| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/07249/И |
| Дугаар | 101/ШШ2024/03101 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2024/03101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* байрлах Д** Э*** Б*** ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, Ш******* б******* ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн R******* овогтой Z******* /паспортын дугаар *******/ нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 708,186,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагч БНХАУ-ын иргэн R******* овогтой Z*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч Д ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д** Э*** Б*** ХХК /*******/ нь бетон зуурмагийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, 2015 оны 06 сарын 01-ний өдөр Ш******* б*******" ХХК /худалдан авагч/ болон БНХАУ-ын иргэн R******* Z******* /захиалагч/ нартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.
Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь Ш******* б******* ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын төсөл "Улаанбаатар хот Олон Улсын банк санхүүгийн төв" б*******д 5 төрлийн марк бүхий 4,628 м.куб бетон зуурмагийг нийлүүлэх, бетон зуурмаг нийлүүлсэнтэй холбоотойгоор помпын шахалтын ажил гүйцэтгэх үүргийг хүлээсэн.
Харин худалдан авагч болон захиалагч нар /хариуцагч тал/ нь нэхэмжлэгчээс 1,000 м.куб бетон зуурмаг нийлүүлэх тутамд барааг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор холбогдох төлбөрийг 100 хувь төлөх үүрэг хүлээсэн.
Ийнхүү тохиролцсон ёсоор бетон зуурмаг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх үеийн БНХАУ-ын юань, Монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцож төлбөр төлөх болохыг талууд харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу худалдан авагч, захиалагч нарын нэрлэн заасан барилгын талбайд 861,738,000 төгрөгийн үнэ бүхий 4,628 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд помпны түрээсийн зардал 51,340,000 төгрөг болсон.
Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нар нь 2015 оны 08 сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөг, 2015 оны 09 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 10 сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг гэх байдлаар төлбөрийг хэсэгчлэн төлсөөр 2019 оны 07 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гэрээний дагуу төлөх ёстой 913,078,000 төгрөгөөс нийт 451,587,180 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд буюу 2022 оны 12 сарын 24-ний өдөр талууд гэрээний хэрэгжилт буюу нэхэмжлэгчээс нийлүүлсэн бетоны хэмжээ, помпны түрээсийн зардлын хэмжээ, хариуцагч нараас төлсөн төлбөр болон төлөх ёстой үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар харилцан тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрийн хэмжээг 708,186,919 төгрөг гэж тодорхойлон, баталгаажуулсан.
Хариуцагч нар нь энэхүү төлбөрийг 2022 ондоо багтаан төлнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжит хугацааг хангалттай олгосон гэж үзэж байна. Гэвч нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл үүсэж байгаа учраас цаашид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгөх зэрэг боломжгүй болсон.
Гэрээнд Ш******* б******* ХХК болон БНХАУ-ын иргэн R******* Z******* нар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж оролцож байгаа учир гэрээний үүрэг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд хамтран үүрэг гүйцэтгэгч нараас нэхэмжилж байна.
Гэрээний 4-т төлбөр төлөх үеийн монгол төгрөгийн юаньтай харьцах ханшаар тооцохоор тохиролцсон, тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр юаниар байсан бөгөөд тухайн үеийн ханшаар шилжүүлж бодсон.
Иймд хариуцагч Ш******* б******* ХХК, БНХАУ-ын иргэн R******* Z******* нараас 2015 оны 06 сарын 01-ний өдрийн "Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт нийт 708,186,919 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д** Э*** Б** ХХК /*******/-д олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Шинэ зуун б******* ******* ХХК, БНХАУ-ын иргэн R******* овогтой Z******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус шүүхэд Шинэ зуун б******* ХХК болон Р*** Ж*** ю*** надад холбогдуулан Д** э** Б** ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 708.186.919 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 сарын 29 өдөр гардан авч, нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Шинэ зуун б******* ХХК нь нэхэмжлэгч Д** Э** Б** ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Д** Э** Б** ХХК нь манайд 913.078.000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлэхээр харилцан тохиролцож, манай талаас гэрээний төлбөрт 451.587.180 төгрөгийг нэхэмжлэгч талд цувуулан төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр 461.490.820 төгрөгийг төлөхөөр байгаа.
Гэтэл нэхэмжлэгч талаас гэрээний үлдэгдэл төлбөрийг 708.186.919 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй бөгөөд манай талаас 461.490.820 төгрөг ойрын хугацаанд төлж барагдуулна. Харин нэхэмжлэлийн үнийн дүнгээс 246.696.099 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ. /хх 34, 65/
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримт болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Үүнд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д** Э** Б** ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, монгол болон гадаад хэл дээрх итгэмжлэл, ХХБ ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн даалгавар, талуудын хооронд байгуулагдсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт /хх 1-22/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Ш******* б******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, орчуулагч Б.Эы иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, орчуулагч Э.Ггийн орчуулагчийн үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Ш******* б******* ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, Ш******* б******* ХХК-ийн дүрэм, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хэрэг шилжүүлэх тухай хариуцагчийн хүсэлт, С.Дд олгосон итгэмжлэл, сонгол болон гадаад хэл дээрх итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний зориг Ногоон намын 2024.06.06-ны өдрийн 24/121 тоот тодорхойлолт /хх 26-27,33-34, 53-54,65-72,81,117-118, 128-132/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн БНХАУ-ын иргэн R******* овогтой Z*******-ийн тус улсын хилээр орсон гарсан бүртгэлтэйхолбоотой баримт /хх 114/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д** Э** Б** ******* ХХК нь хариуцагч Ш******* б******* ******* ХХК, БНХАУ-ын иргэн R******* овогтой Z******* нарт холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 708,186,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч нар үлдэгдэл төлбөрийг 708,186,919 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй тул 461,490,820 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 246,696,099 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Хэрэгт, А тал буюу худалдан авагч Ш******* б******* ХХК, Б тал буюу нийлүүлэгч Д** Э** Б** ХХК, В тал буюу захиалагч R******* Z******* нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ авагдсан.
4а. Гэрээгээр нийлүүлэгч тал Д** Э** Б** ХХК нь хүснэгтэд заасан төрөл зүйлийн марк болон нэгж үнийн дагуу М200 м.куб 143,000 төгрөг-5 м.куб, М250 м.куб 150,000 төгрөг-96 м.куб, М350Р8 м.куб 186,000 төгрөг-4444 м.куб, М550 м.куб 217,000 төгрөг-5 м.куб, М550Р8 м.куб 243,000 төгрөг-78 м.куб, нийт 4628 м.куб бетон зуурмагийг худалдан авагч тал Ш******* б******* ХХК-д нийлүүлэх,
Дээрх үнэнд помпын шахалт багтаагүй, помпоор шахалтын зардлын нэгж үнэ 38 м-тэй помп машин 10000₮ м.куб, 52 м-тэй помп машин 12,000₮ м.куб, суурин помп машин 12,000₮ м.куб /нэг удаагийн цутгалтын хэмжээ 50 м.куб хүрэхгүй тохиолдолд, помп шахалтын зардлыг 50 м.куб-аар тооцох бөгөөд помпын шахалтын зардалд НӨАТ багтаагүй байхаар,
Ш******* б******* ХХК нь бетон зуурмаг болон помпын шахалтын үнийг төлөхөөр тохиролцжээ. /хх 11-18/
4б. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр бетон зуурмагийн хэмжээ, үнэ, нийлүүлэх газар зэргийг тохиролцсон байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
4в. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч, захиалагч нарын нэрлэн заасан барилгын талбайд 861,738,000 төгрөгийн үнэ бүхий 4,628 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, помпын зардал 51,340,000 төгрөг, нийт 913,078,000 төгрөг, үүнээс хариуцагч нар 451,587,180 төгрөг төлсөн, гэрээ дүгнэсэн баримтаар үлдэгдэл төлбөр 708,186,919 төгрөг болохыг баталгаажуулсан тул үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.
6. Талууд гэрээг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дүгнэхэд нийлүүлсэн зуурмагийн хэмжээ 4,628 м.куб, үнэ 861,738,000 төгрөг, помпны түрээсийн зардлын хэмжээ 4,520 м.куб, үнэ 51,340,000 төгрөг, нийт 913,078,000 төгрөг, үүнээс хариуцагч нь 451,587,180 төгрөг төлсөн, үлдэх төлбөр 461,490,820 төгрөг, нийт үлдэгдэл төлбөр 1,478,284 юанийг, гэрээнд заасны дагуу 2019.07.31-ний өдрийн Монгол банкны албан ханш 312.18 төгрөгөөр тооцож, 572,524,760 төгрөг,
Мөн 2022.12.24-ний өдөр үлдэгдэл төлбөр 1,478,284 юанийг 2022.11.30-ны өдрийн Монгол банкны албан ханш 479.06 төгрөгөөр тооцож, 708,186,919 төгрөг болох талаарх баримтыг тус тус үйлдэж, энэхүү баримтад гэрээнд оролцогчид гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх 19-22/
7. Хариуцагч нь гэрээний дагуу 913,078,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, үүнээс гэрээний үүрэгт 451,587,180 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 708,186,919 төгрөг гэсэн нь үндэслэлгүй тул 461,490,820 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 246,696,099 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4-т 1000 м.куб бетон зуурмаг нийлүүлэх тутамд барааг захиалагч тал хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор төлбөрийг 100% төлсөн байна.
Хэрэв А тал бетон зуурмагийн төлбөрийг төлөхгүй 6 сар ба түүнээс дээш сарын хугацаагаар хэтрүүлсэн тохиролдолд Б тал В талаас 2015 оны 08 сарын 31-ний өдрийн валютын ханшийн дагуу /юань хэлбэрээр/ авах эрхтэй,
7-т А тал Б талд төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд В тал батлан даалт хийж, бетон зуурмагийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан. /хх 13-14,17/
9. Хариуцагч нар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөрийг 2022.12.24-ний өдрийн байдлаар 708,186,919 төгрөг болохыг баталгаажуулсныг баримтаар үгүйсгээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 246,696,099 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй.
10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан
11. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ди Эйч Би ******* ХХК нь гэрээгээр тохирсон хэмжээний хатуугийн зэрэг бүхий бетон зуурмагийг, помпын шахалтын хамт, тогтсон хугацаанд нь, тохирсон газарт нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч Ш******* б******* ******* ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хугацаанд, түүнчлэн гэрээг дүгнэснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, тэрээр гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь хариуцагч БНХАУ-ын иргэн R******* овогтой Z*******-ийг мөн адил гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
12. Иймд хариуцагч Ш******* б******* ******* ХХК болон БНХАУ-ын иргэн R******* овогтой Z******* нараас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 708,186,919 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д** Э** Б** ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ш******* б******* ******* ХХК, БНХАУ-ын иргэн R******* овогтой Z******* нараас 3,698,885 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,698,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
14. Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав. /хх 34, 65/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ш******* б******* ******* ХХК, БНХАУ-ын иргэн R******* овогтой Z******* нараас 708,186,919 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д** Э** Б** ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ш******* б******* ******* ХХК, БНХАУ-ын иргэн R******* овогтой Z******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,698,885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д** Э** Б** ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,698,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/00732 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ