Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00319

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Ц.Ннарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н холбогдох эрүүгийн 1738001070038 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Ннь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-13 тоотод иргэн Ж.Даваачимэгийг хулгай хийлээ гэх шалтгааны улмаас зодож биед нь тархи доргилт, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн гуя, зүүн тавхай хэсгийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруунд зулгаралт, нэг хурууны хумсны мултрал, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ннь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-13 тоотод иргэн Ж.Даваачимэгийг хулгай хийлээ гэх шалтгааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Намжилсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан юм. Манай гэрээс Даваачимэг хулгай хийснийг мэдээд Даваачимэгийг бүжгэн дээр явж байхад нь олж аваад хулгай хийсэн эд зүйл хаана байгааг зааж өгөхийг хүсэхэд ийш тийш яваад худлаа хэлээд байхаар нь миний уур хүрээд 2 алгадаад галын хайчаар гарын булчин тус газарт цохичихсон юм...” гэх мэдүүлэг,

       Хохирогч Ж.Даваачимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг  гэрээсээ хулгай хийсэн байна. Хулгай хийсэн эд зүйлүүдээ гаргаж өг хаана байгаа юм гээд галын хайч,  мотоциклийн амартизатороор цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

          Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 479 тоот дүгнэлтэд:

       - Жавзандуламын Даваачимэгийн биед гэмтэл тогтоогдлоо.

       - Жавзандуламын Даваачимэгийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн гуя, зүүн тавхай хэсгийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруунд зулгаралт, нэг хурууны хумсны мултрал, шарх бүхий гэмтэл учирсан байна.

        - Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

        - Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

        - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        - Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 16 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738001070038 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.Ннь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ннь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ж.Даваачимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738001070038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Даваачимэг нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ц.Нг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Н оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Ннь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн 1738001710038 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Даваачимэг нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР