Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/623

 

 

 

 

 

 

      2022           6             16                                        2022/ДШМ/623                                 

 

 

О.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Марал,

            хохирогч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/474 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Мт холбогдох эрүүгийн 2106031942292 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн О.М, 1985 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, барилга дээр хувиараа ажилладаг гэх, ам бүл 1, ..................

- Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосон;

О.М нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах задгайд өөрийн гэртээ хамтран амьдрагч Ө.Бтай “манайхаас яв” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь кетчуп шидсэний улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, зүүн ухархайн доод хана, дотор хананы хугарал, зүүн дээд зовхины шарх гэмтэл, гэмтлийн гаралтай зовхины унжилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт О.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Мт холбогдох эрүүгийн 2106 03194 2292 дугаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ө.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар О.Маас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

    Хохирогч Ө.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.М нь өмнө удаа дараа эрүүгийн шүүхээр буюу Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, мөн дахин Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биелэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож байсан, ийм хувийн байдалтай, удаа дараа шүүхээс ял авч байсан атлаа О.М нь засрал хүмүүжлийг олооогүй, дахин гэмт хэрэг үйлдсэн байхад буюу 3 дахь удаагаа эрүүгийн шүүхээр орж байхад шүүхээс Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон нь хохирогч Ө.Б намайг зодсон үйлдэлд тохироогүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байгаа тул хохирогч миний хувьд шүүхээс О.Мын согтуугаар үйлдсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Ай Ти мед” дүрс оношилгооны төвд Толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээ хийлгэхэд “... 2 талын суурийн зангилаанд шохойжилтуудтай. “... Зүүн ухархайн дотор хажуу хананы 2.9 см хэсэг этмод хөндийрүү 7 мм гүн цөмөрсөн хугаралтай. Зүүн нүдний  medial, lateral болон inferior хөдөлгөгч булчингууд жигд бус зузаарсан. 2 талын хөхлөг сэртэнгийн хэмжээ багассан, агаарт хөндийнүүдгүй, склероз өөрчлөлттэй гэж гарсан байна. Иймээс хохирогчийн зүгээс Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Дээрх шийтгэх тогтоолын тодорхойлбол хэсэгт “... мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "...энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан. Гэвч О.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, мөн нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүхээс дүгнэж Өршөөлийн хуульд хамруулан бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.

О.М нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр буюу анхан шатны шүүх хурлаас гарч ирээд, хохирогч намайг тавлан доромжилж, “баярлалаа сайхан амьдраарай, нэг толгойд нэг нүд байхад болоо ш дээ, одоо группээ хөөцөлд” гэж хүний эрүүл мэнд, гоо сайхан, улмаар нүдний харааг гэмтээчихээд, (эмч нүдний хараанд нөлөөлсөн гэж дүгнэсэн дүгнэлт байгаа, шүүхэд баримт картаар гаргаж өгнө) хохирогч намайг хэлэх хэлэхгүй, байж боломгүй үгээр доромжилсонд хохирогч би маш их гомдолтой байгаа. Энэ үйлдлээрээ О.М нь шүүхийн дүгнээд байгаа хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруу дээрээ маргахгүй, улмаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн дүгнэлт хийсэнтэй санал огт нийлэхгүй байна. Мөн шүүх хурал болохын өмнөх өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оын 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд О.М нь намайг зодож, хамарнаас цус гаргасан, гудас цусаар бохирлогдсон, одоо хүртэл тэр цусаар бохирлогдсон гудас нь амьдарч байгаа түүний эгчийнд нь байгаа. Мөн О.М нь миний үснээс зулгаасан ба өглөө босоод үсээ самнатал туг тугаар унахад бас намайг тавлаж, “хөгшин хүний үс нь унаж байна” гэж бас л тохуурхаж байсныг хэлэх нь зүйтэй байна. Би одоо хүртэл О.Маас айж байна, шүүх хохирогч миний эрхийг дээдэлж, намайг хамгаалж өгөөчээ. Шүүх хурлаас хойш О.М нь одоо ч утсаар намайг айлган заналхийлж, “чи бичгээр дахиж өргөдөл гомдол өгөх юм биш биз дээ, хаана байгаа юм” гэх мэтээр айлгаж байна. Хэрэв шүүхэд дахин бичиг өгөх юм бол О.М нь намайг заналхийлж “нэг мөсөн гүйцээчихнэ” гэж хэлж байна. Би их айдас хүйдэстэй байна. Одоогоор надад байгаа баримтаар 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн цусны шинжилгээний 40.000 төгрөг, үзлэгийн 42.600 төгрөг, шинжилгээний 53.000 төгрөг, шинжилгээний 85.000 төгрөг, оношлогооны толгойн КТГ 100.000 төгрөг, мөн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн нүд үзүүлсэн 33.000 төгрөгийн баримт, (О.М нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд гэртээ намайг гаргахгүй хорьж байхдаа миний эмнэлгийн баримтуудыг шатаасан учраас заримыг нь дахиж авсан болно) нийт 353.600 төгрөгийг хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн О.М нь миний ээмгийг ломбарданд 170.000 төгрөгөөр тавьсан, хүүтэйгээ нийлээд 250.000 төгрөг болсон тул үүнийг бас хамтад хохиролд нэмж, нийт 603.600 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж өгнө үү. Иймд хохирогч би дээрх үндэслэлүүдээр гомдол гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Ө.Бгийн өмгөөлөгч Д.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч их гомдолтой байгаа. Шүүгдэгч О.М ганц ч төгрөгийн хохирол төлбөр төлөөгүй. Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн. Миний үйлчлүүлэгчийг одоо хүртэл гар утсаар залгаж дарамталдаг бөгөөд гэртээ хорьж байгаад нотлох баримтыг нь устгасан байсан. Одоогийн байдлаар баримттайгаар нийт 603.600 төгрөг хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлээд байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харахад хохирогчийг тохуурхан доромжилж, хохирол төлбөр өгөөгүй байж өгсөн мэт зүйл хэлсэн байна. Энэ бүхэнд миний үйлчлүүлэгч маш их гомдолтой байгаа. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Мын буруутай үйлдлээс болж хохирогч Ө.Бгийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Гэвч хохирогч Ө.Б хохирлын баримт гаргаж өгөөгүй. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.М нь хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч О.М гэрээ зарж байгаад хохирогч Ө.Бг дагуулж яваад хувцас авч өгсөн талаараа хэлдэг. Хохирогч энэ тал дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Анхан шатны шүүхэд гаргасан шинжээчийн дүгнэлт нь давж заалдах шатны шүүхэд гаргасан шинжээчийн дүгнэлттэй тохирч байгаа. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч ямар нэгэн хохирлын баримт гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүх хохирол төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

О.М нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах задгайд өөрийн гэртээ хамтран амьдрагч Ө.Бтай “манайхаас яв” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь кетчуп шидсэний улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, зүүн ухархайн доод хана, дотор хананы хугарал, зүүн дээд зовхины шарх гэмтэл, гэмтлийн гаралтай зовхины унжилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ө.Б нь: “...би 2018 оны 7 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Далай ээж” дэлгүүрийн ард талд байрлах хаяг тоотгүй задгай хашаанд хамтран амьдрагч Майдартай амьдардаг байсан. Майдар нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 16-17 цагийн үед “...“Далай ээж” дэлгүүрийн шавар цутгаж өгнө...” гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд орой 20-21 цагийн үед согтуу орж ирээд авч ирсэн 0.5 литрийн архиа уугаад 22 цаг өнгөрч байхад хэрүүл өдөөд байсан. Намайг цай, хоол хийгээд сууж байхад “Би залуу эхнэртэй, манайхаас зайл, янхан, гичий” гээд хөөгөөд байсан. Би ороо засаад хэвтэж байхад үснээс зулгаагаад орноос татаж буулгаад алгадаад байхаар нь урд эгчийнд нь орох гээд үүдэнд гутлаа өмсчихөөд дээшээ өндийсөн чинь кетчуп аваад миний зүүн нүд рүү шидсэн. Тэгээд миний хамраас цус гараад байж байтал эгч нь орж ирээд “Манайх руу явъя” гээд гэртээ дагуулж ороод хүйтэн жин, төмс тавьж өгсөн. Маргааш нь эмнэлэг орж үзүүлэх гэсэн чинь явуулахгүй байсан. ...” /хх 10-11/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогчийн биед халдах болсон шалтгаан, өөрийн гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлсэн шүүгдэгч О.Мын “...би 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Б гэх эмэгтэйтэй танилцсанаас хойш Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Далай ээж” дэлгүүрийн ард талын задгай тоотод хамтран амьдарсан. Б нь надтай танилцахаасаа өмнө нь өөр хүнтэй суугаад хамаг мал гэр орныг нь зараад салж байсныг нь би мэдэхгүй хамтран амьдарсан. Би 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрийнхээ урд талын “Далай ээж” дэлгүүрийн шаврыг хийж өгөхөөр ажиллаж байгаад 20 цагийн үед 0.5 литрийн архи аваад гэртээ орж ганцаараа уусан. Архи ууж байтал Б нь эрэгтэй хүнтэй утсаар яриад байхаар нь би “Чи одоо болилдоо, би чиний нөхөр чинь биз дээ, чи ямар сонин юм бэ” гээд хэлтэл “Хэнтэй ч ярьсан чамд ямар хамаатай юм” гээд уурлаад байхаар нь ширээн дээрээс кетчуп аваад шидтэл Бгийн нүдийг оночихсон. Тэгтэл Бгийн хөмсөг хэсгээс цус гараад байсан. ...” /хх 29-30/ гэх мэдүүлэг,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №8600 дугаартай дүгнэлт зэргээр нотлогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ө.Бгийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №8600 дугаартай дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүн, компьютер, томографийн шинжилгээ, дүрс оношилгооны хариу зэрэгт үндэслэн гаргасан байна.

Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан ба тэрээр шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүйгээс гадна, уг дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, хохирогч Ө.Бгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч О.Мын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн этгээд хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд, өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “давтан”, “байнга” гэсэн ойлголтыг хэрэглэдэг. “Байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх хууль хэрэглээний ойлголт болно.

Түүнчлэн давтамжаас гадна, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эрхшээлдээ байлгах зорилгоор хяналт тогтоон өөрийн хамааралд оруулж тэгш бус харилцааг бий болгон хүчээр давамгайлж байсан эсэхийг харгалзан үзэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгч О.Мын харилцаа хандлага, хувийн байдал, урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нөхцөл байдлаас дүгнэхэд, түүний үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

Шүүгдэгч О.Мын үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт/ гэмт хэрэг нь эдгээрийн алинд ч хамаараагүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,

- мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

- 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс хамаарч түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

Шүүгдэгч О.М нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрджээ.

Иймээс анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах” үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол”-д тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр тодорхойлогддог.

Хохирогч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүх урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.

Харин хохирогч Ө.Б нь дээрх нотлох баримтаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн түүний шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар ханган нийт 355.600 төгрөгийг шүүгдэгч О.Маас гаргуулахаар шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ө.Бгийн гаргасан гомдлын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/474 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Маас 355.600 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Бд олгосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Ө.Бгийн гаргасан гаргасан давж заалдах гомдлын “355.600 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

    3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ