Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/752

 

       2022          07           21                                         2022/ДШМ/752

О.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч О.Дий өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/499 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Дий гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр О.Дд холбогдох 1908 05764 0140 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х... овгийн О...ын Д..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

О.Д нь 2019 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-06 тоотод бага насны хүүхэд болох 13 нас 4 сартай насанд хүрээгүй хохирогч Х.Н биеийг илж хүчээр дээр нь дарж хэвтэн, өмдийг нь тайлж өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэнд оруулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-06 тоотод арван найман насанд хүрээгүй 17 нас 6 сар 26 хоногтой хохирогч Г.Агийн бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, хүчээр бэлэг эрхтэн рүү нь өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулах, бөгс рүү нь бэлэг эрхтнээ оруулах зэргээр хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Аг жирэмсэн болгосон,

2019 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-06 тоотод насанд хүрээгүй хохирогч Г.Аг өөртэйгээ уулзахыг шаардаж, насанд хүрээгүй хохирогч Г.Агийн нэр хүндэд нь хохирол учруулж болохуйц “Фэйсбүүкээр харилцсан” баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.6 дахь заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дд холбогдох эрүүгийн 1908 05764 0140 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.6 дахь заалтад заасныг тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Х... овгийн О...ын Д...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хүчиндэх” гэмт хэргийг хоёр хүнийг хүчиндэж буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож, мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “заналхийлэх” гэмт хэргийг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож,

шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арван найман жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан арван найман жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг арван найман жил зургаан сараар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан арван найман жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дий цагдан хоригдсон 821 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нар цаашид сэтгэл заслын эмчилгээ хийх шаардлагатай тохиолдолд эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “Samsung-S8 plus” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй хохирогч Х.Нд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, мэргэшсэн иргэн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдтэй хамтран тодорхой арга хэмжээ авч ажиллахыг оршин суугаа газрын харьяалах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Дд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүн ажлаа маш учир дутагдалтай явуулсанд маш их гомдолтой байна. Хууль зөв хэрэглэсэнгүй. Хэтэрхий их баримтгүй зүйлээр баримжаалж хохирогчийн талд ажиллаа. Үнэн зүйл ярьсаныг нь хохироодог, худал ярьж байгааг нь хөхүүлэн дэмждэг хууль юм уу. Хохирогч гэх Х.Н хэлж ярьж байгаа зүйл нотлох баримтгүйн дээр ямар ч үнэмшилгүй. Х.Н ярьж байгаагаар харж байгаагүй хүн гэрийнх нь гадна ирээд юу юугүй гарын нь барьж аваад хүчээр өмд рүүгээ хийгээд бэлэг эрхтнээ бариулсан. Миний сэтгэц эрүүл гэдгийг эмч нар баталсан. О.Д намайг ийм эрүүл бус үйлдэл хийхгүй гэдгийг минь нотолсон. Энэ бүхнийг хүчээр хийлгээд байгаа газар нь нийтийн гудамж талбай гэрийнх нь үүдэнд бид хоёрыг уулзаж байхад 35-40 орчим насны эмэгтэй хүн ч явж өнгөрсөн. Хүчирхийлэлд өртөж байгаа хүн байсан бол эсэргүүцэж гэрийнхнээ дуудаж тусламж гуйх байсан байх. Тийм юм огт болоогүй болоод гэрийнхэн нь болоод тэр эмэгтэй юу ч мэдээгүйг тухайн үеийн нөхцөл байдал гэрчилнэ. Тухайн үед ах нь ирэхэд “заза маргааш уулзъя” гээд гэртээ орсон байдаг. Хүчирхийлэлд өртсөн хүн шүү дээ. Нөгөөдөр нь буюу хоёр хоногийн дараа нөгөө хүчирхийлсэн хүнийхээ гэрт нь явж ороод байдаг. Ийм ямар ч хүн сонссон үнэмшилгүй юм яриад байгаа хүний дээр нь нотлох баримтгүй, шинжлэх ухаанаар мэдүүлгийг нь “худал байнаа” гээд нотлоод байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэдэг хуулийн заалт байна. Энэ нь Х.Н мэдүүлэг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 13577 дугаартай дүгнэлтэд дурдсан бактериологийн №7413 тоот хариунд “Х.Н нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэсэн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Мөн гэрч гэх Б.Түвшинтөгсийн 1-р хавтаст хэргийн 11 дэх талд байх 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн аман мэдүүлэг нь хуулийн үндэслэл хангаагүй хий хоосон яриа байдаг. Хий хоосон гэх учир нь мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.2-т “хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг гэм буруутайг нотлох үндэслэл болохгүй” гэсэн байхад Б.Түвшинтөгс нь хамтран ажилладаг дээд албан тушаалтан мөрдөн байцаагч Цогтбаяр гэдэг хүнд Х.Н өмнөөс мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллагад ажилладаг ах нь дүүдээ нөлөөлж итгэл үнэмшил төрүүлж худал мэдүүлэг гаргасан нь ашиг сонирхол харсан нь Цогтбаярын ярианаас харагдана. Тухайн үед мэдүүлэг авсан мөрдөгч Цогтбаяр гэдэг хүн харъяалалын бус хэргийн мэдүүлэг авахдаа худал итгэл үнэмшил төрүүлж “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүгээр гарах юм чинь би энүүхэнд нь даръя угаасаа хэрэгсэхгүй болно. Чи надаа дараа нь тус болоорой” гэх зэргээр худал мэдүүлэг авсаныг өдий болтол нотлох баримт гэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн байхад маш их эргэлзээтэй зүйлс байсаар байхад зөвхөн хохирогчийн талд ажиллан хавтаст хэрэг бүрдүүлсэн. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн байтал хавтаст хэргийн Х.Н хэсэг нь хохирогчийн ойр дотны гэр бүлийн хүмүүсийн хий хоосон нотолгоогүй мэдүүлгүүд байна. Ганц бодит нотлох баримт болсон эмнэлгийн дүгнэлт нь эдгээр хүмүүсийн мэдүүлгийг үгүйсгэн “Бэлгийн харьцаанд орсон гэх шинж тэмдэггүй, бэлгийн замын халдварт өвчингүй” гэсэн байна. Иймд нотлох баримтгүй гүтгэж буй Х.Н хий хоосон “Энэ хүн намайг хүчиндсэн” гэдэг мэдүүлгээр битгий яллаачээ. Эрүүгийн хэргийн зорилгийн 1.1-т заасан зүйл яг хаана үйлчлээд хий хоосон гүтгэлгээр яллаж, хэлмэгдүүлж, хохироогоод байгаа юм бэ. “Гүтгэх” гэдэг чинь гэмт хэрэг биздээ. Мөн бол яагаад хохирч байгаа иргэнээ гэмт хэргээс хамгаалахгүй байна вэ. Анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, прокурор Х.Анхцэцэг нарын “чи гэртээ бага насны хүүхэд дуудаад ирэхэд нь бага насны хүүхэд гэдгийг нь мэдээд яагаачгүй “ахын дүү жоохон байна” гээд явуулсан гэдэг чинь үнэмшилгүй байна” гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Яагаачгүй гэдгийг нь шинжээч эмч нь баталчихлаа шүү дээ. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т  зааснаар “нас, хүйс”-ээр минь ялгаварлаж шударга ёсны зарчим зөрчиж байна. Яагаад 25 настай эрэгтэй хүн цахим хаягаар насаа нууцалсан эмэгтэй хүнтэй уулзах боломжтой газраа уулзтал тухайн хүн нь бага насны охин болохыг нь мэдээд явуулчихаараа гэмт хэрэгтэн болох ёстой гэж. Х.Н мэдүүлэг худал гэдгийг “шинжлэх ухаан” “шүүх эмнэлэг” нь нотолсон шүү дээ. Охин хальс гэдэг зүйлийг гэмтээхгүйгээр бэлгийн харьцаанд орж болдог юм бол яагаад архаг тэмбүү гэдэг халдварт өвчин нь халдаагүй, эмчлүүлсэн гэж үзвэл цуснаас нь арилдаггүй өвчний нян ч илэрдэггүй юм бэ. Иймд дээд шатны шүүхийн эрхэм шүүгч та бүхэн Х.Н хэргийн бодит байдлыг тогтоож үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Хохирогч Г.Агийн хувьд надад уг охиныг хүчирхийлсэн зүйл огт байхгүй. Хэд хэдэн хохирогчтой гэдгээр миний хувийн байдал маш муу байгааг ойлгож ухамсарлаж байна. Гэхдээ надад огт ийм буруу гаж дон байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан уг охинтой бичсэн чат харилцаа хоёр хэсэгт бодит байдал дээр хуваагдана. Нэг хэсэг нь үйл явдал болохоос өмнө, болсноос хойш гэж. Уг хэрэг явдал буюу бэлгийн харилцаанд орохоос өмнө надад Г.Аг дарамталж, сүрдүүлсэн зүйл үгүй. Уг хэрэг дээр мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ажлаа хийгээгүй. Миний та бүхнээс хүсэх зүйл нь хэргийг минь мөрдөн байцаалтад буцааж шударга ёсны үүднээс Г.Агийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд өгсөн “яваандаа харилцаа дотно болсон байсан. Гэхдээ би өөрийгөө дотно байсан гэж хэлэхгүй. Учир нь би тухайн үед найз залуутай байсан. Манай найз залуу миний фэйсбүүк хаягийн нууц үгийг мэддэг байсан” гэх. Мөн “яваандаа би найз залуугаараа хардуулахын тулд дотно харилцаж эхэлсэн. Хайраа гэх зэрэг үгийг ашигладаг болсон” гэх зэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс болж нөхцөл байдлыг буруугаар ойлгосон тул хэргийг минь мөрдөн шалгах ажиллагаанд буцааж бэлгийн харьцаанд орохоос өмнө Г.Аг дарамталж байсан уу, дарамталж бэлгийн харьцаанд орсон уу, тэр дарамталсан гэдэг чатнаас хойш дахиж уулзаагүй зэргийг минь тогтоож ялгаж салгаж зөв хуулийг ашиглаж өгч нийгэмд амьдрах итгэл бэлэглээч хэмээн энэхүү гомдлыг бичиж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд О.Дд холбогдох эрүүгийн 1908 05764 0140 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.6 дахь заалтад заасныг тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэргийг хоёр хүнийг хүчиндэж буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож, мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч О.Дий хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангаж буй үйлдлүүд нь бүхэлдээ нэг гэмт хэрэгт хамаарна гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Мөн шүүгдэгч О.Д нь “бага насны хүүхэд болох 13 нас 4 сартай насанд хүрээгүй хохирогч Х.Н биеийг илж хүчээр дээр нь дарж хэвтэн, өмдийг нь тайлж өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэнд оруулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, арван намайн насанд хүрээгүй 17 нас 6 сар 26 хоногтой хохирогч Г.Агийн бэлэг эрхтэнрүү нь хуруугаа хийж, хүчээр бэлэг эрхтэнрүү нь өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулах, бөгсрүү нь бэлэг эрхтэнээ оруулах зэргээр хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Аг жирэмсэн болгосон гэх хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн байхад нэг гэмт хэрэгт ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хүчиндэх гэмт хэргийн улмаас хоёр хүнийг хүчиндэж буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож, мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг тус тусад нь бус нэгтгэн зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч О.Дий өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Дий гомдлыг дэмжин оролцож байна. Хохирогч Номин-Эрдэнэтэй гэрийн гадаа дуудаж уулзаж байхад өвөө, эмээ нь дуудаад байсан. О.Дий гомдолд хажуугаар хүн явж байсан, ямар нэгэн байдлаар эрхшээлдээ оруулж, хүчирхийлэлд автсан зүйл байхгүй гэдэг. Яагаад ийм гэмт хэрэг болсон талаараа өөрөө маш олон удаа тайлбарладаг. Хохирогч Номин-Эрдэнийн ах нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг буюу хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Түвшинжаргал мөн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгож мэдүүлэг өгсөн. Дараа нь эмээ, ээж нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байдаг. Хэрэг дотор байгаа баримт гэдэгт шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтэд охин хальс бүтэн, ямар нэгэн урагдалгүй байна гэдэг дүгнэлтийг тайлбарлах нь зүйтэй. Хохирогч Ариунзаяагийн хувьд жирэмсэн болсон. Мөн охин хальс нь цоороогүй байсан талаар шинжээч эмч Даваасүрэн тайлбарлахдаа суналттай байсан тохиолдолд цоорохгүй байх тохиолдол байдаг гэж тайлбарласан. Номин-Эрдэнийн хувьд бэлгийн харьцаанд ороогүй байх талтай гэж шинжээч эмч Даваасүрэн дүгнэдэг. Яаж дүгнэсэн гэхээр шинжээчийн дүгнэлтээр охин хальс нь ямар нэгэн цочрол өгч байсан. Хэрвээ бэлгийн харьцаанд орсон тохиолдолд бол ямар нэгэн цочрол өгдөггүй гэх байдлууд нь Номин-Эрдэнэ ямар нэгэн бэлгийн харьцаанд ороогүй байна гэдэг хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд байгаа шинжээч эмч Даваасүрэнгийн мэдүүлгээр эргэлзээ бүхий байдал үүсдэг. Хохирогч Ариунзаяа жирэмсэн болсон гэсэн эрүүл мэндийн карт байдаг. Энэ картад үр хөндөлтийг эмийн аргаар үр хөндөлт явагдсан байдаг. Эмийн аргаар үр хөндөлт явагдсан тохиолдолд ургийг бэхжүүлж авах, ургийг авах боломж, нөхцөл байдаг уу гэхээр эмийн аргаар бол байдаггүй. Эмийн арга гэдэг нь эм ууж буюу 200 мл эм уусан гэдэг бичлэг байдаг. Харин энэ ураг, ихсийг яаж бэхжүүлж авсан талаар баримт хавтаст хэрэгт байдаггүй. Зөвхөн үр хөндөлтийн түүх гэдгийн нүүрэнд мөрдөгч Номин-Эрдэнэ ихс ургийг хүлээж авлаа гэж бичсэн. Энэ ургийг хүлээж аваад хуруу шилтэй байдаг юм уу, ямар эд зүйлийг авч явсан, хэнээс хүлээж авсан юм, авч явсан зүйлээ хэнд хүлээлгэж өгсөн талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. 2020 оны 9 сар гэсэн огноотой эхо бичлэг байдаг. Үүнээс үзэхэд хохирогч Ариунзаяа жирэмсэн болсон уу, жирэмсэн болсон эхо бичлэгний огноо Ариунзаяагийнх нь мөн эсэх нь эргэлзээтэй баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгчийн хувьд хохирогч Ариунзаяатай бэлгийн харьцаанд орсон боловч жирэмсэн болгосон гэсэнд эргэлзээтэй, хохирогч Номин-Эрдэнэтэй бэлгийн харьцаанд ороогүй гэсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж гэм буруу дээр маргаж байна.” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс шийтгэхдээ бага насны болон насанд хүрээгүй хохирогч нарыг үргэлжилсэн нэг үйлдлээр нэг гэмт хэрэг гэж ял шийтгэл оногдуулсан байгаа. 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа нэг зүйл ангиар ял шийтгэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тус тусад нь зүйлчилж, тус тусад нь ял оногдуулах журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэж ял оногдуулахдаа үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцож, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Яагаад ойлгомжгүй дүгнэлт хийсэн гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.6 дахь заалтад заасныг хэрэгсэхгүй болгосон мөртлөө энэ шинжүүдээ дурдаж, үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэж ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх хүчингүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч О.Дий гаргасан давж заалдах гомдол болон прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

О.Д нь 2019 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-06 тоотод бага насны хүүхэд болох 13 нас 4 сартай насанд хүрээгүй хохирогч Х.Н биеийг илж хүчээр дээр нь дарж хэвтэн, өмдийг нь тайлж өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэнд оруулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-06 тоотод арван найман насанд хүрээгүй 17 нас 6 сар 26 хоногтой хохирогч Г.Агийн бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, хүчээр бэлэг эрхтэн рүү нь өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулах, бөгс рүү нь бэлэг эрхтнээ оруулах зэргээр хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Аг жирэмсэн болгосон,

2019 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-06 тоотод насанд хүрээгүй хохирогч Г.Аг өөртэйгээ уулзахыг шаардаж, насанд хүрээгүй хохирогч Г.Агийн нэр хүндэд нь хохирол учруулж болохуйц “Фэйсбүүкээр харилцсан” баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Х.Н “...2019 оны 9 дүгээр сард ...Дөлгөөн өөрийн бэлгэ эрхтнээ миний бэлгэ эрхтэн рүү хийх гэсэн чинь минийх рүү орохгүй байсан чинь миний хоёр хөлийг дээшээ өргөж байгаад хүчээр өөрийн бэлгэ эрхтнийг миний бэлгэ эрхтэн рүү хийгээд наашаа цаашаа нэлээн удаан хөдлөөд байсан, аймаар их өвдсөн. Би болиулах гэж оролдсон боловч болихгүй байсан, би уйлаад түлхсэн чинь Дөлгөөн бэлгэ эрхтнээ сугалсан мөртлөө дээрээс өвдөглөж дарж байгаад миний бэлгэ эрхтэн рүү гараа цаашаа хийгээд оролдоод байсан. Тэгээд Дөлгөөн өмдөө татаад боссон, би өмдөө татаад өмсөх гэтэл миний бандааш, өмд цагаан өнгийн, сонин, зунгааралдсан, үнэртэй зүйл болсон байсан. Тэгээд би өмдөө татаад гараад явсан. ...Дөлгөөн надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. ...” /1хх 40-44/ гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч Г.Агийн “...+18 утгатай бичсэн чатнаас скрийншот хийж явуулж, фейсбүүкт тавина, од болгоно гэж намайг дандаа сүрдүүлдэг байсан болохоор би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн бичсэн чатуудаа Дөлгөөний утаснаас устгуулах санаатай уулзсан. ...Дөлгөөнөө намайг дагуулаад монгол гэрт орсон ба тухайн гэрт нэг ор, телевизор, ширээ зэрэг гэрт байдаг зүйлүүд байсан Ороод хэсэг юм ярьж сууж байхад Дөлгөөнөө миний хөхийг базаад, өмдөнд гараа хийгээд миний бэлгэ эрхтэн рүү хуруугаа хийж намайг өвтгөж орон дээр хэвтүүлж байгаад миний үтрээ рүү өөрийнхөө бэлгэ эрхтнийг хийсэн. Миний үтрээнд Дөлгөөний бэлгэ эрхтэн орох үед их өвдөж байсан ба “надад их өвдөлт мэдрэгдээд байна больё” гэж гуйхад үгүй гээд байсан. Тухайн үед Дөлгөөн надтай 2 удаа бэлгийн харьцаанд орсон, бэлгэвч хэрэглээгүй. Үтрээн дотор дур тавьчих шиг болсон. Дараа нь миний үтрээнээс шингэн зүйл гарсан. Дөлгөөнөө намайг чатуудаас болж дарамталж хүчээр бэлгийн харьцаанд орсон ба бэлгийн харьцаанд орох үедээ бичлэг хийж зураг авах гэж оролдсон. Миний үснээс зулгааж байгаад бөгсний нүх рүү өөрийн бэлгэ эрхтнээ хийсэн. Дөлгөөн 178 см орчим өндөртэй, сахалтай, шивээстэй байсан болохоор айгаад эсэргүүцэл үзүүлж чадаагүй, өвдөж байна болилдоо гэж хэлсэн. Дараа нь миний сарын тэмдэг ирэх ёстой хоногоосоо 4 хоног хэтэрсэн, жирэмсний тест аваад үзтэл 2 зураас буюу жирэмсэн гэсэн тэмдэглэгээ гарсан. ...” /1хх 159-162/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Түвшинтөгсийн “...Би Номин-Эрдэнэтэй уулзаад юу болсон талаар асуухад “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хороололд гэртээ дагуулж очоод хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн. ...” /1хх 46/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Ундармаагийн “...“Дөлгөөн гэдэг залуутай фейсбүүкээр танилцсан. Дөлгөөн намайг давхар дэлгүүрийн тэнд гэртээ аваачаад миний өмдийг хүчээр шувтлаад дээрээс хүчээр дарж байгаад миний бэлгэ эрхтэн рүү өөрийнх нь бэлгэ эрхтэн орохгүй байсан чинь хүчээр хөл өргөж байгаад өөрийн бэлгэ эрхтнээ хийсэн, Дөлгөөнтэй бэлгийн харьцаанд нэг удаа орсон” гэж хэлсэн. ...” /1хх 52/ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Сансарын “...Г.А гэх охиныг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЭХО-д харахад жирэмсний зургаан долоо хоног таван өдөртэй байсан. Ургийн зүрхний цохилт 1 минутад 144 удаа байсан. Г.А гэх охины жирэмслэх боломжит хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 20-27-ны өдрийн хооронд байсан. ...” /2хх 198-199/ гэсэн мэдүүлэг,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Охин хальсны цочрол нь бэлгийн харилцаанд орсон эсэхийг тогтоох нэг шинж тэмдэг юм. Ихэвчлэн бэлгийн харьцаанд ороогүй тохиолдолд охин хальс цочрол өгдөг. Үзүүлэгч Х.Н хувьд охин хальс бага зэргийн цочрол өгч байсан. Охины хувьд өөрийнхөө бэлгэ эрхтнийг оролдох, эсвэл бэлгийн харилцаанд орсон тохиолдолд эр бэлгэ эрхтний хэмжээнээс хамаарч охин хальсанд цочрол өгч болно. Ер нь эр бэлгэ эрхтний хэмжээ жижиг нарийн эмэгтэй хүний охин хальсны бүтэц зэргээс хамаараад бэлгийн харьцаанд орсон ч охин хальс урагдахгүйгээр бага зэргийн цочрол өгч болно. Харин охин хальс махархаг зузаан гэдэг нь сунаж агших боломжтой охин хальсны нэг бүтэц юм. Махархаг зузаан охин хальстай хүний хувьд бэлгийн харьцаанд орсон тохиолдолд охин хальс урагдаж гэмтэхгүй байх боломжгой байдаг. ...охин хальсны бүтцээс хамаарч урагдаж гэмтэхгүй байх боломжтой. Үзүүлэгч Х.Н нь 2019 оны 11 сард ирж үзүүлэхдээ “2019 оны 8 сард хүчиндүүлсэн” гэж байсан ба уг явдлаас хойш 3 сарын дараа надад үзүүлсэн. Охины хувьд 2019 оны 11 сард ирж үзүүлэхдээ бэлгийн харьцаанд орсон гэх шинж тэмдэггүй байсан учраас бэлгийн харьцаанд орсон гэх шинж тэмдэг илрэхгүй байна гэж дүгнэсэн юм. ...” /1хх 59-61/ гэсэн мэдүүлэг,

шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Мөн охин хальсны бүтэц, шинж чанараасаа хамаардаг учраас охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орж болдог. Харин цочролын шинж илрэхгүй байгаа нь бэлгийн харьцаанд орсон гэдгийг илтгэж байгаа юм. Түүнчлэн охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орж жирэмслэх боломжтой. ...” /1хх 185/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 829 дугаартай “...О.Д нь Г.Агийн гэх ургийн биологийн эцэг байх боломжтой байна. О.Д нь Г.Агаас эмнэлгийн нөхцөлд эмнэлгийн аргаар үр хөндөж авсан ургийн биологийн эцэг байх магадлал 99,99 хувь байна. ...” /1хх 196/ гэх дүгнэлт,

насанд хүрээгүй хохирогч Х.Н нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1хх 22, 27/, насанд хүрээгүй хохирогч Г.Агийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1хх 103, 106/, насанд хүрээгүй хохирогч Г.Агийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1хх 107-109/, үр хөндөлтийн түүхийн хуулбар /1хх 110-116/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Дийг “хүчиндэх” гэмт хэргийг хоёр хүнийг хүчиндэж буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож, мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн “заналхийлэх” гэмт хэргийг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлд “...Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан ...-ыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

Шүүгдэгч О.Дөлөөнийг, 13 нас 4 сартай насанд хүрээгүй Х.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, арван найман насанд хүрээгүй 17 нас 6 сар 26 хоногтой Г.Агийн бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, хүчээр бэлэг эрхтэн рүү нь өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулах, бөгс рүү нь бэлэг эрхтнээ оруулах зэргээр хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн бэлгийн харьцаанд орж хүчиндсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Аг жирэмсэн болгосон үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

мөн насанд хүрээгүй хохирогч Г.Аг өөртэйгээ уулзахыг шаардаж, нэр хүндэд нь хохирол учруулж болохуйц “Фэйсбүүкээр харилцсан” баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 18 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч О.Д “...Х.Н мэдүүлэг худал гэдгийг “шинжлэх ухаан” “шүүх эмнэлэг” нь нотолсон шүү дээ. Охин хальс гэдэг зүйлийг гэмтээхгүйгээр бэлгийн харьцаанд орж болдог юм бол яагаад архаг тэмбүү гэдэг халдварт өвчин нь халдаагүй, эмчлүүлсэн гэж үзвэл цуснаас нь арилдаггүй өвчний нян ч илэрдэггүй юм бэ. Иймд дээд шатны шүүхийн эрхэм шүүгч та бүхэн Х.Н хэргийн бодит байдлыг тогтоож үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...Хохирогч Г.Агийн хувьд надад уг охиныг хүчирхийлсэн зүйл огт байхгүй. ...Бэлгийн харилцаанд орохоос өмнө надад Г.Аг дарамталж, сүрдүүлсэн зүйл үгүй. ...хэргийг минь мөрдөн байцаалтад буцааж шударга ёсны үүднээс Г.Агийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралд өгсөн “яваандаа харилцаа дотно болсон байсан. Гэхдээ би өөрийгөө дотно байсан гэж хэлэхгүй. Учир нь би тухайн үед найз залуутай байсан. Манай найз залуу миний фэйсбүүк хаягийн нууц үгийг мэддэг байсан, яваандаа би найз залуугаараа хардуулахын тулд дотно харилцаж эхэлсэн. Хайраа гэх зэрэг үгийг ашигладаг болсон” гэх зэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс болж нөхцөл байдлыг буруугаар ойлгосон тул хэргийг минь мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч О.Дий гомдлын агуулга нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Г.Агийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ганболдын дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан гэмт этгээд хүчээр хурьцал үйлдэх эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илрэн гардаг билээ. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр бэлгийн харьцаанд орох, эсхүл ийм шинжтэй үйлдэл хийх нь дээрх гэмт хэргийг үндсэн шинж юм.

Эдгээр хоёр шинжээс хууль тогтоогч “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэх”-ийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, түүний бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгон хэрэглэхээр тайлбарласан бөгөөд бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэж заажээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: шүүгдэгч О.Дийг дээрх хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдэлбэл зохих ялын төрөл, хэмжээг тогтоолгүйгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шударга ёсны зарчим болон үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн онц хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял оногдуулж...” гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийж, зөвхөн нэг гэмт хэрэгт нь ял оногдуулсныг буруу гэжээ.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж шүүгдэгч О.Дий хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангаж буй үйлдлүүд нь бүхэлдээ нэг гэмт хэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдав.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/499 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Дий гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.Д нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш буюу 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 90 /ер/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/499 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Дий гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дий 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ