| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00074/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч С.Баатар
Шүүгдэгч Л.Мөнхзул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулд овогт Лувсандагвын Мөнхзулд холбогдох эрүүгийн 1733000000024 тоот хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1-р баг Амарбаясгалант хийдийн задгайд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай Хулд овогт Лувсандагвын Мөнхзул РД/ИЦ76120871/
Шүүгдэгч Л.Мөнхзул нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Ус сувгийн дэнж гэх газарт оршин суух иргэн С.Баатарын монгол гэрийн цоожийг эвдэлжгэрээс 42 инчийн LCD зурагт хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч С.Баатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
2.Гэрч Б.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
3.Гэрч Г.Алтанчимэгийн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
4.2017 оны 10 сарын 12-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа 52/17
5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.
Шүүгдэгч Л.Мөнхзул нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Ус сувгийн дэнж гэх газарт оршин суух иргэн С.Баатарын монгол гэрийн цоожийг эвдэлж гэрээс 42 инчийн LCD зурагт хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.Хохирогч С.Баатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Манайх байр аваад байр луугаа гэрийнхээ ихэнх юмыг зөөгөөд зурагт болон ойр зуурын хэдхэн зүйлээ орхичихсон байсан. Тэр орой 7 цагийн үед очоод ойр зуурын юм аваад гэрээ цоожилчихоод явсан. Яваад удаагүй байтал манай буусан хашааны эзэн Сүхбаатар ах танай гэрт чинь хулгай орсон юм шиг байна гэр чинь онгорхой байна гэж утсаар ярьсан. Тэгээд очсон чинь манай гэрийн цоожийг хөшчихсөн гэр онгорхой байсан. Манайх гэртээ зурагтаа ил тавьчихсан байсан. Гэртээ ороод үзэхэд манай зурагт байхгүй байсан. Өөр авахаар юм байхгүй байсан. Зурагтаа алга болсоныг мэдээд цагдаад мэдэгдсэн. Зурагтаа авчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашдаа энэ байдлаараа олон хүнийг хохироогоод яваад байвал хэцүү юм байна гэв.
2.Гэрч Б.Сүхбаатарын өгсөн:”…2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 20 цаг 20 минутын үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Ус сувгийн дэнжид байрлах өөрийн хашаандаа ирээд складад юм буулгасан. Буулгаж дуусгатал манай хашаанд буусан Баатарын монгол гэрийн цоож байхгүй байхаар нь очоод хартал хаалганы урд газарт арматур цоож цүү байсан. Би яасан юм бол гэж бодоод Баатар луу залгаж танай гэрийн цоож газарт хэвтэж байна яачихсан юм бэ гэж асуусан чинь “ би гэрээ цоожлоод саяхан гарсан гэж хэлсэн. Тэгээд Баатар Алтанчимэг нарыг дуудсан. Тэр хоёр ирээд зурагт байхгүй байна гээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг ,
3.Гэрч Г.Алтанчимэгийн өгсөн: Манайх саяхан Дарханаас нүүж ирээд таних хүнгүй болохоор Баатарын найз Сүхбаатарын хашаанд буусан. Бид 2 уг нь Сайхан сумын 2-р баг, 21-33 тоотод нүүж орох гээд Сүхбаатарын хашаанд буулгасан гэрээсээ хамаг юмаа зөөгөөд тавьчихсан байсан ба зурагт болон бусад жижиг сажиг зүйлээ үлдээчихсэн байсан. Сүхбаатар ах манай Баатар луу залгаад танай гэр онгорхой байна цоож нь яачихсан юм бэ гэж асуухаар нь Баатар бид 2саяхан гэрээ цоожлоод 21 дүгээр байранд ирсэн за за очьё гээд бид хоёрыг очиход гэрийн урд газарт цоожний даруулга цоож байсан. Баатар гэрэл тусгаад гэрийнхээ хаалгыг нээж харсан чинь зурагт байхгүй байна гэсэн тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг,
4.2017 оны 10 дугаар сарын 12–ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа 52/1–д
Дүгнэлт:
1.Л.Мөнхзул нь сэтгэцийн хувьд Оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол, зан төрх үйлийн эмгэг өөрчлөлттэй, хулгайлахын дон өвчтэй болно.
2.Л.Мөнхзул нь төрөлхийн оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол өвчтэй, бага наснаас эхэлсэн, Зан төрх үйлийн эмгэг өөрчлөлттэй, Худлаа ярих, хулгай хийх, дэмий тэнэх, сэлгүүцэх донтой, хүний үгэнд оромтгой, үнэнч, хүний юу хий гэснийг хийнэ, даган дуурайх дуртай, хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгох, мэдэх чадвартай. Хулгай хийх дон хэзээд дахина. Төрөлхийн учир хэзээч бүрэн эдгэрэх боломжгүй.
3.Л.Мөнхзул нь Оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол, зан төрх үйлийн эмгэг өөрчлөлттэй, хулгайлахын дон өвчтэй учир түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно.
4.Л.Мөнхзул нь болж өнгөрсөн үйл явдлын тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.Болж өнгөрсөн үйл явдлыг санах чадвартай бөгөөд өөрийн өгч байгаа мэдүүлэгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
5. Л.Мөнхзул нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол, зан төрх үйлийн эмгэг өөрчлөлттэй, хулгайлахын дон өвчтэй боловч чиг ухамсарын хувьд үйлдсэн хэргээ хариуцах чадвартай болно.
5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/,
6.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мөнхзулын өгсөн: Би Сэлэнгэ аймагт халамжийн дэвтрээ барьцаанд тавьсан байсан. Би энэ айлын зурагтыг нь аваачиж өгөөд дэвтрээ авъя гэж бодсон юм. Өөр юм байхгүй гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Мөнхзулыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Баатар 400.000 төгрөгийн 42 инчийн LCD зурагт нэхэмжилж байгаа ба энэ зурагт нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн тул хохирогчид буцаан өгч хохирол төлөгдсөнд тооцох боломжтой юм.
Л.Мөнхзулд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлээ. Шүүгдэгч Л.Мөнхзулд ял шийтгэл оногдуулахдаа биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Л.Мөнхзул нь энэ хэрэгт цагдан хоригдсон 56 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мөнхзулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13- д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Хулд овогт Лувсандагвын Мөнхзулыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Мөнхзулыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 56.4 дугаар зүйлийн 3,4-д зааснаар Л.Мөнхзулд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Л. Мөнхзулын цагдан хоригдсон 56 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42 инчийн LCD зурагт зурагтыг хохирогч С.Баатарт буцаан олгосугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА