Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 143

 

       Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулав.

                                     Шүүх хуралдаанд:  

      Прокурор                                                     Д.Нямдэлэг

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Э.Энхмаа

      Нарийн бичгийн дарга                            С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овгийн Эрдэнэбаатарын Хүрэлбаатарт холбогдох 17310001260038 дугаартай хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р хэсэг 76 тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржгон овгийн Эрдэнэбаатарын Хүрэлбаатар /РД:МУ77062174/

 

  Шүүгдэгч Э.Хүрэлбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг 2-р хэсэг  76 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн эгч Э.Энхмаагийн төрсөн хүүхэд Э.Хүсэлбаярыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

            1.Шүүгдэгч Э.Хүрэлбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... Маргаан байхгүй гэв.

            2.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... 2017 оны 09 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн үед Э.Хүрэлбаатар согтуу орж ирээд миний хүү Хүсэлбаярыг барьж аваад зодсон. Цамцаар нь хоолойг нь боогоод толгой тархи бүх газар руу нь цохиж өшиглөөд байх үед би гаднаас Эрдэнэзаяагийн хамт орж ирээд сандраад салгаж авах гэсэн боловч хүч хүрэхгүй байсан. Ийм байдлаар 15-20 минут болж би хүүгийнхээ толгой тархи руу нь цохиулахгүйн тулд хамгаалахаас өөр хийж чадах зүйл байгаагүй. Удалгүй гарнаас  нь арай гэж гаргаж автал манай хүү гараад зугатаасан гэв.

3.Насанд хүрээгүй хохирогч Э.Хүсэлбаярын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг 2-р хэсэг 076 тотод өөрийн төрсөн ээж Э.Энхмаа, түүний төрсөн дүү Хүрэлбаатар нарын хамтаар амьдардаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний орой20 цагийн үед би ээж Э.Энхмаатай хамт гэртээ байж байхад гаднаас Хүрэлбаатар ах Эрдэнэзаяа эгч хоёр орж ирсэн.тухайн үед би орон дээрээ сууж байсан чинь Хүрэлбаатар ах над дээр ирээд шууд миний толгой руу цохиод миний өмсөж байсан малгайтай цамцаар боогоод нүүр толгой руу цохиод өшиглөөд байсан. Тэр үед манай ээж, Эрдэнэзаяа эгч хоёр Хүрэлбаатар ахыг салгах гэж ноцолдсон. Боловч дийлээгүй. Ингээд ноцолдож байгаад би Хүрэлбаатар ахын гараас мултарч гэрээс гарч зугатаасан. Тэгээд хойд айл болох Энхтайван ахын гэрт орж цамц тавчик хоёр өгөхөөр нь би өмсөж Хүрэлбаатар ахыг гайгүй болж байгаа болов уу гэж бодоод харахаар очиход Хүрэлбаатар ах хашааны завсраар гарч ирээд араас орилоод байсан. Би тухайн үед айгаад хурдан гүйсэн боловч яг юу гэж хэлж орилж байсныг сонсоогүй. Тэгээд би 1 цаг орчим гэрээсээ хойш байдаг төмөр зам дээр сууж байгаад гэр рүүгээ очиход хойд айлын ах Энхтайван намайг Цагдаагийн газар руу дагуулж явсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

            4.Гэрч Э.Энхмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 09 сарын 11-ний орой 20 цагийн үед хүү Хүсэлбаяр бид хоёр гэртээ байж байхад манай дүү Э.Хүрэлбаатар дүү Эрдэнэзаяа нар гаднаас орж ирсэн. Тэгээд орон дээр сууж байсан миний хүү Хүсэлбаярыг хараад толгой руу нь цохьсон. Тэгсэн чинь Хүсэлбаяр босоод зугатах гэхэд хоолойг нь боогоод толгой, нүүр, хэсэг рүү нь цохиж өшиглөөд байсан. Энэ үед Эрдэнэзаяа бид хоёр Э.Хүрэлбаатарыг салгах гээд ноцолдоод байсан боловч дийлэхгүй байсан. Тэгээд хэсэг ноцолдож байгаад миний хүү Э.Хүсэлбаяр Э.Хүрэлбаатарын гарнаас мултарч гэрээсээ гарч зугатсан. Тэр үед Хүрэлбатар нь араас нь гараад орилж хашгираад байсан. Би гэртээ ороод сууж байхад Э.Хүрэлбаатар гэрт орж ирээд намайг хэл амаар доромжилоод “танай хүү чамтай хэрэлдээд үэгэнд чинь ордоггүй биз дээ” гээд орилж хашгираад байсан. Тэгээд Эрдэнэзаяа, Э.Хүрэлбаатарыг дагуулаад гэрт орсон ба гараад явахаар нь цагдаад дуудлага өгсөн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

5.Гэрч Э.Эрдэнэзаяагийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 09 сарын 11-ний орой 19 цагин үед гэртээ байж байхад манай төрсөн ах болох Э.Хүрэлбаатар над руу утсаар яриад “Ах нь Баян дэлгүүрийн гадаа сууж байнаа, ахыгаа ирээд гэр рүү хүргээд өгөөч” гээд согтуу ярьсан. Ингээд би явганаар Баян дэлгүүрийн гадаа очиход Э.Хүрэлбаатар ах согтуу ганцаараа сууж байсан. Тэгээд би дагуулаад гэрт нь буюу Э.Энхмаа эгчийн гэрт очиход Э.Энхмаа эгч, хүү Э.Хүсэлбаяр нар нь гэртээ сууж байсан. Тэгээд Э.Хүрэлбаатар ах гэртээ ороод орон дээр суж байсан Э.Хүсэлбаярын толгой руу нэг удаа гараараа цохиод тэр үед Э.Хүсэлбаяр босоод явах гэхэд малгайтай цамцаар нь хоолойг нь боогоод нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохиж өшиглөсөн. Тэр үед хамт байсан Э.Энхмаа эгч бид хоср салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. тэгэд ноцолдож байхад Э.Хүсэлбаяр, Э.Хүрэлбатарын ахын гараас мултраад гэрээсээ гарч зугтсан. Тэгсэн чинь Э.Хүрэлбатар ах араас нь гарч гүйхээр нь би араас нь гарсан чинь хашааны гадаа гарч хашааны гадаа гарч орилоод байсан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргиийн 20-21 дүгээр хуудас/

6.Гэрч Б.Сувданчимэгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Э.Хүсэлбаяр нь 09 сарын 01-нд Спортын бүрэн дунд сургуульд шилжин ирсэн. 2016 онд нийт 154 өдөр хичээлд суухаас 74 өдөр тасалсан байна. Мөн 2017 оны 09 сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 09-ний байдлаар 27 өдөр хичээлд суухаас 19 өдрийн хичээлийн таслалттай байна. ХҮсэлбаяр нь хичээлд суух сонирхолгүй, хичээл хийдэггүй, анги хамт олонтойгоо нийтэч биш, бүрэг дуугүй хамт олны ажилд оролцохгүй зугатаагаад явчихдаг.Хичээл сурлагандаа анхаарах талаар үүрэг даалгавар биелүүлдэггүй, хичээл таслах болгонд нь ннэ Энхмаагийн утсаар залгаж нөхцөл байдлыг тухай бүрд нь мэдэгдэж байдаг. Ээж нь Э.Хүсэлбаярыг өмөөрч хамгаалдаг, ээж нь надад хэлэхдээ” Багшаа би энэ хүүхдийг дийлэхгүй байна өглөө хичээлдээ яв гэхээрунтаад байна, эсвэл хичээлдээ явна гэж гараад очилгүй явж байгаад ирж байна”  гэх мэтээр зовлон их ярьдаг. Э.Хүсэлбаярыг хичээл таслаад байхаар нь ээж Энхмааг нь нийгмийн ажилтантай уулзуулж байсан.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 321 тоот:

       1.Э.Энхмаагийн биед баруун нүдний гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор салстад зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахүй.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 320 тоот:

       1.Э.Хүсэлбаярын биед тархи доргилт, зүүн нүдний дннд доод зовхи, зүүн нүдний дотор салстад цус хуралт, зүүн шанаа, хамрын зүүн хэсэгт зулгаралт, толгой орой дагз, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

9.Шүүгдэгч Э.Хүрэлбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би өөрийн төрсөн эгч Энхмаа болон түүний хүү Хүсэлбаяр нарын хамтаар амьдардаг. 2017 оны 09 сарын 11-ний өглөө найз Шинэбаатарын гэрт очиж хоол идсэн. Тэгсэн чинь Шинэбаатар “Итгэл” дэлгүүрээс 1 шил 0.75 граммын Ерөөл архи аваад бид хоёр хувааж уусан. Тэгээд Шинэбаатарын гэрт байж байгаад гэр рүүгээ харихаар гарсан ба замдаа согтоод явж чадахгүй болохоор нь “Баян” дэлгүүрийн гадаа сууж байгаад өөрийн төрсөн дүү Эрдэнэзаяаг утсаар “намайг ирээд авчих” гэж дуудсан. Ингээд удалгүй манай дүү Эрдэнэзаяа ирээд намайг дагуулаад гэрт хүргэж өгсөн. Тухайн үед манай гэрт төрсөн эгч Энхмаа,, түүний хүү Э.Хүсэлбаяр нар байсан. Би архи уусандаа Э.Хүсэлбаярыг “чи дандаа ээжийнхээ үгэнд орохгүй ээжийгээ дээрэлхээд байдаг” гэж хэлээд барьж аваад 2 удаа нүүр рүү нь гараараа цохьсон. Тэгсэн чинь манай дүү Эрдэнзаяа, эгч Э.Энхмаа нар салгаж байсан санагдаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ..гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

10.Шүүгдэгч Э.Хүрэлбаатарын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй .... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

11.Шүүгдэгч Э.Хүрэлбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 54 дүгээр хуудас/,

13.Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8-р багийн багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

14.Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтатс хэргийн 46-50 дугаар хуудас/

 15.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 42 дугаар хуудас/,

16.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 43 дугаар  хуудас/ зэрэг болно.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржгон овгийн Эрдэнэбаатарын Хүрэлбаатарыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг 2-р хэсэг  76 тоотод 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн эгч Э.Энхмаагийн төрсөн хүүхэд Э.Хүсэлбаярыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийтвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасан журмын дагуу  хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна.

 Учир нь: Шүүгдэгч Э.Хүрэлбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг 2-р хэсэг  76 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн эгч Э.Энхмаагийн төрсөн хүүхэд Э.Хүсэлбаярыг согтуугаар “чи дандаа ээжийнхээ үгэнд орохгүй ээжийгээ дээрэлхээд байдаг” гэж хэлээд барьж аваад 2 удаа нүүр рүү нь гараараа цохиж, Э.Хүсэлбаярын биед тархи доргилт, зүүн нүдний дннд доод зовхи, зүүн нүдний дотор салстад цус хуралт, зүүн шанаа, хамрын зүүн хэсэгт зулгаралт, толгой орой дагз, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгч Э.Хүрэлбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, гэж байгаа зэрэг байдлуулуудыг харгалзан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүд, мөн хуулийн 36.1, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овгийн Эрдэнэбаатарын Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Боржигон овгийн Эрдэнэбаатарын Хүрэлбаатарыг 420 /дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан Э.Хүрэлбаатарт мэдэгдсүгэй.

4. Э.Хүрэлбаатар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5. Э.Хүрэлбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыгуншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулахыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.НАЦАГДОРЖ