Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/743

 

 

 

 

 

      2022             7              20                                       2022/ДШМ/743                     

 

Х.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/383 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2105 02359 0725 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б с овгийн Хын Г, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цаг засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух хаягтай, /РД:.............................../;

            Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/868 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Х.Г нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Некст электроникс” цахилгаан барааны дэлгүүрийн гадна талд байсан 97-91 УНХ улсын дугаартай тус компанийн бараа түгээлтийн “Маяти-2” загварын тээврийн хэрэгслийн бүхээгийн хэсгээс “Ти Си Эл” загварын 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Бт 1.199.900 төгрөгийн хохирол, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудал дээр хохирогч Б.Игийн куртикний халааснаас “Айфоне-7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б с овгийн Хын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийг 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 868 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 65 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Х.Гт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, оногдуулсан хорих ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Х.Гаас 1.649.900 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Бт 1.199.900 төгрөг, хохирогч М.Ид 450.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Х.Г нь ял нэмж нэгтгэсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 868 дугаартай шийтгэх тогтоолоор бусдад төлөх 2.368.000 төгрөгийн төлбөртэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөртэй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг бичлэг бүхий СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр хулгайн гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн талаар албан ёсоор байцаалт авч байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр өгсөн хохирогч гэх Бын гомдолд “...хорооллын салбарын няравтаа бараагаа хүлээлгэж өгсөн. Тэгээд зөрүүлээд хүргэлтийн “Ти Си Эл” зурагт, угаалгын машин ачаад явсан...” гэжээ. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12:00 цагт нярав нь “43 инчийн зурагт яасан бэ” гэхэд “мэдэхгүй байна, машинд хийсэн шүү дээ” гэж хэлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хорооллын салбартаа бараагаа буулгаж байхдаа 43 инчийн зурагт байхгүй болсон байсныг мэдсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагдаад мэдэгдсэн...” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хурал дээр дүрс бичлэгийн камерт бичигдсэн хүн би биш гэдгээ хэлсэн, хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн цаг үед би тэнд байгаагүй. Мөн тухайн үед хорооллын “Дүүхээ” төвийн автобусны буудал дээр хүний халааснаас гар утас хулгай хийгээд замын эсрэг талд байх “Некст электроникс” цахилгаан барааны дэлгүүрийн гадна талаас овор ихтэй 43 инчийн зурагт хулгай хийж аваад буцаад зам хөндлөн гараад явж байхад дуудлагаар ирсэн цагдаа болон гэрч, хохирогч нар тэр хавиар намайг эрж хайгаад олдоогүй гээд байгаа. Мөн Б.И нь намайг гар утсыг нь яг авч байсныг харсан юм шиг гар утсаа алдсанаа автобусанд ороод мэдсэн, эргэж буугаад намайг авсан гэж шууд тулган гүтгэсэн. Хийгээгүй үйлдлийнхээ төлөө 1 жил 6 сарын хорих ял эдлэх болсондоо гомдолтой байна.” гэжээ.

Шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байсан ч анхан шатын шүүх хуралдаанд “энэ хэргийг үйлдээгүй” гэсэн тайлбар гаргасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс гар утас хулгайлах үед нь хамт байсан Үүрийнтуяаг гэрчээр асуулгахаар хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаанд буцаах хүсэлт гаргасан ч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаагүй, хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн. Үүрийнтуяаг гэрчээр асуувал хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэв.

            Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Х.Г энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Мөн өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцаах санал гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах боломжгүй болсон бөгөөд шүүгдэгч Х.Гийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шийтгэх тогтоолд Х.Гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлсэн байхыг харсан. Прокурор зөвхөн Х.Гийн мэдүүлгийг үнэлж яллах дүгнэлт үйлдээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтуудыг үнэлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Г нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Некст электроникс” цахилгаан барааны дэлгүүрийн гадна талд байсан 97-91 УНХ улсын дугаартай тус компанийн бараа түгээлтийн “Маяти-2” загварын тээврийн хэрэгслийн бүхээгийн хэсгээс “Ти Си Эл” загварын 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Бт 1.199.900 төгрөгийн хохирол, мөн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудал дээр хохирогч Б.Игийн куртикний халааснаас “Айфоне-7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

хохирогч М.Бын “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би өглөө 08:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Некст электроникс” төвийн агуулах дээр очиж цагаа бүртгүүлээд хүргэлтийн чиглэлийн маршрутаа аваад бараагаа хүлээн аваад ажилдаа орсон. Би маршрутын дагуу хүргэлтээр яваад хорооллын салбарт бараа буулгахаар болоод ачааны машинаа байрлуулчихаад машины ардаас бараагаа дотогшоо зөөгөөд байж байтал 43 инчийн “Ти Си Эл” загварын шинэ зурагт байхгүй болсон байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагдаад хандсан. Би ажилд ороод одоогийн байдлаар 7 сар болж байна. Тухайн асуудлыг манай байгууллага тоохгүй байсан, тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний цалингаас хасах шийдвэр гаргасан, тэгэхээр нь би цагдаад хандсан. Тухайн зурагтыг 1.100.000 төгрөгөөр үнэлж байгаа, зах зээлийн ханшаар үнэлсэн. Сэжиглэж байгаа хүн байхгүй, хохирлоо гаргуулж авмаар байна...” /хх 12-13/,

хохирогч Б.Игийн “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би өөрийн ихэр дүү болох Эрхсаран, найз Чимэддоржийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудлаас 2 номерын “Шархад” гэсэн автобусанд суусан. Тэгээд автобусанд суугаад гар утсаа куртикныхаа баруун талын халаасанд хийсэн байсныг шалгахад байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би автобуснаасаа буугаад эргээд очиход миний гар утсыг хулгайлсан хүн сандал дээр сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд эргээд харахад нөгөө хүн байхгүй болчихсон. ...Автобусны буудал дээр миний ард байсан Симба гэх хочтой хүнийг сэжиглэж байгаа. Гадаад төрх нь бор өнгийн малгайтай, хар өнгийн түрийтэй юм шиг гуталтай, богино хавар намрын куртиктэй, 40 орчим насны, бор царайтай, туранхай, шөвгөр, дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн байсан...” /хх 77-78/,

гэрч Т.Уын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 17 цаг 21 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудлаас гар утсаа алдсан гэх дуудлагын дагуу очиход хохирогч охин зогсож байсан, би очоод өөрийгөө танилцуулаад юу болсон талаар асуухад хохирогч охин хойшоо заагаад тэнд сууж байгаа эгч миний гар утсыг авсан хүнтэй хамт явж байсан гэж хэлэхээр нь би очоод уулзахад нөгөө эмэгтэй би Симба хочтой Х.Гтай хамт явж байсан гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйн заасан газраар Симба хочит Гийг хайхад харагдахгүй байсан ба нөгөө охиныг цагдаагийн газарт хүргэж өгч, мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд дуудлагад явсан...” /хх 40-41/,  

гэрч О.Цгийн “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Некст электроникс” компанийн хашаанд машинаас бараа буулгах үед зурагт алдагдсан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн бичлэгтэй танилцахад зурагт бариад явж байгаа хүн манай хороогоор явдаг Симба хочтой Х.Г мөн байна. Манай 7 дугаар хороогоор нэг хувцастайгаа олон хоног архи ууж явдаг, олон хүн бөөгнүүлдэг хүн байгаа юм. Энэ хүн 2020 оноос хойш манай хороогоор архи ууж, хулгай хийж яваа юм. Манай хороогоор явж машины толь, машины эд анги хулгайлдаг ба Баянгол дүүргийн 8, 9, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдэж амьдардаг этгээд юм...” /хх 22-23/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн БГ2-21-1127 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн БГ2-21-1238 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх 24-25, 86-87/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 29-32, 33-36/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 93-96/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ...эрхтэй.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж тус тус заасан ба анхан шатны шүүхээс Х.Гийн гэрчээр өгсөн уг зурагтыг хэрхэн хулгайлсан, зурагтыг хэзээ, хэнд зарсан талаарх /хх 19-20/, уг гар утсыг хэрхэн хулгайлсан, хаана очиж зарсан талаарх /хх 83-84/ мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх боловч дээр дурдсан нотлох баримтуудаар Х.Гийн үйлдлүүд хангалттай нотлогдож байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хорих болгон багасгах нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргээс үзэхэд, хохирогч М.Бын “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би өглөө 08:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Некст электроникс” төвийн агуулах дээр очиж ...маршрутын дагуу хүргэлтээр яваад хорооллын салбарт бараа буулгахаар болоод ачааны машинаа байрлуулчихаад машины ардаас бараагаа дотогшоо зөөгөөд байж байтал 43 инчийн “Ти Си Эл” загварын шинэ зурагт байхгүй болсон байсан...” /хх 12-13/, хохирогч Б.Игийн “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ...Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудлаас 2 номерын “Шархад” гэсэн ...автобусанд суугаад гар утсаа куртикныхаа баруун талын халаасанд хийсэн байсныг шалгахад байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би автобуснаасаа буугаад эргээд очиход миний гар утсыг хулгайлсан хүн сандал дээр сууж байсан. ...Автобусны буудал дээр миний ард байсан Симба гэх хочтой хүнийг сэжиглэж байгаа...” /хх 77-78/, гэрч Т.Уын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 17 цаг 21 минутын үед ...хохирогч охин хойшоо заагаад тэнд сууж байгаа эгч миний гар утсыг авсан хүнтэй хамт явж байсан гэж хэлэхээр нь би очоод уулзахад нөгөө эмэгтэй би Симба хочтой Х.Гтай хамт явж байсан гэж хэлсэн...” /хх 40-41/, гэрч О.Цгийн “...хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн бичлэгтэй танилцахад зурагт бариад явж байгаа хүн манай хороогоор явдаг Симба хочтой Х.Г мөн байна...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 29-32, 33-36/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 93-96/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Гийн гаргасан “...хулгайн гэмт хэрэг үйлдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Х.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Х.Г нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/383 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 63 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/383 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “...1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “...Х.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сар 7 хоног /хоёр жил гурван сар долоо хоног/-н хугацаагаар тогтоосугай.” гэснийг “...Х.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 9 сар 7 хоног /нэг жил есөн сар долоо хоног/-ийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Т.ӨСӨХБАЯР

                   

                                 ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ