Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0127

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Д.Билгээгийн нэхэмжлэлтэй ...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/30 тоот актыг үндэслэн олгосон Макс констракшн ХХК-ийн захиалгаттай 130 авто машины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 136 айлын орон сууцны эд хөрөнгийн эрхийн бүртгэл, түүнд олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах -ыг хүссэн шаардлага бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Д.Билгээгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Билгээ миний бие нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Тиймээс холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.Билгээгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр Г.Батболдод нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгогдсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/30 тоот актыг үндэслэн олгосон Макс констракшн ХХК-ийн захиалгаттай 130 авто машины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 136 айлын орон сууцны эд хөрөнгийн эрхийн бүртгэл, түүнд олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.Билгээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ