Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/147

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хэлмэрч М.Туул, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******ад холбогдох эрүүгийн 1736000000084 дугаартай, 178/2017/0152/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, ПЭ ******* регистрийн дугаартай, Сартуул овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны ******* дугаар сарын 19-ний орой Ховд аймгийн ******* сумын Зэгэстэй гэх газар Б.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны ******* дугаар сарын 19-ний орой  би *******- ХОҮ улсын дугаартай Бонго маркийн машинаараа  ******* сумын Дөрвийн газраас Пүрвээ гэх айлыг нүүлгээд ******* сумын Зэгэстэй гэх газар луу орж ирэхэд замын хажууд айлын мал байсан. Малын хажуугаар гарах гээд явж байтал тэнд байсан гэрээс гар чийдэн барьсан хүн гарч ирээд дохиогоор зогс гэсэн. Тэгтэл тэр хэлгүй хүн ирээд янз бүрийн зүйл хэлж байснаа миний толгой руу гараараа цохихоор нь би хөлөөрөө түлхээд хаалгаа хаах гэтэл миний нүүр лүү дахин цохисон. Тэгээд миний хамар амнаас цус гарсан.Тухайн үед надтай хамт явж байсан Улаанаа машинаас буух үед хэлгүй хүн хойшоо яваад нэг бүдүүн мод бариад зогссон.Улаанаа тэр хүн лүү “ чи яагаад хүн зодож байгаа юм бэ “ гэхэд мал үргээлээ гэж байгаа бололтой мал руугаа заагаад юм хэлээд байсан.Тэгээд би цагдаад мэдэгдэнэ гээд машинаа асаагаад явсан гэжээ./хх 23-25-р хуудас/  

Гэрч Д.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны ******* дугаар сарын 19-ний өдөр манай танил ахынх ******* сум руу нүүгээд би тэдний гэр ачсан машинтай Долгорлхамын хамт ******* сумын Зэгэс гэх газарт явж байсан.Замын хажууд хоттой хонь байхаар нь хажуугаар нь гараад явж байтал нэг хүн гүйж ирээд машины хаалга онгойлгоод Б.******* ахыг гараараа цохисон.Б.******* ах зөрүүлээд өшиглөсөн. Тэр үед би машинаас буугаад “ бид нар нүүж явна” гэж бичиж үзүүлсэн. Тэр хүн мал үргээлээ гэх утгатай зүйл хэлээд дохиод байсан. Би утсан дээр үг бичээд Д.*******тай ойлголцож байсан. Тэгээд Б.******* ах цагдаад хэлнэ гээд явчихсан гэжээ./хх-26-р хуудас/

2017 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.*******ын биед гэмтэл учирсан байна.

2.Б.*******ын  биед тархи доргилт, баруун шанаа хэсгийн хаван хавдар, дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний эмтрэл,дээд уруулын баруун дээд хэсэгт 0.7х0.6 см тав тогтсон зулгаралт, дээд уруулын дотор талд бүдэг язарсан шарх  гэмтэл тогтоогдлоо.

3. Б.*******ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4.Б.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан, шинжээч Д.Тогтох гэжээ. / хх-30-р хуудас/,

Шүүгдэгч Д.******* нь хэлмэрчийн тусламжтай мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:Манайх ******* сумын Зэгэстэй гэх газар байсан. 2017 оны ******* дугаар сарын 19-ний шөнө 23.00-00.00 цагийн орчим санагдаж байна гэртээ хүүхдээ унтуулах гээд тэврээд байж байтал хүүхэд маань ямар нэгэн юмнаас цочоод царай нь сонин болоод уйлсан. Тэгэхээр нь би гараад хартал манай нохойны амнаас уур савсаад хуцаад байх шиг байсан.Би хоттой хонь руугаа хартал манай хонины хажуугаар машин явж байсан.Би гар чийдэнгээ бариад очтол тэр машин зогссон. Машины жолооч Б.******* гэх зүс таних залууг манай хониноос хулгай хийж явна гэж бодоод татаж буулгах үед би нүүр лүү нь гэрлээ тусгасан. Тэр үед Б.******* миний давсаг руу хөлөөрөө өшиглөсөн, би зөрүүлээд Б.*******ын нүүр лүү гараараа цохисон.Тэгээд Б.*******ыг хоёр хүнтэй явж байхаар нь нийлж зодож магадгүй гээд газраас мод аваад гартаа бариад зогссон.Миний цохилтын улмаас Б.*******ын хамраас нь цус гарсан.Б.*******тай хамт явж байсан хүн бууж ирээд модоо тавь гэх зүйл яриад байх шиг байсан.Мөн айл нүүж явна гэх зүйл яриад байх шиг байсан.Тэгээд хэрүүл маргаан дуусаад тэр хүмүүс машиндаа суугаад явсан.Урьд нь 2017 оны 8,9 сарын үед Б.******* нь намайг “чиний мотоцикль хуучин, дуу чимээ ихтэй, хонь мал үргээдэг” гэх мэтээр бага зэрэг дээрэнгүй харьцсан.Тухай үед би уурлаад бага зэрэг маргалдаж байсан боловч зодоон цохион хийгээгүй.Би хүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна   гэх  мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгч Д.******* нь  Б.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.*******ын мэдүүлэг, гэрч Д.Даваасүрэнгийн мэдүүлэг, 2017 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-50-р /-аар тогтоогдож байна.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтэнд:

1.Д.******* нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

2.Д.******* нь өөрийн үйлдлийг хянаж үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай,

3. Д.******* нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаггүй гэсэн байх тул шүүгдэгч Д.******* нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон.

Хохирогч Б.*******ын “одоо гомдол санал,  нэхэмжилсэн зүйлгүй”  /хх-18/ гэх хүсэлтээр шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй, хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт *******ын *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

4.Эрүүгийн 1736000000084 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******ад  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form