Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/03001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд дж, шүүгч Б.Ундраа, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********* тоот хаягт оршин суух Б******* овогт Ж*******ын Ц******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух Ш******* овогт С*******ын О******* /рд:*******/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,154,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б*******, хариуцагч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Ж.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч С.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшилд байдаг Тоёота AQUA маркийн дугаартай суудлын автомашинаар миний ээж Б.Ж / дугаар бүхий жолооны үнэмлэхтэй/ нь 2024 оны 1 дүгээр сарын 24-ны орой ажлаа таран гэр рүүгээ 20 цагийн үед, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн 3-р хэлтсийн урд уулзвараар чигээрээ баруун чигт гудам уруу орон зорчих хэсгийн баруун талыг барин хөдөлгөөнд оролцож байх үед Тоёота Приус-40 маркийн дугаартай хар өнгийн автомашины жолооч С.О******* нь нэлээд хурдтай гарч ирэн зүүн чигт явж байхдаа миний машины зорчих хэсэг уруу хальтран урсгал сөрөн орж ирсэн, баруун шахаж зогссон боловч миний машиныг мөргөсөн. Ослын үед С.О******* нь 4 зуны дугуйтай, шөнө орой болчхоод ажиллаж байгаа дугуй засвар олдсонгүй гээд 4 өвлийн дугуйгаа аччихсан хөдөлгөөнд оролцож явж байсан. Түүний буруутай үйлдлийн улмаас миний автомашинд хохирол учирч урд буфер хагарсан. Миний машин импортлогдож орж ирснээс хойш зам тээврийн осолд орж задаргаа болон будаг замаска хийлгэж байгаагүй бүрэн даатгал хийлгэсэн, мөн жолоочийн хариуцлагын даатгалд 100 хувь хамрагдсан машин болно.

Хариуцагч С.О******* нь осол болсны дараа Ард даатгал руу ярьсан. Харин ээж 20 цаг 01 минутад 102-т дуудлага өгсөн байсан. Цагдаа 20 цаг 23 минутад дугаараас ослын газрын хаяг тодруулахаар залгах үед С.О******* нь цагдаа дуудалгүй тохиролцчихъё, оноогоо хасуулж торгуулмааргүй байна, хохирлыг чинь бүрэн барагдуулж өгье гээд олон удаа гуйгаад байсан тул “жолоочтойгоо тохирлоо” гэж хэлэн дуудлагыг замаас нь буцаасан. Маргааш нь 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр С.О******* нь ярьсан тохиролцсоны дагуу миний хохирлыг барагдуулж чадаагүй, цагдаагаар шийдвэрлүүлье гэсэн. Би цагдаад хандсан боловч иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд би машиндаа хохирлын үнэлгээ хийлгэсэн ба “С****” ХХ Компанийн үнэлгээгээр 1070000 төгрөгийн хохирол учирсан.

Хариуцагч С.О******* нь техникийн аюулгүй байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцон, харанхуй болчхоод дугуй засвар олдсонгүй уг нь 4 өвлийн дугуй нь байна л даа гээд тайлбар ярин, бусдын хөрөнгөнд хохирол учруулчхаад явж байгаад гомдолтой байна. С.О*******гийн хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж ажил амьдралын цаг зав, эд хөрөнгө, эдийн засгийн болоод сэтгэл санааны хохиролд орсоор явж байна.

Иймд хариуцагч С.О*******гээс машинд учруулсан хохирол болох 1070000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 84000 төгрөг, нийт 1154000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. 2024.1.24-нд нэхэмжлэгчийн ээж нь хүүгийнхээ машиныг унаж явах үед хариуцагч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зуны дугуйтай яваад мөргөж хохирол учруулсан. Цагдаа дуудсан боловч тохиролцоно гээд буцаасан. Маргааш нь тохиролцоондоо хүрээгүй хямд зүйл авч өгөх гэсэн тул цагдаа дээр очсон. Гэтэл хэмжилт хийгээгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хохирлыг үнэлсэн тул гаргуулна. 1,154,000 төгрөг гаргуулна. Энд хохирол болон үнэлгээний төлбөр байгаа юм. Тухай үеийн ханш нь зөрж байна. Хямд буфер байдаг боловч орж ирсэн машин байсан юм. Гэмтэл учраад ажил болсон. Би яаралтай шийдэхээр 1 саяыг өгчих гэсэн боловч зөвшөөрөөгүй. Цагдаагийн хажуугийн үнэлгээнд хийлгэсэн. Маргааш нь орж ирсэн буфер авч өгөхөөр тохиролцсон юм гэв.

2.         Хариуцагч С.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс үнэлгээний 84,000 төгрөг, хохирлыг 535,000 төгрөгийг зөвшөөрч,  үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Буфераа өндөр үнэлүүлээд байна. Да хүрээ дээр 250,000 төгрөг байгаа юм. Би олон газраар явж судалсан. Тайван буфер 250,000 байгаа юм. Дээд тал нь 600,000 төгрөг байсан. Ослын маргааш Да хүрээ дээр 250,000 төгрөгөөр авч өгнө гэхэд уурлаад явчихсан юм. Цуг үнэлүүлье гэхээр өөрөө үнэлүүлнэ гэсэн. Цуг үнэлүүлэх байсан юм. Буфер 250,000 төгрөг байсан гэсэн баримт байхгүй. Асуухад тэгж хэлсэн юм. Хар таг нь гэмтээгүй байсан юм. Осол болоод цагдаа дуудахад нь буфер авч өгье гэж хэлээд тохиролцсон. Маргааш нь цуг Да хүрээ ороход 250,000 төгрөг байсан чинь уурлаад эхэлсэн юм. Будах зардлаас 100,00 төгрөгийг зөвшөөрнө. Эд анги солих 20,000 төгрөгийг зөвшөөрнө. Будгийн 20,000 төгрөгийг зөвшөөрнө гэв.

3.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх5/, улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх6/, С.О*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх7/, бэлэн мөнгөний орлогын ордер /хх8/, үнэлгээний тайлан /хх9-10/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,154,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч Ж.Ц******* нь гэм хорын хохиролд автомашинд учирсан хохирол 1,070,000 төгрөг, үнэлгээний зардал 84,000 төгрөг, нийт 1,154,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.         Хариуцагч С.О******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

4.         Шүүх сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн. Улмаар хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн туслах хүрэлцэн ирж байгаа эсэх талаар тодруулахад бага насны хүүхэдтэйн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухай мэдэгджээ. Зохигч хэн аль нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх тухай санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хуралдааныг үргэлжлүүлэв.

5.         Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Toyota Aqua маркийн улсын дугаартай авто машиныг түүний эх жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед хариуцагч нь өөрийн өмчлөлийн бөгөөд ББСБ-т барьцаалагдсан Toyota Prius-40 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ мөргөж зам тээврийн осол гаргасан, улмаар хариуцагч нь хохирлыг төлөхөөр тохиролцсоны улмаас цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй талаар тайлбарласан. Тодруулбал, хариуцагч нь тухайн зам тээврийн осол гарахад гэм буруутай гэдгээ зөвшөөрч байна.

6.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

7.         Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм буруутай этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

8.         Нэхэмжлэгч нь өөрийн автомашинд учирсан хохирлыг “С**** ү****” ХХК-р үнэлүүлсэн байна. /хх9-10/

Энэхүү үнэлгээгээр шууд зардалд 1,030,000 төгрөг, шууд бус зардалд 40,000 төгрөг, нийт 1,070,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна.

Хариуцагч нь дээрх үнэлгээнээс буфер нь 500,000 төгрөг, будгийн зардал нь 100,000 төгрөгөөс хэтрэхгүй байх ёстой гэж маргаж, харин бусад зардлыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, үнэлгээгээр гарсан нийт 1,070,000 төгрөгийн хохирлоос 720,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 350,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Хариуцагч нь дээрх хуульд заасан үүргийн дагуу 350,000 төгрөгт холбогдох татгалзлаа баримтаар нотлоогүй.

10.       Нэхэмжлэгч нь дээрх хохирлын үнэлгээг хийлгэхэд 84,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын ордероор тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь энэхүү шаардлагыг зөвшөөрсөн. /хх8/

11.        Эдгээрээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.О*******гээс 1,154,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ц*******т олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,246 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГ     Д.ГАНБОЛД

                                        ШҮҮГЧИД       Б.УНДРАА

                                                               Б.ЦОЛМОНГЭРЭЛ