Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/744

 

 

 

 

 

 

      2022             7              20                                       2022/ДШМ/744

 

Э.Мч, Б.Х, Г.Мх нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Э.Мч, Б.Х, Г.Мх нарын өмгөөлөгч Г.Ганбат,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Мч, Б.Х, Г.Мх нарт холбогдох эрүүгийн 2209 00000 0290 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1.  Х овгийн Эийн Мч, .......... оны .... дугаар сарын ....-ны өдөр .................. аймгийн .......... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......................... оюутан, ам бүл 2, эгчийн хамт ............... аймгийн ............. сум, .... дүгээр багийн ....... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч .................. дүүргийн .... дугаар хороо, .... байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................../;

            2. Б овгийн Бсийн Х, .......... оны .... дугаар сарын ....-ны өдөр ...................... төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............................ оюутан, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт ............... дүүргийн ... дугаар хороо, ................. дугаар гудамжны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./;

            3. Б овгийн Гын Мх, ......... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ...................... дүүргийн .... дүгээр хороо, ................. гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... дүүргийн .... дугаар хороо, ....................... байрны ... тоотод оршин суух, /РД:..................................../,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Э.Мч нь Г.Мх, Б.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Р Р” нэртэй ресторанд касс, барменаар ажиллахдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж завшсан,

            шүүгдэгч Г.Мх нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Р Р” нэртэй ресторанд туслах тогоочоор ажиллахдаа касс, бармен ажилтай Э.Мч нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд кассын орлогын мөнгө болох нийт 7.862,468 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдэхэд бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгийг хэрхэн завших боломжийг зааж, улмаар кассын орлогын мөнгийг хувьдаа завшин хувааж авахаар тохирч, өөрийнхөө дансаар шилжүүлэн авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

            шүүгдэгч Б.Х нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Р Р” нэртэй ресторанд зөөгчөөр ажиллахдаа касс, бармен ажилтай Э.Мч нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдэхэд бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгийг хэрхэн завших боломжийг зааж, улмаар кассын орлогын мөнгийг хувьдаа завшин хувааж авахаар тохирч, өөрийнхөө дансаар шилжүүлэн авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Мчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Г.Мх, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Эийн Мч, Б овгийн Гын Мх, Б овгийн Бсийн Х нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Эийн Мчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Гын Мхыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Бсийн Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мхад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Мч, Г.Мх, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мхаас 3.685.500 төгрөгийг, Б.Хс 245.734 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч “Р Р” ХХК /М.Э/-д олгож, Э.Мч нь бусдад төлөх төлбөргүй, Э.Мч нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Б.Хс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мч, Г.Мх, Б.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мч, Г.Мх, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч М.Э давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хөнгөдөж байна. Учир нь, шүүгдэгч Гын Мх өмнө нь манай компанид ажиллаж байхдаа 4.511.364 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 786 дугаар шийтгэх тогтоолоор 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан. Бидний зүгээс тухайн үед хохирлыг манай компанид ажиллаж олсон орлогоос эргэн төлж барагдуулах болзолтойгоор үргэлжлүүлэн ажиллуулж, хохирлын нэхэмжлэлийг тухайн үед татан авч байсан. Гэвч Г.Мх нь хохирлыг барагдуулаагүй хэрнээ дахин гэмт хэрэг үйлдэж шүүхээс түүнд 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдууллаа. Мөн хохиролд 3.685.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ. Г.Мх нь өнөөдрийг хүртэл хохирлоос барагдуулаагүй, гэмт хэргийн улмаас олсон мөнгийг мөрийтэй тоглоомд зарцуулсан байдал дансны хуулганаас нь харагддаг, ажил орлогогүй, цаашид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 3.685.500 төгрөгийг төлөх боломжгүй, хохирол төлбөрийг төлөхийн тулд дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй байхад зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа. Э.Мч нь касс, барменаар ажиллаж байхдаа кассын орлогын мөнгө 7.862.468 төгрөгийг авч зарцуулан Н.Мх, Б.Х нарт дамжуулж гэмт хэрэг үйлдэхэд голлох нөлөөг үзүүлсэн буюу Э.Мч энэ үйлдлийг хийгээгүй, анхнаасаа зөвшөөрөөгүй байсан бол тэд гэмт хэрэг үйлдэх боломжгүй байсан тул түүнд оногдуулсан шийтгэл мөн хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирлыг шүүгдэгч нараас хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Э.Мч нь кассаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж итгэмжлэн хариуцсан мөнгийг Г.Мх, Б.Х нарт гаргаж өгсөн, хэрэв энэ үйлдлийг гаргаагүй бол байгууллагад хохирол учрахгүй байсан тул хохирлыг эхлээд Э.Мчээс төлүүлэх, Э.Мч нь бусдаас жич нэхэмжлэх нь шударга ёсонд нийцэх байсан. Иймд гомдлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Э.Мч, Б.Х, Г.Мх нарын өмгөөлөгч Г.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.Мч яллагдагчаар өгсөн мэдүүлэгт мөрдөгчөөс “та компанид хохирлын мөнгө буцааж өгсөн асуудал байгаа юу” гэж асуухад Э.Мчээс “...би “Р Р” ресторанд 3.931.200 төгрөгийг буцааж шилжүүлсэн, Э эгч бид гурвыг дуудаж авчраад дансны хуулгаар хөөж тооцоо гаргасан бөгөөд энэ тооцоогоор Г.Мх нь 3.600.000 төгрөг, Б.Х нь 2.870.000 төгрөг, миний бие 1.569.900 төгрөг, нийт 7.862.000 төгрөгийн хохирлын тооцоо гарсан...” гэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч М.Э миний үйлчлүүлэгчийг “эд нар төлөх чадамжгүй учир чи төл” гэх агуулгатай зүйл ярьсан. Миний үйлчлүүлэгч учруулсан хохирлоо давуулан төлсөн. Давуулж төлсөн мөнгийг өмгөөлөгчийн зүгээс “Р Р”-ээс нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс хохирлыг Б.Хгаас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хохирогчоос шүүгдэгч Г.Мхыг өмнөх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”  гэж заасны дагуу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Мч нь Г.Мх, Б.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Р Р” нэртэй ресторанд касс, барменаар ажиллахдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг хувьдаа авч завшсан,

шүүгдэгч Г.Мх нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Р Р нэртэй ресторанд туслах тогоочоор ажиллахдаа касс, бармен ажилтай Э.Мчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгийг хэрхэн завших боломжийг зааж, улмаар кассын орлогын мөнгийг хувьдаа завшин хувааж авахаар тохирч, өөрийнхөө дансаар шилжүүлэн авч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

шүүгдэгч Б.Х нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Р Р” нэртэй ресторанд зөөгчөөр ажиллахдаа касс, бармен ажилтай Э.Мчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл кассын орлогын мөнгө болох 7.862.468 төгрөгийг бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгийг хэрхэн завших боломжийг зааж, улмаар кассын орлогын мөнгийг хувьдаа завшин хувааж авахаар тохирч, өөрийнхөө дансаар шилжүүлэн авч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч М.Эын “...Мчээс Мх, Х нар нийт 7.862.450 төгрөг авсан байсан. Би мэдсэн даруйд өөрийн биеэр тэдгээрийг дуудаж тооцоо хийсэн. Мч кассчин, барменаар ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчдээс ирсэн төлбөрийг ибаримт олгох боломжгүй гэж мөнгийг нь аваад тооцоог программ руу ороод тооллого хийдэггүй, бараа болох бургерыг устгадаг байсныг мэдсэн. ...Мч нь кассаар ажилладаг бөгөөд хувийн дансаараа тооцоо хүлээн авдаг. Мх, Х нар тооцоо авах асуудалд хамааралгүй боловч Мчт ийм аргаар мөнгө авч болдог гэдгийг зааж өгсөн байсан. ...Мх нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 3.685.000 төгрөг, Х нь 2.607.000 төгрөг, Мч нь хувьдаа өөрийн өөр Хаан банкны данс руу шилжүүлж 1.570.468 төгрөг тус тус авч, компанийн орлого шамшигдуулсан байсан. ...Э.Мчийн ар гэртэй холбогдож эдгээр хүмүүс нь хохирлын мөнгөний 50 хувь болох 3.931.234 төгрөгийг компанийн данс руу шилжүүлж өгсөн...” /хх 146, 148/,

гэрч Э.Ггийн “...Мх нь манай байгууллагад 2017 онд ажилд орсон. Тэрээр 2021 оны 10 дугаар сард манай ресторанаас 10.000.000 төгрөг завшсан хэргээр торгох ялаар шийтгүүлсэн. Тэгээд би итгэл хүлээлгэж манайд удаан ажилласан юм чинь гээд ажиллаад хохирлоо төлж барагдуул гээд ажиллуулсан. Тэгээд ээлжийн кассчин Цолмон хэлэхдээ “Бармен Мч, Мх нар нийлж мөнгө идээд байна” гэх мэдээлэл хэлсэн. Үүний дагуу нягтлан Э шалгалт хийхэд дансны хуулгаар Цолмонгийн ярьсан зүйлс үнэн болсон. Тэгээд данс тооцоогоо тулгаж үзэхэд мөнгө дутсан...” /хх 27/,

шүүгдэгч Э.Мчийн “...Би “Р Р” ресторанд барменаар ажиллаж байхдаа өөрийн Хаан банкны 5321107251 дансаар үйлчлүүлэгчдээс бэлэн орлогын мөнгө авдаг байсан. Учир нь энэ дансаар орлого авахад утсанд мэдэгдэл ирдэг юм. Харин орлого хүлээж авдаг өөрийн эзэмшлийн 5321107251 дугаарын данснаас болон уг данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 5321048840 дугаарын данс руу шилжүүлж байгаад энэ хоёр данснаас Мх, Х нарт шилжүүлж өгдөг байсан. ...Би “Р Р” ресторанд 3.931.200 төгрөгийг буцааж шилжүүлж өгсөн. Нягтлан бодогч Э эгч бид гурвыг дуудаж дансны хуулгаар тооцоо гаргасан бөгөөд Мх 3.685.500 төгрөг, Х 2.607.000 төгрөг, би 1.569.900 төгрөг, нийт 7.862.400 төгрөг авсан тооцоо гарсан. Би хохирлын мөнгийг аав Эийн данснаас компани руу шилжүүлсэн...” /хх 21/,

шүүгдэгч Г.Мхын “...Би “Р Р” ресторанд туслах тогоочоор ажиллаж байхдаа бармен Мчийн дансаар өөрийн Хаан банкны болон Голомт банкны дансаар шилжүүлж авсан. Нийт 3.685.500 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд шилжүүлж авсан. Анх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлж авсан. Би 3.685.500 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан...” /хх 13/,

шүүгдэгч Б.Хгийн “...Би өөрийн 5434080227 дугаарын дансаар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Мчийн 5321048840, 5321107251 дугаарын дансуудаар 160.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 200.000 төгрөг, 6-ны өдөр 5.000 төгрөг, 7-ны өдөр 110.000 төгрөг, 11-ний өдөр 100.000 төгрөг, 15-ны өдөр 120.000 төгрөг, 60.000 төгрөг, 20.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 140.000 төгрөг, 190.000 төгрөг, 12-ны өдөр 135.000 төгрөг, 256.000 төгрөг, 17-ны өдөр 100.000 төгрөг, 19-ний өдөр 150.000 төгрөг, 20-ны өдөр 220.000 төгрөг, 23-ны өдөр 52.500 төгрөг, 26-ны өдөр 170.000 төгрөг нийт 2.190.000 төгрөг шилжүүлж авсан. Мөн үүн дээр 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Мчээс 650.000 төгрөг зээлж авсан бөгөөд үүний 250.000 төгрөгийг буцаагаад өгсөн. ...Би 2.607.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад зээлээ төлөөд дуусгасан. Мч өөрийн дансаар шилжүүлж аваад орлого болгож, компанийн дансанд хийлгүйгээр миний данс руу шилжүүлж өгдөг байсан...” /хх 6/ гэх мэдүүлгүүд,

гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 25/,

Г.Мхын 5059621616 дугаарын Хаан банкны дансны хуулга /хх 46-56/,

Э.Мчийн 5321107251 дугаарын Хаан банкны дансны хуулга /хх 69-94/,

Б.Хгийн 5434080227 дугаарын Хаан банкны дансны хуулга /хх 105-142/,

дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 95-101/

ажлын байрны тодорхойлолт /хх 152-154/, хөдөлмөрийн гэрээ /хх 156-170/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Мч, Г.Мх, Б.Х нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Э.Мчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Г.Мх, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Э.Мчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Мхыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хохирогч М.Эын “...шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хөнгөдөж байна...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, мөн шүүгдэгч Г.Мхад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял болон тус шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч бүрийн үйлдэл, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлыг харгалзан шүүгдэгч нараас гаргуулах хохирлын хэмжээг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд “Р Р” ХХК-д нийт 7.862.468 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Г.Мх 3.685.500 төгрөг, Б.Х 2.607.000 төгрөг, Э.Мч 1.569.900 төгрөгийг тус тус авсан байх ба шүүгдэгч Э.Мч нь хохирлын 50 хувь болох 3.931.234 төгрөгийг сайн дураар төлж, шүүхээс шүүгдэгч Г.Мхаас 3.685.500 төгрөгийг, Б.Хс 245.734 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул хохирогч М.Эын “...Э.Мч нь кассаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж итгэмжлэн хариуцсан мөнгийг Г.Мх, Б.Х нарт гаргаж өгсөн тул хохирлыг эхлээд Э.Мчээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг мөн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Т.ӨСӨХБАЯР

                   

                                 ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ