Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0156

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Ирээдүйн аяны зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Ирээдүйн аяны зам ХХК-ийн төлөөлөгч М.Гансүх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ирээдүйн аяны зам ХХК нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын гудамж 2 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 1800 м.кв газрын хууль ёсны өмчлөгч юм. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулсан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай гэрээгээ Ирээдүйн аяны зам ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг бусад эд хөрөнгийн хамт 50 сая төгрөгийн зээлийн барьцаанд иргэн М.Гансүх нь тавьсан байдаг. Ирээдүйн аян зам ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд М.Гансүх нь тус компанийн захирал хэдий ч иргэн М.Гансүх болон Ирээдүйн аяны зам ХХК нь нэг этгээд биш тул Ирээдүйн аяны зам ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх иргэн М.Гансүхэд хуулиар олгогдоогүй байгаа. Иргэдийн хооронд байгуулсан дэрх гэрээ болон тухайн гэрээг баталсан нотариатын үйлдэлтэй холбоотой маргаан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр явагдаж байгаа. Энэхүү иргэний материалд Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/143 дугаар захирамж хэрэгт авагдсан. Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргад хандахад хариу ирүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргад хуульд заасан журмын дагуу хандсан. Нийслэлийн Засаг даргын зүгээс тус компанийн 5000 м.кв газартай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн хэдий ч 1800 м.кв газартай холбоотой гомдлоо шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн хариуг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн.

Ирээдүйн аяны зам ХХК нь тухайн газар эзэмших эрхийг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх талаар зөвшөөрөл олгоогүй байхад зөвхөн иргэд хооронд байгуулсан гэрээгээр хууль зөрчиж Налайх дүүргийн Засаг дарга нь 1800 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Б.Мөнхбатад шилжүүлсэн байдаг. Налайх дүүргийн Засаг дарга болон газрын албаны буруутай үйл ажиллагааны улмаас Ирээдүйн аяны зам ХХК-ийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуй, нэгж байгууллагын хооронд явагдана гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, 38.3.1-т энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч тодруулна гэж тус тус заажээ.

Налайх дүүргийн Засаг дарга нь иргэдийн хооронд байгуулсан гэрээгээр Ирээдүйн аяны зам ХХК-ийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж байгаа нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/143 дугаар захирамжийн иргэн Б.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Ирээдүйн аяны зам ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: ...Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/143 дугаар захирамжийн иргэн Б.Мөнхбатад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, мөн тус дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/95 дугаар захирамжийн иргэн Н.Банзрагчид холбогдох хэсгийг хууль бус болохыг тус тус тогтоолгож, хүчингүй болгуулах, Ирээдүйн аяны зам ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, уг газрын эзэмших эрхийг Ирээдүйн аяны зам ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад даалгах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянагдаж байгаа Ирээдүй аяны зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ирээдүй аяны зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Мөнхбат, Н.Банзрагч нарт холбогдох иргэний хэргийг эцэслэж шийдвэрлэж дуустал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан Ирээдүй аяны зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Банзрагчид холбогдох иргэний хэргийн оролцогч нар хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн тул Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/143 дугаар захирамжийн иргэн Б.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... иргэн Б.Мөнхбат нь Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/95 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг иргэн Н.Банзрагчид шилжүүлэн эзэмшүүлсэн. Эзэмших эрхтэй холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Б.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Нийтийн албан тушаалтан нийтийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага хууль ёсны эзэмшигч этгээдийн хүсэлт гаргасан шилжүүлэх хүсэлт болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг эзэмшигч иргэн өөрөө эдэлж байдаг. Захиргааны байгууллага бусдын эзэмшил ашиглалтад буйэд хөрөнгийг шилжүүлэхдээ тусгайлсан хуулиар уг үйл ажиллагааг хийдэг бол журмыг зөрчин байж бусдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйлдэл хийдэггүй. Төрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогийг Ирээдүйн аяны зам ХХК ойлгох ёстой. Ирээдүйн аяны зам ХХК-ийн захирал М.Гансүх нь иргэн Б.Мөнхбатад газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Хэрэв энэ гэрээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бол яагаад иргэний журмаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулаагүйн ойлгомжгүй. М.Гансүх нь Ирээдүйн аян зам ХХК-ийн гэх газрыг 5 сая төгрөгөөр худалдах эрхтэй эрхгүй талаарх баталгааг иргэн Б.Мөнхбатад өгөх ёстой байсан ч өгөөгүй байх талтай. Энэ ч үүднээс харвал төрийн байгууллагын үйл ажиллагааг албаар сулран доройтуулах гэсэн санаа, хуулийн хийдлийг ашиглан өөрт ашигтай бусармаг арга ашиглаж байна. Иргэн Б.Мөнхбатын хувьд тус гэрээг үндэслэн тус газрыг эзэмшиж авсан болох нь нотлогдож байгаа юм. Иймд 2014 оны болон 2016 оны дүүргийн Засаг даргын гаргасан захирамжууд хууль зүйн талаас үйл явдал бодит нотолгоог үндэслэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Н.Банзрагч, Б.Мөнхбат нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ирээдүйн аяны зам ХХК нь уг маргаж буй асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд газар эзэмших эрх олгогдсоныг бодит бусаар мушгин тайлбарлажээ. Ирээдүйн аяны зам ХХК нь уг асуудлаар нэхэмжлэл гаргахдаа зохих үндэслэлгүй болохыг мэдсэн боловч тус газарт аж ахуйн аливаа үйл ажиллагаа явуулахад саад учруулах хясан боогдуулах зорилго агуулж байна. Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой үйл баримтыг шүүхийн журмаар бүрэн гаргуулах нь зүйтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ирээдүйн аяны зам ХХК-ийн зүгээс Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/143 дугаар захирамжийн иргэн Б.Мөнхбатад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, мөн тус дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/95 дугаар захирамжийн иргэн Н.Банзрагчид холбогдох хэсгийг хууль бус болохыг тус тус тогтоолгож, хүчингүй болгуулах, Ирээдүйн аяны зам ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, уг газрын эзэмших эрхийг Ирээдүйн аяны зам ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулсны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаярт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ирээдүйн аяны зам ХХК-ийн төлөөлөгч итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-20.1.7, 20.2.1-20.2.6, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 28.2.5, 28.2.6-д заасан эрхийг олгосон ба ингэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаярт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн болон бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаярт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ирээдүйн аяны зам ХХК-ийн зүгээс Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/143 дугаар захирамжийн иргэн Б.Мөнхбатад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, мөн тус дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/95 дугаар захирамжийн иргэн Н.Банзрагчид холбогдох хэсгийг хууль бус болохыг тус тус тогтоолгож, хүчингүй болгуулах, Ирээдүйн аяны зам ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, уг газрын эзэмших эрхийг Ирээдүйн аяны зам ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ирээдүйн аяны зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох 128/2017/0571/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН