| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0342/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/317 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Л.Отгончимэг ,
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 201722000243 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 04 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын төв Шинэ хороолол гэх газраас иргэн С.Д-гийн эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 он 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....тоот хашааны гаднаас иргэн Б.Б-ийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 04 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын төв Шинэ хороолол гэх газраас иргэн С.Д-гийн эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан, 2017 он 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....тоот хашааны гаднаас иргэн Б.Б-ийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Шинэ хороололд Ганаагийн үүдэнд хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байж байхаар нь кондукторыг нь салгаж асаагаад Болороогийн хашаанд аваачсан. Өөрийнхөө улаан өнгийн мотоциклийн моторыг нь сольж тавьсан. Өмбөг бүжгийн газраас зүүн тийш гудамж руу алхаж ороод хашааны үүдэнд байсан улаан өнгийн мотоциклийг урьдныхаа аргаар кондукторыг нь салгаж асаагаад бүжгийн газарт ирэхэд Бадамдорж найзтайгаа байхгүй байсан. Тэгээд худаг дээр очоод цоожтой байхаар нь хажуу талын хоосон хашаа руу орох гэж байгаад цагдаад баригдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20-27 дугаар хуудас/,
Хохирогч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”…Түнэл сумын шинэ хорооллын хашааны гадна Мустанг-5 маркийн мотоциклио үлдээгээд гэртээ ороод хэсэг байж байгаад гараад ирсэн чинь мотоцикль алга болсон байсан...Би хулгайд алдсан мотоциклио хүлээж авлаа. Одоо надад гомдол санал байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-33 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”…Мөрөн сумын ....тоот хашааны гадна Мустанг-5 маркийн мотоциклио үлдээгээд гэртээ ороод 20 орчим минут болчихоод гараад ирсэн чинь мотоцикль алга болсон байсан...Би хулгайд алдсан мотоциклио хүлээж авлаа одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-37 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед мөрдөн байцаагч Б.А- манай дүү Бийг хулгай хийсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Б бид хоёр нэг ангийн нэг салаанд цэргийн алба хаасан онжавууд юм. Б Мягмаад надад зарах мотоцикль байна чи сонирхохгүй биз гэж хэлсэн. Тэгээд Б 9-р хорооноос мотоцикль авчирч үзүүлнэ гээд явсан...Бийг цагдаад баригдсан хойно нь мотоцикль хулгайлсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-42 дугаар хуудас/,
Гэрч Д.О-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...2017 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө 21 цагийн үед манай хашаанд Б мотоцикль оруулаад ирсэн. Миний мотоциклийн мотор зуурсан гэж надад хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа ирээд хөх мотоциклийн моторыг улаан өнгийн мотоциклийн моторыг солиод тавьж харагдсан. Би бодохдоо хүний мотоцикль засаж өгч байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би Бадамдоржтой явж байхад зах дээр Б-н цэргийн онжав гээд нэг залуутай тааралдсан. Тэгээд орой 5 дугаар хороонд өмбөг гэдэг бүжгийн газарт бид гурав бүжиглэж байгаад гарч ирээд зогсож байтал Б-н цэргийн онжав надад зарах мотоцикль байгаа сонирхох уу гэхээр нь үзье гэсэн чинь аваад ирье гээд алга болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 48 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 201722000243 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Бийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.
Хохирогч С.Д-, Б.Б- нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 86 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эцэг, эх, ах эгч, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201722000243 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 22 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн 201722000243 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 22 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР