| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00073/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч Ч.Цэрэннадмид
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт Чойжилсүрэнгийн Цэрэннадмидад холбогдох 1733000490030 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11-р сарын 23-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс сумд төрсөн, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхон сумын багт оршин суух хаягтай, Тайж овогт Чойжилсүрэнгийн Цэрэннадмид РД/ОО85092013/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Цэрэннадмид нь 2017 оны 09-р сарын 09-ны орой Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутагт иргэн М.Өлзийбаярын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч М.Өлзийбаярын мэдүүлэг / хх-ийн 17-18-р хуудас/,
2.Гэрч Ё.Оюунцэцэгийн мэдүүлэг / хх-ийн 9-10-р хуудас/,
3.Гэрч М.Ариунзаяагийн мэдүүлэг /х.х-ийн 11-рт/
4.Гэрч Н.Баяраагийн мэдүүлэг/х.х-ийн 12-рт/
5.Гэрч М.Мөнхцогтын мэдүүлэг /х.х-ийн 13-рт/
6.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 898 тоот дүгнэлт /хх-ийн 4-р хуудас/,
7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/,
8.Шүүгдэгч Ч.Цэрэннадмидын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:
Шүүгдэгч Ч.Цэрэннадмид нь 2017 оны 09-р сарын 09-ны орой Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутагт иргэн М.Өлзийбаярын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1.Хохирогч М.Өлзийбаярын өгсөн:”…Би Цэрэннадмидын заамдсан чинь миний баруун гарын долоовор хурууг хазсан Тэгээд нүүр гар луу нь түлхсээр байгаад арай гэж тавиулчихаад гараа бариад доошоо суусан чинь нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд манараад тэр газраа сууж байсан чинь түлхэж унагаагаад дээр гарч суучихаад нүдээ барьж үзээд Цэрэннадмидыг өшиглөх гэсэн чинь Цэрэннадмид ах нь толгой муутай хүн шүү гэхээр нь хаячихаад эмнэлэг явсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18-рт/
2.Гэрч Ё.Оюунцэцэгийн өгсөн:”…2017 оны 09-р сарын 09-ны өдөр гэртээ байж байтал хүү өлзийбаяр 17 цагийн орчим адуундаа явлаа гээд яваад 19 цагийн орчим адуундаа явлаа гээд 19 цагийн орчим адуугаа тууж ирсэн. Тэгээд 30 орчим минутын дараа морьтойгоо хаашаа явах гэж байгаагаа хэлэлгүй гараад явсан.Тэгээд 23 цаг хүртэл хүлээж арын байшиндаа унтаж байтал т шөнө миний гар утас руу охин Ариунзаяа залгаад та гэр лүү ороод ир гэж хэлэхээр нь ортол Өлзийбаяр ах хүнд нүдээ ухуулчихсан байна. Та эмнэлэг рүү хурдан дуудлага өгчих гэхээр нь маргааш болье гээд нүүрийг нь цэвэрлээд унтуулсан. / хх-ийн 09-10-р хуудас/,
3.Гэрч М.Ариунзаяагийн өгсөн: “ 2017 оны 9-р сарын 09-ны өдөр манай ах Өлзийбаяр адуундаа явж ирчихээд сууж байтал гар утас нь дуугараад тэгээд ярьж байгаад буцаад дээлээ өмсөөд гараад явсан. Тэгээд шөнө унтаж байтал 02 цаг дөхөж байхад гэрийн хаалга онгойхоор нь гэрэл тусгаад харсан чинь Өлзийбаяр ах миний өөдөөс шууд “эмч дуудаарай агаагийнх нь нүдийг ухчихлаа” гэж хэлсэн тэгээд би гэрэл асааж ээжийг дуудсан. Ээж орж ирээд нүдийг нь цэвэрлэж эм уулгаад маргааш эмчид үзүүлье гээд унтуулсан. / хх-ийн 11-р хуудас/,
4.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 898 тоот дүгнэлтэд:
1.Өлзийбаярын биед зүүн нүдний алимний доргилт, салстын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун хөмсөг шанаа, баруун гарт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 4-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Цэрэннадмидийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой “Гэгээ” баарны үүдэн дээр очиход Өлзийбаяр баахан залуучуудтай пиво уугаад зогсож байсан. Нэг залуу нь намайг пиво уух уу гэж хэлэхээр нь тэрэнтэй нь нэг пиво хувааж уучихаад би дахиад нэг пиво авч өгөөд тэрийг уучихаад тэд нар явцгаасан юм. Би Баяраа, Мөнхцогт нартай бааранд ороод нэг шил архи аваад уугаад сууж байсан чинь Өлзийбаяр гаднаас орж ирээд Надмид пиздагаар нэг пиво авахуулна гэж хэлсэн. Би эхлээд наадахаа уучих гээд ширээн дээр байсан архинаасаа хийгээд өгсөн. Тэр архийг ууж байхдаа баарны үйлчлэгчийг пизда, гичий гэж хэлээд байсан. Би олон нийтийн газар боль ахын дүү гэж хэлсэн чинь намайг чи юу юм гэж хэлсэн. Би тэр архиа уучихаад гараад явсан. Би гарч яваад мотоцикль дээрээ мордох гэж байхад хойноос хүрч ирээд мотоцикльтой татаад унагасан. Би боль гээд цаашаа эргэсэн чинь араас морио хөтөлж ирээд намайг цулбуураараа боосон. Би гарыг нь тавиулах гэсэн чинь тавихгүй байхаар нь би дагзаараа хойшоо нүүр рүү нь мөргөчихсөн юм. Жаахан суллахаар нь доошоо унасан чинь дээрээс дэвсээд байхаар нь ах чинь толгой муутай яах гээд байгаа юм бэ чи гэсэн чинь холдсон. Намайг ална гээд байсан. Би чиний хоёр ахын чинь найз, чи бид хоёрт ямар ч өс хонзон байхгүй. Чи өс хонзон санадаг хүнтэйгээ өс хонзон саналдаа ахын дүү гэсэн чинь намайг ална гэж хэлсэн. Би босоод цаашаагаа зугтах гэж байгаад бүдрээд уначихсан. Тэгсэн чинь араас ирээд гараараа боосон би гарыг нь салгасан чинь миний завьж руу гараа хийгээд татчихсан. Тэгэхээр нь би орж ирсэн гарыг нь хазчихсан юм. Гар хазчихлаа гэж хэлэхээр нь би зугтаагаад яваад өгсөн юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.
Иймд Ч.Цэрэннадмидыг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна .
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Өлзийбаяр өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд 1000.000 төгрөг нэхэмжилж, нотлох баримтыг /х.х-ийн 19-20-рт/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж өгсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 -д зааснаар хохирогч М.Өлзийбаярт нотлох баримтыг үндэслэн замын зардалд 186750 төгрөг/х.х-ийн 21-рт/эмчилгээний зардалд 393700 төгрөг /х.х-ийн 19-20рт/ нийт 580450 төгрөг шүүгдэгч Ч.Цэрэннадмидаас гаргуулж шийдвэрлэлээ. Харин эмчийн жор болон зааваргүйгээр хэрэглэсэн гэх эм тарилга ломбардын зээл, тэтгэврийн зээл төлүүлэхээр нэхэмжилсэн нь нотлох баримтгүй хуулийн үндэслэлгүй гэж үзэж 419.550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.
Прокурор нь Ч.Цэрэннадмид хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн,хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцэж байна.
Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ч.Цэрэннадмидад Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 -д зааснаар хохирогч М.Өлзийбаярын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 580.450 төгрөг шүүгдэгч Ч.Цэрэннадмидаас гаргуулж шийдвэрлэлээ
Шүүгдэгч Ч.Цэрэннадмид нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Цэрэннадмидад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10- д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Тайж овогт Чойжилсүрэнгийн Цэрэннадмидийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ч.Цэрэннадмидаас 580.450 төгрөг гаргуулж иргэн М.Өлзийбаярт олгосугай.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА