Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

 

 

 

 

 

2022оны 06 сарын 29-ний өдөр                    2022/ДШМ/47                                Хэрлэн сум

 

П.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0047

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл,

Яллагдагч П.Т-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/223 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцэл, яллагдагч П.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоор П.Т-д холбогдох эрүүгийн 2239000000138 дугаартай хэргийг 2022 оны 06  дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч П.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Т” караоке барны гадна “томорч дээрэлхэх гэлээ” гэх шалтгааны улмаас Г.И-, Б.О- нартай муудалцаж улмаар хохирогч Г.И-гийн нүүр рүү нэг удаа цохиж унаган, хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хамрын ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Т- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-01 тоотод  оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон байхад “Хэнтий аймгийн Чингис хотын төвөөс гарахгүй байх” гэсэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь үндэслэлгүй, прокурорын саналд дурдсан Чингис хотын төв нь хаана байрлалтай, хэдий хэмжээний газар нутагтай, хилийн цэс нь хаагуур байдаг, П.Т- нь Чингис хотын төвд оршин суудаг эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр яллагдагч П.Т-д холбогдох 2239000000138 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол яллагдагч П.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн 2239000000138 дугаартай хэрэгт яллагдагч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Т” караоке, барны гадна “томорч, дээрэлхэх гэлээ” гэх шалтгааны улмаас Г.И-, Б.О- нартай муудалцаж улмаар хохирогч Г.И-гийн нүүр рүү нэг удаа цохиж унаган, хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогдсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шүүгчээс хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд 2022/ШЗ/223 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн хариуцлага албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжид П.Т- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баярмөнхийн 2-01 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон байхад “Хэнтий аймгийн Чингис хотын төвөөс гарахгүй байх” гэсэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан санал гаргасан нь үндэслэлгүй, прокурорын саналд дурдсан Чингис хотын төв нь хаана байрлалтай, хэдий хэмжээний газар нутагтай, хилийн цэс нь хаагуур байдаг, П.Т- нь Чингис хотын төвд оршин суудаг эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэх гэсэн шаардлага хангагдаагүй гэж үзлээ гэжээ.

Яллагдагч П.Т- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Г.И- нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа нотариатаар баталгаажуулсан хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, яллагдагчийн хувийн байдал зэргийг нь харгалзан 2 сарын хугацаанд Хэнтий аймгийн Чингис хотоос гаргахгүй байх зорчих эрх хязгаарлах ялын санал танилцуулахад яллагдагч нь хүлээн зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Яллагдагчид эрүүгийн хариуцлага буюу зорчих эрхийг хязгаарлах ялын санал танилцуулахдаа зорчин явж болохгүй хил хязгаарыг нэг бүрчлэн хэлж өгсөн ба яллагдагч П.Т- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгчийн асуусан Чингис хотын төвөөс гадагш гарч болохгүй гэдгийг юу гэж ойлгосон гэх асуултад “...Хэнтий аймгийн Чингис хотын хил хязгаарын баруун зах нь Чингис хаалга, зүүн зах нь Бэрхийн самбар, урд зах нь Хэрлэнгийн гүүр, хойд зах нь хогийн цэг...” гэж мэдүүлсэн нь зорчих эрхийг хязгаарлах ялаа хэрхэн биелүүлэх талаар хангалттай ойлголттой, гарч болохгүй үүрэг хүлээлгэсэн бүсийг тодорхой мэдэж авсан байгааг илэрхийлж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Чингис хотын төв нь хаана байрлалтай, хэдий хэмжээний газар нутагтай, хилийн цэс нь хаагуур байдаг, П.Т- нь Чингис хотын төвд оршин суудаг эсэх нь тодорхойгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа утгыг нь алдагдуулсан Чингис хот гэх нэршил, хилийн цэс байхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хэрэг прокурорт буцаад нэмж хийх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй, шүүхээс Чингис хот гэх газар нутгийг мэдэхгүй бол зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг нь шүүхийн шатанд өөрчлөн тогтоох нь эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүхээс бүс өөрчлөх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Цахим сүлжээнээс Чөлөөт нэвтэрхий толь-Википедиагаас хайхад Хуучнаар Өндөрхаан гэж нэрлэгддэг байсан тус хотыг Чингис хааны дурсгалд зориулан Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор Чингис хот хэмээн нэрийджээ. Монгол Улс, Хэнтий аймаг, Хэрлэн сум, дотроо 8 багт хуваагддаг, газар нутаг 3.788 км², хүн ам 19.317 гэж харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хялбаршуулсан журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагч П.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Т” караокены гадна Г.И-тай муудаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийг хохиролгүй болгож бид хоёр сайн дураар эвлэрсэн. Хохирлыг бүрэн барагдуулсан тул Г.И- надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгч нотариатаар батлуулсан. Би прокурортой 1 сарын хугацаанд Чингис хотын төвөөс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тохиролцсон. Миний бие мөнгөн торгууль төлөх боломжгүй, Чингис хот дотор хувиараа юм хийдэг тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцэл, яллагдагч П.Т-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр П.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж 1.1.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, 1.2.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, 1.3.гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх зэрэг нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Яллагдагч П.Т- нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг Хэнтий аймгийн прокурорын газарт 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан /хавтаст хэргийн 57 хуудас/ байх бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 26 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж /хавтаст хэргийн 58 хуудас/ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр яллагдагч П.Т-д танилцуулсныг /хавтаст хэргийн 63-64 хуудас/ яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар прокурор 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 108 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх П.Т-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд “Хэнтий аймгийн Чингис хотын төвөөс гарахгүй байх” гэсэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь үндэслэлгүй, прокурорын саналд дурдсан Чингис хотын төв нь хаана байрлалтай, хэдий хэмжээний газар нутагтай, хилийн цэс нь хаагуур байдаг, П.Т- нь Чингис хотын төвд оршин суудаг эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэсэн шаардлага хангагдаагүй гэж үзлээ” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Яллагдагч П.Т- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-01 тоотод оршин суудаг болох нь түүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 13, 34 хуудас/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 38 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын саналыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчид танилцуулсныг /хавтаст хэргийн 63-64 хуудас/ яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул яллагдагч П.Т-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Иймд энэ талаар бичсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн эсэргүүцэл, яллагдагч П.Тэмжүүжингийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/223 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Т-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцэл, яллагдагч П.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсныг дурдсугай.

 

3. Хэргийг шүүхэд очтол яллагдагч П.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин Т болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Г.ТЭГШСУУРЬ

           

                                                                                            Б.ДЭНСМАА