Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/03002

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** тоот хаягт оршин байрлах “И******* х******* *******” ХХК /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух Э******* овогт Г*******ын М******* /рд:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 2,132,434.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э*******, Э.Х, хариуцагч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

           ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “И******* х******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.М******* нь манай компанитай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.00300457 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан “Цахим зээл гэж - Зээлдэгчийн *******-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” мөн 1.3.12 дахь хэсэгт заасан “Цахим покет гэж - Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг” ашиглах, зээл авах эрх нээгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” хэмээн заасны дагуу Г.М*******-н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роске1/ аппликейшний 7702563603 дугаартай зээлийн дансанд 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 1,173,000 /нэг сая нэг зуун далан гурван мянган төгрөг/ -ийн зээлийн олголтыг хийсэн.

Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт *******-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Г.М******* нь 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 1,173,000 /нэг сая нэг зуун далан гурван мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан.

“Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй.

Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс уруу нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд:

1.            2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1,173,000 /нэг сая нэг зуун далан гурван мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:

-               Үндсэн зээл:  1,172,999.41 /нэг сая нэг зуун далан хоёр мянга есөн зуун ерэн есөн төгрөг дөчин нэгэн мөнгө / төгрөг

-               Шимтгэл: 44,000 /дөчин дөрвөн мянган төгрөг/ төгрөг

-               Үндсэн хүү: 749,112.78 /долоон зуун дөчин есөн мянга нэг зуун арван хоёр төгрөг далан найман мөнгө / төгрөг

-               Нэмэгдүүлсэн хүү:    149,822.55 /нэг зуун дөчин есөн мянга найман      зуун хорин хоёр төгрөг тавин таван мөнгө / төгрөг

-                Нийт:  2,115,934.74/хоёр сая нэг зуун арван таван мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө / төгрөг

2.             Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 16,500 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно.

Иймд хариуцагч Г.М*******-с нийт 2,132,434.74 /хоёр сая нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө / -ийг гаргуулж өгнө үү.

1а. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийг гэрээ байгуулсан. Ингээд зээлийн эрх нээгдсэн. Хуульд зааснаар зээл олгогдсон. Гэрээний 2.3-т зааснаар гэрээний хугацааг сонгохоор заасан. 1,173,000 төгрөгийг 30 хоногоор сонгож авсан. Эргэн төлөлт болон шимтгэлийг хугацаанд нь төлбөл хүү төлдөггүй. Энэ үүргээ биелүүлээгүй бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлдөг. Хариуцагч нь зээлээ төлөөгүй, мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөөгүй тул 2,115,934.74 төгрөгийн зээлийн үлдэгдэл, нотариатын зардал 16,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Боломжит хүү төлсөн, нэмэлт хүү төлөхгүй гэдгийг зөвшөөрөхгүй. Талууд хүүг тохиролцсон. Хүү төлсөн гэх боловч баримтаар нотлогдсон зүйл байхгүй. 47,240 төгрөгөөр хугацаагаа сунгасан. Үүнээс хойш ямар нэг төлөлт байхгүй. Шимтгэлийг гэрээний 2.4.3-р шаардана. Зээл олгоход гарсан зардлын баримтгүй. Ямар зардал гардгийг мэдэхгүй байна. Хүүгийн талаар хэрэгт баримтгүй гэв.

2.            Хариуцагч Г.М******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс 1,173,000 төгрөгийг төлнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь зээл аваад төлөх боломжит хүүгээ төлсөн тул одоо хүү төлөх боломжгүй. Зээл аваад хэдэн төгрөгийн төлбөр төлснөө санахгүй байна. 47,240 төгрөгийг гэрээ сунгахдаа өгсөн байх гэж бодож байна. АПП уруугаа орж чадахгүй байгаа болохоор харж чадахгүй байгаа юм гэв.

3.            Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар /хх7-15/, зээлийн дансны хуулга /хх16-17/ 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,174,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.             Нэхэмжлэгч “И******* х******* *******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,172,999.41 төгрөг, шимтгэл 44,000 төгрөг, хүү 749,112.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,822.55 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 16,500 төгрөг, нийт 2,132,434.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.             Хариуцагч Г.М******* нь зээл авснаас хойш боломжит хэмжээний хүү төлсөн тул зээлийн үндсэн төлбөрт 1,173,000 төгрөгийг төлнө, бусад хэсгийг төлөхгүй гэж маргасан

4.             Зохигчид 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулсан. /хх7-15/

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,173,000 төгрөгийн зээл олгосон гэдгийг санхүүгийн баримтаар нотлоогүй боловч хариуцагч нь энэхүү зээлийг авсан гэдгээ зөвшөөрч байх тул олгогдсон гэж үзнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг болон гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй.

5.             Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4.1-т зааснаар үндсэн хүүгийн хэмжээг 5 хүртэл хувь гэжээ. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүүг 3.5 хувиар тооцсон бөгөөд зээл олгогдох үед холбогдох программ дээр хариуцагчид харагдсан гэж тайлбарлаж байна.

Гэвч хүү тооцох зээлийн гэрээг бичгээр байгуулж, тодорхой хувь заасан байх учиртай. Мөн хариуцагч нь зээл олгох үед хэдэн хувийн хүүтэй байсан талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар хүүгийн хэмжээг тогтоосон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Үүний дагуу хэрэв 5 хүртэл хувь гэснээр нэхэмжлэгч нь 3.5 хувь гэж тогтоох эрх эдэлбэл, хариуцагч нь мөн адил 0 хувь гэж тогтоох эрх эдэлнэ.

Иймд тодорхой хувийн хүү зааж бичгээр гэрээ байгуулаагүй, улмаар хүүг программаар мэдэгдсэн гэх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй.

5а. Түүнчлэн гэрээний 2.4.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг мөн адил 20 хүртэл хувь гэсэн байна. Иймд үндсэн хүүгийн талаар дүгнэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь мөн адил нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

6.             Хариуцагч нь тодорхой хэмжээний хүү төлсөн гэх боловч төлсөн мөнгөн дүнг тайлбарлаж чадаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаар хүсэлт гаргаагүй.

7.             Зээл олгоход тооцох шимтгэл гэдэг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т зааснаар тухайн зээлийг олгоход зээлдүүлэгчээс үзүүлсэн үйлчилгээний зардлыг ойлгоно. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээл олгоход ямар зардал гарсныг мэдэхгүй гэж тайлбарласан. Улмаар зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарсан гэх зардлын талаар баримт ирүүлээгүй тул шимтгэлд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

8.             Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь 1,173,000 төгрөгийн зээл авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд 47,240 төгрөгийг гэрээний хугацаа сунгасан төлбөрт төлсөн талаар хэн аль нь маргаагүй. Гэвч зээлийн гэрээний хугацаа сунгахад төлбөр авсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,125,760 /1,173,000-47,240/ төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,173,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээнд хангах нь зүйтэй. Учир нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай бөгөөд хариуцагч төлөхийг хязгаарлахгүй юм.

9.             Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 16,500 төгрөгийг шаардсан. Гэвч хэрэгт авагдсан холбогдох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх18/

Хэдийгээр нотариатын үйлчилгээний хөлс төлсөн нь нотлох баримтаар тогтоогдоогүй боловч хэрэгт нотариатаар хуулбар үнэн гэж гэрчлүүлсэн гэрээний хуулбарыг ирүүлсэн.

Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар нотариатын үйлчилгээний хөлсийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 123 тушаалаар баталсан нотариатын үйлчилгээний хөлс, зардлын 2 дахь хэсэгт зааснаар бичиг баримтын хуулбар үнэн гэрчлэхэд 1,000 төгрөгийн хөлс төлнө.

Мөн Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.8-д зааснаар нотариатч нь үйлчилгээний хөлсийг ихэсгэх, багасгахыг хориглоно.

Иймд хэрэгт нотариатаар хуулбар үнэн гэрчлүүлсэн гэрээ авагдсан тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд хариуцагчаас 1,000 төгрөг гаргуулах нь зүйтэй

10.          Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,173,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1,000 төгрөг, нийт 1,174,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

11.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.М*******гээс 1,174,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И******* х******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 958,434.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,726 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД