| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
| Хэргийн индекс | 110/2017/0045/з |
| Дугаар | 221/МА2017/0667 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2017/0667
2017 оны 09 сарын 13 өдөр Дугаар 221/МА2017/0667 Улаанбаатар хот
А.Х-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0053 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлоор, А.Х-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0053 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас А.Х-г чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Х-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар К.Б-г томилсон хэсгийг хүчингүй болгож, А.Х-г Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлж, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргыг огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах эрхтэй гэж заасан байна. Энэ хуульд Засаг даргад даалгаж томилон гэсэн заалтгүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл, сум дүүргийн хурлын бүрэн эрхийн 18.1, 18.1.1а, 18.1.1е болон 20 дугаар зүйлийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн 20.1, 20.1.7-д тодорхой заасан байгаа учраас тус сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор төсөл журам баталсан байгаа. Тухайн өдрийн тэргүүлэгчээс гаргасан шийдвэр, хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа нь нотлох баримт юм. Уг тогтоолыг багийн санал хураалтад оролцох хүмүүст танилцуулсан. Багийн даргад нэр дэвших санал хураалтад оролцох хүсэлтэй хүмүүсийн өргөдөл, холбогдох материалыг бид урьдчилан хүлээж авсан нь хавтаст хэрэгт тодорхой байна. Гэтэл дээрх журмын дараа багийн Нийтийн Хурал нь түр журам гэх журмыг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан байна. Багийн Засаг дарга түр журам гаргана гэсэн ямар ч заалтгүй. Мөн тухайн түр журмын талаар хавтаст хэрэгт хурлын тэмдэглэл, нотлох баримт байхгүй. Тухайн журмыг хэн санаачилсан, юуг үндэслэсэн нь тодорхой бус байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан. Санал ирснээр А.Х-г бид судлан үзэж, 4 жилийн хугацааг дуусгавар болгосны дараа 26.3, 26.4-д заасан эрх хэмжээний хүрээнд А.Х-г томилохоос татгалзаж мэдэгдэх хуудсыг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар албан тоотыг хүргүүлсэн юм. Гэтэл тухайн нам эвслийн бүлэг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4-д тодорхой заасан мөртлөө 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр албан тоот бичгээр “Бидний шийдвэр үндэслэлтэй, хэрэв томилохгүй бол бид улс төрийн дараагийн шатанд шилжинэ” гэсэн хуулиас гадуур үндэслэлгүй хүсэлт тавьсан. Энэ тухай багийн Нийтийн Хурлаас хэлэлцсэн, шийдвэрлэсэн ямар нэгэн хурлын тэмдэглэл, нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна. Нэгэнт Засаг даргад ирүүлсэн албан бичиг хууль журмыг хангаагүй учраас багийн санал хураалтад оролцсон дараагийн хүн болох К.Б-г төр засгийн ажил тасралтгүй явагдах ёстой тул томилсон байгаа. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 15 хоногийн дотор дахин нэр дэвшүүлэх боловч 11 хоногийн дараа К.Б-г томилж бидэнд боломж олгоогүй гэдэг нь ямар ч үндэслэх, нотлох баримтгүй. Дахин нэр дэвшүүлэх багийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс шийдвэр гаргах бүрэн боломжтой байсан боловч тухайн үед энэ талаар хуулийг судалж чадаагүй байна.
Анхан шатны шүүх нь хэрэгт цуглуулсан материал багийн Засаг дарга, түүнийг томилох тухайн хуулийн 26.2, 26.3, 26.4-д тодорхой заасан мөртлөө анхаараагүй. Хуулийг буруугаар тайлбарлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нэхэмжлэгч хуулийн хугацаанд нэхэмжлэлийг зөв судлан гаргаагүй, нэхэмжлэгчийн нотлох баримт нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох чадамжгүй мөртлөө тухайн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн захирамжид тодорхой тусгасан мөртлөө анхан шатны шүүх нь үүнд дүгнэлт хийгээгүй.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг улсын орлого болгож хариуцагчаас нэхэмжлэгчийн 70200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Уг 70200 төгрөгийг хариуцагчид төлүүлэх нь хуулийн ямар ч үндэслэлгүй учраас хууль журмын дагуу чөлөөлж өгнө үү.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0053 тоот дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Х нь “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар К.Б-г томилсон хэсгийг хүчингүй болгох, А.Х-г тус 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшин иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн 60.5 хувийн саналыг авсан А.Х-г тус багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “багийн Засаг даргыг уламжлах тухай” 02 дугаар тогтоолоор Бугат сумын Засаг даргад уламжилсан байна.
Дээрх иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын хариуд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 52 тоот албан бичгээр “А.Х нь сумын иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1, 2 дугаар заалтад багийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр А.Х-г багийн Засаг даргаар томилохоос татгалзжээ.
Улмаар Бугат сумын Засаг дарга Х.Х-д хандаж “багийн Засаг даргаар сонгогдсон А.Х-г хуулийн хүрээнд томилж өгөхийг хүсье” гэсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот албан бичгийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга И.Г-с хүргүүлсэн байна.
Харин Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг 26 дугаар зүйлийн 26.3, 26.4, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан журам зэргийг тус тус үндэслэн “... 2 дугаар багийн Засаг дарга А.Х-г бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дугаар багийн Засаг даргаар Г.Б-г томилсон” тухай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга гаргасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж Хурлын бүрэн эрхийг заажээ.
Гэтэл дээрх хуульд заасны дагуу санал болгоогүй, иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн санал аваагүй Г.Б-г Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилсон тус сумын Засаг даргын Б/37 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж заасан нь тухай шатны Хурал нь Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлээгүй байхад Засаг даргыг чөлөөлөх, огцруулахгүй байхыг хуульд зохицуулсан нь төрийн улс төрийн албан хаагчийн баталгаа юм.
Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах эрхтэй хэдий ч хуулиар тухай шатны Хурал санал хүргүүлсэн нөхцөлд шийдвэрлэхээр зохицуулжээ.
Дээрх хуульд зааснаас үзэхэд хариуцагчийн “А.Х нь үүрэгт ажлаа дорвитой хийдэггүй, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчилж, ашиг сонирхол харж шууд илэрхийлэхэд огт ажиллагаагүйгээс тус багт төрийн ажил үгүй болсон. Бага дунд боловсролтой” гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.
Эдгээр үндэслэлээр болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамжийн “... 2 дугаар багийн Засаг даргаар Г.Б-г томилсон” хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Мөн “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамжийн “2 дугаар багийн Засаг дарга А.Х-г бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч А.Х татгалзсаныг шүүх хүлээн авч, түүний энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тиймээс хариуцагчийн “багийн даргад нэр дэвших санал хураалтад оролцох хүсэлтэй хүмүүсийн өргөдөл, холбогдох материалыг бид урьдчилан хүлээж авсан нь хавтаст хэрэгт тодорхой байна. Шүүхийн хуулийг буруу тайлбарласан, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь хуулийн ямар ч үндэслэлгүй учраас хуульд заасан журмын дагуу чөлөөлж өгнө үү” гэх давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР