Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/597

 

 

     

 

   2022       6          8                                               2022/ДШМ/597 

 

 

Б.Сад холбогдох хэрэгт гаргасан

прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэх тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,  

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1114 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай” прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр Б.Сад холбогдох эрүүгийн 2106000001830, 2106000002174 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Д.С, 1999 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ...................

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэн шийдвэрлэжээ.

Д.С нь Э.Чанцалтамиртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” супермаркетын лангуун дээрээс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2 ширхэг Hennyse VSOP нэртэй вискийг, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1 ширхэг Hennyse VSOP нэртэй вискийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 492.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, тус дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2106000002174 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2982 дугаартай захирамжаар прокурорт буцаажээ.

            Прокурор Н.Өнөрбаяр тус шүүхэд бичсэн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С нь Э.Чтай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 10, 14-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” худалдааны төвөөс 3 ширхэг вискийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 492.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул дээрх үйлдэлд тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн 2106000002174 дугаартай хэрэг үүсгэн, түүнийг яллагдагчаар татаж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1340 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2021/ШЗ/2982 дугаартай шүүгчийн захирамжаар “...тэнссэн заалтыг хүчингүй болгож ял оногдуулах, ялуудыг нэмж нэгтгэх боломжгүй тул өмнөх шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааснаар одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1114 дугаартай шийтгэх тогтоол гарах үед Б.С, Э.Ч нарын гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл бий болоогүй байсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулсан ялаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгахаар дүгнэлт бичсэн. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Д.С нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моннидер” ХХК-ийн “Оргил-Амгалан салбар” худалдааны төвөөс “Jack Daniels” нэртэй виски 3 шил, “Balentines” нэртэй виски 2 шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 399.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байх бөгөөд уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл дээрх хулгайн үйлдлээс гадна, түүнийг Э.Чтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” худалдааны төвөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Hennesy VSOP” нэртэй виски 2 шилийг, мөн оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Hennesy VSOP” нэртэй виски 1 шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 492.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2106000002174 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас уг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2021/ШЗ/2982 дугаартай захирамжаар “...Д.Сын энэхүү гэмт үйлдэл нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1114 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байсан бөгөөд түүний үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг...” гэж үзээд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, холбогдох үйлдлүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод хууль ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж зааснаар Д.Сыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан бөгөөд Д.Сын 2021 оны 9 дүгээр сарын 10, 14-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн эд хөрөнгө хулгайлсан гэх гэмт үйлдэл нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн боловч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн нөхцөл байдалд хамаарахгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй талаар хийсэн шүүгчийн захирамжийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр дахин тэнсэх, өмнөх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн гэж үзэн хорих ял оногдуулах зэрэгт хууль хэрэглээний хүндрэлтэй байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгасны үндсэн дээр хэргүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Д.Сад холбогдох эрүүгийн 2106000001830, 2106000002174 дугаартай хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Сад холбогдох эрүүгийн 2106000001830, 2106000002174 дугаартай хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар мөн дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хэрэг очтол Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         

                              ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                              ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                              ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ