Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0073

 

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар

эвлэрснийг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүжлхам, Г.Энхчимэг, гуравдагч этгээд Т.Очирдарь, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Цацралтуяа, С.Баярмаа нарыг оролцуулан Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

НЭГ. ГОЛ НӨХЦӨЛ

1.1 Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд үүссэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэцэгдэж байгаа дараах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг эцэслэн дуусгавар болгох, цаашид Хонхтой ном" бүтээлийн зохиогчийн эрх, түүнтэй холбоотой хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй байх зорилгоор эвлэрлэхэд оршино:

1.1.1 Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/06 тоот тушаалаарТ.Очирдарьд олгосон 12369 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагатай Мандал Даатгал ХК-ийн нэхэмжлэл;

1.1.2 Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/218 дугаартай тушаалын Мандал Даатгал ХК-д холбогдох хэсэг болон зохиогчийн эрхийн 12348 дугаартай гэрчилгээ нь зохиогч Т.Очирдарийн эрх, ашгийг

зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож, зохиогчийн эрхийн 12348 дугаартай гэрчилгээг Т.Очирдарийн нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Очирдарийн шаардлага;

1.2 Талууд гэрээний 1.1-д заасан зорилгын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрч, харилцан тохиролцов.

1.2.1 Энэхүү гэрээний 1.1.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас Мандал Даатгал ХК нь татгалзаж, хариуцагч Оюуны өмчийн газартай дараах байдлаар эвлэрэн хэлэлцэнэ. Үүнд: Зохиогчийн эрхийн 12348 дугаартай гэрчилгээнд зохиогчоор байгаа 3.Одмаа дээр нэмээд Т.Очирдарийг бүртгэх, мэдүүлэг гаргагчаар

Мандал Даатгал ХК бүртгэлтэй хэвээр үлдэж, уг бүтээлийг байгууллагын дотоодын хэрэгцээнд зориулж ашиг олох зорилгогүйгээр ашиглана.

1.2.2 Энэхүү гэрээний 1.1.2-т заасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч

этгээд Т.Очирдарийн шаардлагаас гэрээний 1.2.1-т зааснаар эвлэрэн хэлэлцсэн болно.

1.2.3 Талууд энэхүү гэрээний 1.1.1, 1.1.2-т заасан асуудлаар дахин нэхэмжлэл,

гомдол гаргахгүй байх,

1.2.4 Т.Очирдарь нь Мандал Даатгал ХК-д холбогдуулж аливаа гомдол, нэхэмжлэл гаргахгүй болохоо үүгээр илэрхийлж байна.

1.2.5 Мандал Даатгал ХК нь Т.Очирдарьт холбогдуулж аливаа гомдол, нэхэмжлэл гаргахгүй болохоо үүгээр илэрхийлж байна.

1.2.6 Талууд энэхүү гэрээний 1.1.1, 1.1.2-т заасан асуудлаар дахин нэхэмжлэл,

гомдол гаргахгүй бөгөөд олон нийтийн хэрэгслээр болон бусад арга хэрэгслээр талууд хэн нэгнийхээ нэр төр, бизнесийн нэр хүндэд халдахгүй байх үүрэгтэй.

ХОЁР. БУСАД

2.1 Талууд энэхүү эвлэрлийн гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд тус бүр 1 хувийг хадгална.

2.2 Талууд үүргээ сайн дураар биелүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч Мандал Даатгал ХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирлын орлогч Ж.Батчимэг, хариуцагч Оюуны өмчийн газрыг төлөөлж А.Бүжлхам, Г.Энхчимэг, гуравдагч этгээд Т.Очирдарь нар нь харилцан тохиролцож 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээнд ... нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь Энэхүү гэрээний 1.1.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас Мандал Даатгал ХК нь татгалзаж, хариуцагч Оюуны өмчийн газартай дараах байдлаар эвлэрэн хэлэлцэнэ. Үүнд: Зохиогчийн эрхийн 12348 дугаартай гэрчилгээнд зохиогчоор байгаа 3.Одмаа дээр нэмээд Т.Очирдарийг бүртгэх, мэдүүлэг гаргагчаар Мандал Даатгал ХК бүртгэлтэй хэвээр үлдэж, уг бүтээлийг байгууллагын дотоодын хэрэгцээнд зориулж ашиг олох зорилгогүйгээр ашиглана, Т.Очирдарь нь Мандал Даатгал ХК-д холбогдуулж аливаа гомдол, нэхэмжлэл гаргахгүй болохоо үүгээр илэрхийлж байна. Мандал Даатгал ХК нь Т.Очирдарьт холбогдуулж аливаа гомдол, нэхэмжлэл гаргахгүй болохоо үүгээр илэрхийлж байна. Талууд энэхүү гэрээний 1.1.1, 1.1.2-т заасан асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй бөгөөд олон нийтийн хэрэгслээр болон бусад арга хэрэгслээр талууд хэн нэгнийхээ нэр төр, бизнесийн нэр хүндэд халдахгүй байх үүрэгтэй гэж гэрээндээ заажээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д ...Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрлийг баталж, Мандал Даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ