Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/00943

 

                                                            Ч.Цолмонгийн нэхэмжлэлтэй

                                                                   иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03566 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1043 дугаар магадлалтай,

Ч.Цолмонгийн нэхэмжлэлтэй

Ц.Баярсайханд холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ч.Цолмон, өмгөөлөгч Ч.Жадамба, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжны 117 тоотод 699 м.кв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 335 дугаартай захирамжаар эзэмшиж, 15 жилийн хугацаатай гэрчилгээ олгогдсон. Гэтэл тус газар дээр 2013 оны 06 сараас Ц.Баярсайхан зөвшөөрөлгүйгээр барилга барьж эхэлсэн бөгөөд хариуцагчтай тохиролцоонд хүрээгүй тул 2013 оны 7 сард шүүхэд хандсан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5867 дугаартай захирамжаар барилгын ажлыг үргэлжлүүлэхгүй байхыг Ц.Баярсайханд даалгаж байсан. Нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8819 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид зохих газарт хандаж, маргааныг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ хугацаанд Ц.Баярсайхан барилгыг барьж дууссан бөгөөд энэ нь кадастрын зураг болон фото зургаар тогтоогдож байгаа. Ц.Баярсайхан нь манай зэргэлдээ газрыг эзэмших эрхтэй мөртлөө манай газар дээр барилга барьсан нь хууль бус юм. Иймд Ч.Цолмонгийн эзэмшил газрыг Ц.Баярсайханы хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: 2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 293 дугаар захирамжаар Ойчдын задгайд нэгж талбарын 18646319015106 дугаартай 0,07 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон. Тэрээр энэ газар дээрээ 2 байшин барьсан. Бусдын газар дээр байшин барьсан гэдэг нь үндэслэлгүй. Сүүлд түүний эзэмшил газрын талыг нь манаач нь байсан гэх хүн бусдад зарсан асуудал гарсан. Зарагдсан газар дээр нь дахин өөр хүнд эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гарсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Цолмон өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03566 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан Ч.Цолмонгийн эзэмшлийн нэгж талбарын 18645319998089 дугаар бүхий 699 м.кв газрыг Ц.Баярсайханы хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярсайханаас 175.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цолмонд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1043  дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Баярсайханаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг удирдлага болгон “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг дуруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Ц.Баярсайхан нь 2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын №239 тоот захирамжаар Ойчдын задгайд нэгж талбард 0,07 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон. Тухайн зөвшөөрөл бүхий газартаа 2 байшин барьсан бөгөөд Цолмон нь 2008 оны 12 сард зөвшөөрөлийг давхардуулан авсан нь хууль бус байна. Ц.Баярсайхан нь “Б.Цогтсайхан газрыг харж ханддаг байсан ба Ч.Цолмонд уг газрыг зарсан” гэж ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Ч.Цолмон нь Б.Цогтсайханаас 2008 онд эрх шилжүүлэн авсан баримт байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ иргэн Б.Цогтсайханыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ч.Цолмонгийн “...газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг  хариуцагч Ц.Баярсайхан эс зөвшөөрөхдөө “...өөрийн эзэмшлийн газар дээрээ байшин барьсан” гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 355 тоот захирамжаар нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1-117 тоотын 699 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн ба хариуцагч уг газар дээр 1 давхар, мансардтай, дүнзэн байшин барьсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна /хавтаст хэргийн 14-24, 62-68 дугаар тал/.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба хариуцагч маргаж буй газрыг эзэмших эрхтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 79-83 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 293 дугаар захирамжаар Ц.Баярсайханд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын задгайд нэгж талбарын 18646319015106 дугаар бүхий 0.07 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, энэ нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцаагүй, хөрш залгаа болох нь “Гурван хорол” ХХК-ийн хэмжилтээр тогтоогджээ. Иймд хариуцагчийг маргаж буй газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх үүрэгтэй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1043 дугаар магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...106 дугаар зүйлийн 106.1, 106.4...” гэснийг “95 дугаар зүйлийн 95.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбатын  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ