| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/04278/И |
| Дугаар | 183/ШШ2024/01178 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2024/01178
| 2024 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2024/01178 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Ар гүнт булаг, -р гудамж, тоот хаягт оршин суух, Боржигон овогт ТгийнБ /РД:000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа 1-713-23 тоотод оршин суух, Тайж овогт Б.Оын Э /РД:000000/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Агниста хотхон 99а байр 12 тоот хаягт оршин суух Борлууд овогт Ггийн Г /РД:000000/ нарт холбогдох,
10,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар,
Хариуцагчийн Г.Гын өмгөөлөгч Б.Түвшинтөгс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
1.Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Г.Г, Б.Э нарт холбогдуулан 10,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Т овогтойБ миний бие иргэн Гүнтэвсүрэн овогтой Г Маркус цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нарын хариуцаж байсан барилгын ажилд дотор хар шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу барилгын шаврын ажлыг чанартай сайн, хугацаанд нь гүйцэтгэсэн. Тухайн үед Маркус цамхаг ХХК нь 2016 оны 01 сарын 12-ны өдөр иргэн Т.Б /000000/ манай компанийн зайсан дахь Агниста хотхоны барилга дээр 4280 м.кв дотор шаврын ажил хийсэн. Үүнээс ажлын төлбөрт 11,500,000 төгрөгийг бэлнээр олгосон ба үлдэгдэл 14,600,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах болно гэсэн албан бичиг хийж өгсөн. Мөн дараа нь Маркус цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О овогтой Э нь өөрийн гараар 14,600,000 төгрөгийг Т овогтойБд өгөх нь үнэн болно. Энэ мөнгийг 04.22-05.22-ны дотор барагдуулах болно. Энэ мөнгийг иргэн Гүнтэвсүрэн овогтой Гын нэрэн дээр байгаа ашиглалтын лицензийг зарж орж ирэх мөнгөнөөс барагдуулах болно гэсэн бичиг хийж өгсөн. Ингээд Гүнтэвсүрэн овогтой Г 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г.Г нь өөрийн Хаан банкны 5800555548 тоот данснаас 2,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөн данснаасаа 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 10,100,000 төгрөгийг 2018, 2019 онуудад төлнө төлнө гэсээр төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 сарын 09-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад Г.Гт нэхэмжлэлийг гардуулсан харин Маркус цамхаг ХХК-д нэхэмжлэл гардуулахаар мэдэгдэх хуудас явуулахад хаяг дээрээ байдаггүй гэсэн хариу ирүүлсэн. Иймд Маркус цамхаг ХХК нь 2021 оны жилийн эцсийн татварын тайлангаа ямар хаягаар ирүүлсэн талаар лавлагаа авахад тус компани нь жилийн эцсийн тайлангаа Татварын ерөнхий газарт ирүүлээгүй гэсэн хариу ирсэн тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 сарын 19-ны өдрийн 183/Ш32022/06575 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд тухайн үеийн Маркус цамхаг ХХК болон гүйцэтгэх захирал Б.Эыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 сарын 29 өдөр гаргасан. Тус шүүхээс 2022 оны 6 дугаар сарын 02 өдөр 184/ШШ2022/01862 дугаартай Маркус цамхаг ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Б.Эыг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2022 оны 09 сарын 21-ний өдөр 28з1_3/7065 дугаартай албан тоотоор Б.Эыг эрэн сурвалжилж Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буян Ухаа 1-713-23 тоотод оршин суудаг болохыг тогтоон 2022 оны 06 сарын 02 өдөр 184/ШШ2022/01862 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангасан. Иймээс Иргэний хуулийн 351-р зүйлийн 351.1.1-т гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ захиалагч болох Гүнтэвсүрэн овогтой Г болон Маркус цамхаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О овогтой Э нь зөрчиж байгаа учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
2.Хариуцагч Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Т.Б нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан билээ. Уг хэрэгтэй холбоотой барилгын ажлыг Г.Гтай хамтран гүйцэтгэж иргэн Т.Бд мөнгө болон ажлын хөлсний асуудлыг Г.Г хариуцаж барилгын ажлыг миний бие хариуцаж байсан билээ. Иймд Т.Бгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг миний бие төлөхгүй болно. гэжээ.
3.Хариуцагч Г.Г шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед иргэн Т.Б нь агниста хотхоны шаврын ажлыг хийж дуусгаад 4280 м.кв дотоод шаврын ажлыг хийж дуусгаад үүнээс ажлын төлбөр болох 11,500,000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 13,600,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэсэн бичгийг Б.Э хүргэж өгсөн байдаг. Мөн үүний дараа 2020 онд Маркус цамхаг ХХК-ийн захирал Б.Э гэсэн өөрийн гараар бичээд 13,600,000 төгрөгийг Т.Бд өгөх нь үнэн болно мөн энэ мөнгийг 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 22-ноос дотор төлж барагдуулах болно мөн энэ мөнгийг иргэн Г.Гын нэр дээр байгаа ашиглалтын лицензийг зарж орж ирэх мөнгөнөөс барагдуулах болно гэсэн бичгийг хийж өгсөн. Ингээд Г.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-нд өөрийн хаан банкны 5800555548 данснаас 2,000,000 төгрөгийг мөн 2017 оны 02 дугаар сарын 26-нд мөн данснаас 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 10,100,000 төгрөгийг шилжүүлээгүй 2018, 2019 онд төлнө гээд дээрх бичгийг Б.Э хийж өгсөн байдаг юм. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй. 2016 онд тухайн гэрээний ажлын үр дүнг хүлээгээд авсан хүлээж аваад төлнө гэдгийг талууд илэрхийлж байсан дансны хуулга болон нэхэмжлэгч Т.Бд бичгээр гаргаж өгсөн хүсэлт болон албан бичгээр нотлогдоно. Хариуцагч Т.Б нь Г.Г нараас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 10,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв. гэжээ.
5.Хариуцагчийн Г.Гын өмгөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б миний бие иргэн Гүнтэвсүрэн овогтой Г Маркус цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нарын хариуцаж байсан барилгын ажилд дотор хар шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Маркус цамхаг ХХК нь 2016 оны 01 сарын 12-ны өдөр Агниста хотхоны барилга дээр 4280 м.кв дотор шаврын ажил хийсэн. Үүнээс ажлын төлбөрт 11,500,000 төгрөгийг бэлнээр олгосон ба үлдэгдэл 14,600,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Г нь нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 10,100,000 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл 10,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. гэжээ.
6.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхийн хуулбар, гараар бичсэн өргөдөл, Маркус цамхаг ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бичиг, Т.Бгийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2022/06575 дугаар шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/01862 дугаар шүүхийн шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 28з1-2/7065 дугаар албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, төлбөрийн даалгаврын баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
6.2.Хариуцагч Б.Эаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ,
6.3.Хариуцагч Г.Гаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлжээ.
6.4.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Маркус цамхаг ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэхгүй лавлагаа гаргуулсан.
Хэрэгт авагдсан бичгин нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Г.Г, Б.Э, Маркус цамхаг ХХК нарт холбогдуулан 10,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Маркус цамхаг ХХК-иас татгалзсан.
Шүүх, хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг үндэслэн хуульд зааснаар мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад тэмдэглэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй, Б.Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан тухай хүсэлт ирүүлсэн боловч тухайн шүүхэд өөрөө биечлэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Б.Эын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: миний бие иргэн Гүнтэвсүрэн овогтой Г Маркус цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нарын хариуцаж байсан барилгын ажилд дотор хар шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Ажлын төлбөр үлдэгдэл 10,100,000 төгрөгийг төлөөгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний ажлын үр дүнг хүлээгээд авсан хүлээж аваад төлнө гэдгийг талууд илэрхийлж байсан. Б.Э 10,100,000 төгрөгийг төлнө гэж бичиг хийж өгсөн байдаг. 10,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Г.Гын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд: Т.Б гэх бол хариуцагч Б.Эын эзэмшдэг Маркус цамхаг компанитай гэрээ байгуулж туслах үйлчлэгчээр ажилласан байсан. Г.Г нь нэхэмжлэгч Т.Бг өөрийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан асуудал байхгүй. Иймд Г.Г нь Т.Бг ажиллуулсан, төлбөрийн үүрэг хүлээлгэсэн буюу эдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүсээгүй учир энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. Ийм учраас Г.Гт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд: Т.Бд мөнгө болон ажлын хөлсний асуудлыг Г.Г хариуцаж барилгын ажлыг миний бие хариуцаж байсан билээ. Иймд Т.Бгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг миний бие төлөхгүй болно. гэжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т.Б нь Б.Этай барилга дээр дотор шаврын ажил хийхээр харилцан тохиролцсон бөгөөд тус гэрээгээр Т.Б нь 4,280 м.кв талбайд дотор шаврын ажил хийж гүйцэтгэх, Маркус цамхаг ХХК нь ажлын хөлсөнд 26,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Бд олгохоор талууд харилцан тохиролцжээ.
Улмаар нэхэмжлэгч Т.Б нь гэрээгээр тохиролцсон ажлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээ үүргийг Т.Б бүрэн биелүүлсэн эсэх талаар малууд маргаагүй.
Талууд харилцсан тохиролцсоны үндсэн дээр дотор заслын ажлыг хийлгэсэн, дотор заслын ажлыг бүрэн хугацаандаа гүйцэтгэсэн, ажлын үнэлгээ 26,100,000 төгрөг болох, ажлын төлбөрөөс 11,500,000 төгрөгийг Т.Бд шилжүүлсэн талаар маргаагүй.
Харин Т.Б болон Г.Г, Б.Э нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх үйл баримтад маргасан.
Нэхэмжлэгч Т.Б болон Б.Баяраа нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан арилжааны гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Б.Эын бичсэн тайлбараар тогтоогдож байна.
Харин Т.Б болон Г.Г нарын хооронд гэрээ байгуулагдсан болох нь баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан.
Т.Б болон Б.Баяраа нарын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний үүргийг 2016 оны 02 дугар сарын 01-ний өдрийн дотор талууд гүйцэтгэхээр тохиролцсон болох нь Маркус цамхаг ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Т.Бгийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тус өдрөөс эхлэн тоолбол 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Эын гараар бичиж өгсөн тайлбар /хх-4/ байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тайлбарлах боловч тус тайлбарыг хэзээ бичсэн огноо тодорхойгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж үзэхгүй.
Иймд дээр дурдсанаар нэхэмжлэгч Т.Бгийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Бгийн гаргасан хариуцагч Г.Г, Б.Э нарт холбогдох 10,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Маркус цамхаг ХХК-иас татгалзсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА