Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 316

 

“СК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                  Д.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:           Ш.Мөнхжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “СК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “СК” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026255 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, “СК” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй 3708.67 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0255 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0360 дугаар магадлал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0255 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17, 18 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СК” ХХК-ийн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “СК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, “СК” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026255 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах “СК” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй 3708.67 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ..

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0360 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “СК” ХХК-ийн өмгөөлөгч Б.Заантогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “СК” ХХК-ийн өмгөөлөгч Б.Заантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 255 дугаар шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатных шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг буруу хэрэглэсэн. Аймгийн Засаг даргаас ирсэн саналыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргахдаа хянах үүрэгтэй байсан. Гэтэл анхан шатны шүүх хянах үүрэггүй байсан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх энэ талаарх гомдлыг хяналгүй орхисон байна.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “...цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмууд үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Кадастрын дарга манай өргөдөлд татгалзсан хариу өгч байгаа бол тэр татгалзал нь үнэхээр татгалзах нөхцөл байдал, үндэслэл бүхий байх ёстой юм. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь Кадастрын хэлтсийн даргын өөрийнх нь шийдвэр хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохирохгүй, үндэслэл бүхий биш шийдвэр болж байна. Иймээс Кадастрын дарга аймгийн Засаг даргын шийдвэрийг заавал хянах үүрэгтэй.

6. АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-т болон Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь шийдвэрийн үндэслэл болох Засаг даргын санал нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх эрх хэмжээг Захиргааны ерөнхий хууль олгосон.

7. Мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулж хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байдаг. Эдгээрээс харахад Төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргадаг, тиймээс шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон, хуульд үндэслэсэн байхын тулд Засаг даргын санал хуульд нийцсэн эсэхийг мөн хянаж байж шийдвэрээ гаргах ёстой байсан. Аймгийн засаг даргын санал нь хуульд нийцээгүй байсан болохыг холбогдох аймгийн захиргааны хэргийн шүүх тогтоосон. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг буруу хэрэглэсэн.

8. Захиргааны хэргийг шүүхийн гол зорилго нь иргэн аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэтэл шүүх Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй болсон тул нэхэмжлэгчийн шаардаж буй эрх хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд сэргэх боломжгүй байна гээд нэхэмжлэлийг хангахаас татгалзсан байна. Гэтэл “СК” ХХК 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын даргын шийдвэр гарснаас хойш шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл хууль өөрчлөгдөхөөс өмнө нэхэмжлэгч компанийн шаардах эрх үүссэн.

9. Нэгэнт энэ нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, мөн шүүхээр хэргийг шийдэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй. Ер нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэлтгүй ямар ч өргөдөл гаргасан бай шийдвэр эцэслэгдээгүй байхад эсхүл маргаад хүчингүй болох үед гэнэт хууль өөрчлөгдөөд тухайн иргэнд өргөдлийг нь шийдэхгүй гэж үзэх нь иргэн Монгол Улсын төрд итгэх ямар ч итгэлгүй болно. Ийм ч учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим гэж орж ирсэн. Уг зарчмын гол агуулга нь иргэний эрх зүйн байдал хожим сөрөг байдлаар өөрчлөгдсөн ч тухайн өөрчлөлт иргэнд нөлөөхгүй гэсэн утгатай. Манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн “Итгэлийг хамгаалж” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой бөгөөд Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй.

10. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой. Нөгөөтэйгүүр иргэн аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөл бүрэлдсэн байхад хууль өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр, мөн тухайн хуулийн өөрчлөлт нь эрх зөрчигдсөн үйлдлээс хойш бий болсон байхад иргэн, аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээхээс татгалзаж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүй хэм хэмжээ байхгүй. Эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэж заасныг зөрчиж буй хэрэг юм.

11. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 255 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар албан бичгээр ирүүлсэн “...тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй...” тухай саналыг үндэслэн “СК” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших 3708,67 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцжээ.

14. Маргаан бүхий захиргааны актыг гарснаас хойш Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр аймгийн Засаг даргын хоёр саналыг хууль бус болохыг тогтоосон нь шүүхийн шийдвэрээс өмнө гарсан маргаан бүхий захиргааны актыг буруутгаж, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

15. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тусгай зөвшөөрлийг өргөдлөөр бус сонгон шалгаруулалтаар олгохоор зохицуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй, шүүхийн шйидвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцэж биелэгдэх талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

16. Иймд “...шүүхээр хэргийг шийдвэрлэх явцад хуульд өөрчлөлт орсон нь нэхэмжлэгчийн эрхийг хохироох үндэслэл болохгүй, ...Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг үндэслэн шийдвэрлэх ёстой байсан...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-ын ”тайлбар” хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгохыг, эерэг үр дагавар үүсгэхээр байсан ч уг харилцаа дууссан бол энэ зарчим хэрэглэгдэхгүйг тодорхойлсон байна.

17. Үүнээс үзвэл, энэ маргааны тухайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр гарч, хуулийн этгээд болон захиргааны байгууллагын хоорондын харилцаа нэгэнт дууссан, үүний улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүсээгүй, материаллаг байдлаар илрээгүй энэ харилцаанд дээрх зарчмыг хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...энэ зарчмыг хэрэгжүүлж, хуулийг буцаан хэрэглэж, нэхэмжлэгчийн өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгогдох ёстой...” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

18. Түүнчлэн шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан, нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д ...эрх зүйн хэм хэмжээ байхгүй ...үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй, ...” гэж заасныг зөрчсөн..., ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн...” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

19. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0255 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0360 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                  Л.АТАРЦЭЦЭГ