Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2024/03710

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, Ө******* хотхон М******* гудамж, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух Т******* нар овогтой Э******* М******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, тоот хаягт оршин суух БНХАУ-ын иргэн Q /паспортын дугаар:/-д холбогдох

          28,057,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Q, түүний орчуулагч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Э.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э овогтой М******* миний бие барилга угсралтын ажил хийж гүйцэтгэдэг бөгөөд ажилд хэрэглэгдэх заалны дээвэр болох төмөр каркас, мөн үйлдвэрийн барилгын иж бүрэн төмөр каркасыг БНХАУ-ын Эрээн хотоос УБ хот уруу ачааны вагоноор тээвэрлэж ачуулахаар БНХАУ-ын иргэн Q-той ярилцан 34000 ( Гучин дөрвөн мянга ) юаниар тохиролцсон. Тэрээр одоо хурдан шилжүүл, ачаа ачих гэж байна гэх зэргээр шаардаж 2022 оны 3-р сарын 17-нд 30.000 ( гучин мянга ) юанийг Тариалан банкны тоот H гэсэн дансаар, 4000 ( дөрвөн мянга) юанийг Q тоот дансаараа шилжүүлэн авч 7 хоногийн дотор Улаанбаатарт ирэхээр тохиролцсон юм. Гэсэн ч захисан барилгын материал ирэхгүй удааширч, шахаж шаардаж лавлахад "ирнэ, одоо ирж байгаа" гэх зэргээр хууран мэхэлж хугацаа хожиж итгэл төрүүлэн залилсан. Гэтэл H нь Монгол улсад байсан болох нь тодорхой болсон. Q нь худлаа хэлсээр H гэгч нь манай ажил дээр ирээд өөрийн гараар 26,000 (Хорин зургаан мянган) юанийг өгнө гэх зэргээр баталгаа бичиж өгч, худал ярьж, үгсэн хуйвалдаж байсаар 2022.01.25-ыг хүрсэн. Бид арга буюу Эрээн хот руу очиж 38 тонн каркас төмрөө ачих гэтэл нэмэлт төлбөрүүд гарч ирсэн. Үүнд;

1.            Төмөр каркас хашаанд хадгалсан тээвэрлэсэн төлбөр 8500 юань

2.            Ачаа тээвэр кран 2 машин хөлсөлсөн төлбөр 3500 юань

3.            Хятад гаалийн хашаанд гарсан зардал 4750 юань

4.            Буудал, хоол, автобус. вагон зардал 3000 юань

5.            Шилжүүлсэн төлбөр 34000 юань

Нийт учруулсан бодит хохирол 53,750 юань буюу Монгол төгрөгөөр 28,057.500 ( Хорин найман сая тавин долоон мянга таван зуун ) төгрөг тул энэхүү хохирлыг Q-оос гаргуулахаар нэхэмжилж байна.

(Q H нар нь Монгол улсад дээрх хаягт оршин сууж байгаа болно. Б******* дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгээгүй намайг хохироосон, дээд шатны Прокурорт нь гомдол гаргасан боловч гомдлыг минь хүлээн авахаас татгалзаж хаасан. Гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар дээд шатны Прокурорын газарт гомдлоо өгч чадалгүй хаагдсан болно. Иймээс би харьяаллын дагуу тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа тул дээрх Хятад иргэдийг хилээр гадагш гарахаас өмнө Нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг шуурхай хэрэгжүүлж өгөхийг хүсье.

1а. Хариуцагч болон Х нарын паспортын хуулбар, мөнгө шилжүүлсэн баримт, ханшийн лавлагаа зэрэг баримт гаргаж байна. Хурал үргэлжлэх боломжтой. Эрээн хотоос барилгын материал ачуулахаар 34,000 юаниар тохирсон. Хариуцагч мөнгөө шилжүүл гэснээр 30,000 болон 4,000 юанийг хариуцагчийн данс уруу шилжүүлсэн. Бараа ирэхгүй удаашраад байсан тул шаардахаар удахгүй гэж итгэл төрүүлж байсан боловч бараа нь ирээгүй. Улмаар хариуцагчийн найз нь 26,000 юанийг авсан гэдэг. Улмаар хугацаа өнгөрсөн тул өөрөө очиж бараагаа авсан. Бараа хашаанд хадгалсан, Улаанбаатар уруу тээвэрлэсэн зардал 8,500 юань, кран хөлсөлсөн 3,500 юань, гаалийн хашааны зардал 4,750 юань, буудал хоол, вагоны зардал 3,000 юань, хариуцагчид өгсөн мөнгө 34,000 юань, нийт 53,700 юань буюу 28,057,500 төгрөг нэхнэ. Хариуцагчтай л хэлцэл хийсэн. Өөр ямар нэг компанитай гэрээ хийгээгүй, зөвхөн хариуцагчид л итгэж мөнгө шилжүүлсэн. Хариуцагчтай хэлцэл хийсэн нь баримтаар нотлогддог. Хариуцагчийн хэлсэн данс уруу л мөнгө шилжүүлсэн байдаг. Мөнгө буцааж өгнө гэсэн баримт нь нэхэмжлэгчид биш хариуцагчид шилжүүлнэ гэсэн байдаг бөгөөд энэ нь анхнаасаа хэлцэл хэнтэй хийгдсэнийг харуулж байгаа юм. Бид хариуцагчид л бараа захиалсан. Улмаар үүргээ биелүүлээгүй тул өөрөө очиж авчирсан. Иргэний хуулийн 224, 243-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Цаашаа ямар компанитай ямар гэрээ хийснийг мэдэхгүй. Хариуцагч нь Х-г хайгаад олохгүй байна гэж байна. Бидэнд хариуцагч хэнтэй харилцсан нь хамааралгүй юм гэв.

2.            Миний бие 2022 оны 03-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч МУ-ын иргэн Э.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Эрээн хот дахь “ӨМӨЗО-ны Ч ХХК”-ыг танилцуулсан бөгөөд мөн “Ган хийц бүхий барилгын материалын тээврийн гэрээ” -г илгээсэн болно. Тухайн үед тэдэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон тул миний бие тус компанийн захирлын данс руу 30,000 юанийг шилжүүлсэн бөгөөд нөгөө тал нь надад зуучилсан хөлс болгон 4000 юанийг буцааж над уруу шилжүүлэн болно. Гэвч Эрээн хотын “Чэн-Иэү ХХК -нь энэ оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл ган хийц бүхий барилгын материалыг монголын талд нийлүүлээгүйн улмаас Э.Мөнх-эрдэнэ нь каргоны мөнгөө буцаан авахыг надаас шаардсан тул, “ӨМӨЗО-ны Чэн-Иэү экспор ХХК”-ны захирал Хөхөө нь МУ-д байх хугацаанд Э. М оффист уулзалт зохион байгуулахдаа 2024 оны 07- р сарын 01 өдөр 26,000 юанийг надад буцааж төлнө гэсэн баримт үйлдэж өгсөн ба энэхүү мөнгө нь миний дансанд орсны дараа би дахиж тус мөнгийг Э.М*******д буцаан төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл миний бие ямар ч мөнгийг хүлээн аваагүй тул би ӨМӨЗО-ны Чэн-Иэү ХХК”-нийн захирал Х хуулийн байгууллагад өгч, хохирлыг барагдуулах талаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Хөхөө нь МУ-ын нутаг дэвсгэрт байхгүй тул буцаан төлөх мөнгөө надад шилжүүлээгүй байна.

Өнөөдрийн байдлаар миний бие зөвхөн өмнө хүлээн авсан 4000 юанийн зуучлалын мөнгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд бусад мөнгө нь надтай хамааралгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

2а. Тайлбараа орчуулгатай гаргаж байна. Хурал үргэлжлэх боломжтой. 2020.3.17-нд нэхэмжлэгчийг Эрээн хотын тээврийн компанитай холбож өгсөн. Гэхдээ нэхэмжлэгч биш аав нь надтай яриад холбож өгсөн юм. Учир нь нэхэмжлэгчийн аав нь манай аавтай сайн танил байсан юм. Тээврийн компани нь нэхэмжлэгчид гэрээ явуулсан. Улмаар нэхэмжлэгч нь надад гэрээг аваад болж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь болж байвал мөнгөө шилжүүл гэж хэлсэн. 30,000-г тэр компанийн, 4,000 юань нь миний данс уруу шилжүүлсэн. Улмаар тэр компани барааг тээвэрлэж ирүүлээгүй тул Улаанбаатар дахь төлөөлөгчтэй нь цуг очиж уулзсан. Ингэхэд тэр компанийн дарга нь 26,000 юанийг буцаан өгнө гэж бичиж өгсөн. Үүнийг одоо болтол өгөөгүй тул би шүүхэд хандсан. Эрэн сурвалжлуулахад тэр хүн улсдаа харьсан байсан. Хадгалсан болон тээвэрлэсэн мөнгө надад хамаагүй. Би авсан 4,000 юаниа буцааж өгөхөд болно. Эрээний тээврийн компаниас нэхэмжлэгчид явуулсан гэрээг гаргаж өгч болно. Би каркасны тээврийн компанийг холбож өгсөн болохоос би тээвэрлээгүй. Надад мөнгө өгнө гэсэн нь өгсний дараа би дамжуулж өгнө гэж ярьсан гэв.

3.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Гараар бичсэн баримт, орчуулгын хамт /хх8-9/, Б******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар /хх10-11/, мөнгөн төлбөрийн баримт, орчуулгын хамт 13 ширхэг /хх13-23/, Монгол банкны ханшийн лавлагаа 8 ширхэг /хх47-54/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,868,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.             Нэхэмжлэгч Э.М******* нь 53,750 юань буюу 28,057,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.             Хариуцагч БНХАУ-н иргэн Q нь тээврийн компанитай холбогдож өгсөн, зуучлалын хөлсөнд 4,000 юань авсан тул уг мөнгийг буцаан өгнө, харин бусад хэсгийг аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.             Нэхэмжлэгч нь барилгын бараа материал буюу каркас төмрийг БНХАУ-с Улаанбаатар хотод авчруулах зорилгоор 34,000 юань төлсөн боловч авчраагүй тул өөрөө очиж авчирч зардал гарсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна. Тодруулбал, төмөр каркас хадгалсан, тээвэрлэсэн төлбөр 8,500 юань, ачаа тээвэр, кран хөлсөлсөн төлбөр 3,500 юань, хятад гаалийн хашаанд гарсан зардал 4,750 юань, буудал, хоол, автобус, вагон зардал 3,000 юань, шилжүүлсэн төлбөр 34,000 юань гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.

Гэвч ийнхүү каркас төмөр тээвэрлүүлэхэд өөрөөс гарсан зардлыг, бусдаар гүйцэтгүүлэхээр төлсөн төлбөртэй хамт шаардаж буй нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нэгэнт каркас төмрийг тээвэрлүүлэн авчрах байсан тул нэг бол бусдад хөлс төлж тээвэрлүүлэх зардал, нөгөө бол өөрөө очиж ачуулахад аль нэг зардал зайлшгүй төлөгдөх юм.

4а. Хариуцагч нь Эрээн хотын тээвэр зуучлалын компанитай холбож өгсөн. Би 4,000 юань авсан бөгөөд тээвэрлэлтийн компани нь 30,000 юанийг авсан бөгөөд надад хамааралгүй гэж маргаж байна.

Улмаар зохигч хэн аль нь нэхэмжлэгчийг 4,000 юанийг хариуцагчид, харин 30,000 юанийг бусдад буюу H гэгчид шилжүүлсэн, гэвч каркас төмөр тээвэрлэгдэж ирээгүй үйл баримтын талаар маргаагүй.

5.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

6.             Нотолгооны хуваарилалтын хувьд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд тухайн хэсэгт холбогдох шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь каркас төмрийг хариуцагчаар тээвэрлүүлэхээр тохиролцсон буюу Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч нь тээвэр зуучийн компанитай холбож өгсөн буюу Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагчийг тухайн үед болсон үйл явдал буюу нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийг хариуцагч төлнө гэж хэлсэн гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь 30,000 юанийг авсан этгээд мөнгийг өгснөөр дамжуулан нэхэмжлэгчид өгнө гэж хэлсэн хэмээн тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрч байсан гэх тайлбар үндэслэлгүй.

Цаашлаад хэрэгт байгаа 26,000 юанийг төлөх талаар гараар бичиж, орчуулсан баримтаас үзэхэд хариуцагч нь төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх агуулгагүй байна. /хх8-9/

6а. Зохигчдын тайлбар, нэхэмжлэгч нь 30,000 юанийг хариуцагчид биш өөр этгээдэд шилжүүлсэн гэж нэхэмжлэлд дурдсан зэрэг үйл баримтаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээдэг.

Эдгээрээс үзэхэд нь хариуцагч нь каркас төмөр тээвэрлэх этгээдтэй нэхэмжлэгчийг холбон өгч зуучлалын гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд хөлс болох 4,000 юанийг хүлээн авчээ.

Улмаар хариуцагч нь түүний зуучилсан тээвэрлэлтийн гэрээ хэрэгжээгүй тул зуучлалын хөлсийг буцаан төлөхийг зөвшөөрч байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь 4,000 юанийг хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбараа дээрх хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй боловч хариуцагч уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Иймд хариуцагчаас 4,000 юанийг нэхэмжлэл гаргах үеийн албан ханшаар тооцож гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын -ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул тухайн өдрийн Монгол банкнаас зарласан төгрөг гадаад валютын харьцах ханш болох 1 юань нь *******7.21 төгрөгтэй тэнцэж байгаа нь нийтэд илэрхий баримт гэж үзнэ. Иймд хариуцагчаас 1,868,840 /4,000********7.21/ төгрөг гаргуулж шийдвэрлэв.

7.             Нэхэмжлэгч нь 30,000 юанийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-н Тариалан банкны тоот дансанд шилжүүлсэн гэх тайлбараа санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн гэрээ хэрэгжээгүйн улмаас БНХАУ-д өөрөө зардал гаргасан гэх тайлбараа мөн адил баримтаар нотлоогүй. Тодруулбал, хэрэгт байгаа төлбөр төлсөн гэх баримтуудын зарим нь хэн төлсөн нь тодорхойгүй бөгөөд зарим баримтаас үзэхэд төлбөрийг Yi Xiangtong гэгч төлсөн байна. /хх13-23/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 30,000 юань болон бусад зардлыг төлсөн, мөн эдгээр мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэх үндэслэлээ нотолж чадаагүй. Иймд хэрэгт байгаа баримтын хүрээнд 30,000 юаньд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

8.             Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “Бусдыг залилж мэхлээд буруу үйлдэл хийж байгаа хүмүүсийг Монгол Улсын шүүх толгойг нь илээд явуулаад баймааргүй байна. ... Монгол хүн дандаа Хятад хүмүүст луйвардуулаад эдийн засаг, мөнгө, цаг хугацаагаараа хохироод яваад байх нь шударга ёсонд нийцэхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хангаж өгөөч.” гэж тайлбарласан. Энэхүү тайлбарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдлаар нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдахыг дурдав.

9.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч БНХАУ-н иргэн Q /passport №, F-register №/-с 1,868,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,188,660 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******8,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,851.44 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш хоног өнгөрөөгөөд түүнээс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД