ослын улмаас иргэн Н.Галмандахад 5,423,000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 183/ШШ2023/02768 шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Б ХХК-иас гэм хорын хохирол 5,423,000 төгрөг гаргуулж Н.Галмандахад олгож шийдвэрлэсэн, уг зам тээврийн осолд жолооч Ц.С гэм буруутай болох нь талуудын тайлбар, тус шүүхийн 183/ШШ2023/02768 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.
Ц.Гансүх нь С.Б ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочийн албан тушаалд эрхэлдэг нь тус компанийн 2022 оны 8 сарын 27-ны өдрийн Б/338 дугаар Ц.С, П.Лхагвадорж, Д.Отгонгомбо нарыг ажилд томилсон тушаал, 2022 оны 8 сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно.
7.Ц.Гансүх болон С.Б ХХК нар нь 2022 оны 8 сарын 27-ны өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, тус гэрээгээр ажилтан нь компанийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр тохиолцжээ.
8.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Ц.Гансүх нь өөрийн болгоомжгүй үйлдлээс бусдад гэм хор учруулсан, тухайн гэм хорыг С.Б ХХК арилгасан байх тул тус нэхэмжлэгч компани өөрт учирсан 5,423,000 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээд болох Ц.Гансүхээс шаардах эрхтэй.
9.2021 оны 12 сарын 22-ны өдөр баталсан 43,020 ангилалтай Авто замын тээврийн хэрэгслийн нийтлэг стандартын 4.15-д Нийтийн тээврийн жолоогч-Нийтийн тээврийн хэрэгслийг жолоодох зохих ангиллын жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, нийтийн тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байгаа хүн гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч С.Б ХХК нь уг шаардлагыг хангаагүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлж замын хөдөлгөөнд оролцуулсан буюу шугаманд гаргасан нь дээрх стандартын зөрчсөн байна.
10.Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон "С", "D" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна. гэх заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй буюу тээврийн хэрэгслийн жолоочийг жолоочийн даатгалд хамруулаагүй. Талууд энэ талаар маргаагүй.
Дээрхээс үзэхэд С.Б ХХК нь хууль болон стандартад заасан ажилтнаа жолоочийн даатгалд хамруулах, нийтийн тээврийн хэрэгслийг жолоодох зохих эрхтэй этгээдийг жолоочоор ажиллуулах үүргээ биелүүлээгүй байх тул гэм буруугийн асуудлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2,711,500 төгрөгийг хариуцагч Ц.Сээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,711,500 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
12.Шүүх сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Сээс 2,711,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б ХХК-д олгож, үлдэх 2,711,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сээс 58,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
Д.ХУЛАН