Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2022/0216/З |
Дугаар | 128/ШШ2022/0161 |
Огноо | 2022-03-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2022/0161
2022 3 04 128/ШШ2022/0161
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчил хянан шийдвэрлэх
ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г*******ийн дүгнэлттэй, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур*******т холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г*******ээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г******* би, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур******* нь тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Г*******т 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд зааснаар 20 нэгжээр торгож шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогчийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2382025 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр холбогдогч Т.Г*******ын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх байсан ба уг зөрчилөө 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрөө илчилж ирсэн ба мөн өдөр нь торгож шийдвэрлэжээ.
Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан, батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.1-д зааснаас бусад хүн, хуулийн итгээдэд оногдуулсан зөрчлийн торгох, баривчлах, эрх хасан шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө гэж заасан байна.
Холбогдогч Т.Г*******ын гаргасан "тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлт бүртгүүлээгүй" зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд заасан зөрчил нь өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.1-д зааснаас бусад зөрчилд орж байгаа мөн 2021 оны 6 дугаар сарын 24-ний 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн зөрчил байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур*******ийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2382025 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэв.
Хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур*******ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Г*******ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2382025 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т ...энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г*******ээс тус шүүхэд ирүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур*******ээс хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Ур*******ээс Т.Г*******т холбогдуулан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2382025 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ