Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29-ний өдөр                    2022/ДШМ/49                               Хэрлэн сум

 

Т.Г-, А.М-, Э.Б- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0049

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл,

Яллагдагч А.М-,

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, Б.Төгсбаяр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/225 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлээр Т.Г-, А.М-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн 2139003460103 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Б-, Т.Г- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг хөдөө хэсэг “Ө” гэх газарт байрлах Л.Б-гийн гэрт “ухна ишгээ авахгүй бол найздаа зарна” гэх шалтгааны улмаас хохирогч А.М-тай маргалдаж улмаар толгой руу нь цохиж, зодож түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

А.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг хөдөө хэсэг “Өртөө өндөр” гэх газарт байрлах Л.Б-гийн гэрт “ухна ишгээ авахгүй бол найздаа зарна” гэх шалтгааны улмаас хохирогч Э.Б-тай маргалдаж улмаар хамар руу нь цохиж, зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Хохирогч А.М- ...Э.Б- надтай маргалдаад сүүлдээ Л.Б-гийн гэрээс гараад ир гэхээр нь би дагаж Э.Б-гийн араас гарахад Э.Б- нь эргэж хараад шууд миний нүүр рүү цохисон. Э.Б- бид хоёр зодолдож байхад Т.Г- гэрээс гарч ирээд Э.Б-г өмөөрч миний нүүр рүү цохиод тэр хоёр ерөнхийдөө намайг хоёулаа элбэж зодож 2 нүдийг маань цохиж хавдуулсан. ...Э.Б-, Т.Г- 2 намайг алчихъя гэж хэлээд элбэж зодсон ...шалихгүй зүйл дээрээс маргалдаж ...намайг зодсон...” гэж /хавтаст хэргийн 37 хуудас/ анх мэдүүлсэн, гэрч Б.Д “...А.М-, Э.Б-, Т.Г- нар хоорондоо “ухна хуцаас” болж хэрэлдээд ...тэр 2 А.М-ийг чирээд Л.Б-гийн гэрээс авч гарсан. ...гэрээс гарахад Э.Б-, Т.Г- нар А.М-ийг газар унагааж доороо хийчихсэн цохиж зодож байсан. Тэгээд би арай гэж А.М-ийг салгаж удалгүй Э.Б-, Т.Г- нар явсан...” гэж /хавтаст хэргийн 46 хуудас/ анх мэдүүлсэн, хохирогчоор Э.Б- “...танай нутаг манай нутагтай адилхан сайхан нутаг юм, өвс ногоо сайн гарах юм гэж хэлсэн чинь А.М- согтуу учир танай нутаг ган гачигтай өвс ногоо ургадаггүй гэж хэлээд намайг дээрэлхэх гэж үзсэн. Тэгсэн Т.Г- “яагаад өөр нутгийн хүн дээрэлхээд, бөөрөлхөөд байгаа юм гэхэд А.М- “чамд ямар хамаатай юм” гээд Т.Г-ыг цохих шиг болсон...” гэж /хавтаст хэргийн 37 хуудас/ анх мэдүүлсэн нь хоорондоо зөрүүтэй, болсон үйл явдлыг эргэлзээгүйгээр, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын тусламжтайгаар сэргээн дүрслэх, дүгнэх боломжгүй байх тул хэргийг дахин хуульд заасан журам, зарчимд тулгуурлан мөрдөн шалгаж, бодитойгоор үйл баримтыг тогтоох, мөн шүүгдэгч нар нь айлд архидан согтуурч, үл ялих зүйлээр шалтаглан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан /ЭХТА-20.16 дугаар зүйл/ гэмт хэргийн шинж байгаа эсэхийг анхаарч шалгах,

2. Шүүгдэгч А.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Э.Б-гийн биед би гэмтэл учруулаагүй. Э.Б-г Л.Б- гэх хүн цохисон. Тухайн зодоон болж байх үед Л.Б- гэх хүн гэртээ унтаж байгаад гэрээс гарч ирээд Э.Б-г машин налаад зогсож байхад нь нэг удаа маш хүчтэй хамар хэсэгт цохиход Э.Б- ухаан алдаж унасан. Тэгээд Л.Б-г Д гэр рүү аваад орсон. Тухайн үед Э.Б-гийн хамраас цус гараад үлдсэн. Л.Б- Э.Б-г цохихыг Д харсан...” гэж /хавтаст хэргийн 104 хуудас/ мэдүүлсэн бөгөөд гэрч Б.Д- “...Э.Б-гийн биед хэн хохирол учруулсныг би сайн мэдэхгүй байна...” гэж /хавтаст хэргийн 46 хуудас/ анх мэдүүлсэн боловч дахин мэдүүлэг авахад “...Л.Б- нь Э.Б-г цохиогүй...” гэж /хавтаст хэргийн 56 хуудас/ зөрүүтэй мэдүүлсэн ба гэрчийн мэдүүлгүүдийн гарын үсэг адилгүй, мэдүүлгийг хөтөлсөн байдлаар авсан байна. Мөн хохирогчоор Э.Б- мэдүүлэг өгөхдөө “...Д миний араас намайг бариад авахад А.М- босож ирээд миний хамар хэсэгт баруун гараараа 1 удаа цохиж хамрыг маань гэмтээсэн...” гэж /хавтаст хэргийн 37 хуудас/ мэдүүлсэн байхад хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримтуудыг цуглуулах, эрэн сурвалжилж олж тогтоох ажиллагаануудыг гүйцэд хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэж заасан байхад шүүгдэгч А.М-ийн гэм буруугийн талаар гүйцэд шалгаагүй, гэрч, хохирогч, холбогдогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байхад түүнийг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байх тул дахин нарийвчлан шалгах, бусад гэрч хохирогч нараас тодруулах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, өөр бусад нотлох баримтуудыг эрэн сурвалжлах, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хоорондын харилцааг /найз, нөхөд, төрөл садан, өр авлага, таарамжгүй харилцаа байгаа эсэх гэх зэргээр/ судлах,

3. Шүүгдэгч А.М-ийн хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаарх лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргах, хувийн байдлын талаар нэмж шалгах зэрэг ажиллагаануудыг хийлгүүлэхээр яллагдагч Т.Г-, А.М-, Э.Б- нарт холбогдох 2139003460103 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Хохирогч, яллагдагч, гэрч нарын анх өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, болсон үйл явдлыг эргэлзээгүйгээр, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлэх, нотлох баримтын тусламжтайгаар сэргээн дүрслэх, дүгнэх боломжгүй байх тул хэргийг дахин хуульд заасан журам, зарчимд тулгуурлан мөрдөн шалгаж, бодитойгоор үйл баримтыг тогтоох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг анхаарч шалгах гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар яллагдагч Э.Б-, Т.Г- нар бүлэглэн хохирогч А.М-тай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргаж, улмаар А.М-ийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, А.М- нь Э.Б-г мөн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь эргэлзээгүй тогтоогдсон үйл баримт гэж үзсэн болно.

Учир нь энэ хэрэгт хамааралгүй гэрч Д-ийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон гэж үзсэн тул яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжгүй болох нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдсан, айлд зодолдохгүй, маргалдахгүй гээд гэрээс гарсан байдал зэргээр илэрхийлэгдэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна.

2. Яллагдагч А.М-ийн гэм буруугийн талаар гүйцэд шалгаагүй, гэрч, хохирогч, холбогдогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байхад түүнийг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байх тул дахин нарийвчлан шалгах, бусад гэрч хохирогч нараас тодруулах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, өөр бусад нотлох баримтуудыг эрэн сурвалжлах, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хоорондын харилцааг судлах гэжээ.

Яллагдагч А.М- нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуульчлагдсан бөгөөд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийг бусад байдлаар нотолсон. Үүнд:

Хохирогч Э.Б-д хохирогчийн эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа авч худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагын талаар урьдчилан мэдэгдэж мэдүүлэг авсан уг мэдүүлэгт “...А.М- босч ирээд миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж хамрыг маань гэмтээсэн...” гэж мэдүүлсэн,

Гэрч Д- нь “...Э.Б-гийн биед хэн хохирол учруулсныг би сайн мэдэхгүй байна...” гэж, дахин мэдүүлэг өгөхдөө “...Л.Б- нь Э.Б-г цохиогүй. Харин тэр шөнө Э.Б-, Т.Г-, А.М- нар хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед харанхуй байсан учир би Э.Б-г хэн цохисныг хараагүй...” гэж,

А.М- хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Э.Б- бид хоёр зодолдож байхад Т.Г- гэрээс гарч ирээд Э.Б-г өмөөрч миний нүүр рүү цохисон...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон.

Яллагдагчаар татагдсан этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Д-ийн өгсөн мэдүүлгийг үгүйсгээгүй тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж байна.

3. Яллагдагч А.М-ийн хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаарх лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргах, хувийн байдлын талаар нэмж шалгах гэжээ.

Яллагдагч А.М-ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор гэрчийн мэдүүлэг, ял шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа, холбогдох дансны мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг хувийн байдал тогтоосон баримтуудыг хийсэн. Дээрх нотлох баримтуудаар А.М-ийн хувийн байдлыг хангалттай тогтоосон байх тул дахин нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагч Э.Б- давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Мөрөн сумын урд Хэрлэн гол дээр адууны шургуу тэмцээн болсон. Уг тэмцээнийг би очиж үзэж байгаад үдээс хойш Т.Г-ын гэрт очиход Л.Б- эхнэртэйгээ, Д-, Т.Г- нар архи уугаад сууж байсан. Тэр хэдтэй хамт намайг архи ууж байхад А.М- ирээд бид нар хамт архи ууцгаасан. Ингээд бидний ууж байсан архи дуусаад бид хэд дахин архи уух санаатай Мөрөн сум руу явж дэлгүүрээс пиво аваад Л.Б-гийн гэрт очиж пиво хувааж уусан. Удалгүй Л.Б- уусан архиндаа согтоод унтсан. Тэр үед би хамт байсан хүмүүст хандан “танай нутаг сайхан нутаг юм, манай нутаг хэзээ өвс, ногоо сайхан ургах юм бол гэж хэлсэн чинь А.М- согтуурхаад “танай нутагт хэзээ ч өвс, ногоо ургахгүй” гэж намайг их гадуурхаж дээрэлхсэн маягтай хэлэхэд нь Т.Г- А.М-ид хандан “та яагаад гадны хүн дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь А.М- “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд Т.Г-ыг цохьсон. Тэгтэл Т.Г- А.М-ийг гэрийн зуухны хажууд байсан зүүн талын ор руу түлхээд унагаах шиг болсон. Тэгээд би “айлд маргалдаад яах вэ гарч учраа олъё” гэж хэлээд Д-ийн гэрээс Д-, Т.Г-, А.М- нарын хамт гарсан чинь А.М- “чи яасан их хүнээр өмөөрүүлдэг юм бэ” гэж хэлээд миний хамар хэсэгт баруун гараараа нэг цохиж миний хамрыг гэмтээсэн.

Тухайн үед Л.Б- гэртээ согтоод эхнэрийн хамт унтаж байсан. Л.Б- гэх хүн намайг цохиогүй. Миний бие тухайн үед болсон асуудлыг сайн санаж байгаа тул болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн.

Миний бие А.М-ид хандан “манай ах Батсуурь танд ухна, ишиг зарсан юм байна лээ, та түүнийгээ авахгүй байгаа юм чинь Т.Г-ад зарна” гэж хэлсэн чинь А.М- “би ахтай чинь наймаа хийж үнэ хөлсөө төлсөн учраас ухна, ишгээ авна” гэж уурласан. Үүнээс болж бид хоёрын дунд хэрүүл маргаан гарах шалтгаан нөхцөл болсон.  

2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А.М- бид хоёрын дээр дурдагдсан хоёр шалтгааны улмаас бидний дунд хувийн таарамжгүй харьцаа үүсч маргаж муудалцсан болохыг гэрч Д-, Т.Г- нар сайн мэдэж байгаа, мөн А.М- ч гэсэн надтай маргалдах болсон шалтгаан нөхцөлийг гэрч болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн, мөн тухайн үед миний бие болоод Т.Г-ын зүгээс А.М-ийг хэл амаар доромжилсон үг хэллэг хэрэглээгүй, Л.Б-гийн гэрт миний бие А.М-ийн биед халдаж зодсон зүйл байхгүй, айлын гэрт бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж хэрүүл маргаан зодоон цохион болохгүй гарч учраа олъё гэж А.М-ид хэлээд гэрээс гарахад А.М- нь “чи яасан их хүнээр өмөөрүүлдэг юм бэ” гэж хэлээд миний хамар руу гараараа цохиж миний биед хамар ясны хугарал зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

Тухайн үед хэрүүл маргаан гарахад А.М-ийн буруутай үйлдэл их нөлөөлсөн, А.М- нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Э.Б- бид хоёрыг Л.Б-гийн гэрийн гадаа зодолдож байхад...” гэж өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг.

Иймд миний бие хавтаст хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр А.М- нь миний биед халдаж хамар ясны хугарал гэх хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

 

Яллагдагч А.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Намайг Т.Г- Э.Б- нартай гадаа гарч зодолдсон гэдэг дээр надаас өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Би гадаа гарч зодолдсон гэж мэдүүлээгүй. Би хүн цохиогүй, Э.Б-, Т.Г- хоёр намайг гадаа гаргаж зодсон. Л.Б- гэх хүн Э.Б-гийн хамрыг цохисон” гэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Захирамжид заасан ажиллагаануудыг хийх зайлшгүй шаардлагатай. Учир нь А.М- нь хүнд зодуулсан, өөрөө бол хүн зодоогүй гэсэн байр суурьтай оролцдог. Шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Яллагдагч Э.Б-гийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүхээс Э.Б-, Т.Г-, А.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг 3 үндэслэлээр прокурорт буцаасан.

1. Гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, болсон үйл явдлыг эргэлзээгүйгээр, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын тусламжтайгаар сэргээн дүрслэх, дүгнэх боломжгүй байх тул хэргийг дахин хуульд заасан журам, зарчимд тулгуурлан мөрдөн шалгаж, бодитойгоор үйл баримтыг тогтоох, мөн шүүгдэгч нар нь айлд архидан согтуурч, үл ялих зүйлээр шалтаглан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан /ЭХТА-20.16 дугаар зүйл/ гэмт хэргийн шинж байгаа эсэхийг анхаарч шалгах гэжээ.

А.М- нь яллагдагчаар “....Л.Б- цохиж унагаасан...” гэсэн мэдүүлгийг өгдөг боловч хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Л.Б- өөрийн эхнэрийн хамт архи уугаад тасарчихсан гэртээ унтаж байсан. Л.Б- болсон үйл явдлын талаар мэдэхгүй...” гэж мэдүүлдэг /хавтаст хэргийн 29 хуудас/. Яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Ялагдагчийн мэдүүлэг бусад оролцогч нарын мэдүүлэгтэй таарах шаардлагагүй.

Э.Б- нь хохирогчоор “...А.М- нь намайг баруун гараараа нэг удаа цохиж миний хамранд хөнгөн хохирол учруулсан...” гэж мэдүүлдэг, Т.Г- “...Э.Б-г А.М- намайг цохисон...” гэж, Л.Б- “...тухайн хэрэг маргаан болоход би гэртээ унтаж байсан, сайн мэдэхгүй байна...” гэж тус тус мэдүүлдэг. Мөн гэрч Д- нь Э.Б-, А.М- нарыг зодолдож байсан талаар мэдүүлдэг.  Иймд гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байна гэсэн нь үндэслэлгүй,

2. Яллагдагч А.М-ийн гэм буруугийн талаар гүйцэд шалгаагүй, гэрч, хохирогч, холбогдогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байхад түүнийг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байх тул дахин нарийвчлан шалгах, бусад гэрч хохирогч нараас тодруулах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, өөр бусад нотлох баримтуудыг эрэн сурвалжлах, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хоорондын харилцааг судлах гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А.М- нь Э.Б-гийн биед хөнгөн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А.М-ийн хувийн байдлыг тогтоох боломжтой гэж үзэж байна.  

3. Яллагдагч А.М-ийн хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаарх лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргах, хувийн байдлын талаар нэмж шалгах гэжээ.

Үүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Т.Г-, А.М-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын анх өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, үйл баримтыг бодитойгоор тогтоох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах, яллагдагч А.М-ийн гэм буруугийн талаар гүйцэд шалгаагүй, мэдүүлгүүд зөрүүтэй, өөр бусад нотлох баримтуудыг эрэн сурвалжлах, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хоорондын харилцааг судлах, А.М-ийн хувийн байдлын нэмж шалгах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар  захирамжид тусгагдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, хэрэгт нотолбол зохих байдлыг шалган тогтоосон талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг хэлэлцэж, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд энэ талаар бичсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/225 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Э.Б-, А.М-, Т.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Г-, А.М-, Э.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                Г.ТЭГШСУУРЬ

           

                                                                                            Г.БОЛОРМАА