| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01022/И |
| Дугаар | 183/ШШ2024/01098 |
| Огноо | 2024-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2024/01098
2024 оны 03 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2024/01098 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Арьс ширний 80 дугаар гудамж, 11-17 тоот хаягт оршин суух, Уран овогт, Чийн О /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, 67 дугаар байрны 24 тоот хаягт оршин суух, Хан өндөр овогт Ц.О З /РД:000005/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12 374 985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ц.З нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр надаас 5 000 000 төгрөг зээлсэн. 3 000 000 төгрөгөөр нь цайны газартаа засвар хийнэ. 2 000 000 төгрөгөөр нь хүнсний дэлгүүрт бараа авна гэж хэлж авсан. Тэгээд цайны газартаа засвар хийгээд 1 жил гаруй хугацаанд бусдад түрээслүүлэн ашиг олж байж надаас зээлсэн мөнгөө одоог хүртэл буцаан өгөхгүй байгаад гомдолтой байна. 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсон. Эхний хоёр сарын хүү гэж хоёр удаагийн төлөлтөөр 1 000 000 төгрөг төлснөөс өөр мөнгө огт төлөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 7 374 985 төгрөг, нийт 12 374 985 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Оээс 5 000 000 төгрөг авсан нь үнэн. Эхний хоёр сарын хүү болох 1 000 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. 2022 оны 12 сард миний том хүүгийн эхнэр 2 сартай хүүхдээ орхиж салж явснаас би ажил хийх ямар ч боломжгүй болсон. Цайны газраа 1 000 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Уг мөнгөний 700 000 төгрөгийг амьдарч байгаа байрны түрээсэндээ төлөөд үлдэх 300 000 төгрөгөөр одоо амьдарч байна. Миний том хүү хэд хэдэн хагалгаанд орсон. Одоо дахиад хагалгаанд орох шаардлагатай байгаад байгаа. Үнэндээ миний байдал яг ийм л байна. Би авсан мөнгөө ямар ч байсан буцааж өгнө. Харин хүү төлөх боломжгүй байна... гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл гэх бичгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас бичгээр хариу тайлбар өгсөн. Эмчийн үзлэгийн тэмдэглэл, болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ц.З 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагчаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 7 374 985 төгрөг, нийт 12 374 985 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин зээлийн хүү төлөх боломжгүй байгаа талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч.Оийн эзэмшлийн Хаан банк дахь 5033057179 тоот дансны хуулгаар 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хоёр удаагийн шилжүүлгээр 2 500 000 төгрөгийг тус тус 5622458414 тоот дансанд З зээлэв гэх утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т ...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж заасан.
7. Хэрэгт авагдсан хариуцагч Ц.Згийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр үйлдсэн ...5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авлаа. Хүүгээ сар сардаа шилжүүлнэ... гэх агуулгатай итгэмжлэл гэх баримтыг гэрээний гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож, бичгээр байгуулагдсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй.
8. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэн, хэн аль нь гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасантай нийцээгүй тул зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Хариуцагч Ц.З нь нэхэмжлэгчээс зээлсэн 5 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг буцаан төлсөн талаар талууд маргаагүй тул үлдэх 4 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ч.О нь хариуцагчаас шаардах эрхтэй. Харин дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй байна.
10. Иймд хариуцагч Ц.Згаас 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 374 985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч Ц.Згаас 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 374 985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Згаас улсын тэмдэгтийн хураамж 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ