Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/48

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29-ний өдөр                    2022/ДШМ/48                                Хэрлэн сум

 

Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0048

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/229 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэл, яллагдагч Б.Ц-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ц-д холбогдох эрүүгийн 2239000000170 дугаартай хэргийг 2022 оны 05  дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Б.Ц- нь 2021 оны 04 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “Олон бүрд” гэх газраас Т.Л-ийн хар зүсмийн гүүг уналга морь ашиглан бугуйлдан хулгайлж хохирогч Т.Л-ид 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Б.Ц-г Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа “2021 оны 04 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас Т.Л-ийн хар зүсмийн гүүг уналга морь ашиглан бугуйлдан хулгайлж хохирогч Т.Л-ид 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгчийн шийтгэх тогтоолоос өмнө үйлдсэн гэх хэрэг нь шийтгэх тогтоолоор тогтоосон гэм буруугийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр байгаа эсэх, шинээр илэрсэн нөхцөл байдал байгаа эсэхийг нягталж, шаардлагатай бол ял хүндрүүлж яллагдагчаар татах,

2. Хулгайлсан гүүгээ авсан гэх бичгийг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч нотариатын үүрэг гүйцэтгэгч гэх этгээд баталгаажуулсан нь хуульд нийцэж байгаа эсэх, зурагдсан гарын үсэг адилгүй байх тул энэ талаар хохирогчоос тодруулах, хэрэв авсан бол таниулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах. Хохирогч нь “адуугаа 3 сая төгрөгөөр үнэлнэ, хурдны удамтай” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 9 хуудас/ байхад малын зах зээлийн дундаж үнээр үнэлсэн /хавтаст хэргийн 43 хуудас/ нь зөрүүтэй байх тул тодруулж хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авах, хохирогчийн нэр дээр малын данс бүртгэл байгаа эсэх, түүний малын тамга нь алдагдсан гүүний тамгатай тохирч байгаа эсэхийг тулгаж үзлэг, туршилт хийх,

3. Үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг хохирогчид танилцуулах талаар холбоо мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн, танилцуулсан гэх боловч чухам ямар холбоо мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй, ямар дугаар хаягаас ямар дугаар хаяг руу мэдэгдсэн, түүний билл, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй байгаа тул зөрчлийг засах зэрэг үндэслэлүүдээр Б.Ц-д холбогдох 2239000000170 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Яллагдагч Б.Ц- нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял оногдуулан, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж яллагдагч  Б.Ц- нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх ялыг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тэнсэж хянан харгалзах ялыг бүрэн эдэлж дууссан байна. Шийтгэх тогтоол гарахын өмнө нь үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас  эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул энэ зохицуулалтаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж дүгнэж байна. Мөн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 болон 3 дахь заалтад хийлгэхээр заагдсан мөрдөн шалгах ажиллагаа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хуульд заасан шаардлага хангасан, хохирол барагдуулсан гэх нотариатаар баталгаажуулсан баримт гаргасантай холбогдуулан ажиллагаа хийлгэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогчийн мэдүүлгээр нэгэнт тогтоогдсон ажиллагааг дахин өөр өөр байдлаар хийлгүүлэхээр заасан нь үндэслэлгүй гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Б.Ц- нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон ял шийтгэгдсэн бөгөөд уг эрүүгийн хариуцлагыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн хяналтад 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орж 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 6 сарын хугацаанд тэнсэн хяналт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчилгүй эдэлж дуусан бөгөөд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Харин прокурорын газраас Б.Ц-г 2021 оны 04 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас Т.Л-ийн хар зүсмийн гүүг уналга морь ашиглан бугуйлдан хулгайлж хохирогч Т.Л-ид 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалтад хамаарахгүй байх тул өмнөх шийтгэх тогтоолыг хөндөхгүйгээр 2239000000170 дугаартай эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нь өмнөх шийтгэх тогтоолоос нь тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байгаа тул миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар хэргийг нь шийдвэрлэж өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “1.1.гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон; 1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; 1.3.цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн; 1.4.хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдлыг хэрхэн яаж шалгах талаар хуульд тусгаж өгсөн байдаг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч эсхүл оролцогч нар нь хууль бус үйл ажиллагаа явуулах, эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлэх байдлаар илэрдэг бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай гэж заасан байх тул дээрх асуудалтай хамаарахгүй байна. Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

2. Хохирогч Т.Л- нь Хэнтий аймгийн Баян-Адарга суманд оршин суудаг бөгөөд тухайн суман нотариатч байхгүй тул өөрийн оршин суух газраас хамгийн ойрхон сум болох Хэнтий аймгийн Биндэр суманд өөрийн биеэр очиж “өөрийн эзэмшлийнхээ хар гүүг Б.Ц-гөөс хүлээн авлаа, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг тус сумын нотариатчийн үүргийг хавсарган гүйцэтгэгч Тамгын газрын дарга Өнөрболдоор баталгаажуулж шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Хохирогч Т.Л-ид шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбарыг өгсөн, мөн өөрийн биеэр нотариатч дээр очиж хүсэлт бичиж шүүхэд ирүүлсэн зэргээс дүгнэхэд хурдан удмын хар гүүг Б.Ц-гөөс хүлээн авсан тул үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд хохирогч Т.Л- нь ямар нэгэн маргаан байхгүй болох нь харагдаж байна. /Жич Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Нотариатч ажиллаагүй сум, тосгонд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан дараах этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ”, 16.2.1-т “сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн” гэж тус тус заажээ/.

 Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Т.Л- давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн малчин Т.Л- миний бие 2021 оны 04 дүгээр сарын дундуур хар зүсмийн гүүгээ хулгайд алдсан тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Миний гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад манай сумын иргэн Б.Ц- миний алдсан хар гүүг авсан болох нь тогтоогдсон бөгөөд миний алдсан хар гүүг Б.Ц- нь машинд ачиж 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр надад авчирч өгсөн тул би алдсан гүүгээ хүлээн авлаа гэсэн бичиг хийж өгөөд тухайн бичгийн ард иргэний үнэмлэхээ канондаж Б.Ц-д өгч явуулсан. Тухайн үед бичгээ нотариатаар батлуулах гэсэн боловч манай сумын Тамгын газрын дарга томилогдоод 6 сар болоогүй байгаа тул баримт бичиг батлахгүй гэсэн тул Б.Ц-д нотариатаар батлуулж чадахгүй бичгээ өгч явуулсан. Гэтэл Б.Ц- нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт “нөгөө бичгийг нотариатаар баталгаажуулаагүй болохоор нотлох баримтын шаардлага хангахгүй гэж байна, яах уу” гэж ирсэн. Би Б.Ц-гөөс өөрийн алдсан гүүгээ зүсээр нь хүлээж авсан тул гэрээсээ хамгийн ойрхон сум болох Биндэр сумын руу очиж бичгийг батлуулж өөрт нь өгч явуулсан. Миний бие хөдөө мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг бөгөөд эхнэр маань саяхан төрөөд нялх биетэй сар болоогүй байгаа тул мал ахуйгаа хаяад хол явах боломжгүй нөхцөл байдалд байгаа тул өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож чадахгүй байгаа юм. Гэтэл хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа дахин хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Миний бие эхнэр болон нэг сар хүрээгүй нялх хүүхдээ асран хамгаалж, мал ахуйгаа гарцаараа маллаж байгаа тул олон удаа Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөх нь хүндрэлтэй байна. Мөн миний бие өөрийн адуунаас алдсан хар зүсмийн гүүгээ зүсээр нь хүлээн авсан тул Б.Ц-гөөс нэхэмжлэх зүйл байхгүй байна. Иймд миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө алдсан хурдан удмын гүүгээ олж аваагүй байсан тул 3.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж мэдүүлсэн, харин өнөөдрийн байдлаар өөрийн хар зүсмийн гүүгээ зүсээр нь Б.Ц-гөөс хүлээн авсан тул үнэлгээн дээр маргаан байхгүй. Цагдаагийн газрын мөрдөгч Ч  гэх хүн залгаж хар гүүний үнэлгээг танилцуулсан бөгөөд миний зүгээс үнэлгээн дээр маргахгүй. Мөрдөгч дараа дахин утсаар залгаж “хавтаст хэргийг шүүх рүү шилжүүлэх саналтай прокурорт өглөө, хэргийн материалтай танилцаарай” гэж хэлэхэд нь тухайн үед эхнэр маань дөнгөж төрөөд сумын төвийн эмнэлэгт байсан тул очиж чадахгүй тухайгаа хэлэхэд хэргийн материалыг утсаар танилцуулсан. Надад Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн талаар ямар нэгэн гомдол санал маргаан байхгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаахгүйгээр, мөн намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэл, яллагдагч Б.Ц-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос яллагдагч Б.Ц-гийн 2021 оны 04 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас Т.Л-ийн хар зүсмийн гүүг уналга морь ашиглан бугуйлдан хулгайлж хохирогч Т.Л-ид 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 111 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр яллагдагч Б.Ц-д холбогдох 2239000000170 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

1. Анхан шатны шүүх яллагдагч Б.Ц-гийн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоос өмнө үйлдсэн гэх “2021 оны 04 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас Т.Л-ийн хар зүсмийн гүүг уналга морь ашиглан бугуйлдан хулгайлж хохирогч Т.Л-ид 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг нь шийтгэх тогтоолоор тогтоосон гэм буруугийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр байгаа эсэх, шинээр илэрсэн нөхцөл байдал байгаа эсэхийг нягталж, шаардлагатай бол ял хүндрүүлж яллагдагчаар татах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Ц-г бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ц-д буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Ц-д анхааруулж шийдвэрлэсэн байх бөгөөд Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.А-н 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол”-оос /хавтаст хэргийн 111 хуудас/ харахад Б.Ц- нь уг ялыг эдэлж дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон”, 1.2-т заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон”, 1.3-т заасан “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн”, 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” зэрэг нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болохоор хуульчилсан байх бөгөөд яллагдагч Б.Ц-гийн өмнө нь үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрснийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байна.

 

2. Шүүхээс “хулгайд алдсан гүүгээ буцааж авсан” гэх бичгийг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч нотариатын үүрэг гүйцэтгэгч гэх этгээд баталгаажуулсан нь хуульд нийцэж байгаа эсэх, зурагдсан гарын үсэг адилгүй байх тул энэ талаар хохирогчоос тодруулах, хэрэв авсан бол таниулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах, морины үнэлгээний талаар хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авах, хохирогчийн нэр дээр малын данс бүртгэл байгаа эсэх, түүний малын тамга нь алдагдсан гүүний тамгатай тохирч байгаа эсэхийг тулгаж үзлэг, туршилт хийх” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.  

 

Учир нь хохирогч Т.Л- нь “өөрийн хар зүсмийн гүүгээ буцаан авсан, гомдол саналгүй” гэсэн бичгийг нотариатаар батлуулж хэрэгт хавсаргуулсан /хавтаст хэргийн 133 хуудас/, анхан шатны шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгсөн /хавтаст хэргийн 126 хуудас/  байх тул шүүгчийн захирамжид дурдсан дээрх ажиллагаануудыг хийх шаардлагагүй юм.

 

3. Анхан шатны шүүх үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг хохирогчид танилцуулах талаар холбоо мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн, танилцуулсан гэх боловч чухам ямар холбоо мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй, ямар дугаар хаягаас ямар дугаар хаяг руу мэдэгдсэн, түүний билл, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй байгаа тул зөрчлийг засах зэрэг ажиллагаануудыг нэмж хийлгүүлэхээр Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцаажээ. 

 

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой М.Ч нь хохирогч Т.Л-ид холбоо мэдээллийн хэрэгслээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлт, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулж тэмдэглэл үйлдсэн /хавтаст хэргийн 50, 112 хуудас/ байх тул  уг ажиллагааг дахин хийх шаардлагагүй юм.  Анхан шатны шүүх шийдвэртээ  ямар үйл баримт эргэлзээтэй гэж үзэж тодруулах гэж байгаа, энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар үндэслэлээ хангалттай заагаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 

 

Иймд энэ талаар бичсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/229 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухабй хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                 Г.ТЭГШСУУРЬ

           

                                                                                             Б.ДЭНСМАА