Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/654

 

 

 

     

 

 

     2022            6            23                                         2022/ДШМ/654         

                                                           

 

Ж.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Батбаатар,

            хохирогч Д.Чөмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

            шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Д.Жаргал,

            нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ж.От холбогдох эрүүгийн 2103003870050 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их хойд овгийн Ж.О, 1993 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны нярав цагдаа ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..............

Шүүгдэгч Ж.О нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын уулзварын баруун урд талд явган хүний гарц дээр “Тоёота Приус” загварын 53-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө , мөн дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Д.Чмөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Их хойд овогт Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  зааснаар шүүгдэгч Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.От “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.О нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Оаас 6.550.110 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Чолгож, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт зааснаар Ж.Оаас 6.550.110 төгрөг гаргуулж хохирогч Д.Чд олгуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шүүхийн шийдвэр болсон. Учир нь Д.Ч нь “Болор дент” ХХК-ийн 01 дугаартай албан бичигтээ:...“Нью смайл” шүдний эмнэлэгт 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сар хүртэл шүдний эмчээр ажиллаж байсан бөгөөд үндсэн цалин 1.500. 000 төгрөг болно. Д.Ч нь 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сараас  4 дүгээр сарын цалинг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллаагүй тул олгоогүй байгаа нь үнэн болно. Харин Д.Ч нь Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сард 500.000 төгрөг, 2022 оны 2,3 дугаар саруудад 420.000 төгрөгийг компаниас төлсөн болно. Мөн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар Д.Ч нь “Болор дент”ХХК-д 2022 оны 1 дүгээр сард хөдөлмөрийн хөлс 500.000 олгогдсон, 2022 оны 2 дугаар сард 420.000 төгрөг олгогдсон, 2022 оны 3 дугаар сард 420.000 төгрөг олгосон боловч төлөгдөөгүй гэх баримтыг шүүх хуралдаан дээр шинээр баримт гаргаж өгсөн. Ж.Оын хувьд гэм буруугийн тал дээр маргаагүй ба өөрөө 8 сартай жирэмсэн эмэгтэй, хохиролд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад 9.000.000 төгрөгийг Д.Чгийн эгч Д.Чимэдцэрэнгийн данс руу шилжүүлж байсан. Хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд Ж.О нь хохирлыг бүрэн барагдуулсан илүү төлсөн боловч Д.Ч“Болор дент” ХХК-ийн “Нью смайл” шүдний эмнэлэгт шүдний эмчээр ажилладаг гэх 01 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд дээрээ 15.000.000 төгрөгийн цалинтай гэх гэрээ /хх 194/ авагдсан хөдөлмөрийн гэрээтэй, мөн хөдөлмөрийн гэрээг хэдний өдөр байгуулсан болох нь тодорхой бус байгаа, мөн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай хохирогч талаас гаргаж өгсөн баримт нь 2022 оны 01, 2 дугаар сард шимтгэлийг 500.000, 420.000 төгрөгөөр төлсөн тухай баримт байгаа зэрэг нь хэрэгт хохирогч тал илт алдаатай нотлох баримтуудыг гаргаж өгсөн атал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүх хохирол хор уршгийг тооцож гаргаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч гэмт хэргийн улмаас авах ёстой цалинг Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хувь хэмжээгээр тогтоох, эсхүл хөдөлмөрийн хөлсны доод хэмжээгээр тооцож гаргах боломжтой байсааар байтал 15.000.000 төгрөгийн сар бүрийн цалин авахаар тохиролцсон, хэзээ байгуулсан нь тодорхой бус гэрээ, бодит цалингаас доогуур Нийгмийн даатгалын шимтгэлийг гэмт хэрэг гарсанаас хойш 2022 онд төлсөн тодорхойлолт зэргийг үнэн бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүй хохирогчийн шаардсанаар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Ж.О нь одоо 8 сартай жирэмсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхнаасаа гэмт хэрэг гарсанд чин санаасаа гэмшиж хохирол төлбөрт 9.000.000 төгрөг төлж хохирогчийг жирэмсэн учир эмчилгээнд гарсан зардлыг саадгүй төлж байсан зэргийг харгалзаж үзээгүйд өмгөөлөгчийн зүгээс хэт чанга ял Ж.От оногдуулсан гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие өөрийн үйлчлүүлэгчийг зорчих эрхийг хасах ялаар шийтгүүлэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр хүүхэд төрж байна. Шинээр мэндэлж байгаа хүүхдийн эрх ашигийг бодоод агаар салхинд хүүхдээ гаргах боломжоор хангаж тэнсэж хянан харгалзаж өгнө үү. ...” гэж шүүхээс хүссэн. Шүүх хууль хэрэглээ тал дээр алдаа гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтолыг эргэн нягтлаж Ж.От оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хохирол хор уршигт гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Д.Чөмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчүүд цуглуулж, гаргаж, судалсан шалгасан шүүхийн хэлэлцүүлэг шүүх хуралдаанд шинжлэн судалж хэлэлцэгдсэн хохирлын болон бичгийн бусад нотлох баримтууд дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар хохирлын тооцоог үнэн зөв тооцож тогтоож хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийг буруу хэрэглэсэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэл байхгүй. Шийтгэх тогтоол ойлгомжтой, тодорхой үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байна. Оноосон ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм бурууд нь тохирсон гэж үзэж байна. Хохирогч ажил олгогчтой 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гэрээ байгуулсан. Хохирогчид тухайн компани цалин хөлс өгөөгүй. Харин уг компаниас нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжэээд дүйцүүлэн 420.000-500.000 төгрөгөөр тооцож төлсөн, одоо ч төлсөөр байгаа. Тиймээс хохирогчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Ажил олгогчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн албан тоотод заасан цалингийн хэмжээнд үндэслэн шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.О нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын уулзварын баруун урд талд явган хүний гарц дээр “Тоёота Приус” загварын 53-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө , мөн дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Д.Чмөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Ч“...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10 дугаар хорооллын уулзварын баруун урд байрлах “Нью Смайл” шүдний эмнэлгээс буюу ажлаасаа 20 цаг 27 минутын үед гараад гэр лүүгээ харих гээд уулзварын баруун урд хэсэгт байрлах явган хүний гэрлэн дохиотой гарцаар явган хүний явахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байтал миний зүүн талаас машин ирж мөргөсөн. Тэгээд би газар унаад ухаан алдчихсан. Жолооч намайг мөргөсөн машинаараа Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв-д хүргэж өгсөн ...” /1хх 20-21, 46-47/,

шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн “...Миний бие гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр бүгдийг мэдүүлсэн. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болоод авто осол гаргаж, бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш ихээр гэмшиж байгаа. ...” /1хх 106-107/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 143 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11946 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн осолд орсны улмаас үүссэн байх боломжтой. Д.Ч2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Лазер мед” эмнэлгийн гавал тархины компьютер томографийн зургийг дахин уншуулахад тухайн үед гавлын суурийн зүүн их далавч ясны шугаман хугарал, зүүн талын харааны мэдрэлийн суваг дахь хийн бөмбөлөг, зүүн нүдний ухархайн доод, дотор, гадна хана, суурь-хацар, хацар-духны ясны заадлын зөрөөтэй нийлмэл хугарлууд, зүүн нүд, нүүрний зүүн талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүдний харааны эмгэгшил үүсэж, зүүн нүд хараагүй болжээ. Д.Чимидзаяа нь 7 сартай жирэмсэн ба ургийн өсөлт одоогоор хэвийн байна. Гавлын суурийн зүүн их далавч ясны шугаман хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн гаралтай зүүн нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, зүүн нүдний хараагүйдэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-тзааснаар хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65%-аар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 233-238/,

“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлчилгээний газар Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн “...Уг автотээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тормос, дуут дохио, хурдны хайрцгийн ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун, зүүн гар талын хол, ойрын гэрлийн тусгалын хүч, дугуйн хээний гүн зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин урд талын оврын гэрэл асахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахг/й байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

  1. Уг автотээврийн хэрэгслийн урд талын оврын гэрэл асахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
  2. Автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл, гэмтэл нь осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.
  3. Автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл, гэмтэл нь осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.
  4. Автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл, гэмтэл нь осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй
  5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВЗ тоормосны системтэй бөгөөд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос ажиллаж байсан.
  6. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВЗ тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. ...” /1хх 59-65/ гэсэн дүгнэлтүүд,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн “...Тоёота Приус маркийн 53-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.О нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндпөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндпөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьжөгнө , 16.2- т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Чимидзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” магадлагаа /1хх 70-72/,

Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-12/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...35 дахь секундэд явган хүний явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байв, 39 дэх секундэд явган зорчигч ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байв, 40 дэх секундэд зорчих хэсгээс баруун гар тийш эргээд машин орж ирэв, 41 дэх секундэд явган зорчигч машинд мөргүүлж газар унав, 46 дахь секундэд жолооч машинаас бууж ирэв. ...” гэх тэмдэглэл /1хх 17/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүгдэгч Ж.Оыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолооодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна.

            Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан “...Ж.От оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хохирол хор уршигт гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж гомдол гаргажээ.

хохирогч Д.Ч“...гэр лүүгээ харих гээд уулзварын баруун урд хэсэгт байрлах явган хүний гэрлэн дохиотой гарцаар явган хүний явахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байтал миний зүүн талаас машин ирж мөргөсөн. Тэгээд би газар унаад ухаан алдчихсан. ...” /1хх 20-21, 46-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 143 дугаартай  дүгнэлт. ...” /1хх 233-238/,

“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлчилгээний газар Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дүгнэлт  /1хх 59-65/,  2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /1хх 70-72/, Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-12/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч явган хүний гарцаар зорчиж явсан зорчигч Д.Чмөргөж, түүний биед хүнд гэмтэл учруулан, нэг нүдийг нь сохолсон хор уршиг учруулсан үйлдлийг нотолсон байх бөгөөд   шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хувьд ял шийтгэл хүнд биш байна.

Мөн анхан шатны шүүхээс Ж.Оаас 15.550.110 төгрөгийг гэмт хэргийн шууд хор уршигт хамаарах зардалд тооцогдоно гэж дүгнэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 9.000.000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Ж.Оаас 6.550.110 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

           

                               ШҮҮГЧ                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ