Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/01151

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 13 өдөр                        Дугаар 183/ШШ2024/01151                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух Боржигон овогт Б.ийн Б (РД:00000)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Ажилчны гудамж, өөрийн байранд байрлах “УБ ХХК (РД:200002)-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

Бусдын эрх ашгийн үүднээс гаргасан зардал болох хадгалалтын зардал 5,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Чинбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Өлзий,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь хариуцагч “УБ ХХК-д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч нь 2007 оноос хойш УБ ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний төвийн барилгын 2 давхрын зүүн жигүүрийн 312 м.кв ажлын байрны талбайг, мөн 2015 оноос уг барилгын 1 давхрын баруун жигүүрийн 155 м.кв ажлын байрны талбайг тус тус түрээсэлж, “Нобле” нэртэй караоке ажиллуулдаг байсан. Тухайн үед хариуцагчийн түрээсийн байр хоосон заал байсан, би өөрийнхөө хөрөнгөөр хана, хаалга, гэрэл зэргийг авч, мөн дотор байгаа бүх тоног төхөөрөмж тавилгуудыг авч тавьсан. Үйл ажиллагаа явуулж байх явцад тоног төхөөрөмжүүдийг байнга шинэчилж байсан. Яагаад гэвэл бид үйлчлүүлэгч нарт хандаж үйлчлүүлдэг учраас хуучирсан, загвар хоцрогдсон тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь шинэчилсэн. 2017 оны 05 дугаар сард түрээсийн гэрээнүүд дуусгавар болсон, энэ үед өөр этгээд караокены тохижилт, тоног төхөөрөмжийг ашиглан 2019 оны 04 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэн түрээслэсэн.

1.2.2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “УБ ХХК-ийн зүгээс түрээсийн талбай хоосон байвал үргэлжлүүлэн өөр этгээд түрээслэхэд хэцүү байдаг учраас “Нобле” караокед хийсэн өөрийн тохижилт, тоног төхөөрөмжөө бидэнд хүлээлгэн өгч, ашиглуулж байгаач гэсэн саналыг тавьсны дагуу караокены дотор тохижилт, тоног төхөөрөмжийг “УБ ХХК-ийн дэд захирал Л.Бат-Өлзийд хүлээлгэн өгч акт үйлдсэн. Тус актыг үйлдэхдээ караокены тоног төхөөрөмжийг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгөх үед шаардлага бүрэн хангаж байсан. Тодруулбал, 2019 онд шүүхэд түрээсийн маргаан үүсэж ямар тохиролцоонд хүрсэн гэхээр үлдээсэн тоног төхөөрөмжүүдийг чинь 30,000,000 төгрөгөөр тооцож авъя, түрээсийн төлбөрөөс чинь хасаж тооцно гэж талууд эвлэрлийн гэрээ байгуулах гэсэн. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн зүгээс тоног төхөөрөмжүүдээ хүлээлгэж өгсөн. Тэгээд шүүхийн шийдвэрээр түрээсийн гэрээг шийдвэрлэх үед уг 30,000,000 төгрөгийн асуудал шийдвэрлэгдээгүй. “УБ ХХК-ийн зүгээс миний караокены тохижилт, тоног төхөөрөмжийг буцаан өгөөгүй, удаа дараа шаардахад хариу өгөөгүй тул караокены тоног төхөөрөмжийн үнэ 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч “УБ ХХК, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.“УБ ХХК нь Б.Бтэй 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Ажлын өрөө хөлслөх гэрээ”, түүний сунгалт 2014 оны гэрээгээр 1 сарын төлбөрийг 5,304,000 төгрөг, хугацааг 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн үйлчилгээний төвийн барилгын 2 дугаар давхрын зүүн жигүүрийн 312 м.кв ажлын байрны талбайг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ”-ээр түрээсийн 1 сарын төлбөрийг 2,500,000 төгрөг, хугацааг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байхаар байгуулан уг объектын 1 дүгээр давхрын баруун жигүүрийн 155 м.кв ажлын байрны талбайг тус тус түрээсэлсэн ба Б.Б нь 2016, 2017 онуудад түрээсийн зүйлийг түрээслүүлэх тухай зарыг “Шуурхай зар сонин”-д байршуулж М.Баярсайханд түрээсэлсэн.

2.2.Б.Бг АНУ-аас 2018 оны 07 дугаар сард ирэхэд нь ажлын байрны талбайг чөлөөлж өгөхийг шаардахад биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “гэрээний төлбөрт 173,465,284 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн барилгын 312 м.кв ажлын байрны талбайг албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бгийн зүгээс эвлэрэх санал гарч тодорхой нөхцөл тавьсныг бид зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч шүүгч тус гэрээг батлахаас татгалзсан. Тус гэрээний 1 дэх заалтад “Хариуцагч нь нэхэмжлэлийн 312 м.кв ажлын байрны талбайг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид түрээсийн байрыг байгаа байдлаар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлгэж өгнө” гэж заасныг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлын байр хүлээлгэн өгөх акт”-ыг үйлдэж, Б.Б түрээсийн байрыг өөрийн эд хөрөнгөөс чөлөөлж, караокены эд хогшлыг хөндлөнгийн этгээдээр үнэлүүлэхээр барилгын гаднах талбайд зөөж хураасан. Гэтэл шүүгч эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байна, гэрээгээ өөрчил гэх шаардлага тавьсан талаар шүүгчийн туслах хэлж, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүх дээр очоод эвлэрлийн гэрээг өөрчлөх асуудал дээр санал зөрж, эвлэрч чадаагүй. Иймд нэхэмжлэгчийн 2019 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдээд байгаа акт нь эвлэрлийн гэрээ байгуулах гэж байсан болохоос биш ийм, ийм зүйлийг ингэж хүлээлгэж өглөө гэсэн акт биш.

2.3.Эд хогшлыг авахыг Б.Бгээс авахыг удаа дараа шаардсан боловч хэрэгтэй зүйлсээ аваад, үлдсэнийг нь хаяад явсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч “УБ ХХК, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан бусдын эрх ашгийн үүднээс гаргасан зардал буюу хадгалалтын зардалд 5,900,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.2018 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “УБ ХХК-ийн зүгээс Б.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр Б.Б нь “ажлын байрны талбайг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр чөлөөлж, хүлээлгэн өгье, үүсгэсэн өр төлбөртөө 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг бэлнээр, 30,000,000 төгрөгт эд зүйлс, автомашин үнэлүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгье, 8,000,000 төгрөгт барилгын засварын ажил хийж өгье” гэсэн санал тавьсныг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон боловч Б.Б нь эвлэрлээсээ татгалзсан.

3.2.Б.Бг эд хогшлоо авахыг удаа дараа шаардсаны эцэст 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд гэрэлтүүлэг, чимэглэл, камер, лед хаяг зэргийг буулгаж аваад, үлдэх эд хогшлоо хаяад явсан. Орхисон эд хогшлыг “УБ ХХК-ийн хашаанаас иргэн Ё.Чулуунбат ачин өөрийн хашаанд буулгаж, хучин хураасан. Түүний хашаанд хадгалуулсан талбайн хөлс болон хучлага, манааны зардлыг сарын 100,000 төгрөгөөр тохирч хадгалуулсан ба өнөөдрийг хүртэл 59 сарын төлбөр 5,900,000 төгрөгийн зардал гарсныг Б.Бгээс шаардаж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.Хариуцагч компанийн зүгээс тухайн эд хөрөнгийг хүлээж авсан акттай маргадаггүй. Тухайн актаар хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн дараагийн түрээслэгч нар тухайн эд хөрөнгийг ашиглаад, түрээслээд түрээсийн төлбөрийг хариуцагч компани авч байсан. Дахин төлөвлөлтийн асуудал яригддаг. Дахин төлөвлөлтөд ороод барилга нураах шаардлагатай болоход хариуцагч хүлээж авсан тоног төхөөрөмж, эд хогшлыг хаана, хэнд өгнө үү өөрсдийнх нь асуудал. Мөн н.Чулуунбат гэх хүн ямар байдлаар хадгалсан хэдэн төгрөгийн хадгалалтын зардалтай байсан нь өөрсдийнх нь асуудал. Мөн ийм зардал гарсан гэсэн бодитой баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагч талын аманд орсон үнээр тооцох үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгч буцаан авах ёстой гэдгийг хариуцагч мэдэж байсан бол албан ёсны авах шаардлага гаргах юм уу, эсхүл үүнийгээ аваачээ гэдэг албан ёсны баримт байсан бол арай өөр зүйл яригдах байсан байх. Гэвч нэхэмжлэгчийн хувьд юмыг хадгалдаг хүн болох н.Чулуунбатад гэх хүнтэй нэг ч удаа ярьж байгаагүй. Юу нэхэмжилж байгаа,  юунаас татгалзаж байна тэрийгээ мөн баримтаар нотлох ёстой. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Ажлийн байр хүлээлгэн өгөх акт” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “УБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын бүртгэлийн 2202006403 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Ажлын өрөө хөлслөх гэрээ” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн огноо бүхий “Өрөө хөлслөх гэрээ” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн огноо бүхий “Өрөө хөлслөх гэрээ” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Нобле” караокены тоног төхөөрөмж, эд хөрөнгийн жагсаалт гэх баримт, “Улаанбаатар треистын байранд байрлах Нобле караокений тоног төхөөрөмж хүлээлцсэн акт” гэх баримт, нэхэмжлэгч Б.Бгээс А.Энхжинд олгосон итгэмжлэл, н.Энх-Амгаланд эд зүйл хүлээлгэж өгсөн тухай баримтын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Хуулбарлав” тэмдэг бүхий хуулбар,

Хариуцагч талаас Л.Бат-Өлзийд олгосон итгэмжлэл, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноо бүхий шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, иргэн Ё.Чулуунбат гэх хүний гарын үсэг бүхий гараар бичсэн “Тодорхойлолт гаргах нь” гэх баримт, “Шуурхай зар” центрийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4, 1/5 дугаар албан бичгийн Шүүхийн тусгай архивын тэмдэг,  “Хуулбарлав” тэмдэг бүхий хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 20, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн огноо бүхий зарлагын баримт, Ш.Мягмарцэрэн, М.Баярсайхан нараас мэдүүлэг авсан тухай “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтын Шүүхийн тусгай архивын тэмдэг, “Хуулбарлав” тэмдэг бүхий хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1520 дугаар тогтоолын тус прокурорын газрын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Б.Бд холбогдуулан түрээсийн төлбөр, алданги 173,465,284 төгрөг гаргуулах, ажлын байрны талбайг албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн огноо бүхий нэхэмжлэл, “Ажлийн байр хүлээлгэн өгөх акт” гэх баримтын Шүүхийн тусгай архивын тэмдэг, “Хуулбарлав” тэмдэг бүхий хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ЕШ2019/02045 дугаар захирамжийн Шүүхийн тусгай архивын тэмдэг, “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай” 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн огноо бүхий баримт, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/01346 дугаар тогтоолын Шүүхийн тусгай архивын тэмдэг, “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “УБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн огноо бүхий “Барилга хүлээлцсэн акт” гэх баримт, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу гэрч Д.Энх-Амгалангийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Бгийн үндсэн нэхэмжлэл, хариуцагч “УБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “УБ ХХК-д холбогдуулан караокены дотор тохижил, тоног төхөөрөмжийн үнэ 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч “УБ ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Ажлын байр хүлээлгэн өгөх акт” үйлдэж, караокены дотор тохижилт, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, 30,000,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнийн дүнг шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч “УБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлын байр хүлээлгэн өгөх акт” нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдсэн “УБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн буюу эвлэрлийн гэрээ байгуулахтай холбоотой үйлдэгдсэн акт болохоос биш тус актад дурдсан зүйлийг 30,000,000 төгрөгөөр хүлээлгэж өглөө гэсэн агуулгатай акт биш. Иймд тухайн эд хогшил, тоног төхөөрөмжийг хадгалахтай холбоотой гарсан зардал болох 5,900,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Хариуцагч компанийн зүгээс тухайн эд хөрөнгийг хүлээж авсан акттай маргадаггүй. Тухайн актаар хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн дараагийн түрээслэгч нар тухайн эд хөрөнгийг ашиглаад, түрээслээд түрээсийн төлбөрийг хариуцагч компани авч байсан. Иймд тухайн хүлээж авсан тоног төхөөрөмж, эд хогшлыг хаана, хэнд өгөх, н.Чулуунбат гэх хүн ямар байдлаар хадгалсан, хэдэн төгрөгийн хадгалалтын зардалтай байсан нь өөрсдийнх нь асуудал гэжээ.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02726 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/01346 дугаар тогтоолтой “УБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох 187,505,284 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “УБ ХХК болон Б.Б нар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлын байр хүлээлгэн өгөх акт”-ыг үйлдсэн. (хавтаст хэргийн 68-79 дэх тал)

 

5.2.Дээрх актын дагуу Б.Б нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СУИС-ийн зүүн хойд талд байрлалтай, 0051587 дугаар гэрчилгээтэй, 1,758.7 м.кв талбайтай обьектын нэг хэсэг болох 312 м.кв талбайг хүлээлгэн өгсөн. (хавтаст хэргийн 70 дахь тал)

 

5.3.Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн хүлээлцсэн гэх эд хогшил, тоног төхөөрөмжийг буюу түүний үнийг хариуцагч компаниас шаардаж байсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй.

 

5.4.Хавтаст хэргийн 74-79 дэх талд авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/01346 дугаар тогтоолоор Б.Б нь “УБ ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 59,758,400 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс 23,800,000 төгрөгийг төлж, үлдэх 35,958,400 төгрөг, түүний алданги 17,979,200 төгрөг, нийт 53,937,600 төгрөг төлөх үүрэгтэй болохыг тогтоосон байх бөгөөд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Б.Б нь түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшил, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн талаар мэтгэлцээгүй байна.

 

5.5.Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн өмчлөлийн гэх эд хогшил, тоног төхөөрөмжүүдийг буцаан хүлээж аваагүй.

 

6.Нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн огноо бүхий “Ажлын байр хүлээлгэн өгөх акт” гэх баримтыг үндэслэн хариуцагч “УБ ХХК-нд хүлээлгэж өгсөн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий караокены тохижилт, тоног төхөөрөмжийн үнийг шаардаж, хариуцагч нь тухайн акт нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан “УБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэхтэй холбоотойгоор үйлдэгдсэн баримт бөгөөд талууд эвлэрэн хэлэлцэж чадаагүй тул уг баримтын дагуу эд хогшил, тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй гэж маргаж байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 

6.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02726 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/01346 дугаар тогтоолтой “УБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох 187,505,284 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нь “УБ ХХК-д түрээсийн гэрээний үүрэгт 53,937,600 төгрөг төлөх үүрэгтэй болохыг тогтоосон бөгөөд уг үүрэгт 30,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшил, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн талаар дүгнээгүй, Б.Б нь энэ талаар мэтгэлцээгүй байна.

 

7.Цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй “Ажлын байр хүлээлгэн өгөх акт” гэх баримт нь анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн байх бөгөөд талуудын хооронд үүссэн түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нь тухайн үйл баримтын талаар мэтгэлцэх боломжтой байхад мэтгэлцээгүй төдийгүй тухайн хэргийг хянан шийдвэрлэх үед уг баримт нь тухайн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байжээ.

 

8.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлын байр хүлээлгэн өгөх акт”-ын дагуу 30,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшил, тоног төхөөрөмжийг “УБ ХХК-нд хүлээлгэж өгсөн үйл баримтын талаар шүүх дүгнэлт өгөх эрх хэмжээгүй буюу дахин нотлохгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан “...хаягдмал эд зүйлсийг тэр дор нь илээр авч явсан хаягдал эд цуглуулагч этгээдийн талаарх мэдээллийг түүнд мэдээлсэн байдаг ч тэрээр огт тоолгүй орхисон, хаягдал эд цуглуулагч этгээдээс өөрийн хаясан эд зүйлсийг буцаан шаардах эрхийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дуусгавар болсон...” гэх тайлбар (хавтаст хэргийн 40 дэх тал), шүүх хуралдаанд гаргасан “…Чулуунбат гэх хүн сайн дураар аваад явсан…” гэх тайлбараас үзэхэд Б.Бгийн хаясан эд хогшил, тоног төхөөрөмжийг хадгалахтай холбоотой гарсан зардал болох 5,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч компанийг бусдын эрх ашгийн үүднээс үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “УБ ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Бгээс бусдын эрх ашгийн үүднээс гаргасан зардал болох 5,900,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “УБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “УБ ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Бгээс бусдын эрх ашгийн үүднээс гаргасан зардал болох 5,900,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “УБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөг, хариуцагч “УБ ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД