Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00958

 

Н.Наранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02880 дүгээр захирамж,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1056 дугаар магадлалтай,

Н.Наранчимэгийн нэхэмжлэлтэй

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох,

Төлбөр хураах цэгийн ахлагчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа,                                                 нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс Дулаанхаан төлбөр хураах цэгийн ахлагчаар ажилласан. 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэнэт үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал танилцуулан ажил хүлээн авсан. Ажлаас чөлөөлөх тухай Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 26 тоот тушаалыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Н.Наранчимэг хариуцсан ажилдаа идэвх санаачлагагүй хандсан зүйлгүй. Ажил авснаасаа хойш сар бүрийн төлөвлөгөөг жилийн эцсийн байдлаар 130 хувиар давуулан биелүүлсэн. Ажлын байрны тохижилтыг өөрийн хөрөнгөөр хийж 1.005.200 төгрөг зарцуулсан. Цэгийн ажилтнуудыг удирдлагаар хангаж ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн үүргийн тайланг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бичсэн боловч аваагүй тул 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн. Ажлаас үндэслэлгүйгээр халсан тул уг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзансүрэн, Ц.Нямдорж нар шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Наранчимэгийн нэхэмжлэлд дурдсан хийсэн ажлууд нь өдөр тутмын ажлын нэг хэсэг юм. Н.Наранчимэгийн ажил хариуцсан цэгт холбогдсон гомдол удаа дараа ирсэн. Сүүлийн ирсэн 3 өргөдөл гомдлыг түүнд мэдэгдсэн. Шөнийн цагаар хаалтаа нээж унтдаг гомдол олон удаа ирж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төвийн захирал төлбөр хураах цэгийн ахлагч нартай уулзаж хурал хийхдээ ажил сайжруулах 1 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Н.Наранчимэг биелэлтийн тайланг ирүүлээгүй. Ажил хүлээлцэх үед тус цэгийн байрны хаалга нь эвдэрч унах шахсан, төө зайтай, өвлийн хүйтэнд хүн ажиллах байтугай түр орж гарахад их хүйтэн байсан. Н.Наранчимэг нь ажилдаа санаачлагагүй, хангалтгүй ажиллаж, үүрэг даалгавар биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.8.7, 6.8.8, Төлбөр хураах цэгийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 3 дугаар зүйлийн 3.2, 3.12, 3.13, 3.14 дэх заалтуудыг үндэслээд хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Зөрчил дутагдал гарсаар байгааг өөрт нь мэдэгдсэн. Тэндээ ажилладаг ажилтнууддаа хариуцлага тооцож ажиллахыг сануулсаар байхад хариуцлага тооцох тухай саналаа Н.Наранчимэг ирүүлээгүй. Өөрсдийгөө мөнгө хураах үүрэгтэй гэж ойлгоод бусад ажлуудаа хийдэггүй байсан. Мөн мэдээллийн дагуу шалгахад 3 удаагийн гомдолд төлбөр хураагч Цэдэндамба, Тлейхан хоёрын ээлж таарч байсан. Энэ хүмүүс хаалтыг онгорхой орхин унтаж, ажлын байрандаа архи уудаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02880 дугаар захирамжаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийг 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох төлбөр хураах цэгийн ахлагчийн ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Наранчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1056 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02880 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Наранчимэгийг Дулаанхааны төлбөр хураах цэгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  цалинтай тэнцэх олговор 1. 475.376 төгрөгийг хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Н.Наранчимэгт олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т даалгасугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас 38.556 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Наранчимэгт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний шүүхийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол байна.

Үүнд:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

-Н.Наранчимэгт Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.8-д заасны дагуу тогтмол үүрэг өгч байсан бөгөөд удирдлагаас өгсөн хугацаатай үүргийн биелэлтийг хугацаанд нь ирүүлээгүй. Н.Наранчимэг иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тайлангаа бичээд Зам, тээврийн хөгжлийн төвд авчирч өгөх гэсэн боловч тайлан хүлээж аваагүй, хүлээн авах хүн тодорхойгүй байсан учир 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр тайлангаа авчирч өгсөн гэсэн байдаг. /тайлан бичигдсэн огноо 2015.12.04/ Зам, тээврийн хөгжлийн төв нь 54 үндсэн ажилтантай байгууллага бөгөөд Захиргаа, хүний нөөцийн хэлтэс болон төлбөр хураах цэг, замын сан хариуцсан албанд л гэхэд 20 гаруй мэргэжилтэн ажилладаг тул тайлан хүлээн аваагүй, хүлээн авах хүн тодорхойгүй байсан гэдэг нь учир дутагдалтай юм.

-Иргэдээс удаа дараа өргөдөл, гомдол ирсэн боловч шүүх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг зөрчсөн гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй.

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар өргөдлийг бичиг хэргийн ажилтан бүртгэж аваагүй нь Н.Наранчимэгт иргэд өргөдөл гаргаагүй гэж үзэхгүй, иргэд гомдолтой байгаа бөгөөд Н.Наранчимэгийн алдаа дутагдлыг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл хуулинд бичиг хэргийн ажилтан өргөдөл, гомдлыг бүртгэж аваагүй нь өргөдөл, гомдлыг гаргасанд тооцохгүй гэсэн үндэслэл бүхий заалт байхгүй. Н.Наранчимэг нь тайлан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй 2 удаагийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар заалтын 40.1.4-д заасан үндэслэл болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарагдаж байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Наранчимэг шүүхэд “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгчийн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т заасан “анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гарсан баримт бичгийг шийдвэр гэнэ” гэснийг зөрчжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байхад давж заалдах шатны шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38.556 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэрийг шүүгчийн захирамжийн маягт дээр хэвлэсэн алдааг хяналтын шатны шүүх залруулах, тодруулбал хууль бус эрхийн актыг хүчинтэй гэж үзэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02880 дүгээр захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1056 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 38.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ