| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2017/0344/Э |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 328
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Г.Мөнхбаяр,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдаан танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ын Б.Г-т холбогдох эрүүгийн 1710002720136 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, ********* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б-ын Г,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:/
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн автобусны буудал орчим ууж байсан архины шилээ шидэж Ш.Х-гийн зүүн гарын тохой хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Г-аас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд
Хохирогч Ш.Х-гийн: “...Тэгээд би нөхрийгөө аваад явах гэтэл Ганаа гэгч эхнэрийгээ барьж байсан таягаараа 2-3 удаа гар болон толгойн хэсэгт нь цохиод байхаар нь би очоод чи болиоч, эхнэрийгээ ямар аймаар зоддог юм бэ гэхэд ууж байсан 0.35 литрийн архитай шилээ над руу шидэж миний гарыг гэмтээсэн... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би Б.Г-аас хохирлын мөнгө гэж бэлнээр 450.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 15 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-ийн: “...Би тэдний хажууд зогсож байтал 23 цаг болоод модоо хураах санаатай эргэтэл төд удалгүй ард Ш.Х эгч хөөе чи гар цохьчихлоо шүү дээ гэсэн. ...Би буцаад Ш.Х эгч дээр очиход танай нөхөр чинь архины шилээр миний гар луу цохьчихлоо гээд тохойгоо бариад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9696 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Б.Г яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Манай эхнэр чи битгий хуц заавал надтай хамт амьдарч яах гээд байгаа юм. Тэндээ малаа маллаад байж байхгүй юу, би эндээ модоо зармаар байна гэхээр нь уур хүрээд гартаа барьсан таягаараа цохих гэтэл Ш.Х дундуур ороод чи одоо яах гээд хүн цохиод байгаа юм бэ, болиоч гэхээр нь уур хүрсэндээ ууж байсан 0.33 литрийн “Хараа” нэртэй архины шилийг аваад эхнэр лүү шидсэн чинь Ш.Х-гийн тохойг оночихсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 28 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн автобусны буудал орчим ууж байсан архины шилээ шидэж Ш.Х-гийн зүүн гарын тохой хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ш.Х-гийн мэдүүлэг /хх-ийн 12, 15 дугаар хуудас/, гэрч Д.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9696 дугаартай дүгнэлт
Энэ хэргийн шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.
Хохирогч Ш.Х-гоос: “...би Б.Г-аас хохирлын мөнгө гэж бэлнээр 450.000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 15 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 30 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байна.
шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчийн гомдлыг барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх..., эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчийн гомдлыг барагдуулсан, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг болон хувийн байдал зэргийг харгалзан, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, түүний согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Д овогт Б-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ