Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01397

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01397 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, 1060 байр 13 тоотод оршин суух ЛгийнИ /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо Энглиш 1-р байр 04 тоотод байрлах ТЗ /РД:00000/-д холбогдох

 

30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгч Л.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.И нь ТЗ-д холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Л.И би өөрийн өмчлөлийн 5003 УБ улсын дугаартай, Lingong LG2953 маркийн авто ачигчийн зориулалттай механизмыг ТЗ-д сард 15 000 000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслүүлэхээр машин механизм түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан. ТЗ нь бүтэн 2 сар уг төхөөрөмжийг ажиллуулсан. Миний хувьд төхөөрөмжөө бүрэн бүтэн хүлээлгэн өгөөд төхөөрөмж маань ажил үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл ТЗ нь одоог хүртэл үлдэгдэл 20 000 000 төгрөгөө төлөөгүй тул машин механизм түрээслэх түрээсийн гэрээний дагуу үндсэн үлдэгдэл төлбөрийн төлбөр 20 000 000 төгрөг, 100 хоногийн алданги болох 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг ТЗ-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ТЗ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай компани нь Монголын төмөр зам ТӨХК-ын ажлыг хийж гүйцэтгэхээр Л.Итой машин механизмыг түрээслэн ажиллахаар болж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани машинаа авч ажиллуулахаар 5 сая төгрөг өгч ажил эхлээд явж байтал эднийх мөнгө нэхэж эхэлсэн бөгөөд бид ажил хийж байж гүйцэтгэл бичүүлж Монголын төмөр зам ТӨХК-иас мөнгө төлбөрөө авч гэрээний мөнгийг өгнө гэдгийг хэлж ажлаа хийж дуусгая гэсэн боловч сар ажилласан болоод ажил хаяад явсан. Эднийх хаяад явснаас болоод Монголын төмөр зам ТӨХК-иас авах ажлын гүйцэтгэлээсээ авч чадалгүй хойшилсон. Бид гүйцэтгэлээрээ мөнгөө аваад төлөх талаар хэлсээр байхад ажилаа хийлгүй түлшээ дүүргүүлж аваад машин техникээ шөнөөр ачаад аваад явсан байсан. Тиймээс манай компани 30 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Өөрсдөө гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа машин механизмаа ажиллуулаагүйн улмаас бид торгууль төлөх эрсдэлд орсон болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.10.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.Иын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.09.26-ны өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 28 к1-5/4900 дүгээр албан бичиг, 2020.05.22-ны өдрийн Машин механизмын түрээсийн гэрээ, гараар бичсэн тэмдэглэл, фото зураг, дансны хуулга зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-8, 29 тал/

 

4. Хариуцагчаас: 2024.01.01-ний өдрийн ТЗ-ийн итгэмжлэлийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 14 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Л.И нь ТЗ-д холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчтай 2020.05.22-ны өдөр машин механизмын түрээслэх гэрээг байгуулж, 53-03 УБ улсын дугаартай, Lingong LG953 маркын YE94200C9014371 тоот арлын дугаартай Авто ачигчийн зориулалттай механизмыг /ковш/ сарын 15 000 000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөрийг, гэрээний 3.2-т заасны дагуу 100 хоногийн алданги 10 000 000 төгрөгийн хамт шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч ТЗ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө төлбөр төлөөгүй үндэслэлээр машин механизмаа ачиж авч явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2023.09.26-ны өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 28 к1-5/4900 дүгээр албан бичгээр Н.Батчулуун нь Хан-Уул дүүргий 22-р хороо Энглиш 1 ддүгээр байрны 04 тоотод оршин сууж байгаа болохыг тогтоосон, /хх 4 тал/

 

4.2 Зохигчид 2020.05.22-ны өдөр Машин механизмын түрээслэх гэрээг байгуулж, 53-03 УБ улсын дугаартай, Lingong LG953 маркын YE94200C9014371 тоот арлын дугаартай Авто ачигчийн зориулалттай механизмыг /ковш/ сарын 15 000 000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 5 тал/

 

4.4 2020.07.10-ны өдөр Л.И руу 5700928174 тоот данснаас 5 000 000 төгрөгийг kowsh turees uridchilgaa гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 29 тал/

 

5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн хэмжээ зэрэгт маргаангүй, харин гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2020.05.22-ны өдөр машин механизмын түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны хувьд хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч ТЗ нь түрээсийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн эсэх нь нотлогдохгүй байх ба хариуцагч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэх агуулгаар татгалзлаа ирүүлсэн боловч татгалзлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Түүнчлэн, зохигч 2020.05.22-ны өдрийн машин механизмын түрээсийн гэрээний 3.2-т ...түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангид хамаарах ба нэхэмжлэгч алдангийн хэмжээг 10 000 000 төгрөгөөр тооцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч ТЗ-иас 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ит олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

 

8. Шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүдй хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Учир нь:

 

Хэргийн баримтаас үзэхэд шүүх 2024.01.12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарласан байх ба 2024.03.01-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролох хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2024.03.29-ний өдрийн 13:30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

 

Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр шүүх дэх хуралдаан давхцсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байх боловч хүсэлтдээ хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, түүнчлэн 2024.03.21-ний өдөр товлогдсон байхаас гадна 11 цаг 30 минутад эхлэх шүүх хуралдаан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болох нь эргэлзээгүй нотлогдохгүй гэж дүгнээд түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэсэн болно.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар  хариуцагч ТЗ-иас машин механизм түрээсийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ит олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТЗ-иас 307 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ит олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ