Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогч Б.Н

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 17160004400045 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д овогт Б-ын Б  гэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын эхээр иргэн Б.Н-ын алдуул мал болох саран дээр Т үсгэн тамгатай халтар шүдлэн үрээг завшсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын эхээр иргэн Б.Н-ын алдуул мал болох саран дээр Т үсгэн тамгатай халтар шүдлэн үрээг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн морь манай адуутай нийлсэн байсан тэгээд би нийлүүлээд туугаад аваад явсан... Би С-ын үрээ гэж бодоод байлгаад байсан. Ср надад нэг тэмээний өртэй байсан ...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэрийн өмчинд ирсэн таван адуу, өөрийн өмчинд арван адуу байдаг. Тэрнээс нь манай хадам ах хоёр адууг нь Тонхил сумд хардаг, тэгээд алга болцон байна гээд их хайсан байсан... сүүлд нь Б гэх хүний хашаанаас морио олсон гээд над руу ярьсан. Тухайн үед морийг зодсон бололтой завьж нь ханзарсан, гуя шилбэ нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч Б.С-ын  “...Н-ын өмчинд ирсэн адуу байгаа юм. 2017 оны 03 дугаар сарын 08-09-ний өдрүүдийн хооронд Тонхил сумын зүйл багийн Улаан нуруу гэх газраас алдсан. Тухайн үед тэр адууг би маллаж байсан болохоор Зүйл багийн Улаан нуруу, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрээр 2 сар хэртэй хайж байгаад Хадам аав С-оос хэл дуулж Б гэх хүнээс 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр очиж авсан...Халтар зүсмийн үрээг чөдөрлөөд нилээн уясан эрүү ам нь хавдаад, шуугдаад сургаад унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ16-17, 39-40/,

Гэрч Т.С-ын “...Т гэх айлд очиж хоноход Т танай хүргэн С-ын хайж явсан үрээг Б гэж хүн барьж аваад явлаа гэхээр нь би сүлжээнд гарч байгаад өөрийнхөө 99999999 дугаараас С-ын утас руу залгаад хайж байсан үрээ чинь энд байна ирж үз гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / ХХ18-19/,

Гэрч Ж.Э-ийн “... манай хүргэн ах Б.Б манай гадаа Мөстийн голд байхад тууж ирээд бариад өг гэхээр нь бид нар барьж өгсөн... Тэгээд Баттулга манайд хоноод хээр, халтар 2 зүсмийн үрээгээ хөтөлж аваад явсан юм...” гэх мэдүүлэг /ХХ17-18, 32/,

Гэрч Б.Т-ийн “...2017 оны 06 дугаар сард байх Э-ийнд Б 2 адуу туугаад ирсэн. Хоёр адуу барих гээд хөөцөлдөөд байхаар нь би хүүхэдтэйгээ морьтой, манай хүр дүү мотоцикльтой нийлж хөөцөлдөж байгаад барьж өгсөн. Б надад хэлэхдээ О гэж залуу гэрлэхдээ надаас мөнгө авсан юм. Тэгээд О мөнгөнийхөө оронд авч ирж өгсөн юм гэж хэлсэн. Халтар үрээ нь саран тамгатай байсан...” гэх мэдүүлэг /ХХ25-26/,

Гэрч Г.М-ийн “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байх Тонхил сумын Алтан-Оргил багийн Мөстийн гол гэх газарт Б гэж хүн халтар зүсмийн 2 үрээ тууж ирээд барьж чадахгүй болохоор нь би өөрийнхөө мотоциклиор 2 үрээг нь хашаанд хөөж оруулж өгөөд барьсан. Б би О-оос 1.000.000 төгрөг авах ёстой тэрнийхээ оронд авсан юм гэж бид нарт хэлсэн... Барьснаас хойш 2 хоногийн дараа байх С 1 үрээг нь аваад явлаа гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ27-28/,

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ42/  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрдэг. Өөрөөр хэлбэл алдуул малын талаар зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй төдийгүй түүнийг өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхийг олж авах санаагаа хэрэгжүүлж хууль бус өмчлөлдөө шилжүүлж авснаар төгссдөг. Алдуул малыг бусдад шилжүүлсэн, түүнээс  ашиг олсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй харин учруулсан хохирол бага хэмжээнээс дээш буюу 300 /гурван зуун/ нэгжээс илүү гарсан тохиолдолд гэмт хэргийн бүрдэл хангагдана.

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншлын хэм хэмжээний хүрээнд бусдын алдуул малыг өөрийн маланд нийлсэн тохиолдолд түүнийг адгуулан маллаж эзэмшилдээ байлган эрж сурсан хүнд нь хэл дуулгах, хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг. Мөн зохих байгууллагад мэдэгдэх үүргээ мэддэггүй байж болох боловч алдуул малыг уналга эдэлгээнд ашиглах, өр авлагандаа тооцон авах нь дээрх хэм хэмжээний хязгаараас халих төдийгүй эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчиж байгаа хууль бус үйлдэл болно.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Уг гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 5-наас 10-ны хооронд үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш шүүгдэгч  холбогдох хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирсэн байна. Шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох торгох ялын доод хэмжээ 2002 оны Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулж болох торгох ялын доод хэмжээнээс багасаж шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж, /ХХ3-4/ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 / дөрвөн зуун тавин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй  байна.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний нэхэмжлэгч Б.С-ын хэрэгт гаргаж өгсөн 153.000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-ын цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б-ын Б-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Б-ын Б-ыг 455 /дөрвөн зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

4. Монгол улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.

5. Иргэний нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжилсэн 153.000 /нэг зуун тавин гурав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-н 0000000 регистрийн дугаартай цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА