Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01408

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/01408

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн гудамж, 392б тоот хаягт оршин суух, Цагаансахалт овогт Хын Ч /РД: 00000/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төвд байрлах, ХУЗД холбогдох,

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022.10.21-ний өдрийн Б/63 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгал нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очир, Б.Цэрэн, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ч миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо дунд сургуулийн захиралаар 2014 оны 12 сарын өдрөөс 2022 оны 10 сарын 21-нийг хүртэл тасралтгүй 8 гаруй жил ажилласан. Гэтэл Хан-Уул дүүргийн 18 дугаар дунд сургуульд 2022 оны 6 дугаар сард Нийслэлийн аудитын газраас шалгалт оруулаад сайн гэж үнэлээд шагнал урамшуулал хүртэл олгосон байдаг.Гэтэл Хан Уул дүүргийн Засаг дарга төлөвлөгөөт шалгалт хийж захирамж гарч энэ дагуу 2021 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд дотоод аудитын хяналт шалгалт хийгдсэн. Аудитын хорооны хурал 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж Зөвлөмж 5, албан шаардлага 7, акт 2 байгаа тул сайжруулах шаардлагатай гэсэн агуулгатай дүгнэлт гаргасан.Үүнийг миний бие эс зөвшөөрч, хуулийн дагуу тодотгол хурал хийж шийдвэрлэе гэсэн санал гаргасан боловч миний саналыг авч хэлэлцэхгүйгээр 2022 оны 10 сарын 21-ний өдөр хууль бусаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.Миний бие дээрх хууль бус захирамжийг эс зөвшөөрч тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20278 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн агуулга нь ... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дээрх асуудлаар холбогдох байгууллагад хандсан талаар баримтыг ирүүлээгүй гэж заасны дагуу холбогдох байгууллагад хандсан талаар баримтыг ирүүлээгүй гэж заасны дагуу холбогдох байгууллагад хандаж ирүүлсэн хариуг нэхэмжлэлдээ хавсаргасан болно.Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн дугаар Б/63 тоот захирамжыг хүчингүй болгож, ажилд эгүүлгэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнөүү гэжээ.

 

2. Хариуцагчий.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байсан. Энэ хүнд тодорхой аудиторын дүгнэлтээр сахилгын зөрчил гаргасан. Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд хариуцлага тооцох эрх нь байдаг. Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40.4.2-т зааснаар засаг даргын сахилгын шийтгэл оногдуулах бүрэн эрх нь байдаг. Эрхийнхээ хүрээнд засаг дарга хариуцлага тооцдог мөн томилдог чөлөөлдөг эрх нь байдаг. Эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцсон. Энэ хүн ярихдаа захирлын албан тушаалд эгүүлэн томилох гэж яриад байна. Дүүргийн засаг даргын гаргасан аудитын дүгнэлтдээ огт маргахгүй. Аудитын дүгнэлтийг хүчингүй болгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Захирамж хүчингүй гэж үзэх юм бол эхлээд аудитын гаргасан шийдвэрийг аудитын үндэслэсэн шийдвэр дээр няцаалт хийгээд шүүхэд хавсаргаж байж нэхэмжлэлээ гаргасан нь зүйтэй байх байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад шүүгч Засаг даргын 2022 оны Б/63 захирамжийг хүчингүй болгох гэсэн агуулгаар тайлбарласан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дурдаагүй дурдах байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан 18 дугаар сургуулийн захирлын албан тушаал байнгын ажлын байр. Хөдөлмөрийн гэрээ албан тушаалын тодорхойлолтоор явагддаг. Төрийн удирдах албан тушаал юм. Сургуулийн захирлын албан тушаалтан бол Боловсролын тухай хууль, Монгол Улсын холбогдох Төсвийн тухай хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг албан тушаал юм. Төсвийн шууд захирагчийн хувиар Төсвийн тухай хуульд заасан дотоод аудитын ерөнхийлөн захирагч нь иргэдийн аудитын хороо байна. Дотоод аудитын хороо нь Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан 18 дугаар сургуулийн 2021, 2022, онуудын санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн аудит хийсэн байдаг. 18 зөрчил илэрсэн байдаг. Энэ үйл ажиллагааныхаа тайланг нэхэмжлэгчид аудит руу танилцуулсан байдаг. Үүнтэй танилцаж нэхэмжлэгч гарын үсэг зурсан байдаг. Бусад байгууллагуудад аудитын шалгалтын дүнд дотоод аудитын хороо үйл ажиллагааг нь авч хэлэлцдэг. Хороогоор хэлэлцэхэд тухайн аудитын шалгалттай санал нийцсэн буюу хүлээн зөвшөөрсөн байгууллага дотоод аудитын хурлаар ордог. Аудитын гаргасан шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргасан Улсын ерөнхий аудитад гомдол гаргасан байгууллагууд аудитын тайланг дотоод аудитын хороогоор авч хэлэлцдэг гомдол гаргасан учраас эцэслэн хойно л дотоод аудитын хурлаар ордог. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан 18 дугаар сургуулийн үйл ажиллагаанд хэрэгт авагдсан баримтууд болон тухайн байгууллагын тайлантай танилцаад нэхэмжлэгч гарын үсгээ зурсан байдаг. Ийм учраас дүүргийн дотоод аудитын хороогоор энэ тайлан эцэслэн авч хэлэлцсэн. 18 зөрчил гарсан учраас хариуцлагын асуудал яригдана. Төрийн албан тушаалтан байгууллагын удирдах албан тушаалтан удирдлага нь олгосон эрх хэмжээтэй дүйцэхүйц хариуцлага байдаг зарчимтай.Аудитын гаргасан 18 зөрчил дотор 2,3 зөрчил нь бүр ажлаас чөлөөлөх заалттай зөрчил байсан. Жишээ нь Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтын хангаагүй. Шилэн дансыг мэдээлээгүй бол ажлаас чөлөөлөн гэж заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т заасан төсвийн шууд захирагч нь төсвийг зориулалтын дагуу зарцуулсан бол энэ зөрчилд цалин илүү бодож зарцуулсан, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй бол ажлаас чөлөөлөн гэсэн асуудал яригдана. Тухайн зөрчлүүд нь тогтоогдсон учраас ажил олгогч буюу төрийн зүгээс Үндсэн хуульд зааснаар дүүргийн засаг дарга нь тухайн орон нутагт төрийг төлөөллийг хэрэгжүүлдэг үндсэн төлөөлөгч мөн болохын хувьд Боловсролын хуульд заасны дагуу сургууль цэцэрлэгийн эрхлэгч бусад байгууллагын захирлыг томилж чөлөөлөхын хувьд төрийг төлөөлж буй ажил олгогчийн хувьд энэ зөрчлийг гаргасан үйлдэл нь сургуулийн захирал Х.Чад сахилыгн шийтгэл оногдуулах үндэслэл болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасан үндэслэл нь албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл оногдуулсан. Ийм хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тухайн бодит үйл баримттай нийцсэн захиргааны акт үйл ажиллагаа байсан учраас нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: 2022.10.21-ний өдрийн Б/63 дугаар Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирал Х.Чад сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2022.10.24-ний өдрийн Б/65 Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, Иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.25-ны өдрийн 183/ШЗ2022/20278 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2023.01.31-ний өдрийн №28 Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2022.11.15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай, Хан-Уул Засаг дарга болон төсвийн шууд захирагчдын хооронд дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх Эко- эрүүл дүүрэг үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ, Байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, үр дүнгийн биелэлтийн үнэлгээ, 2022.07.25-ны өдрийн Б/94 Б.Цэрэнгээр албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж, 2023.3.28-ны өдрийн Төлбөрийн хүсэлт, 2022.04.27-ны өдрийн Б/69 Б.Цэрэнгээр албан үүргийн түр орлон гүйцэтгүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж, 2022.04.25-ны өдрийн Б/40 дугаар Пүрэвжавын Ариунсувдад сануулах арга хэмжээ авах тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирлын тушаал, Мягмарын Пүрэвсүрэнд сануулах арга хэмжээ авах тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирлын тушаал, Х.Чын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, 2022.01.10-ны өдрийн А/03 Багш, ажилчдын цалин, орон тоо батлах тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирлын тушаал, 2022.01.10-ны өдрийн А/03 Багш, ажилчдын цалин, орон тоо батлах тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирлын тушаал, Багш, ажилчдын цалин, тогтоолт, Багш, ажилчдын орон тоо, 2022.05.13-ны өдрийн Б/42 Батжаргалын Бямбацэцэгт цалингийн арга хэмжээ авах тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирлын тушаал, 2021.01.06-ны өдрийн Б/03 Кабинетийн нэмэгдэл олгох тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирлын тушаал, 2022.09.05-ны өдрийн №75 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2022.02.22-ны өдрийн Нийслэлийн 18 дугаар бүрэн дунд сургуулийн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулах мөрдөх журам зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: 2023.03.02-ны өдрийн итгэмжлэл, 2022.10.21-ний өдрийн Б/63 Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирал Х.Чад сахилгын шийтгэл ногдуулах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, 2022.10.20-ны өдрийн 24 дугаар Дотоод аудитын дүнг хэлэлцсэн тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн дотоод аудитын хорооны тогтоол, хавсралт,Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн төлөвлөөт аудитын тайлан, 2022.10.20-ны өдрийн Мэдэгдэл, 2022.10.21-ний өдрийн мэдэгдэл, 2022.10.20-ны өдрийн 10 дугаар Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны хурлын тэмдэглэл, 2018.09.20-ны өдрийн №СУ2010/113 хөдөлмөрийн гэрээ, Албан тушаалын тодорхойлолт,2022.10.26-ны өдрийн 40 дугаар Зөрчил таслан зогсоох тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн дотоод аудитын алба улсын байцаагийн албан шаардлага, 2022.10.26-ны өдрийн 03 дугаар Төлбөр барагдуулах тухай Хан-Уул дүүргийн дотоод аудитын улсын байцаагчийн акт, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар нотлох баримт гаргуулсан, Э.Цэцгээг гэрчээр асуусан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ч хариуцагч ХУЗД холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022.10.21-ний өдрийн Б/63 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгал нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар албан тушаал бууруулсан сахилгын шийтгэлийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж маргаж байна.

 

Нийслэлийн боловсролын газар 2018 оны 9 сарын 20-ны өдөр Х.Чыг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилж, 734.053 төгрөгийн үндсэн цалинтай, СУ2018/113 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Х.Чыг 18 дугаар сургуулийн захирлын ажил үүргээ гүйцэтгэж байхад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 40 дүгээр зүйлийн 40.4.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, хан-Уул дүүргийн Дотоод аудитын хорооны 2022 оны 24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн 2021 он болон 2022 оны эхний хагас жилийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитаар зөрчлүүд илэрсэн, тус сургуулийн захирал Х.Ч нь төсвийн шууд захирагчийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага зохион байгуулалт, хяналтаар хангаагүй тул түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Х.Чхд албан тушаал буруулах сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлээ ... Сургуулийн захирлын албан тушаалтан бол Боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг албан тушаал юм. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан 18 дугаар сургуулийн 2021, 2022 онуудын санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн аудит хийсэн байдаг. 18 зөрчил илэрсэн, энэ үйл ажиллагааныхаа тайланг хийсэн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан 18 дугаар сургуулийн үйл ажиллагаанд хэрэгт авагдсан баримтууд болон тухайн байгууллагын тайлантай танилцаад нэхэмжлэгч гарын үсгээ зурсан байдаг. Энэ хүнд тодорхой аудиторын дүгнэлтээр сахилгын зөрчил гаргасан. Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд хариуцлага тооцох эрх нь байдаг. Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40.4.2-т зааснаар засаг даргын сахилгын шийтгэл оногдуулах бүрэн эрх нь байдаг. Эрхийнхээ хүрээнд засаг дарга хариуцлага тооцдог мөн томилдог чөлөөлдөг эрх нь байдаг. Эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцсон гэж тайлбарлажээ.

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг үндэслэн Х.Чад албан тушаал буруулах сахилгын шийтгэл оногдуулсан гэх боловч Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхийг сум, дүүргийн Засаг даргад олгожээ.

 

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирал Х.Чыг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежер албан тушаалд томилохдоо Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар ... сум дүүргийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх заалтыг зөрчсөн байна.

Иймд Х.Чыг Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэгч Х.Ч үндэслэлгүйгээр албан тушаалыг бууруулж, өөр ажилд шилжүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2022.10.21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаарджээ.

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2022.10.21-ний өдрийн захирамжаар албан тушаал бууруулж, Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилсон байна.

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал 2022.11.01-ний өдрийн 5/85 тушаалаар Х.Чыг 2022.11.01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерээр ажлуулж, сарын үндсэн цалинг 1.063.537 төгрөгөөр тооцсон бөгөөд нэхэмжлэгч 2022.11.09-ний өдөр ... ар гэрийн шалтгаанаар өөр ажилд шилжихболсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтээ өгсний дагуу тус сургуулийн захирлын 2024.11.11-ний өдрийн Б/93 тушаалаар Х.Чын өргөдөл хүсэлтийн дагуу 2022.11.11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 121-127 дугаар тал/

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль шүүгчийн захирамжийн дагуу баримтыг ирүүлэхдээ байгууллагын тэмдэгийг дараагүй боловч энэ баримтаар 2023.04.25-ны өдрийн 183/АБ2023/02368 албан бичгээр баталгаажсан, зохигч энэ талаар маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардсанаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаас үзэхэд Х.Чыг албан тушаал бууруулсан, тэрээр тухайн албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа тул 2022 оны 11 сарын цалингийн зөрүү 543.849 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хууль заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэг нь ажил олгогчид байх бөгөөд хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргыг нэхэмжлэгч Х.Чын 2022 оны 11 сарын цалингийн зөрүү 543.849 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Цагаансахалт овогт Хын Чыг Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас 543.849 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Чад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн Х.Чын төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ХУЗД даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 16.965 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО