Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 461

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц” ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тогтоолоор манай компанийн хайгуул явуулж байсан 845.47 гектар талбайг Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсээс гаргасны дагуу буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх талбайг буцаан олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э*******, нэхэмжлэгч өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компанид Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Дэлгэрэх нэртэй 5567.7 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосны дагуу өөрийн хөрөнгөөр 2010-2011 онуудад алтны шороон ордын хайгуулын ажил гүйцэтгэж Цагаан түнгийн алтны шороон ордыг илрүүлэн алтны бодитой болон боломжтой нөөцийг тогтоон, хайгуулын ажилд 42,063,800.0 төгрөгийг зардал гаргасныг холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгч Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, *** дугаар дүгнэлт гаргуулсан ба Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 241 дугаар "Нөөц бүртгэх" тухай тушаалаар дээрх тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах Цагаан түнгийн алтны шороон ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн байдаг.

2013 онд манай компаниас дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий тодорхой хэсэгт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах үед Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэг буюу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн солбицолд хамаарах 845.47 гектар талбайг буцаан өгсөн болно.

Өөрөөр хэлбэл анх 2008 онд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улсын Засгийн газраас хориглолт хийж, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн солбицолд хамааруулснаас болж хайгуулын ажил явуулсан талбайгаа буцаан өгөх болсон бөгөөд энэ нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаа шийдвэрээс болж нэгэнт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг буцаан өгөхөөс өөр аргагүй байдалд хүргэсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг буюу манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг хориглосон талбайд оруулсныг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж манай компанийн хайгуул явуулж байсан, Засгийн газрын баталсан тогтоолын дагуу буцаан өгсөн 845.47 гектар талбайг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх талбайг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..."Ц" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэст холбогдох Засгийн газрын 2015 оны *** дүгээр тогтоолоор тус компанийн хайгуул явуулж байсан 845.47 гектар талбайг усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсээс гаргасны дагуу буцаан олгох шийдвэр гаргахгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх талбайг буцаан олгохыг Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Увс аймгийн Хяргас сумын "Дэлгэрэх" нэртэй газарт орших 5572 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1099 дугаартай шийдвэрээр "Ц" ХХК-нд олгосон.

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан урт нэртэй хуулийн хилийн заагтай уг тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь 845.47 гектар талбайгаар хэсэгчилсэн давхцалтай байсан байна.

Хэдийгээр Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан" Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам"-ын 3.4.2 дахь хэсэгт уг хилийн заагтай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах ажлыг Ашигт малтмалын газраас зохион байгуулаагүй боловч нэхэмжлэгч компаниас дээрх давхцалтай хэсэгт гаргасан зардлыг буцаан авахтай холбоотой хүсэлт манайд гаргаагүй.

Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 845.47 гектар талбайг буцаан өгөх өргөдлийг 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр кадастрын хэлтэст гаргасан.

Кадастрын хэлтэс уг өргөдлийг хүлээн авч бүртгэн хянан үзэхэд дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангасан байсан бөгөөд 55.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тул Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 241 дүгээр шийдвэрээр хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийн 5567.70 гектар талбайгаас 845.47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 4722.23 гектар талбайг уг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэж шийдвэрлэсэн.

Үүний дараа Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тогтоолоор дээрх 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан хилийн заагт өөрчлөлт орсноор хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийн 5567.70 гектар талбайгаас буцааж өгсөн 845.47 гектар талбай нь урт нэртэй хуулийн хил хязгаараас гарсан байна.

Хэдийгээр урт нэртэй хуулийн хилийн заагаас гарсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд уг талбайн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно" гэж заасан байх тул нэгэнт буцаан өгсөн дээрх талбайг буцаан олгохыг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд тайлбартаа: “....Нэхэмжлэгч “Ц” ХХК 2008 онд анх 5567.7 га гектар талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч үүн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авч нэгж талбарынхаа тодорхой хэсэг дээр нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах үндэслэлээр холбогдох бичиг баримтуудыг цуглуулж үүнтэй холбоотой бичиг баримт болох Байгаль орчны яамны яамнаас 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр авсан лавлагаа байдаг. Энэ лавлагаа болохоор усны сан бүхий газрын хамгаалалтын хилийн заагтай “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн давхцалтай байгаа эсэх лавлагаа хүссэн боловч нэхэмжлэгч компанид солбицлоор 845.47 гектар талбайтай давхцалтай байна гэж хариу өгсөн байдаг. Энэ хариу авсны дараа усны сан бүхий газартай давхцуулж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах боломжгүй учраас хайгуулын тусгай зөвшөөрлөөр үргэлжлүүлэн эзэмших боломжгүй нөхцөл байдал үүсэж Ашигт малтмалын тухайн хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу давхцалтай хэсгийг нь хэсэгчлэн буцаан өгсөн байдаг.

2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас дахин лавлагаа авч энэ лавлагаагаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалтын газартай ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл давхцалгүй байна гэсэн лавлагаа ирсэн. Энэ лавлагаатай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж Ашигт малтмалын газар хүргүүлэхэд, Ашигт малтмалын газраас 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр тодорхой хэмжээгээр тусгаж өгсөн байдаг. Энэ бүхнийг харахад нэхэмжлэгч компанийн өөрөө манайд хэрэггүй гэдэг байдлаар буцааж өгсөн зүйл байхгүй. Засгийн газраас тогтоол баталж гол мөрний хамгаалалтын бүсэд авсан байсан.

Тэгэхээр “Ц” ХХК тусгай зөвшөөрөл авсан газартаа цаашдаа үйл ажиллагаа явуулах, тухайн газраа алдахгүй тул Засгийн газрын тогтоолтой нийцүүлж тодорхой давхцаж байгаа хэсгийг нь хуульд заасны дагуу буцааж өгсөн байдаг. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тогтоолоор хамгаалалтын бүсэд авч байсан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон учраас нэхэмжлэгч компанийн тухайн хайгуулын газарт хаана нь ямар нөөц байгааг тогтоож эрх бүхий байгууллагаар батлагдсан учраас буцаан олгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбартаа: ”....“Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл урт нэртэй хуультай давхцалтай байсан. Давхцалтай хэсэгт хуулийн дагуу нөхөн олгох талбай авдаг. Авсан талбайгаа буцааж өгнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч компанийн нөхөн олгох талбайгаа авах хүсэлтээ өгч хуулийн дагуу яваагүй. Нэхэмжлэгч компанийн өөрийн хүсэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талбайн тодорхой хэсгийг буцааж өгсөн. Ашигт малтмалын газраа тухай талбайг буцааж өгөх талаар ямар шийдвэр гараагүй. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Ц” ХХК нь “манай компанийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар буцаан өгсөн 845.47 гектар талбайг “Ц” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, дээрх талбайг буцаан олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг”-ийг баталсан байна.

 “Ц” ХХК-ийн ашигт малтмалын *** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын дээрх 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байсан болох нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн № 6/2531 тоот албан бичгээр нотлогдож байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” 241 дүгээр шийдвэрээр “Ц” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон нийт 5567.70 гектар хайгуулын талбайгаас 845.47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, “Ц” ХХК-д 4722.23 гектар талбай үлдсэн байна.     

Харин Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тогтоолоор Усны сан бүхий газрын эргээс 50 мерт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэхээр тогтоож, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон бөгөөд ингэснээр Ц” ХХК-ийн буцаан өгсөн 845.47 гектар талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй болсон байна.

Бодит байдал дээр нэхэмжлэгч “Ц” ХХК-аас өөрөөс нь шалтгаалж биш Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоос шалтгаалж, дээрх хууль, Засгийн газрын тогтоолын дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа давхцалтай хэсгийг буцаан өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна. 

Тодруулбал “Ц” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол гарснаас шалтгаалж, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар  тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг буцаан өгсөн болох нь зөвхөн Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор давхцсан хэсгийг буюу 845.47 гектар талбайг буцаан өгсөн байгаагаар нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын газраас гаргасан өргөдлийн маягтын дагуу гаргасан “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон тайлбан тодорхой хэсгийг буцааж өгөхийг хүссэн өргөдөл”-д болон “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 241 дүгээр шийдвэрт усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэсэн шалтгааныг заагаагүй боловч бодит байдалд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг буцааж өгөх хүсэл зориг нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоос буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтайгаас  шалтгаалж үүссэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг нь буцааж авсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан тул ямар шалтгаанаар буцааж өгсөн нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэсд хамааралгүй гэсэн агуулгаар тайлбарлаж буй боловч бодит байдалд нэхэмжлэгч нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоос шалтгаалж тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг нь буцааж өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Ашигт малтмалын тухайн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй” гэж заасан ба энэхүү зохицуулалт нь талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгохгүй, бууруулахгүй байх харилцааг зохицуулсан байх тул зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх харилцаанд энэ заалт хамааралтай байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ц” ХХК нь хэрвээ Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоос шалтгаалж талбайгаа буцаан өгсөн бол нөхөн олговор авах хүсэлтээ гаргах ёстой байсан, гэтэл “Ц” ХХК нь нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй учраас тайлбайгаа буцаан авах үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй нь буцаан өгсөн талбайг нь нэхэмжлэгчид буцаан олгохгүй байх үндэслэл болохгүй юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ” гэж тус тус  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн давуу эрхийг хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг буцаан өгсөн харилцаанд хамааралгүй боловч дээрх зохицуулалтуудыг маргаан бүхий энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэх нь Ашигт малтмалын тухай хуулийн агуулга, үзэл баримтлалд харшлахгүй юм. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульчилсан ба усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар буцаан өгсөн талбайг нь нэхэмжлэгч “Ц” ХХК-д буцаан олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хөндсөн байна.   

Дээрх үндэслэлүүдээр “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар буцаан өгсөн 845.47 гектар талбайг “Ц” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, дээрх талбайг буцаан олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу “Ц” ХХК-ийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар буцаан өгсөн 845.47 гектар талбайг “Ц” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, дээрх талбайг “Ц” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.БАТЗОРИГ