| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05479/И |
| Дугаар | 101/ШШ2024/03066 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2024/03066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ****** тоот хаягт оршин суух, Д******* Ч******* овогт Г*******ийн Ц*******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Ч*******ын Ү******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох
Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Ц******* нь Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай 127,47 м.кв талбайтай дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.
Гэтэл 2023 оны 4 сараас эхлэн миний өмчлөлийн дээрх орон сууцанд хариуцагч Ч.Ү******* хууль бусаар эзэмшин амьдарч эхэлсэн ба энэ хугацаанд Г.Ц******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Э.Таар дамжу удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч элдэв шалтаг хэлсээр өдийг хүрч, сүүлдээ бусадтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж хэлэх болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр үл хөдлөх эд хөрөнгө хууль ёсоор өмчлөх эрх Г.Ц*******д үүссэн нь тодорхой байх ба бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө шаардах эрхтэй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Ү*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаараа нэхэмжлэгч Г.Ц*******гийнх болох нь тодорхой байх тул үүнд маргах зүйлгүй.
Гэвч хариуцагч уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйлгүй тул орон сууцыг нэхэмжлэгчид албадан чөлөөлж өгөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч Ч.Ү******* нь эхнэр Л.Огийн хамтаар 2021 оны 11 сарын 10-ны өдөр Э** С** Э** Х Г ХХК-иас худалдаж авахаар тохиролцож орон сууцны үнийн тодорхой хэсгийг шилжүүлсэн бөгөөд уг орон сууцанд 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байна.
Э** С** Эс Х** Г** ХХК-иас уг орон сууцыг худалдан авах болсон шалтгааны тухайд, "Э** С** Э** Ха** Г** ХХК болон Э** Ж** Ж** ** ХХК нарын хооронд 2020 оны 9 сарын 17-ны өдрийн №** дугаартай Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ-г үндэслэсэн бөгөөд Э** С** Э** Х** Г** ХХК-ийн захирал Энхбаяр нь №** тоот гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажлынхаа дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн, уг орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 12 сарын 25-ны дотор шилжүүлж өгнө гэх тайлбарыг өгч байсан бөгөөд хариуцагч нь тухайн үед №** тоот гэрээгээр гүйцэтгэж буй ажлыг газар дээр нь үзэж, танилцсаны үндсэн дээр түүнтэй гэрээ байгуулж, 177 сяя төгрөгийг Э** С** Э** Х** Г** ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд, мөн 110 сая төгрөгт тооцож Баянзрүх дүүргийн ****** тоот, 66 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны эзэмшил, ашиглалтыг шилжүүлж, үлдэх төлбөрийг 2021 оны 12 сарын 25-нд төлөхөөр тохиролцсон юм.
Э** С** Э** Х** Г** ХХК-ийн захирал Энхбаяр нь Э** Ж** Ж** ** ХХК-тай гэрээгээ дүгнэх ажлын хөлсөө тооцуулж авах талаар №82 тоот гэрээний захиалагч болох Э** Ж** Ж** ** ХХК-тай зөвшилцөж байна гэсэн боловч өнөөдрийг хүртэл №82 тоот гэрээгээ дүгнэж чадаагүй, маргаантай байна гэх тайлбарыг өгч байна.
Хариуцагч нь гэр бүлийнхээ хамтаар уг орон сууцанд 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Ц** гэх иргэн нэг ч удаа ирж уулзаж байгаагүй, 2023 оны 4 сард Т** гэх хүн ирж уг орон сууц нь манай компанийн байр, иймд суллаж ег гэх шаардлагыг тавьж байсан байна.
Нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байж болно. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, нэхэмжлэлийн үндэслэлээ үнэн зөв гаргах, нэхэмжлэлд болж өнгөрсөн үйл баримтыг бүрэн дүүрэн тусгах нь түүний үндсэн үүрэг юм.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр нэхэмжлэгч та өмчлөгч байж болно. Гэвч өнгөрсөн хугацаанд өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан бэ? Үүнд хариулт өгөх учиртайг мөн сануулъя.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 өмчлөгч бусдад гэм хоручруулах замаар өмчлөх эрхээ урву ашиглахыг хориглоно" гэжээ.
Хариуцагчийн хувьд уг орон сууцны өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авахаар бусадтай хэлцэл хийсэн байгаа байдал, мөн хэлцлийн үндсэн дээр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул албадан чөлөөлөх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Ц*******гаас Э.Тт олгосон 2023.08.02-ны өдрийн итгэмжлэл, Г.Ц*******гийн өмчлөлийн, улсын бүртгэдийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/2018.03.15№ дугаартай/-ний хуулбар, Г.Ц*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
Хариуцагч талаас гаргасан баримтууд: хариуцагч Ч.Ү*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Ч.Ү*******аас Б.Хд олгосон 2023.09.05 өдрийн итгэмжлэл, 2021.11.10 өдөр Л.Огээс Э** с** э** х*** г**** ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхбаярт Мөнгө хүлээлцсэн акт, Э** с** э** х** г** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Г.Ц*******гийн өмчлөлийн, улсын бүртгэдийн ** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/2018.03.15 огноотой, дугаар харагдахгүй/-ний хуулбар, Ч.Ү*******, А.Баасанжав хоёр иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /2017.09.29 огноотой, дугаар харагдахгүй/, Ч.Ү*******, Л.О нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Эф си эс х г ХХК-ийн ** дугаартай дансанд 177,000,000 төгрөгийг ** дугаар данснаас Лхагважав О шилжүүлсэн тухай 2021.11.10 огноотой Хаан бакны мөнгөн шилжүүлгийн баримт, Их үйлс СӨХ-ны 2021.10.20 огноотой 305,190.50 төгрөгийн дүнтэй НӨАТ-ын баримт /эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй/, Э** с** э** х** г** ХХК болон Л.О нар 2023.05.05 өдөр Гэрээ дүгнэсэн акт, Ч.Ү*******, Л.О нар өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагватай байгуулсан, 2023.11.30 огноотой Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020.09.17№82 Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ, Э** с** э** х** г** ХХК-ийн улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/нотариатаар гэрчлүүлээгүй/
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ц******* нь хариуцагч Ч.Ү*******ад холбогду, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаартай гэрчилгээний хуулбараас үзэхэд, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Ц******* бүртгэлтэй байх ба уг орон сууцны өмчлөх эрхийн талаар хариуцагч маргаагүй.
4. Хариуцагч Ч.Ү******* нь маргаж буй орон сууцыг эхнэр Л.Огийн хамтаар 2021 оны 11 сарын 10-ны өдөр Э** С** Э** Х** Г** ХХК-иас худалдаж авахаар тохиролцож, орон сууцны үнийн тодорхой хэсгийг шилжүүлж, 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарласан.
5. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа нотлохоор, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.Огээс Эф си эс х г ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхбаярт Мөнгө хүлээлцсэн акт, Э** с** э** х** г** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ч.Ү*******, Л.О нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Эф си эс х г ХХК-ийн ** дугаартай дансанд 177,000,000 төгрөгийг ** дугаар данснаас Лхагважав О шилжүүлсэн тухай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны огноотой Хаан бакны мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг нотлох баримтаар гаргасан ба орон сууцыг худалдан авсан, гэрээний үндсэн дээр орон сууцанд амьдарч байна гэж маргасан боловч тухайн орон сууцыг өмчлөгч этгээдээс худалдан авсан гэж үзэхээргүй байна.
5.1. Тайлбарлавал, хариуцагч Ч.Ү******* нь маргаж буй орон сууцыг худалдан авсан гэх боловч худалдагч тал нь уг орон сууцыг өмчлөгчийн хувиар захиран зарцуулж, түүнд худалдсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.
5.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
6. Хариуцагчийн татгалзалд дурдагдаж буй Э**с** э** х** г** ХХК нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ****** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан эсэх, уг орон сууцыг өмчлөгчийн хувиар, эсхүл гэрээний үндсэн дээр буюу итгэмжлэлийн үндсэн дээр захиран зарцуулах, бусдад худалдан борлуулах эрхтэй эсэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч Ч.Ү******* орон сууцыг худалдан авч, гэрээний үндсэн дээр амьдарч байгаа гэх татгалзал үндэслэлгүй байна.
7. Маргаж буй өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууц нь нэхэжмлэгч Г.Ц*******гийн өмчлөлд бүртгэгдэж, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр №** дугаартай, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байх ба нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн өдрөөс хойш 2021 оны 11 дүгээр сард Ч.Ү******* бусадтай гэрээ байгуулж, төлбөр төлсөн тухай нотлох баримтуудыг гаргасан нь хариуцагч гэрээний үндсэн дээр буюу хуульд нийцүүлэн орон сууцанд амьдарч байна гэж үзэх боломжгүй байна.
8. Өмчлөгч нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 101.1.-д зааснаар, бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохьцуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж зааснаар, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардаж буй шаардлагыг хангаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлнэ.
10. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын хүсэлтийг шүүх хангаагүй бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч н.Гантөмөр нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдаж байна.
10.1. Тодруулбал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын оролцох шүүх хуралдаан давхацсан гэх боловч өмгөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан шүүх хуралдааны зар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, зар дээр бичигдсэн зүйлс уншигдахгүй, хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаагүйн дээр 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон өмгөөлөгч н.Гантөмөр шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 154 а байр 501 тоот хаягт байршилтай, орон сууцыг хариуцагч Ч.Ү*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ү*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцу сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА