| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03837/И |
| Дугаар | 182/ШШ2024/03608 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03608
| 2024 09 05 | 182/ШШ2024/03608 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,,-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 7,734,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,,
Хариуцагч ,
Иргэдийн төлөөлөгч ,,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч , нар нь хариуцагч т холбогдуулан гэм хорын төлбөрт 7,734,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. би 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 04 цагийн үед Акуа маркийн 9662 УНҮ улсын дугаартай суудлын автомашинаар Чингэлтэй дүүргийн, Дэнжийн 1000-аас Баянхошуу явах замд өөрийн урсгалд явж байх үед Ниссан Адвик маркийн 0822 УЕМ улсын дугаартай суудлын автомашины жолооч согтуугаар жолоо барьж урсгал сөрөн орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд хохирол учирсан. Мөн эрүүл мэнд, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирсон. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
1.2. Манай машинд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 5,655,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн тус үнэлгээг хийлгэхэд 390,000 төгрөгийн төлбөр төлсөн. Автомашинаа ачуулсан зардал, журмын хашааны төлбөр, оношилгооны төлбөр, бензинд нийт 415,300 төгрөгийг зарцуулсан. Энэ талаарх баримтуудыг хэрэгт өгсөн. Мөн надад ослын улмаас хөнгөн гэмтэл учирсан. Миний хувцас, гар түлэгдсэн. Одоо гартаа битүү сорвитой болсон. Би эм тарианы мөнгөө нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардалд 274,350 төгрөгийг зарцуулсан баримт байгаа.
1.3. , бид гэр бүлийн хүмүүс бөгөөд Акуа маркийн 9662 УНҮ улсын дугаартай суудлын автомашинаар ажил амьдралаа залгуулдаг байсан. Одоо энэ машин байхгүй шууд сэлбэгт өгсөн. Осол болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил төрөл, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болон машин засвар луу машинаа чирүүлэхэд гарсан зардалд 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бид хоёр караоке ажиллуулдаг бөгөөд бараа материалаа татах зэрэгт Акуа машинаа бензин бага иддэг учраас байнга ашигладаг байсан. Ослоос болж бензин их иддэг машинаар ажлаа амжуулж байгаа учир энэ 1,000,000 төгрөгийн 300,000 төгрөг нь бензинд зарцуулагдсан. 130,000 төгрөгөөр машинаа ачуулсан. Үлдсэн төлбөр нь бусад зүйлд зарцуулагдсан.
1.4. Шүүхэд хандсанаас хойш хариуцагч нь 5,050,000 төгрөг төлсөн. Иймд үлдэх төлбөрийг гаргуулж, бидэнд олгож өгнө үү. Хариуцагч сардаа 1,000,000 төгрөг, эсхүл 500,000 төгрөгөөр төлбөл эвлэрч болно. Үүнээс өөрөөр эвлэрэх боломжгүй гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр найзуудтайгаа пиво ууж байгаад орой машин барьж яваад энэ хүмүүсийг мөргөсөн. Би үүргэлчихсэн байсан. Тэгээд тухайн үед би ажилгүй байсан болохоор хохирлыг барагдуулахын тулд би боломжтой гэсэн бүх хүнээсээ мөнгө зээлсэн. Хүнээс зээлсэн нотлох баримтууд төрийн банкны дансанд байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5,050,000 төгрөгийг цувуулаад нэхэмжлэгчид өгсөн. Би хохирлоо төлж барагдуулна. Гэхдээ миний одоогийн нөхцөл байдал хүнд байгаа учир үлдсэн төлбөрөө бүгдийг нь нэг дор төлөх боломжгүй байгаа тул сард 200,000 төгрөг, 300,000 төгрөгөөр төлөх саналтай байна. Нэхэмжлэгчийн гаргаж буй сард 500,000-1,000,000 төгрөг төлөх саналыг хүлээж авах боломжгүй байна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч, нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч буруугаа ойлгож байгаа учир төлбөрийг нь төлүүлэхэд хугацаа олгож өгөх хэрэгтэй байх. Согтуугаар жолоо барьсан учир төлүүлэх нь зүйтэй гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт /хх-2/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3-4/
- Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хх 5/
- Тээврийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 702 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх 6/
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 7-8/
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7018, 7019 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хх 9-10/
- Ашид билгүүн ХХК-ийн 2024.05.26-ны өдрийн 1834 дугаар Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /хх 11/
- Фото зураг /хх 12-13/
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / 14/
- Эрх бүхий албан тушаалтны эд зүйл бичиг баримт хүлээн авсан тэмдэглэл /хх 15-16/
- Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх 17/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/
- 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 821 дугаар Мөрдөгчийн магадлагаа /хх 20-21/
5. Хариуцагчаас Төрийн банк, Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч , нар нь хариуцагч т холбогдуулж гэм хорын хохиролд 7,734,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн, Дэнжийн мянгаас Баянхошуу явах замд Ниссан Адвик маркийн 0822 УЕМ улсын дугаартай суудлын автомашины жолооч согтуугаар жолоо барьж урсгал сөрж бидний машины урдаас мөргөсөн осол гаргасны улмаас машинд болон эрүүл мэнд, сэтгэл санаанд гэм хор учруулсан гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нь осол болсон гэм буруутай үйлдэл болон учруулсан хохирлын хэмжээнд маргахгүй ч шууд төлөх боломжгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн, Дэнжийн мянгаас Баянхошуу явах замд 2024 оны 005 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн орчимд Ниссан адвин маркийн 08-22 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа нэхэмжлэгч ын өмчлөлийн Тоёота акуа маркийн 96-62 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус автомашин болон, нарын эрүүл мэндэд хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7018, 7019 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 821 дугаар Мөрдөгчийн магадалгаа зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Улмаар Тээврийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 702 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзсэн байна.
4.2. Нэхэмжлэгч нь Тоёота Акуа маркийн 96-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаагаар, нэхэмжлэгч нь зам тээврийн осол гарах үед тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан, зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан зөрчлийг шалган шийдвэрлэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байх тул , нар нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.,
510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд хариуцах бөгөөд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг, эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч нар нь Ашид билгүүн ХХК-ийн 2024.05.26-ны өдрийн 1834 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн ба тайланд 96-62 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шууд зардлын дүн 5,245,000 төгрөг, шууд бус зардал 410,000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 5,655,000 төгрөг гэсэн байна. /хх 11/
Түүнчлэн тус үнэлгээг тогтоолгох ажлын хөлсөнд Ашид билгүүн ХХК-д 390,000 төгрөг, тээврийн хэрэгслийн ачилтын хөлсөнд 140,000 төгрөг, тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөрт 85,000 төгрөг, тээрийн хэрэгслийн оношлогооны төлбөрт 85,000 төгрөгийг тус тус төлсөн, 274,350 төгрөгөөр эм тариа, 105,300 төгрөгөөр бензин авсан талаарх баримтыг шүүхэд гаргасан байна. /хх 15-17/ Эдгээр нь нийтдээ 6,734,650 төгрөг болж байх бөгөөд тус үнийн дүн, баримтыг хариуцагч нь үгүйсгээгүй, өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас осол болсон шалтгаан нөхцөлд маргаагүй.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч нарт 5,050,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 7,734,650 төгрөгөөс 5,050,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нар нь сэтгэл санааны хохирол болон эмчилгээ, бензиний төлбөр зэрэгт зарцуулсан гэх 1,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаар нотлоогүй, тус хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг богино хугацаанд бөөнд нь төлөх боломжгүй гэх тайлбар нь түүнийг бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч ээс Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу 1,684,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгч , нарын гаргасан ...хариуцагчаас тухайн зардлыг гаргуулах нь зүйтэй... гэх дүгнэлтийг харгалзан үзлээ.
6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 41,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ээс 1,684,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , нарт хувь тэнцүүлэн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 41,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН
Т.ЭНХТУЯА