Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/03102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт Г*******гын Г******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ын Э******* /РД: *******/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г*******,

Хариуцагч Б.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Б******* овогт Б*******ын Э*******, Б******* овогт Г*******гын Г******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2012 оны *******-ны өдөр төрсөн хүү Э.Э*******, 2017 оны *****-ны өдөр төрсөн охин Э.Э*******, 2019 оны ********-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг эх Г.Г*******ын асрамжинд байлгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Г*******, хариуцагч Б.Э******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар

2017 оны *******ны өдөр төрсөн охин Э.Э*******, 2019 оны ********-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

2012 оны **********-ны өдөр төрсөн хүү Э.Э*******ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Э*******оос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Жаргалболдод даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ