Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 329

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч С.Болорчулуун,

хохирогч Ч.Б,

шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:0-257/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогт Н-ын Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710000000137 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт  төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, О овогт Н-ын Л.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Ч.Б-: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой охин Б.Т, зээ нарын хамт охиныхоо машинтай явж байсан. Тухайн үед баруун гар талаас нэг  машин,  мөн нэг жижиг оврын По машин урдуур орж ирсэн. Манай охин тэр машины араас дагаад явж байсан, гүйцэж түрүүлэх ямар ч боломжгүй байсан. Урд явж байсан По машин уулзвараар эргэхтэй зэрэгцээд шүүгдэгч Н.Л “хурдан яваачээ пизда минь” гэж хашгирч эхэлсэн, би тэр үед өөдөөс нь салаавч гаргасан, харин пизда гэж хэлээгүй. Гэтэл энэ хүн машинтайгаа манай машины урдуур орж, хэрж зогссон. Намайг машинаас буугаад очиход шууд миний толгой руу хоёр удаа цохиод хойш ухарсан, намайг зөрөөд шүүгдэгч рүү дайрах үед эхнэр нь дундуур орж салгасан. Дараа нь Н.Л өөрөө машиндаа ороод суусан бөгөөд манай охин цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирэхэд шүүгдэгч “хэлээч чи” гээд дахин хашгирч эхэлсэн. Тухайн үед хоёр цагдаа ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэв.

 

Шүүгдэгч Н.Л-: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, цагаан хаалганы орчмын зам дээр манай машины урд талын цагаан машин хэт удаан явж байсан. Тэр машин гүйцэж түрүүлэх боломжгүй зам дээр хэт удаан явсан учир би Дөл хотхоны замд  хажуугаар нь гүйцэж түрүүлэх үедээ “хурдан яваачээ чи” гэж хэлэхэд хохирогч Ч.Б машины арын цонхыг онгойлгож байгаад над руу салаавч гаргаад “хуц пизда” гэж хэлсэн. Тэр үед урдуур нь орж зогсоод, бууж очиж “би чамд пизда шиг харагдаж байна уу” гээд маргалдсан. Бид хоёр түлхэлцэж, заамдалцаад байж байхад манай эхнэр салгаж, “наад хүн чинь бие муутай хүн, саяхан эмнэлгээс гарсан” гэж хэлэхэд хохирогч эхнэрийн цээж рүү хоёр удаа цохисон. Тэр үед нь би хохирогч Ч.Б-д хандаж “Чи наад хүнээ миний нүдэн дээр алчихаач” гэж хэлээд, бие тавгүй болсон учир хойшоо болсон. Удалгүй цагдаа ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...Дөл хотхоны камерын бичлэгт тухайн машин хэт удаан явсан, ард нь олон машин явж байсан талаар бичигдсэн байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би охин Б.Т, зээ хүү Э нарын хамт Хан-Уул дүүргийн хажуугийн туслах замаар явж байтал араас цагаан өнгийн машин сигналдаад байсан. Тухайн үед манай машины урд талд жижиг оврын По нэртэй машин удаан явж байгаад баруун эргэхээр нь охин бид хоёр машинтайгаа зүүн эргэх гэж байхад сигналдаад байсан микроавтобустай жолооч нь “яваачээ пизда минь” гэж хараахаар нь би охиныхоо машины арын суудлаас цонхоор нь салаавч гаргачихсан. Тэгтэл уг машин урд орж зам хааж зогсоод дотроос нь жолооч нь бууж ирэхээр нь би бас машинаасаа буугаад очсон. Намайг буугаад очиход тэр залуу миний шанаа руу гараараа 2 удаа цохихоор нь би тэр залууг өөрөөсөө холдуулж түлхэтэл тэр залуу миний өмнөөс мөн адил түлхсэн. Энэ үед тэр залуугийн эхнэр нь бололтой хүүхэн бууж ирээд боль гэж хэлсэн бөгөөд тухайн үед би тэр эмэгтэйг цээж рүү нь 2 удаа  түлхсэн юм. Тэгээд манай охин тэр залууг яв гэж хэлэхэд явахгүй байхаар нь цагдаа дуудсан. ...Намайг цагаан өнгийн микроавтобусны жолооч эрэгтэй салаавч гаргалаа гэж баруун талын шанаа руу гараараа 2 удаа цохьсон, өөр намайг хэн нэгэн цохиогүй. Миний хувьд хүн цохьсон асуудал байхгүй, эхнэрийг нь хоёр удаа түлхсэн...” /хх-ийн 09-10/ гэсэн,

 

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16 цаг 50 минутын үед би аав Ч.Б-тай хамт хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад **-** УБХ улсын дугаартай Приус 30 маркийн машинтайгаа Арьс ширний үйлдвэрийн нарийн замаар явж байсан юм. Би жолоо бариад аав, хүүтэй хамт хойно сууж байсан. Тэгтэл манай машины урд ачаа ачсан машин удаан яваад байсан. Би уг машины ард явж байсан учраас мөн л удаан явсан. Тэгтэл араас цагаан өнгийн микро сигналдаад жолооч нь цонхоороо орилоод байсан, би зам тавьж өгөөд хажуугаараа гаргах гэтэл жолооч ах “Хурдан яваач пизда минь, зам бөглөөд” гэж хэлсэн. Тэр үед аав тэр жолооч руу салаавч гаргасан. Тэгтэл тэр машин хажуугаар гүйцэж түрүүлж урд хашиж зогсоод жолооч нь машинаасаа бууж ирсэн, манай аав бас машинаас буусан. Цагаан микроны жолооч яах ийхын зуургүй аавын нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохьсон. Энэ үед би машинаасаа буусан, мөн нөгөө цагаан микроны жолоочийн эхнэр бас бууж ирсэн. Би эхнэрт нь хандаж танай нөхөр чинь хаашаа юм бэ гэхэд эхнэр нь тийм манай нөхөр өвчтэй гээд өөрийнхөө нөхрийг биш манай аавыг боль гээд түлхээд манай аав руу дайраад байсан. Тэгээд цагдаа дуудсан...” /хх-ийн 12/ гэсэн,

 

Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 16 цагийн үед нөхөр Н.Л-ын хамт гэррүүгээ харих гээд Арьс ширний үйлдвэрийн нарийн замаар явж байсан. Тэгтэл урд **-** УБХ улсын дугаартай Приус маркийн машин удаан яваад байсан. Уг нь машины урд арваад машины зай байсан. Манай нөхөр гүйцэж түрүүлэх үедээ “Хурдан яваач” гэхэд уг машины арын суудал дээр сууж явсан эрэгтэй “Хуц пизда минь” гээд салаавч гаргасан. Тэгэхээр нь манай нөхөр уурлаад машинаараа хааж зогсоод бууж очиход нөгөө эрэгтэй мөн машинаасаа бууж ирээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Манай нөхөр зүрх муутай учир би уначихаж магадгүй гээд нөгөө эрэгтэйг болиулах гэж гараараа хаасан. Тэгтэл миний цээж рүү гараараа хоёр удаа цохьсон. Энэ үед хамт явж байсан жирэмсэн эмэгтэй бууж ирээд цагдаа дуудсан...” /хх-ийн 14/ гэсэн,

 

Шинжээч Б.Долгормаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ч.Б-ы биед учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 63-64/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Л мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны үдээс хойш 16 цагийн үед шашин номын ажилтай яарчихсан юм цуглуулаад өөрийн эзэмшлийн **-** УНБ улсын дугаартай микро машинтайгаа Хан-Уул дүүргийн цагаан хаалганы Дөл хотхон орчим явж байхад урд байсан приус маркийн машин удаан яваад түгжрэл үүсгээд байсан. Тэгээд араас хүмүүс сигналдаад би ч бас 2-3 удаа сигналдсан. Тэгээд Дөл хотхоны орчмын тойрог дээр “Хөөш чи яваачээ” гээд хашгирсан чинь уг машины арын суудалд сууж явсан нэг хүн “Хуц пизда минь” гэж хэлээд салаавч гаргасан. Тэгэхээр нь урдуур нь орж хашиж зогсож байгаад бууж очоод би чиний нүдэнд пизда шиг харагдаж байна уу гэсэн чинь яадаг юм пизда минь гээд дахиад салаавч гаргахаар нь хоёулаа барилцаж аваад хэрэлдсэн. Тэгэхэд манай эхнэр дундуур орж ирээд та нар болиочээ наад хүн чинь эмнэлгээс гарч ирсэн зүрх муутай хүн шүүдээ гэж зөндөө олон хэлэхэд миний бие сонин болоод хойшоо болоход эхнэрийн цээж рүү хоёр гурван удаа цохиод авсан. Тэгэхээр нь чи наад хүнээ миний нүдэн дээр алчихаарай гээд хэрэлдсэн. Гэтэл приус машинаас охин нь бууж ирээд галзуугийн эмнэлгээс оргож яваа хүмүүс байна гээд хэл амаар доромжилсон. Тэгээд эхнэр бид хоёр буцаад машиндаа суугаад явах гээд зам хааж зогсчихоод цагдаа дуудсан. ...Би Ч.Б-тай зодолдож цохилцсон асуудал байхгүй...” /хх-ийн 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №11646 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ч.Б-ы биед тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”  /хх-ийн16 / гэсэн дүгнэлт,

 - Шүүгдэгч Н.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-38/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 25, 26, 62/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Б, гэрч Б.Т, шинжээч Б.Долгормаа нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11646 тоот дүгнэлт, шүүгдэгч Н.Л-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-ы биед “тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр хохиролд 188.000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг /хх 25-26, 62/ хэрэгт хавсаргажээ. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Л нь хохирогч Ч.Б-д учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд 180.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч 8.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Н.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн 1710000000137 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч О овогт Н-ын Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Н-ын Л-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Л-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Л торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1710000000137 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР