Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 629

 

 

 

 

 

 

 

 

 

“З-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00110 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “З-” ХХК-ийн хариуцагч “Д-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдах авах гэрээг хэсэгчлэн цуцалж, гэрээний үүрэгт төлөх 78 000 000 төгрөгийг хүчингүй болгуулах, 120 595 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 89 856 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Б.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Б.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 21 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулан ОХУ Биробиджанск заводод үйлдвэрлэсэн 2 КТП-2500-6/04 ДУ/11н трасформатор худалдан авах гэрээ байгуулсан. Эхний удаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 137 500 000 төгрөг, дараагийн удаа 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 60 000 000 төгрөгийг шилжүүлэн уг трансформаторыг аваад Багануурын цахилгаан станцад суурилуулан тавихаар болоход уг худалдан авсан трансформатор эвдэрсэн тоноглол хуучин, гаалийн эрхийн бичиг баримтууд нь хуурамч интернетээс татаж авсан зүйл байсан тул захиалагч тал уг тоног төхөөрөмжийг суурилуулахаас татгалзсан. Худалдагч талд энэ талаар учир байдлыг хэлсэн боловч “бид шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэн, эрхийн доголдолгүй, гаалийн бичиг баримтыг олж өгнө” гэж хэлээд утсаа ч авахгүй алга болсон тул бид Багануур дүүрэгт хийж буй ажлаа дуусгахын тулд арга буюу дахин шинэ төхөөрөмж БНХАУ-аас оруулж ирэн их хэмжээний зардал гаргаж хохирч байгаа тул “Д-” ХХК-д гэрээний үүргийн дагуу төлөх 78 000 000 төгрөгийг хүчингүй болгож гэрээг хэсэгчлэн цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буюу худалдагчийн буруутайгаас гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул БНХАУ-аас гэрээ хийж шинээр оруулж ирсэн 0.4-н кВа-н хуваарилах хайрцаг, гаалийн татварын зардал нийт 120 595 000 төгрөг болсон тул хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Б-, өмгөөлөгч Б.З- нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Д-” ХХК-ийг төлөөлөн захирал Э.Б- миний бие “З-” ХХК-ийн захирал Т.Алтанцэцэгтэй 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр КТП-2500-6/0,4 ДУ/11н трансформаторыг нийт 275 000 000 /НӨАТ орсон/ төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах 21 дугаартай гэрээ байгуулж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн Хас банкны 5001863119 тоот дансаар тоног төхөөрөмжийн урьдчилгаанд 137 000 000 төгрөгийг, 09 дүгээр сарын 03-ны өдөр 38 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 04-ний өдөр 19 000 000 төгрөг шилжүүлэн авч сүүлд 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Худалдсан тоног төхөөрөмжийг гаалийн эрхийн бичиг баримтууд нь хуурамч, хуучирч эвдэрсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн байна. Тийм зүйл огт байхгүй бөгөөд худалдах худалдан авах гэрээний дагуу тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн ямар нэг эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлж өгсөн. Гэрээний дагуу тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлийг худалдан авагчид хүлээлгэж өгөх хүртэл бүтэн 3 cap худалдан авагчийн инженер техникийн ажилчид болон захиалагч тал гэгдэх хөгжлийн төвийн инженер техникийн ажилчид цөм байлцан хүлээж авч суурилуулсан. Гэтэл үлдсэн 78 000 000 төгрөгийн төлбөрөө төлөхгүй гэрээг хэсэгчлэн цуцлах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Д-” ХХК-ийг төлөөлөн захирал Э.Б- миний бие “З-” ХХК-ийн захирал Т.Алтанцэцэгтэй 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр КТП-2500-6/0,4 ДУ/11н трансформаторыг нийт 275 000 000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах 21 дугаартай гэрээ байгуулж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн Хас банкны 5001863119 тоот дансаар тоног төхөөрөмжийн урьдчилгаанд 137 000 000 төгрөгийг, 09 дүгээр сарын 03-ны өдөр 38 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 04-ний өдөр 19 000 000 төгрөг шилжүүлэн авч сүүлд 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Манай талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээнд заасан биет болон эрхийн доголдолгүй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Гэтэл “З-” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн 78 000 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй зайлсхийж, янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж өнөөдрийг хүрсэн байх тул тус компаниас 78 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд “З-” ХХК-аас гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнд 78 000 000 төгрөг, алдангид 11 856 000 төгрөг, нийт 89 856 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сард “Д-” ХХК-аас тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эхний төлбөр болох 137 000 000 төгрөгийг Хасбанкны дансанд мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 38 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 19 000 000 төгрөг, мөн нэмж 3 000 000 төгрөг тус тус 5001863119 тоот дансанд шилжүүлсэн. Анх гэрээ хийхдээ бидэнд худалдаж байгаа тоног төхөөрөмжийн паспорт, гарал үүслийн гэрчилгээ, гаалийн бичиг бүгд бий тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөхдөө өгнө гэж гэрээ байгуулсан. Бид тоног төхөөрөмжийг 07 дугаар сарын 07-ны өдөр “Тавилан” ХХК-ийн агуулахад очиж ЭХХТ хяналтын 2 инженер болох Ц.Элбэгзаяа, С.Жигжиджав, ашиглагч тал болох Багануур дүүргийн дулааны станцын цахилгааны инженер Н.Гэлэгмаа манай инженер техникийн ажилтнууд болон худалдагч тал болох “Д-” ХХК захирал Э.Б- нар бүгд байсан. ЭХХТ-ийн хяналтын инженерүүд тоног төхөөрөмжүүдийг хуучин бас бичиг баримтгүй, гаалийн бичиггүй учир шаадлага хангахгүй, тавиулахгүй гэж хэлээд бидний ажлыг зогсоосон. Бид ЭХЯамтай 2018 оны 07 дугаар сарын 16-ны дотор тоног төхөөрөмжийг суурилуулан, ажлыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан билээ. “Даурские золотой сопки” ХХК-ийн захирал Э.Б-д манай ХХК-ийн зүгээс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/61 дугаартай албан тоот бичгээр тоног төхөөрөмжийн бичиг баримтууд болон гаалийн бичгийг эх хувиар нь хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлт хүртэл явуулсан боловч хариу өгөөгүй. 2018 оны 8 дугаар сард манай байгууллага дээр ирэхэд нь бид нийлүүлсэн тоног төхөөрөмжөө буцаан авч, авсан мөнгөө эргүүлэн төл гэж хэлэхэд чадахгүй чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж хэлээд алга болсон. Манайхаас шилжүүлж авсан 197 000 000 төгрөгт НӨАТ-ын буцаалт хийлгүй он гаргасан. Бид арга буюу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уг тоног төхөөрөмжийг Багануурын дулааны станцад суурилуулахаар авч явсан. Энэ тоног төхөөрөмжийн 1 хэсэг болох /ячейк/ хуваарилах хайрцагны дээд тал мөн, хайрцагны дотор талдаа битүу зэв, очоод угсархад 0.4 кв нам талын оруулгын 4000А электрон 2 автомат эвдэрхий, 600А 2ш автомат, мөн холбогч 4000А автоматикийн автомат залгуур ажиллахгүй байсан. Багануурын дулааны станцын цахилгааны инженер Н.Гэлэгмаа бид 2 “Даурский золотой сопки” ХХК-ийн захирал Э.Б- руу нийлүүлсэн тоног төхөөрөмж чинь эвдэрхий ажиллахгүй байгааг угсралтын үед ирж үзэж танилц хэмээн i/96960770,86860770/ гэсэн дугаарын утасруу олон удаа залгасан боловч үргэлж утac нь хаалттай байсан. Э.Б-ы туслах н.Бороотой /99992442/ утсаар холбогдоход би хэлье, дамжуулъя гэж олон удаа хэлсэн сүүлд 1 удаа залгахад Э.Б- ахтай ярьсан, маргааш цуг Багануур явъя гэж яриад дахиад л утсаа авахаа больсон. Энэ “Д-” ХХК нь манай кампанид шаардлагад нийцсэн шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэн бол бид улсын өмнө хүлээсэн үүрэг даалгавраа цаг тухайд нь биелүүлэх байсан. Үүнээс болоод бид санхүүгийн маш их алдагдалд орж дахин шинээр тоног төхөөрөмж тавихаар болсон. Шинээр тавигдах тоног төхөөрөмжийн үнэ 2019 оны 6 дугаар сард шинээр дахин тоног төхөөрөмж суурилуулж улсын комисс ажиллахаар болсон 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр техникийн комиссын хурал хуралдаж тоног төхөөрөмж, хуучин эвдэрхий байна гэснээр техникийн комисс хүлээж аваагүй. Тоног төхөөрөмжийн паспорт гаалийн бичиг, сертификат зэрэг нь бүгд хуурамч интернетээс татаж авсан байсан. 09 дүгээр сарын 17-ны өдрийн техникийн комиссын хурал дээр мэргэжлийн инженерүүд суудаг. Энэ комиссийн гишүүд нь КТП-2500-6/0,4, ДУ/11н трансформаторуудын бичиг баримт тоног төхөөрөмжөөсөө зөрсөн гэдгийг техникийн комиссын хурлын тэмдэглэл дээр бэлэн бичээстэй байгаа мөн энэ бүх тоног төхөөрөмжүүд нь хуучин, бичиг баримтын бүрдэл дутуугаас бид маш их хохирол амссан учир үлдэгдэл мөнгийг манай “З-” ХХК нь төлөх боломжгүйг мэдэгдэж байна. Зэвтэй эвдэрхий байсныг мөн бүх автоматууд болон 2ш трансформатор хуучин гэдгийг ЭХХТ болон Багануурын дулааны станцын инженер техникийн ажилтнууд нотлоно. Техникийн комиссын хурлаар бүх зүйл нотлогдох болно Мөн Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын өрөөнд хийсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тодорхой бичээстэй байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Энхнасан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсөл, хөтөлбөрийн талаар, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар-аас явуулсан тендер шалгаруулалтаар “З-” ХХК нь шалгарч барилга угсралтын ажил гүйцэтгэхээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ЭХА-002/2018 тоот гэрээ байгуулсан. Төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажил нь ажлын зургийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд, 6 кВ-ын 60 м хүчний кабель, гаргалгааны гүйдлийн трансформатор, 6/0.4 кВ-ын 2x2500 кВА чадалтай хүчний трансформатор, 0.4 кВ-ын оруулгъш 2, секц холбогч 1, гаргалгааны 12 ячейк, 0.4 кВ-ын секц холбогч АВР угсрах, гаргалгааны ячейк бүрт 0.4 кВ-ын гүйдэл, хүчдэл, бодит болон хуурмаг чадал, давтамж, чадлын итгэлцүүр, фазын дараалал зэрэг параметрүүдийг хэмжих хэрэгсэл, 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн I ба II секцийн хүчдэлийн утгыг харах, хадгалах, хянах хэмжих хэрэгслүүдийг хянах хяналтын HMI холболт хийх, Дэд станцын барилгын дотор завсар, дотор гэрэлтүүлэг, галын функт хийх, Хийгдсэн ажил, Гүйцэтгэгч “З-” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 15-ны өдрүүдэд төслийн талбайд өөрийн худалдан авсан трансформатор, 0.4 кВ-ын ячейкуудыг угсарсан. Төслийн угсралтын үед Багануурын дулааны станцын цахилгаан тэжээллийг таслаж тус станцыг бүрэн зогсоож хуучин тоноглолыг буулган шинээр угсрах тоноглолыг суурилуулсан. Айл өрх, эмнэлэг, сургууль зэрэг объёктын халаалтыг жил бүрийн 09 дүгээр сарын 15-аас өгдөг тул Багануур дүүргийн Засаг дарга болон тус станцын зүгээс шинээр угсарсан тоноглолыг ажиллагаанд залгаж халаалтъш асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт ирүүлснээр мөн гүйцэтгэгч байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/67 тоот хүсэлтийн 1 дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 245 тоот тушаалын дагуу техникийн комисс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж тус дэд станцын туршилтын хүчдэлд залгасан. Захиалагч байгууллгаас тавьж буй шаардлага нь “З-” ХХК-ийн төслийн талбайд угсарсан тоноглол болох хүчний трансформатор болон ячейкуудыг шалгаж үзэхэд уг транмформаторууд нь 2007 онд үйлдвэрлэгдэж 2016 онд Монгол Улсад импортлогдож ирсэн гэсэн мэдээлэл өгсөн боловч хадгалалтын горим хангаагүй, хуучин, гаалийн бүрдүүлэлт, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг гарал үүслийн баримт бичиггүй мөн техникийн нөхцөлд тусгагдсан IEC 6000076-10 стандарт, КЕМА гэрчилгээтэй байх, өмнө ашиглагдаж байгаагүй шинэ байх зэрэг шаардлагыг хангаагүй тул хүчний трансформатор болон автомат хянах хэмжих хэрэгсэл нь ажиллагаагүй 0.4 кВ-ын ячейкуудыг солих уүрэг даалгаврын тус компанинд тавьсан. Захиалагч байгууллагын шаардлагын дагуу “З-” ХХК нь 2019 онд 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн ячейкуудыг бүрэн сольсон бөгөөд хүчний трансформаторыг солих хүртэл техникийн комиссоор хүлээн авах боломжгүй тухай гүйцэтгэгч компанинд мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын тухай, Нэхэмжлэгч болон хариуцагч талууд нь иргэний хэргийн шүүдэд гаргасан нэхэмжлэлүүд нь хоорондоо байгуулсан гэрээний үүргийн хүрээнд төлбөр барагдуулах тухай гаргасан байгаа тул манай байгууллагын хувьд “З-” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны 01/01 тоот нэхэмжлэх, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэх, “Д-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэхийг дэмжих болон татгалзах үндэслэл байхгүй байна. Иймд тус шүүх хуралд манай байгууллага нь оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч “Д-” ХХК-аас 25 705 046.11 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З-” ХХК-д, нэхэмжлэгч “З-” ХХК-аас 78 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Д-” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94 889 953.89 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 856 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу “З-” ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 308 875 /547 950+760 925/ төгрөг, хариуцагч “Д-” ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  607 230 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д-” ХХК-аас 286 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З-” ХХК-д, нэхэмжлэгч “З-” ХХК-аас 547 950 төгрөгийг гаргуулж хариуцагч “Д-” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... Дээрхээс үзэхэд шүүх хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна гэх дүгэнэлтэнд хүрлээ... гэж дүгнэсэн нь талуудын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 21 тоот гэрээний зүйл болох ОХУ-д үйлдвэрлэсэн. 2-КТП-2500-\6\40. ДУ11 трансформатор овор хэмжээний хувьд 1 вагонд ачих хэмжээтэй, хувиарлах хайрцагнууд болон трансформатораас бүрдсэн техникийн бичиг баримт, цахилгааны схем зургаар угсран төвийн эрчим хүчинд холбон ажиллахад болон засвар, үйлчилгээ ажлын горимыг хянахад, зайлшгүй техникийн нөхцөлд тусгагдсан 1ЕС 6000076-10 стандарт КЕМА гэрчилгээтэй байх, өмнө ашиглагдаж байгаагүй байх, гаалийн бүрдүүлэлт, техникийн паспорт, зэрэг эрхийн доголдлын талаар дүгнэлт гаргасангүй, зөвхөн хуучирсан трасформатор гэж дүгнэсэн байна харин гэрээний зүйлийн ихэнх хэсгийг бүрдүүлж буй хуваарилах хайрцаг \ячек\-ыг бүхэлд нь сольж импортоор оруулж ирсэн шинэ тоног төхөөрөмж худалдан авагч тал сольж угсарсан талаар тодорхой дурдсангүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхнасан шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт энэ талаар тодорхой дурдаж эрхийн доголдолтой тул гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг улсын комисс хүлээж авах боломжгүй байгааг дурдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс болж одоо хүртэл хохирч хийсэн ажлын хөлс, сольсон тоног төхөөрөмжийн үнийг авч чадаагүй. Мөн хариуцагч талын өөрийн нийлүүлсэн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг үйлдвэрийн хайрцагтайгаа шинэ тостой байсан, бичиг баримт техникийн паспорт, гаалийн бүрдүүлэлт үнэн зөв зөрчилгүй гэснийг үнэн худал болохыг тодруулахаар шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалтаар техникийн паспорт, гаалийн бүрдүүлэлтийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжлэгч тал хүсэлт гаргаж уг хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гаргуулсан боловч хариуцагч тал дээрхи эрхийг доголдлын талаар үнэн зөв мэдээллийг шүүхэд ирүүлсэнгүй, шүүгч энэ талаар үнэн зөв дүгнэлт хийсэнгүй эрхийн доголдлын талаар нэхэмжлэгчийн хууль ёсны хүсэлтийг хангаж хариуцагч талаас холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэгт авахуулагаагүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг 2 удаа зааж, хоёр өөр утгаар тайлбарсан ойлгомжгүй шийдвэр гаргахад хүргэв. Эдийн доголдолтойг шүүх хэргийн газрын үзлэгээр тогтоогоод, эрхийн доголдолын талаар эрх бүхийн байгуулага болох ЭХЯам, Эрчим хүчний хөгжлийн төвийн мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргасныг хавтаст хэрэгт авагдсан байхад бусдыг хууран мэхлэж, улсын болон хувийн хэвшилийн хуулийн этгээдүүдэд их хэмжээний хохирол учруулсан хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй байж гэрээний үнийг бүрэн авах нь хууль, гэрээнд нийцэхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт цааш дурдахдаа... Ийм Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар трансформаторын доголдлыг арилгахад гарсан зардлыг нэхэмжлэгч нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж үзнэ. Трансформаторын хуваарилах байгууламж буюу ячейкийг солиход зардал 25 705 046.11 төгрөг гарсан болох нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нотлогдож байна. Харин үлдэх 94 889 953.89 төгрөгийн шаардлага баримтаар тогтоогдсонгүй... гэжээ Гэтэл энэ нь БНХАУ-аас импортороор оруулж ирсэн гэрээнд хувиарлах хайрцаг \ячек\-ын үнэ тодорхой тусгагдсан байсан бөгөөд шүүх зөвхөн хилээр оруулж ирсэн нэг иж бүрдэлийн гаалийн бүртгэлийг үнийг нийт хувиарлах хайрцаг \ячек\ үнэ гэж үзээд ХААН банкны төлбөрийн баримтыг тодруулан үнэ зөвийг ололгүй нотлох баримтаар хавтаст хэрэгт авхуулсан банкны хуулгыг бүдэгхэн харагдах боломжгүй байсан гэж үзэн нотлох баримтаас хасач өөрөөсгөл дүгнэлт гаргав. Энэ шинэ тоног төхөөрөмжийг үнийн талаар хариуцагч, гуравдагч этгээд нэхэмжлэгчид аль нь ч маргаагүй бөгөөд шүүх хурал эхэлэхээс өмнө хариуцагч тал Багануур ДЦС хашаанд суурьлуулахаас татгалзан шинэ тоног төхөөрөмжөөр солисон өөрийн хуучин хувиарлах хайрцагаа нэхэмжлэгчээс 30 \гучин сая\ төгрөгөөр үнэлэн буцаан авч болох тухайгаа шүүгчийн эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэх талаархи асуултанд хариулахдаа хариуцагч тал дурдсан байхад шүүгч үүнд дүгнэлт хийлгүй зэвэрч муудсан суурьлуулхаас татгалзсан тоног төхөөрөмжийн үнээс доогуур импортоор орж ирж буй тоног төхөөрөмжийг үнэлэж буй нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргалаа гэж үзхэд хүргэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах заалтыг хариуцагч талыг биелүүлэн хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай эрхийн доголдлын асуудлыг үнэн зөв шийдэхийн тулд хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй чухал нотлох баримт болох техникийн паспорт, гаалийн бүрдүүлэлтийг хариуцагчаас гаргуулан хавтаст хэрэгт авхуулах, импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмжийн үнэ тээвэрийн зардалдыг хавтаст хэрэгт авхуулах зайлшгүй шаардлагатай байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хянуулах хүсэлтэй байна. Хавтаст хэргийн 38 хуудсанд нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирмжаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, гэрээний нөхцөл хангасан үйлдвэрийн хайрцагтай, талтай сав баглаа боодолтой, дагалдах технкийн паспорт бүрэн гаалийн бүрдүүлэл, 1ЕС-6000076-10 стандарт КЕМА гэрчилгээтэй эсэхийг нотлохын тулд хараат бус шинжээч томилуулах, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт гэрээнд заагдсан эрхийн доголдлыг арилгахад чухал ач холбогдолтой технкийн паспорт гаалийн бүрдүүлэлтийн материалыг гаргуулан хавтаст хэрэгт авхуулахаар шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралыг хийж зохигчийн эрхийг зөрчин. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтыг хэрэгжүүлсэнгүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “З-” ХХК нь хариуцагч “Д-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдах авах гэрээг хэсэгчлэн цуцалж, гэрээний үүрэгт төлөх       78 000 000 төгрөгийг хүчингүй болгуулах, 120 595 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдан авах гэрээг хэсэгчлэн цуцалж, гэрээний үүрэгт төлөх 78 000 000 төгрөгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 89 856 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчжээ. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий тоног төхөөрөмжүүдийн техникийн бичиг баримт, гаалийн бүрдүүлбэрийг хариуцагчаас гаргуулах, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтүүдийг гаргаж, шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр уг хүсэлтүүдийг хангаж, шинжээчээр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг томилж, улмаар тус газраас дүгнэлт гаргах эрхтэй албан тушаалтан томилох боломжгүй гэх албан тоотыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ирүүлж, шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинжээчийг өөрчлөн “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо”-г томилсон байх боловч уг холбоо нь дүгнэлт гаргах боломжгүй гэх хариуг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр ирүүлжээ./хэргийн 38, 44-53 дугаар тал/

 

Нэхэмжлэгч талаас дээрх хүсэлтүүдээс татгалзаагүй байх ба шүүхээс шинжээчээр ажиллавал зохих этгээдийг тодруулж, шинжээчийг зохих ёсоор томилж, тухайн эд зүйл доголдолтой байсан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна. Шүүхээс уг маргаантай үйл баримтыг тодруулахад ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах талаарх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу.

 

Мөн тоног төхөөрөмжүүдийн техникийн бичиг баримт, гаалийн бүрдүүлбэрийг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа уг ажиллагааг хийлгүй, дээрх хүсэлтийг хангасан захирамжийг хүчингүй болголгүй нотлох хэргийг шийдвэрлэсэн нь баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнд тооцогдоно.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760 925 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                               ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

                   

                                                                                            С.ЭНХТӨР